| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2015/07516/И |
| Дугаар | 210/МА2017/00646 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2017/00646
| 2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2017/00646 |
Ч.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2016/01281 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Баярмаад холбогдох
200 000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангууд гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 1 963 915 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Баярмаа надтай Сан дээд сургууль болон Ц.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт туслалцаа үзүүлэхээр 2 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулсан. Хоёр шатны шүүхээр явж өгсөн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бид маргалдаж муудалцсан. Б.Баярмаа нь маргааш болох Улсын дээд шүүхийн Ц.Бат-Эрдэнэд холбогдох хуралд оролцоогүй. Сан дээд сургуульд холбоотой хэрэгт бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр ярилцаж би Б.Баярмаагийн дансаар 200 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж гэж шилжүүлсэн боловч Б.Баярмаа ямар ч ажиллагаа хийгээгүй байсан. Би хэргийн материалтай танилцахад 200 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт байхгүй байсан. Би чамаас цалин мөнгөө авсныхаа дараа чиний бичиг баримтыг өгнө гэж хэлсэн. Би тухайн үед Б.Баярмаагийн хувийн дансруу мөнгө хийхдээ юмыг яаж мэдэх вэ гээд Ч.Цэрэнболормаа гэдгийн доор т/хураамж гэж бичсэн. Б.Баярмаа тэрийг ажлын хөлсөнд гэж оруулдаг юм байна лээ. Өөрөө Сан дээд сургуультай холбоотой эхний хэрэг дээр цалингаа бүтэн авсан. 2 200 000 төгрөг авсан. Хоёр дахь хэрэг дээр эхний хэрэгт амжилт олж өгөөгүй учир үнэгүй ажиллаж өгнө гэж байсан. Энэ 200 000 төгрөгийг хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Би өөрөө гараараа бичих боломжгүй. Улаанбаатар банкнаас хуулбар гаргуулсан байгаа. Мөн өөрт нь чухал нотлох баримтуудыг өгсөн байсан. Тэгээд Б.Баярмаа миний хэрэгт явахаа больж бидний хэн аль нь итгэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох баримтуудаа, 200 000 төгрөгөө Б.Баярмаагаас нэхсэн. Гэтэл Б.Баярмаа нь гэрээгээ дүгнэх шаардлагатай, түүнээс нааш би баримтууд өгөх боломжгүй гэж хэлсэн. Иймд Б.Баярмаагаас 200 000 төгрөгийг гаргуулах, Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бидний хооронд эрх зүйн туслалцаа нэртэй гэрээ байгуулагдсан нь үнэн. Гэхдээ би Ч.Цэрэнболормаагийн өмгөөлөгч биш, хэрэгтээ дандаа итгэмжлэл өгдөг. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд итгэмжлүүлэгч гэсэн байдаг. Тийм учраас би Ц.Бат-Эрдэнэ болон Сан дээд сургуультай холбоотой асуудлаар Ч.Цэрэнболормаад хуулийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд асуудлууд дууссан. Ч.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй Сан дээд сургуульд холбогдох 8 512 500 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт анх 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Мөн дүүргийн Иргэний хэргийн дүгээр шүүх буюу Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Ч.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй Ц.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт 23 360 800 төгрөг гаргуулах тухай хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Энэ 2 хэрэг нь Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дараа Сан дээд сургуульд холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж өгөөч гэсний дагуу гэрээ байгуулах санал тавиад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байсан. Энэ үед өмнөх хэргүүдийн үйлчилгээний хөлс Ч.Цэрэнболормаагаас төлөгдөж дуусаагүй байсан. Урьдчилгаа төлбөр авахаар болж 200 000 төгрөг шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр авсан асуудал байхгүй. Сан дээд сургууль болон Ц.Бат-Эрдэнэтэй холбогдох хэрэг дууссан ба Сан дээд сургуульд холбогдох 2 дахь хэрэгт хуульд заасан үндэслэлээр харилцан бие биеэсээ татгалзсан. Харин 200 000 төгрөгийн хувьд би буцааж өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ миний ажлын урьдчилгаа байсан юм. Өөрөөр хэлбэл Сан дээд сургуультай холбоотой бидний хооронд хоёр дахь аман тохиролцоо явагдсан, гэхдээ бичгээр гэрээ байгуулж амжаагүй байсан юм. Тэгээд би надад урьдчилгаа хэрэгтэй байна, хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай гэж хэлсэн учир Ч.Цэрэнболормаа зөвшөөрч надад эхний ээлжинд 200 000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь баримтаар харагдах бөгөөд гүйлгээний утга гэсэн хэсэгт нь Б.Баярмаа орлого гэсэн байгаа. Харин гарын үсэг зурсны ард т/хураамж гэснийг Ч.Цэрэнболормаа сүүлд нэмсэн байх, хэрэв тэмдэгтийн хураамж гэсэн бол гүйлгээний утга гэдэг дээрээ тэмдэгтийн хураамж гэдгээ бичих байтал тэгж бичигдээгүй байгааг шүүх анхаарна уу гэв.
Хариуцагч Б.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Би Ч.Цэрэнболормаатай Ц.Бат-Эрдэнэ болон Сан дээд сургуульд холбогдох хоёр хэрэгт хуулийн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан нь үнэн. Эхлээд бидний хооронд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байсан Сан дээд сургуульд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 28 512 500 төгрөг гаргуулах тухай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр би хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл туслалцаа үзүүлэн, Ч.Цэрэнболормаа шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх, хөлс төлөх үүргийг хүлээсэн. Хөлсийг бид нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7 хувиар тохиролцсон. Итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх ажиллагаа нь хуулиар хориглоогүй. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 7-ны урьдчилгаанд 400 000 төгрөг авсан. Энэ хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Миний бие гомдлыг нь бичиж өгсөн, харин хуралд нь ороогүй. Гэхдээ дээд шүүхийн хуралд заавал ороод байх шаардлагагүй учир би ажлаа дуустал нь хийсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээний үлдэгдэл хөлс болох 1 595 875 төгрөгийг Ч.Цэрэнболормаа өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Дараа нь бидний хооронд 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Ц.Бат-Эрдэнэд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 23 360 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан юм. Уг гэрээгээр би хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл туслалцаа үзүүлэх, Ч.Цэрэнболормаа нь шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, хөлс төлөх үүргийг хүлээсэн бөгөөд хөлс нь нэхэмжлэлийн шаардлагын 5 хувиар байсан юм. Ингээд урьдчилгаанд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 60 хувь буюу 800 000 төгрөгийг авсан. Энэ хэрэг нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр шийдвэрлэгдсэн. Харин Ц.Бат-Эрдэнэтэй холбоотой хэрэг Улсын дээд шүүх хүртэл яваад дууссан, миний бие ажлаа хийсэн. Энэ нь 3 шатны шүүхийн шийдвэрүүдээс харагдана. Гэтэл Ч.Цэрэнболормаа миний ажлын хөлсний үлдэгдэл 368 040 төгрөгийг төлөөгүй юм. Иймд Ч.Цэрэнболормаагаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 1 963 915 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэгэнт миний дансанд орж ирсэн тул 350 000 төгрөгийг хасаад 1 585 875 төгрөгөөс хасаад 1 245 875 төгрөг, нийт 1 613 915 төгрөг болгож багасгаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Баярмаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд Ц.Бат-Эрдэнэ, Сан дээд сургуульд холбогдох маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний ар талд эхний урьдчилгаа мөнгө 800 000 төгрөг болон дараагийнх дээр нь 400 000 төгрөг авч байсан. Энэ хоёр гэрээгээр миний бичиг хэрэг, нэхэмжлэл зэргийг өөрөө гардаж хийдэг байсан. Бүх шатны шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй бүгдэд нь ганцаараа оролцож байсан. Сан дээд сургуульд холбогдох хэрэг дээр би Б.Баярмаатай 2 100 000 төгрөг гэж өрөөсөө тохиролцоогүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ард гарын үсэг зуруулж, мөнгөө өгдөг байсан. 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сан дээд сургуульд холбогдох хэрэгт бүх баримтаа эх хувиар нь өгдөг байсан. Нийт 2 900 000 төгрөгийн цалин өгсөн. Сан дээд сургуулийн эхний хэргийн цалингаа бүтнээр нь өгчих, би дараагийн гэм хорын хэрэгт чинь үнэгүй өмгөөлж өгье гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх санал гаргаж, 200 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлөх гэж байгаа мөнгө хэрэгтэй гэхээр нь би шилжүүлсэн. Б.Баярмаагийн хувийн дансанд шилжүүлсэн болохоор улсын тэмдэгтийн хураамж гэж бичиж болохгүй тул би Ч.Цэрэнболормаа гэдгийн ард т/хураамж гэж бичсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баярмаагаас 200 000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаад олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагаас 1 613 915 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Баярмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76750 төгрөг, хариуцагч Б.Баярмаагаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1627 төгрөгийг псын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Баярмаагаас 76850 төгрөгийг аргуулж нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаад, нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагаас 40773 төгрөг гаргуулж хариуцагч Б.Баярмаад тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор давж заалдах гомдолдоо: ...Тус шүүх Б.Баярмаагийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нэг бүрчлэн үнэлэлт хийсэнгүй буруу шийдлээ гэж үзэж байна. Ч.Цэрэнболормаа нь Сан дээд сургуулийн цайны газрыг түрээслэх гэрээ байгуулж түрээслэн ажиллаж байтал 3 хоногт засвар хийнэ бүх зүйлээ гаргаж талбай чөлөөл гэсний дагуу чөлөөлтөл өөр хүнд түрээслэсэн байна. Ч.Цэрэнболормаагийн эгч нь Б.Баярмааг өмгөөлөгчөөр авахыг зөвлөсөн тул Баярмаатай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн итгэмжлэл нотариатаас авч Сан дээд суруультай байгуулжээ. Б.Баярмаа нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж түрээсэнд төлсөн 28 398 334 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл бичиж Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхэд Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна гэж уг нэхэмжлэл хангагдаагүй, давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн /хх-53талд/ Энэ хэргийн хөлсөнд Б.Баярмаад 2 100 000 төгрөг төлсөн. Б.Баярмаа гэм хорын мөнгө Сан дээд сургуулиас гаргуулна гээд 2 дахь нэхэмжлэлээ 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэргийн 2 дугаар үүхэд гаргахдаа өмнөх хэрэгт авсан хөлс 2 100 000 төгрөгөө оруулж 1 297 889 төгрөг нэхэмжилж тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ нэхэмжлэлийг архиваас 2015 оны 11 дүгээр сарын 27-нд авч хэргийн баримт болгон өгсөн /хх 221 талд/ Баярмаа нь Ч.Цэрэнболормаагаас хөлсөнд авсан 2 100 000 төгрөгөө нотлохын тулд түүний эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд авсан өгсөн мөнгө тэмдэглэгддэг байсан эх гэрээг өгнө гэхээр хувилж авч үлдсэн байна. Б.Баярмаа өөрт нь байсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 400 000 төгрөг авсан гэж бичсэнээс өөр мөнгө аваагүй гэдэг боловч Хаан банкны дансанд нь 2013 оны 10 дугаар арын 25-ны өдөр 50000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн баримтыг Ч.Цэрэнболормаа олж гаргаж шүүхэд өгөхөд аргагүй хүлээн зөвшөөрсөн. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн хэмжээг багасгасан мэтээр үнэлсэн нь илт нэг талыг барьж шийдсэн. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсээр байтал шүүх буруу дүгнэсэн. Хуулбар гэрээнд бичигдсэн мөнгө хүлээлгэж өгсөн авсан хуулбар дээр өнгийн бэхээр мөнгө нэмж авч байхдаа олон удаа мөнгө өгсөн авсан гарын үсэг нь байсаар байтал Б.Баярмаа ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй Гэтэл шүүх, хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзлээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэгч Б.Баярмаа нь Сан дээд сургуульд холбогдуулан нэхэмжлэл боловсруулан бичиж 28 512 500 төгрөг гаргуулах гэрээ хийж эрх зүйн харилцаагаа буруу сонгож нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй Ц.Бат-Эрдэнэд холбогдох 23 512 500 төгрөг нэхэмжилснээс 7 033 000 төгрөг гаргуулж шийдвэрлүүлсэн бөгөөд Ч.Цэрэнболормаа нь Б.Баярмаад гэрээнд заасан хөлс 2 900 000 төгрөг төлсөн 900 000 орчим төгрөгөөр хохирсон. Ч.Цэрэнболормаагаас 1 613 915 төгрөг гаргуулж Б.Баярмаад олгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Татварын тайлан гаргуулах болон гэрээний бус үүрэгт шаардсан 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан 200 000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангууд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч татварын тайлан өгөх хэсгийг хүлээн зөвшөөрч, харин 200 000 төгрөгийг төлөх шаардлагыг эс зөвшөөрөн маргаж, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 963 915 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, уг шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 613 915 төгрөг болгон багасгажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын 200 000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа Сан дээд сургуультай холбоотой хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр тохиролцож, улсын тэмдэгтийн хураамжийн 200 000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч нь цааш төлөөгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс үйлчилгээний хөлсний урьдчилгаа төлбөрт 200 000 төгрөг авсан гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргаж мэтгэлцсэн байна.
Хэргийн 228 дугаар талд авагдсан Улаанбаатар банкны гүйлгээ хийсэн тухай нотариатаар гэрчлэгдсэн баримтын хуулбарыг үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баярмаагийн дансанд 200 000 төгрөгийг орлого гэж шилжүүлэхдээ тэмдэгтийн хураамж гэж бичсэн байгаа бөгөөд хариуцагч Б.Баярмаа нь 200 000 үйлчилгээний хөлсний урьдчилгаанд авсан талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байгаатай харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 200 000 төгрөгийг үйлчилгээний урьдчилгаа төлбөр гэж үзэх боломжгүй байна.
Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэгчээс хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 200 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлүй байна.
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Баярмаа нь нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаатай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ тухай хоёр гэрээ байгуулж, 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сан дээд сургуульд холбогдох 28 512 500 төгрөг гаргуулах тухай, 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Ц.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй Ц.Бат-Эрдэнэд холбогдох 23 360 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргүүдэд хариуцагч Б.Баярмааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүх шатны шүүхэд оролцуулахаар тохиролцсон байна. / хэргийн 9-12,40-43 дугаар тал/
Ч.Цэрэнболормаагийн нэхэмжлэлтэй Ц.Бат-Эрдэнэд холбогдох 23 360 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас гэрээний хөлсийн гэрээний хувиар тохиролцсоныг бичээгүй гэрээ, хариуцагч талаас гэрээний үнийн дүнгийн 7 хувь гэж бичсэн гэрээг тус тус гаргасан байгаа боловч талууд дээрх гэрээний хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүн 23 360 800 төгрөгийн 5 хувиар тохиролцсонтой холбоотой ажлын хөлс нь 1 168 040 төгрөг байсан, хариуцагч Б.Баярмаад ажлын хөлсөнд 800 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргаагүй байна.
Мөн Сан дээд сургуульд холбогдох иргэний хэргийн хөлсөөр ажиллах гэрээний үнийг талууд 7 хувь буюу 1 995 875 төгрөгөөр тохирсон, ажлын хөлсөнд 400 000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа нь хариуцагч Б.Баярмааг тухайн маргаанд Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй учраас үлдэгдэл 368 040 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч буюу ажиллуулагч Ч.Цэрэнболормаа нь дээрх хоёр гэрээгээр тохирсон эрх зүйн туслалцааны хөлсийг бүрэн гүйцэт төлөөгүй байх тул хариуцагч буюу ажиллагч Б.Баярмаа ажлын хөлсний үлдэгдлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаа нь 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сан дээд сургуульд холбогдох 28 512 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Баярмаад өгсөн гэх мөнгөний үнийн дүн бичсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч уг баримтын талаар хариуцагч Б.Баярмаа маргаж байгаа бөгөөд тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул анхан шатны шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч Б.Баярмаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 613 915 төгрөг болгосон байх ба зохигчид 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн гэрээний хөлсөнд 400 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээний дагуу 800 000 төгрөг, 300 000 төгрөг, 50000 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 400 000 төгрөгийг хасч тооцоогүй буруу байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2016/01281 дүгээр шийдвэрийн
2 дахь заалтын 1 613 915 төгрөг... гэснийг 1213 915 төгрөг гэж,
шийдвэрийн 3 дахь заалтын 40773 төгрөг... гэснийг 33683 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ч.Цэрэнболормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40800 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО