Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт овогт Цэндийн Ад холбогдох 1829000490065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 он 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Базар сервис” ХХК-ийн “Хай маркет-2” дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 2,459,592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: ”Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримтууд / хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол / хх-ийн 15-18 дугаар хуудас/,

Хохирогч Э.Эрдэнэчимэгийн /РД:КК64111701/: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тооллого хийсэн. Энэ үед Мядагнацаг бараа хүлээж аваад А тоолуулсан. Тооллогоор 12,869,009 төгрөгийн бараа үлдсэн байсан. Ад “бараа дутсан байна” гэсэн чинь өөрөө хувьдаа бичиж авсан. Хүнд зээлдүүлсэн барааны тооцоог өөрөө бичиж өгсөн. Ад хүнд 1,081,590 төгрөгийн бараа зээлээр өгсөн байсан.  Тэгээд А өөрөө бусдад өгсөн барааны мөнгө, дутаасан барааны мөнгөө төлнө гэж бичиж өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ундармаагийн /РД.КК89072002/: ”... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүрийн 16,002,358 төгрөгийн барааг тоолж тэмдэглэлийн хамт Ад хүлээлгэн өгч, хөдөлмөрийн гэрээ хийж ажилд авсан. ...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тооллого хийхэд 12,869,009 төгрөгийн бараа үлдсэн байсан. ...А нь хүнд зээлсэн болон өөрөө дутаасан гэх барааны 2,891,552 төгрөгийг сарын дотор төлж барагдуулна гээд энэ талаараа бичиж өгсөн боловч хохирлыг барагдуулаагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ундармаагийн: “...Дэлгүүрийн камерын бичлэгт А гоо сайхны бараа хэрэглээд буцаагаад тавьж байгаа, мөнгө аваад халаасандаа хийж байгаа, ундаагаар эм даруулж уугаад буцаагаад тавьж байгаа, хүнд бэлэн мөнгө орлогоос өгч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярмэндийн: “...би өөрийн хэрэглэсэн ундаа, тамхи зэргийг аваад эхнэр түүнийг бичээд явдаг байсан. Өдөр 5-6 мянган төгрөгийн бараа авч хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх-н 41-42 дугаар хуудас/,

Гэрч Н.Мэндсайханы: “...нягтлан бодогч Эрдэнэчимэг гэдэг хүн шинээр худалдагчаар орж байгаа А бид гурав дэлгүүрийн бараанд тооллого хийж хүлээлцсэн.” гэх мэдүүлэг /хх-н 45-46 дугаар хуудас/,

Гэрч Б.Мядагнацагийн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэчимэг эгч намайг дэлгүүр цуг бараа тоололцоод өгөөч гэж хэлсэн. ...тэгээд Эрдэнэчимэг эгч өөрөө компютер дээр барааны нэрийг дуудаад А бид хоёр тэр барааг нь тоолсон. Ундармаа эгчийг хот явсан хойгуур А нөхрийгөө дэлгүүрт суулгаад байхаар нь яагаад өөрөө суухгүй байгаа талаар асуухад дэлгүүр хүйтэн байгаа тул суулгасан юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 47-48 дугаар хуудас/,

Гэрч Н.Оюунсүрэнгийн: “...би өнгөрсөн өвөл Аыг “Хай маркет-2” дэлгүүрт ажиллаж байхад хүнсний 340,000 төгрөгийн бараа зээлээр бичүүлж авсан. ...А утасгүй болчихлоо, надад сум дээр таних хүн байдаггүй чи надад утас аваад өгөөс гэхээр нь “Өгөөмөр” дэлгүүрээс зээлээр 290,000 төгрөгийн утас авч өгөөд 15 хоногийн хугацаанд мөнгийг нь өгчихөөрэй гэсэн. Тухайн үед Аын цалин буухгүй утасны мөнгө өгөх хугацаа нь болчхоор нь би цалингаа аваад “Өгөөмөр” дэлгүүрийн 290,000 төгрөгийг өгөөд танай дэлгүүрт өгөх мөнгийг чи өгчихөөрэй гэхэд А за гэсэн. Тэрнээс өмнө Аыг ажилгүй байхад нь 50,000 төгрөгийн хүнсний авч өгч байсан болохоор дэлгүүрийнх үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй юм.” гэх мэдүүлэг /хх-н 49-50 дугаар хуудас/,

Гэрч Н.Шинэсувдын: “...А бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Зулаа эгч ажилгүй байхдаа надаас 300,000 төгрөг зээлээд ажилд орохдоо буцаагаад өгнө гэсэн. Тэрээр 2017 оны 12 сард “Хай маркет-2” дэлгүүрт худалдагчаар орсон. ...би түүнд зээлсэн 300,000 төгрөгийг түүний ажиллаж байгаа дэлгүүрээс бараа аваад “та надад өгөх мөнгөө цалингаасаа суутгуулчих” гэхэд Зулаа эгч зөвшөөрсөн. ...тухайн үед Зулаа эгч “чиний авсан бараа 300,000 төгрөг гарчихсан” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 51-52 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын тодорхойлолт, түүний хавсралт /хх-н 55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Аын яллагдагчаар өгсөн: “...би Оюунсүрэнд 290,000 төгрөг, Шинэсувдад 300,000 төгрөгийн өртэй байсан учир дэлгүүрийн бараанаас өгсөн. Би ажиллаж байх хугацаандаа нэг өдөр хамтран амьдрагч Баярмэндийг, мөн 18-22 цаг хүртэл дүү Шинэсувдыг дэлгүүрт суулгасан. Дэлгүүрийн түлхүүр надад ганц байдаг учир өөр хүн орох боломжгүй. ...дэлгүүрийн орлогоос нэг удаа 20,000 төгрөг, 3 удаа 10,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Түүнийгээ дэлгүүрээс зээлсэн барааны тооцоон дээр оруулж бодуулсан. Хүнд зээлсэн барааны үнэ болох 1,000,000 төгрөгийг би төлж барагдуулна.” гэх мэдүүлэг / хх-н 63-67 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Засаг даргын тодорхойлолт / хх-н 68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 70 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-н 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Аын гурван талаас харуулсан гэрэл зураг, гарын хурууны дардас /хх-н 73-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Аын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 77-94 дүгээр хуудас/, “Базар сервис” ХХК, Ц.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-н 98-100 дугаар хуудас/,

