| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0568/З |
| Дугаар | 128/ШШ2026/0703 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч : Иргэн Л.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Иргэн Л.Б*******гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүй асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар Л.Б*******г нэр дэвшүүлсэн, улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар дээрх зөвлөлийн шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хууль, эрхзүйн хэлтсийн Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Л.Б*******г томилсон байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Л.Б*******г Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хууль, эрхзүйн хэлтсийн Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлж, тус хэлтсийн Хууль тогтоомж, эрх зүйн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулжээ.
3.Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн Эрх зүйн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Б*******гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу албан тушаалаас чөлөөлсөн байна.
4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Л.Б*******г Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
5.Нэхэмжлэгчийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
6.Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/877 дугаар албан бичгээр ...Төрийн албаны тухай хуульд заасан зохих журмын дагуу томилогдоогүй байх тул таны гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй болно” гэх хариуг өгчээ.
7.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.
8.Нэхэмжлэгч Л.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
...Миний бие 2012 оны 04 дүгээр сард төрийн албаны шалгалт өгч тэнцсэн бөгөөд 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байсан. E.mongolia дээр миний ажилласан бүх төрийн байгууллагууд болон шимтгэл төлсөн нь харагдаж байгаа тул энэ нь хангалттай нотлох баримт гэж үзэж байгаа. Энэ баримтаа шүүхэд гаргаж өгсөн. 2012 онд ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сараас эхлээд Радио телевизийн сүлжээ, Улсын төсөвт үйлдвэрийн газарт хуулийн зөвлөхөөр ажилласан. 2015 оны 04 дүгээр сараас Нийслэлийн Өмчийн харилцааны газар руу шилжиж тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст төрийн захиргааны албан тушаал дээр ажилласан. Тэнд хяналтын мэргэжилтэн хийж байгаад 2016 оны 10 сард сонгуулийн дараах бүтцийн өөрчлөлтөөр манай хэлтэс татан буугдаад чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хууль, журамд заасны дагуу бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тул би төрийн албаны нөөцөд байж байсан. Би хувиараа өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, хувийн компаниудад ажиллаж байсан. Энэ дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдэг нь харагдаж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтний албан тушаал дээр тусгай шалгалтыг өгсөн. Энэ тусгай шалгалтад тэнцээд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус албан тушаалд томилогдсон. Энэ нь хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 106 дугаар тогтоолоор нотлогдоно. Энэ тогтоол дээр тусгай шалгалтын үр дүнгээр Б.Б******* нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хууль эрх зүйн хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг санал болгож байна гэж дурдсан байдаг. Энэ тусгай шалгалт нь миний хамгийн сүүлийн шалгалт юм. Би ном журмын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд томилогдож ажилласан. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр албан тушаал ахиад ахлах мэргэжилтний албан тушаал дээр ажилласан. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөөд Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаал дээр томилогдсон. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар намайг тус албан тушаалд томилсон. Энэ албан тушаал нь ТЗ-5 буюу ахлах түшмэлийн албан тушаалд хамаарах албан тушаал юм. Миний өмнө нь 8 жил ажилласан албан тушаалууд маань төрийн албаны дэс түшмэлд хамаарч байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ахлах түшмэлийн албан тушаалд ямар шаардлага хангасан хүнийг томилж болохыг заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн иргэнийг төрийн албаны ахлах түшмэлийн албан тушаалд томилж болно” гэж заасан байдаг. Миний хувьд энэ бүх шаардлагыг 100 хувь хангаж байгаа. Би төрийн албанд өнөөдрийн байдлаар 9 жил 6, 7 сар ажилласан. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө нь би 7 жил ажилласан байсан. Иймд хуульд заасан 6 жил гэдэг шаардлагыг хангаж байгаа. Миний төрийн албанд ажилласан 7 жил нь өөрөө дэс түшмэлийн албан тушаал байсан. Сургалтын байгууллага болох Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, холбогдох гэрчилгээ сертификат нь хавтаст хэргийн 50, 51 дүгээр хуудсанд авагдсан байгаа.
Миний бие тухайн албан тушаалд буюу ТЗ-5 ангиллын ахлах түшмэлийн албан тушаалд ажиллах Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байсан. Ажиллах хугацаандаа миний бие Улаанбаатар хотод байж байсан. Монгол Улсын Засгийн газрын бодлого, хот хөдөөгийн хөгжлийн тэнцлийг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, залуу боловсон хүчнийг хөдөө орон нутагт ажиллуулах гэдэг Засгийн газрын зорилтын хүрээнд гэр бүлийнхээ хувьд эрсдэлтэй ийм том шийдвэрийг гаргасан. Улаанбаатар хотоос мянган км зайтай байдаг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумд байрлах Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаал дээр очиж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2025 оны 02 дугаар сард томилогдсон. Тэгээд хагас бүтэн жилээр ажлын гүйцэтгэлээ дүгнүүлсэн. Төрийн албаны тухай хууль журамд зааснаар бид нарын ажлыг дүгнэх буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэдэг журмын дагуу хагас бүтэн жилийн үнэлгээгээр хангалттай үнэлэгдсэн. Энэ талаарх баримт нь хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан байгаа. 2025 оны бүтэн жилийн үнэлгээг 84 хувь үнэлсэн. Ажлаа хангалттай гүйцэтгэсэн байна гээд сайд буюу эрх бүхий албан тушаалтан ийм үнэлгээ өгсөн. Ажиллаж байх хугацаандаа би ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажлаа хангалттай түвшинд зохих журмын дагуу үнэлүүлж байсан. Энэ талаарх баримтууд нь 10 дугаар хуудсанд авагдсан байгаа. Хангалттай үнэлэгдсэн бол хагас, бүтэн жилээр урамшуулалтай цалингийн 50 хувийг олгодог. Энэ дээр надад цалингийн 50 хувийн урамшуулал олгоно гэж заасан байдаг. Үүнээс харахад ажлаа ямар нэгэн доголдолгүй хангалттай түвшинд хийгээд үнэлүүлсэн гэдэг харагдаж байгаа. 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаал гарсан байсан. Яамны хүний нөөцөөс намайг дуудаад уулзмаар байна гэсэн. Надад 7 хоногийн дараа энэ тушаалыг танилцуулсан. Тэгээд намайг ажлаас маань чөлөөлсөн. Байгаль, орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаал гарсан гарсан. Энэ тушаал гарсан байсан тул би ёс журмын дагуу ажлаа өгөөд тушаалаа авсан. Тухайн тушаалыг харахад хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлгүйгээр гарсан хууль бус захиргааны акт байна гэж үзсэн. Холбогдох журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс “таны гомдлыг бид нар хангаж шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн утгатай хариуг өгсөн. Энэ хариуны дараа хуульд заасан журмын дагуу зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан. Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага гэж байдаг. Энэ шаардлагыг 100 хувь хангаж байгаагийнхаа хувьд энэ ажлыг хийж байх хугацаандаа зөрчил гаргаагүй, хангалттай үнэлэгдэж байсан. Ёс зүйн болон сахилгын зөрчлийг над дээр авч оногдуулаагүй. Ингээд ажиллаж байх хугацаанд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Дараа нь намайг улс төрийн шалтгаантайгаар чөлөөлсөн гэдгийг мэдсэн. Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлүүд байдаг. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д төрийн албыг түр чөлөөлөх үндэслэлийг заасан байдаг. Мөн хуулийн 46.2-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас дараах үндэслэлээр чөлөөлнө гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 46.2.1-д Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, 46.2.2-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3-д төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 46.2.4-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл гэж заасан байдаг. Намайг чөлөөлсөн сайдын тушаал дээр энэ 5 үндэслэлийн алийг нь ч зааж өгөөгүй байсан. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой байсан. Бодит байдал дээр захиргааны актын хууль зүйн үндэслэл бодит байдал дээр нийцэх ёстой байдаг. Захиргааны актад тавигдах шаардлага байх ёстой.
Энэ шаардлагыг хангаагүй захиргааны акт өөрөө хууль бус байна. Захиргааны ерөнхий хууль дээр үүнийг тодорхой заасан байдаг. Би өөрөө хүсэлтээ өгөөгүй, мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй. Ямар нэгэн шүүхийн шийдвэрээр төрийн албанаас чөлөөлөх эсвэл хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан. Намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 42.1 дэх хэсэг гэж тавьсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 42 дүгээр зүйлд 10 заалт байгаа. Захиргааны актыг гаргахдаа тухайн 10 заалтын алийг нь барьсан гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь яг аль нь гэдгийг тодорхой дурдаагүй. Тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 42.1 дэх хэсэг гэж бичсэн байсан. Төрийн албаны тухай хуулийн 42.1 дэх хэсэг нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл биш. Төрийн албан хаагчийн түр орлон гүйцэтгүүлэх журмын 10 заалттай зохицуулалт байгаа. Энэ нь надад ямар ч хамааралгүй. Ийм хууль бус захиргааны актыг надад тавьсан. Захиргааны ерөнхий хуулийн 49, 62 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл нь хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно гэсэн заалт байгаа. Үүнийг харахад хориглосон зохицуулалтыг зөрчиж гарсан акт байна гэж үзэж байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэг “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” заалтын хүрээнд миний хөндөгдсөн эрх ашгийг сэргээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т зааны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилох шийдвэрийн гаргаж өгнө үү” гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар Л.Б*******г Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилсон байдаг.
Нэхэмжлэгч Л.Б******* нь Тэсийн гол Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь тухайн албан тушаалд байнгын томилгоогоор бус, харин түр орлон гүйцэтгэгчийн статусаар ажиллаж байсан бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн баталгаатай адилтгах боломжгүй, тодорхой хугацаа нөхцөлөөр хязгаарлагдсан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэдийд ч өөрчлөгдөх боломжтой.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга (эрхлэгч, захирал)-ыг томилж, чөлөөлнө” гэж заасан нь өөрийн эрх хэмжээний хүрээний харьяа байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх, зохион байгуулалтын шинжтэй шийдвэр гаргах бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаал нь уг бүрэн эрхийн хүрээнд гарсан, хууль тогтоомж зөрчөөгүй захиргааны акт тул уг тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Тэсийн гол Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 2026.03.05-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч нь өөрийн ажлын гүйцэтгэл хэвийн үнэлэгдсэн, туршлага, боловсрол хангалттай, шаардлагыг бүрэн хангаж байгаа зэрэг нөхцөл байдлыг дурдсан хэдий ч эдгээр нь тухайн албан тушаалд заавал үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн баталгаа үүсгэхгүй бөгөөд захиргааны байгууллагын хүний нөөцийн бодлого, шийдвэрийг хязгаарлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөр этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус гэж маргасан боловч албан тушаалд томилгоо хийх асуудал нь захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын бүрэн эрхийн асуудал юм.
Төрийн албаны тухай хуульд 23 дугаар зүйлийн 23.2-т хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-т заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно. 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг тогтоосон байдаг.
Хэдийгээр тус хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй боловч тухайн албан тушаалыг олон нийтэд нээлттэй тусгай сонгон шалгаруулалт зарлаж хамгийн өндөр оноо авсан хүнийг тухайн албан тушаалд жинхлэн томилж, төрийн жинхэнэ албан хаагчаар, харин бусад тохиолдолд тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа этгээдийг төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн баталгаатай адилтгах боломжгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын тусгай шалгалтыг зарлаж тухайн албан тушаалд жинхлэн томилоогүй, хуульд заасан шаардлага хангагдаагүй учир Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байхаар зохицуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийн эдлэх боломжгүй гэж үзэж байна.
...Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг харлаа. Нийгмийн даатгалын хэлтэст 2012-2013 оны 12 сар гээд нэг жил ажилласан харагдаж байна. Өмчийн харилцааны газарт 2015-2016 он гээд нэг жил ажилласан харагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл гэхээр 2 жил гарантай ажилласан харагдаж байна. Төрийн албаны тухай хуульд заасныг дагуу 6 жилийн шаардлагыг хангаж байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хугацааны хувьд 6 жилийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүгч анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Л.Б*******г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Б*******г томилсон байна.
2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар дугаар зүйлийн 83.3, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлжээ.
3.Нэхэмжлэгчээс “...тухайн захиргааны актыг гаргах болсон үндэслэлийг тодорхой заагаагүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлэх ёстой намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн...” гэж, хариуцагчаас “...Л.Б******* нь Тэсийн гол Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тухайн албан тушаалд байнгын томилгоогоор бус, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн баталгаатай адилтгах боломжгүй...” гэж тус тус маргасан.
4.Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж тус тус заажээ.
5.Нэхэмжлэгч нь Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.
6.Л.Б******* нь 2012 оноос эхлэн төрийн албанд ажиллаж байсан нөхцөл байдлууд тогтоогдсон боловч үүнээс хамаараад Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд тусгай шалгалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллах, эгүүлэн томилогдох боломжгүй, харин нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд томилогдох эрх зүйн зохицуулалтай байна.
7.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх боломжгүй буюу уг баталгааг тусгай шалгалт өгч, томилогдсон тохиолдолд эдлэх боломжтой байхаар хуульд зохицуулжээ.
8.Хэдийгээр хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тодорхой дурдаагүй зөрчил байгаа хэдий ч тухайн үндэслэлээр уг тушаалыг шууд хүчингүй болгож буруутгах боломжгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нь Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуульд заасан болзол шалгуурыг хангаагүй байхад түүнийг тухайн албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй гэж үзлээ.
9.Түүнчлэн өмнө нь нэхэмжлэгч төрийн албанд ажиллаж байсан нөхцөл байдлууд байгаа боловч үүнээс хамаараад үргэлжлүүлэн ажиллах, маргаан бүхий албан тушаалд эгүүлэн томилогдох болзол шаардлагыг хангахгүй бөгөөд хариуцагч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байна.
10.Нөгөөтэйгүүр Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/877 дугаар албан бичигт “...Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Б/11 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд тус тус нийцээгүй...” талаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн Л.Б*******гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