Орлогын баримтууд, бараа материалын нэрс, Д.Ундармаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны зарлагын баримтууд /хх-н 101-213 дугаар хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/01 дугаартай шинжээчийн: “...гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 400,500 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-н 231 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 он 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Базар сервис” ХХК-ийн “Хай маркет-2” дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 2,459,592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч “Базар сервис” ХХК-ийн “Хай маркет-2” дэлгүүрт учирсан 2,459,592 төгрөгийн хохирол нь шүүгдэгч Ц.Аын худалдагчаар ажиллах хугацаандаа тус дэлгүүрийн бараа болон орлогоос дур мэдэн завшсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд нь халдаж эд хөрөнгөнсд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Шүүгдэгч нь Ц.А нь хохирогч “Базар сервис” ХХК-ийн “Хай маркет-2” дэлгүүрийн барааг хууль ёсоор итгэмжлэн хариуцах эрхтэй этгээд болох нь тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 98-100 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Аыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч “Базар сервис” ХХК-д хохирол учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 63-67 дугаар хуудас/, хохирогч Э.Эрдэнэчимэгийн мэдүүлэг / хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирогч, гэрч Д.Ундармаагийн мэдүүлэг / хх-ийн 31-34 дүгээр хуудас/,/ хх-ийн 35-37 дугаар хуудас/,гэрч Б.Баярмэндийн мэдүүлэг /хх-н 41-42 дугаар хуудас/, гэрч Н.Мэндсайханы мэдүүлэг /хх-н 45-46 дугаар хуудас/,гэрч Б.Мядагнацагийн мэдүүлэг /хх-н 47-48 дугаар хуудас/, гэрч Н.Оюунсүрэнгийн мэдүүлэг /хх-н 49-50 дугаар хуудас/, гэрч Н.Шинэсувдын мэдүүлэг /хх-н 51-52 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2,964,052 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч “Базар сервис” ХХК-ийн төлөөлөгч Д.Ундармаатай 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ц.Аыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрт 2,964,052 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, шүүгдэгч Ц.Ад ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.  

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан хүн орхойдойтой нүүрний тос 1 ширхэг, THE FACE SHOP /Дэ файс шоп/ нүүр цэвэрлэгч 3 ширхэг, Mamonde /Мамондэ/ шавран маск 1 ширхэг, 3w clinik /3w килник/ гахайн эхэстэй маск 1 ширхэг,  Kill cover krem /килл ковер крем/ нүүрний крем 1 ширхэг, Milani /милани/ крем 1 ширхэг, REMEQUE /Ремекүй/ крем 1 ширхэг, Victoria secret /викториа секрет/ үнэртэй ус 3 ширхэг, Victoria secret Tease noir /викториа секрет тэйсе нойр/ үнэртэй ус 1 ширхэг, Victoria secret Dark angel /викториа секрет дарк эйнзил/ 1 ширхэг, Milani /Милани/ хөмсөгний харандаа 3 ширхэг, L.A Girl /Эл Ай гиол/ уруул өнгөлөгч 1 ширхэг, хөмсөгний харандаа 1 ширхэг, BASE /Байсэ/ сормуусны будаг 1 ширхэг, нийт 20 ширхэг гоо сайхны барааг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Ад буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт овогт Цэндийн Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.А нь тэнсэгдсэн 6 /зургаа/-н сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь хохирогчид 2,964,052 төгрөгийг хохирол төлбөрт төлөхөө илэрхийлж, хохирогч “Базар сервис” ХХК-ийн төлөөлөгч Д.Ундармаатай 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан хүн орхойдойтой нүүрний тос 1 ширхэг, THE FACE SHOP /Дэ файс шоп/ нүүр цэвэрлэгч 3 ширхэг, Mamonde /Мамондэ/ шавран маск 1 ширхэг, 3w clinik /3w килник/ гахайн эхэстэй маск 1 ширхэг,  Kill cover krem /килл ковер крем/ нүүрний крем 1 ширхэг, Milani /милани/ крем 1 ширхэг, REMEQUE /Ремекүй/ крем 1 ширхэг, Victoria secret /викториа секрет/ үнэртэй ус 3 ширхэг, Victoria secret Tease noir /викториа секрет тэйсе нойр/ үнэртэй ус 1 ширхэг, Victoria secret Dark angel /викториа секрет дарк эйнзил/ 1 ширхэг, Milani /Милани/ хөмсөгний харандаа 3 ширхэг, L.A Girl /Эл Ай гиол/ уруул өнгөлөгч 1 ширхэг, хөмсөгний харандаа 1 ширхэг, BASE /Байсэ/ сормуусны будаг 1 ширхэг, нийт 20 ширхэг гоо сайхны барааг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Ад буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН