| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0103/З |
| Дугаар | 128/ШШ2026/0634 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Г*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга,
Маргааны төрөл: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай” Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай” Б/09 дүгээр тушаалууд хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г*******, хариуцагч Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, түүний өмгөөлөгч Б.М*******, иргэдийн төлөөлөгч А.О*******-Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н.Г*******оос Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд, Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай” Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай” Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
3.Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 845/А017******* дугаар албан даалгаварт “нэр бүхий 14 хэвлэл мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000.00 төгрөгийн санхүүжилт олгож төсвийг үрэлгэн зарцуулсан” гэж, мөн өдрийн 844/А017******* дугаар албан даалгаварт “9,179,8020.00 төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй, бусад этгээдээс худалдан авсан” гэжээ.
4.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1167 дугаар албан бичгээр холбогдох тайлбарыг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.
5.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г******* нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/А017*******, 845/А017******* дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлжээ.
6.Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай” Б/40 дүгээр тушаалаар Н.Г*******ийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.
7.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Н.Г******* цалинтай чөлөө олгох тухай” Б/46 дугаар тушаалаар Н.Г******* эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэх өргөдөл гаргасан тул 1 сарын цалинтай чөлөө олгожээ.
8.Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай” Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тодорхой шалтгаангүйгээр ажлаа тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаалаас халжээ.
9.Нэхэмжлэгч Н.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу хянан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох мэдээлэл ирүүлэхгүй байгаа тул хянан шалгаж шийдвэрлэх боломжгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай албан бичиг ирүүлсэн.
Дээрх албан бичгээс үзэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу баримт материал гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж цаг хугацаа хожих, өөрсдийн гаргасан буруу шийдвэрээ нууж байгаа нь илт байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.О******* томилогдсоноос хойш тус яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Б, Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б*******, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Д нар нь ажлаас халагдах өргөдлөө өг, Ардчилсан намаас санал болгосон хүнийг томилно, нам солигдохоор угаасаа л өөрсдийн хүнээ тавьдаг, өргөдлөө өгөхгүй бол дотоод хяналт шалгалт оруулна, ямар нэгэн дутагдал гарч л таарна гэх мэтээр байнга шахалт үзүүлж байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б*******, тус газрын шинжээч Ж.С, ахлах мэргэжилтэн Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй бүлэг хамгаалалтын захиргаанд ирж хяналт, шалгалт хийсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан Сонсох ажиллагааны мэдэгдэл-д ...Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/A017*******, 845/A017******* дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болсон талаар надад мэдэгдэл ирүүлсэн.
Хяналт, үнэлгээ, аудитын газрын даргаар ахлуулсан бүлгийн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан танилцуулгыг үндэслэн арга хэмжээ авч байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаагаас гадна 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутад сонсох ажиллагааны мэдэгдлийг хувийн цахим шуудангийн хаягаар ирүүлсэн боловч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт өнөөдөр 15 цан 00 минутад ажил хүлээлцэнэ бэлтгэл ажлыг хангаарай гэж яамны хүний нөөцийн мэргэжилтэн утсаар ярьж байгаа нь хуульд заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангах заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний зүгээс тус мэдэгдэлд дурдагдсан зөрчлийг гаргаагүй тул энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч хариу тайлбарыг хүргүүлсэн боловч хүлээн авч хянаж шалгалгүй ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргасан.
Үндэсний аудитын газрын албан шаардлагад дурдсан зүйлийн тухайд: Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 845/А017******* дугаар албан шаардлагын талаар: Дээрх албан шаардлагад ...Тайлант онд нэр бүхий 14 хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан" талаар дурдсан. Гэтэл энэхүү үрэлгэн зарцуулсан гэх төсөв нь манай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төсөв биш бөгөөд энэхүү зардал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө зарцуулах гэрээ байгуулах тухай А/167 дугаар тушаалын дагуу манай байгууллага руу яамнаас шилжүүлж, Монголд зочлох жил 2023 төлөвлөгөөт ажлын хүрээнд Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр яамны хянаж зөвшөөрсөн байгууллагууд руу гэрээнд заасан төлбөрийг шилжүүлж ажилласан.
Товчхондоо, үрэлгэн зарцуулсан гэх дээрх 68,770,000 төгрөг нь манай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төсөв биш буюу манай байгууллагаас нэг ч төгрөгийн зардал гараагүй. Нөгөөтэйгүүр дээд шатны захиргааны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарсан холбогдох тушаал, шийдвэрийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа бөгөөд төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан зүйл байхгүй. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс дээрх байдлаар зөрчил гаргаагүй боловч Үндэсний аудитын газарт холбогдох тайлбарыг хүргүүлж, албан шаардлагын биелэлтийн талаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1167 дугаар албан бичгээр тайлагнасан.
Үндэсний аудитын газрын 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн 845/А017******* дугаар албан шаардлагын талаар,
Дээрх албан шаардлагад ...тайлант онд албан хэрэгцээнд 9,179,800 төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй, бусад этгээдээс худалдан авсан талаар дурдсан. Тухайн үед Газрын бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд өндөр хүчин чадалтай компьютер, принтер шаардлагатай талаар хүсэлт гаргасан бөгөөд тус мэргэжилтэн нь газрын харилцаатай холбоотой бүх мэдээллийг Ланд менежер программ ашиглаж ажилладаг бөгөөд энэхүү ажилд өндөр хүчин чадал бүхий компьютер, принтер шаардлагатай байсан. Мөн манай байгууллагын өмч хамгаалах зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан бөгөөд ашиглаж байгаа компьютерууд нь шаардлага хангахгүй учир яаралтай хүчин чадал сайн компьютер авах талаар шийдвэр гаргаж танилцуулж байсан. Мөн ажил явуулах шаардлага хангахгүй болсон 4 ширхэг суурин, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг принтер актлуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлсэн. Улмаар төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс дээрх компьютер, принтерийг хайж үзсэн боловч шаардлага хангасан хүчин чадалтай техник, хэрэгсэл байгаагүй. Иймд байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, иргэн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор компьютерын төрөлжсөн дэлгүүрүүдээс харьцуулсан судалгааг гаргаж, хамгийн бага үнийн дүн санал болгосон дэлгүүрээс худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно гэж заасан бөгөөд энэхүү эрх зүйн зохицуулалтын дагуу нэн даруй шаардлагатай байсан тоног, төхөөрөмжийг худалдан авсан тул энэхүү худалдан авалт нь хууль зөрчөөгүй болно.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс дээрх байдлаар зөрчил гаргаагүй боловч Үндэсний аудитын газарт холбогдох тайлбарыг хүргүүлж, албан шаардлагын биелэлтийн талаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1167 дугаар албан бичгээр тайлагнасан.
Дээрхээс үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г******* миний бие Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийг зөрчөөгүй болно.
Дотоод хяналт, шалгалтын талаар,
Тус яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б*******, тус газрын шинжээч Ж.С, ахлах мэргэжилтэн Ж.Д нарын бүрэлдэхүүн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамгаалалтын захиргаанд ирж хяналт, шалгалт хийсэн. Улмаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил хэмээн ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д зааснаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь "тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх", 37.2.1 дэх заалтад "тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө-ийг газар ашиглах гэрээнд тусгана гэсэн зохицуулалттай байхад Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр газрын гэрээ байгуулсан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1.0 сая төгрөгийг жил бүр бэлнээр болон кассаар авч зарцуулж байгаа зөрчил илэрсэн." гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардал болох 1.0 сая төгрөгийг Газар ашиглах гэрээ-нд заасны дагуу хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэн зарцуулдаг үйлдэл нь 2008 оноос хойш байсан асуудал бөгөөд үүнийг үе үеийн яамны удирдлагууд мэддэг байсан. Мөн энэхүү асуудлаар Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газруудаас 2017, 2019, 2023 онуудад хяналт, шалгалт явуулсан байдаг. Тухайлбал 2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байранд нэгжлэг явуулж, газар ашиглагч иргэн, хуулийн этгээдээс бэлнээр төвлөрүүлсэн байсан 10,780,000 төгрөгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас жил бүр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ-ний дагуу газар ашиглагч хуулийн этгээдээс газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн 1.0 сая төгрөг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж Эрүүгийн 1741****** дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Мөн хураан авсан 10,780,000 төгрөгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харилцах дансанд буцаан шилжүүлсэн байдаг. Иймээс Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглаж буй хуулийн этгээдээс 1.0 сая төгрөгийг төвлөрүүлж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүн, шийдвэрээр тогтоогдож байна.
Тэрчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана гэж, мөн хэсгийн 37.2.1 заалтад тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө гэж заасан буюу тухайн тусгай хамгаалалттай газрыг ашиглах явцад хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зардлыг газар ашиглах тухай гэрээнд заавал тусгахаар зохицуулсан байдаг. Ийнхүү хуульд заасан гэрээнд заавал оруулах нөхцөлийг хамгаалалтын захиргааны зүгээс гэрээнд тусгаж, тус төлбөрийг газар ашиглагч хуулийн этгээдээс төвлөрүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хэрэгжүүлсэн, төвлөрүүлсэн хөрөнгийг хэрхэн зарцуулсан тайлан тооцоог тухай бүр нь гаргаж, баримт бүрдүүлж байсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш юм.
Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайландаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардах хөрөнгө зардлыг тооцон гаргадаг бөгөөд үнийн дүн нь харилцан адилгүй (таван зуун мянгаас хорин сая хүртэл) тогтоож, зарцуулалтыг тайлагнадаггүй тохиолдол нийтлэг гардаг тул Хамгаалалтын захиргаанаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг төвлөрүүлэн байгаль хамгаалал, нөхөн сэргээх, биотехникийн арга хэмжээ, усны эх булаг шанд хамгаалах, аяллын замын тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын хашаа, зогоон татах, судалгаа шинжилгээ гэх мэт ажилд зарцуулдаг болно.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон газар ашиглагч хуулийн этгээдийн хооронд байгуулах Газар ашиглах гэрээ бүрийг төрийн захиргааны төв байгууллагаар буюу яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хянуулж, тус газрын даргаар батлуулдаг бөгөөд яам зөвшөөрч Газар ашиглах гэрээ-г баталж байгаа нь гэрээний нэг тал болж гэрээг зөвшөөрч байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл яамнаас зөвшөөрөл авч гэрээг байгуулдаг. Яам зөвшөөрөөгүй буюу батлаагүй тохиолдолд тус гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэхгүй юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны Б/54 дүгээр тушаалын талаар,
Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 8.1.3-т захирамжлалын болон зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичгийг эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн дардсаар баталгаажуулахыг хориглосон байхад захирамжлалын баримт бичиг болох тушаалд дардас хэрэглэж баталгаажуулсан нь хууль тогтоомжид нийцээгүй.
Мөн тушаалын үндэслэл хэсэгт Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бусад төрийн байгууллага, албан тушаалтны авлига, албан тушаалын зөрчилтэй үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хяналт тавихаар хуульчилсан бөгөөд Авлигын эсрэг хуульд хяналт тавих байгууллага нь зөвхөн Авлигатай тэмцэх газар юм. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар хариуцлага тооцохын тулд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоохоор хуульчилсан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн бол яг ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, албан тушаалын байдал, албаны эрх мэдэл, урвуулан ашиглах, хэтрүүлэх гэдэг нь ялгаатай ойлголт байдаг. Яг аль нь вэ гэдгийг хэрхэн тогтоосон, Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоох ёстой байтал дотоод хяналт шалгалтаар тогтоож, түүнийгээ тушаалын үндэслэл болгож байгаа нь уг тушаал өөрөө хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан тушаал бууруулах тухай" Б/54 дүгээр тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дүгээр тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаал гарсан.
...Тушаалын нэмэлт үндэслэл болгож Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д "хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэж дурдсан боловч миний бие ажиллах хугацаандаа буюу 2023, 2024 онд "Э" үнэлгээтэй байж сайдын тушаалаар шагнагдаж байсан. Мөн Үндэсний аудитын газрын хоёр албан шаардлагыг албан тушаал бууруулах үндэслэл болгосон боловч Үндэсний аудитын газрын 2023 оны нэгдсэн дүгнэлтээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг зөрчилгүй гэж дүгнэсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сард тушаал гарч зөрчилгүй гэж шалгагдсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г*******, нягтлан бодогч н.О нарыг тухайн үедээ сайдын тушаалаар цалингийн хувиар шагнаж байсан. Иймд дотоод хяналт шалгалт болон уг албан тушаал бууруулах тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг зөрчиж гаргасан гэж миний бие үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
10.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.3 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан. Нэхэмжлэгч Н.Г*******ийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/A017*******, 845/A017******* дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтын баримтаар тогтоогдсон. Ингэснээр тус материалыг үндэслэж дээрх сайдын тушаал гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2021 оны Б/54 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Г*******ийг албан тушаал бууруулах саналыг ноогдуулсан бөгөөд энэ нь үндсэн гурван үндэслэлтэй. Нэгдүгээрт, Үндэсний аудитын газрын 2021 оны хоёр албан шаардлага байдаг. Энэ албан шаардлагад нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагаар гомдол шийдвэрлүүлсэн зүйл байхгүй бөгөөд өнөөдрийн байдлаар уг албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгч уг албан шаардлагыг зүй бус гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу заавал цахим дэлгүүрээс худалдан авах ёстой барааг харьцуулалтын аргаар буюу үнийн судалгаа хийж худалдан авсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн болно. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байгуулсан гэрээтэй холбоотой аудитын шаардлага 2 034 000 төгрөгийн хэмжээтэй байсан. Аудитын байгууллагаас хариуцагчаар татагдаагүй нэхэмжлэгчийн хувьд энэ албан шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй байгаа тул эрх бүхий байгууллагаас баталсан актын үндэслэлийн талаар Байгаль орчны яамны зүгээс дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байна. Иймд эдгээр албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Хоёрдугаар үндэслэлийн тухайд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд “Э**** х**** т***” ХХК-иас гомдол ирсэн. Уг компани гомдолдоо “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г******* 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих санал хүргүүлэхдээ мөн өдөр хоёр сая төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээх зардал хэмээн бэлнээр авсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, манай газар ашиглах эрхийг тодорхой үндэслэлээр цуцлах гэж байгаа тул энэ асуудалд хяналт шалгалт хийж өгөхийг хүсэж байна" гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах журам, мөн байгууллагын дотоод хяналт шалгалтын журмын дагуу яамны хяналт-шалгалт, үнэлгээ, аудитын газраас дотоод хяналт шалгалт хийсэн бөгөөд дараах зөрчлүүд тогтоогдсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн газрын унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, түүнд зарцуулах хөрөнгийг газар ашиглах гэрээндээ тусгах ёстой гэж заасан байдаг. Харин хамгаалалтын захиргаанд тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага бүрээс нэг сая төгрөгийг зохиомлоор тогтоож, хамгаалалтын захиргааны дансанд болон бэлнээр төвлөрүүлж байсан нь хууль бус гэж үзсэн байна. Сайдын баталсан газар ашиглах гэрээний загварт нөхөн сэргээх, зарцуулсан хөрөнгөө тайлагнах агуулгаар тусгасан байдаг боловч хамгаалалтын захиргааны зүгээс талбайн хэмжээ, газрын ашиглалт, тухайн газарт байгаа ой, усны сан бүхий эсэхээс үл хамааран нийтлэг байдлаар нэг сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Хамгийн гол зөрчил нь 2021-2023 оны бүх баримтад хийсэн хянан шалгалтаар илэрсэн. 2023 онд 113 аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрх, газар ашиглах гэрээг дүгнэсэн боловч зөвхөн 21 байгууллагаас, 2024 онд 96 байгууллагын газар ашиглах гэрээг дүгнэсэн боловч зөвхөн 25 байгууллагаас тус тус нөхөн сэргээх зардлыг төвлөрүүлсэн бөгөөд энэ нь бэлнээр болон кассаар хийгдсэн байна. Кассаар төвлөрүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.5, 14.4.6, мөн Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6-д "төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олгох орлогыг мөнгөн кассаар бэлнээр хүлээн авч, энэхүү орлогыг ажлын дараагийн өдөр багтаан кассын нярав төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана", 6.2-т "төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ нь тухайн төсвийн байгууллагын жилийн батлагдсан төсвөөс хамаарна" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэ нь нэхэмжлэгч, Хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан хүний хувьд бусдад давуу боломж олгож, зарим аж ахуйн нэгжээс мөнгө авч, заримаас нь аваагүй байгаа нь албаны эрх мэдлийг хэтрүүлсэн байж болзошгүй гэдгийг хянан шалгалтын дүгнэлтээр тогтоосон байна. Гуравдугаар үндэслэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6 дахь хэсэг буюу албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн явдал юм. Хянан шалгалтын дүгнэлтээр яг ижил нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад өөр өөрөөр гэрээ дүгнэсэн актыг үзэж байгаа тул Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу аливаа зөрчлийг эрүүгийн хариуцлага мэдээлэхгүйгээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг ба энд эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэдэгт тухайн албан тушаалтныг томилсон сайдыг хамааруулж ойлгож байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөхдөө бодлого, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан хэргээ хэтрүүлэхгүй байх үүрэгтэй байдаг тул сайд эдгээр үндэслэл, мөн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг тус тус үнэлж, эдгээр нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр сайдын баталсан томьёолсон зөвлөлийн баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан төсвийн захиран зарцуулахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зүйлд заасан "байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардагдах зардлын төсвийг бодит нөхцөл байдалд үндэслэн судалгаа, тооцоолол хийж боловсруулах, удирдах дээд байгууллагад тайлагнах, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг зөв оновчтой зохион байгуулах" гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж, албан тушаал бууруулах шийдвэр гаргасан. Сайдын зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, зөвхөн албан тушаалыг нь бууруулж, хөдөлмөрийн харилцааг зогсоогоогүй, тухайн хүн үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
11.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Н.Г*******оос гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дугаар тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэлийн тухайд: Тус захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны Б/54 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд төсвийн тухай хуулийн 16.5.1,16.5.3, Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоол, 2024 оны 128 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Хамгаалалтын захиргааны дүрмийн 2.4.2, 2.4.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Г*******ийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 тушаалаар Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Уг тушаал гарснаар Н.Г******* нь ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг нь үндэслээд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар 1 сарын цалинтай сарын цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн. Тус цалинтай чөлөө дууссанаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Н.Г******* нь ажилдаа тодорхой шалтгаангүйгээр ажлаа тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.
Тус сонсох ажиллагааны хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Хамгаалалтын захиргааны дүрмийн 2.4.2, 2.4.6 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 7.2.5 дахь заалтуудыг үндэслэн захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ц нь эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь халсан болно. Тус нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 хэсэгт заасан хугацааг хангаагүй, мөн тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтад заасан үндэслэл тодорхойгүй байна. Мөн Хамгаалалтын захиргааны дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ө/40 дугаар тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс гурван шийдвэртэй маргаж байна. Нэгдүгээрт, сайдын Б/54 дугаар тушаал; хоёрдугаарт, хамгаалалтын захиргааны Б/40 дугаар тушаал; гуравдугаарт, Б/09 дугаар тушаал. Эдгээр тушаал нь хоорондоо хамааралтай, нэг нэгнээсээ уялдаж гарсан шийдвэрүүд юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг заасан журмын дагуу хоёр үндэслэл бүрдсэн гэж үзэж шийдвэрээ гаргаж, албан тушаал бууруулсан. Тодруулбал, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д "төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалттай биелүүлээгүй" гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-т "хуульд заасан бусад үндэслэл" гэж заасан бөгөөд энэ нь Авлигын эсрэг хууль руу чиглэнэ. Иймд хамгаалалтын захиргааны дарга өөрийн төсвийн үүргээ, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Ямар байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн бэ гэдгийн тухайд Үндэсний аудитын газар буюу энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага уг асуудлыг зөрчилд тооцож дүгнэн, албан шаардлага өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс "тухайн зөрчлийг арилгасан" гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн бөгөөд үүгээрээ зөрчлийг зөвшөөрсөн гэж тооцогдоно. Тухайн албан шаардлагаар дүгнэгдсэн дүгнэлтийг эсэргүүцсэн гомдол гаргасан баримт байхгүй. Иймд эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэн сайдын албан тушаал бууруулах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Гурав дахь зөрчил буюу нэг сая төгрөг авах асуудал нь төрийн хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчмын эсрэг үйл ажиллагаа гэж үзэж байна. Гурван талт гэрээгээр нэг сая төгрөг авдаг практик журам хуульд харшилж байгааг өмнө нь аудитын байгууллага тогтоож дүгнэсэн бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэдгийг холбогдох хамгаалалтын захиргааны дарга, мэргэжлийн хүмүүст танилцуулж, гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн. Энэ зөрчил нь өмнөх дарга н.Ц******, н.Н****** нарын үед ч үргэлжилсэн бөгөөд нэхэмжлэгч "2008 оноос хойш авдаг байсан тул би ч авах нь зүйтэй гэж үзсэн" гэж тайлбарладаг боловч энэ тайлбар нь хангалтгүй байна. Нэгдүгээрт, хуульд хамгаалалтын захиргаанд энэ мөнгийг, ялангуяа кассаар бэлнээр хураах зохицуулалтыг хуульчлаагүй, журамлаагүй байдаг. Хоёрдугаарт, газрын хэмжээ, зориулалт, ашиглалт ялгаатай атал нэг сая төгрөгөөр бүгдийг тогтоосон нь ямар үндэслэлтэй болохыг тодруулах шаардлагатай. Яамнаас гаргасан ажлын хэсгийн хянан шалгалтын дүгнэлтэд энэ талаар тодорхой тайлбарласан бөгөөд 2022 оны шалгалтаар иргэдийн хурал итгэлцүүр, үнэ тариф тогтоогоогүй атал хамгаалалтын захиргаа нэг сая төгрөгөөр тогтоож төлбөр авч байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Б/54 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж, хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлсэн. Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч мэргэжилтнээр Б/40 дугаар тушаалаар томилсон. Уг тушаал гарсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаанаар нэг удаа чөлөө авснаас өөр ажил огт хийгээгүй бөгөөд энэ баримтыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрдөг. "Намайг мэргэжилтэн болгож албан тушаал бууруулахыг зөвшөөрөхгүй тул ажлыг чинь хийхгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ажилд огт ирээгүй үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан. Эдгээр хоёр тушаал буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хэзээ шүүхэд эргэлзэж байгаа эсэхийг сонсож, нэхэмжлэл гаргах хугацааны асуудлыг хөндөх шаардлагатай. Нэхэмжлэгч анх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаалтай маргахдаа зургаан сар гарангын дараа, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 тушаалтай маргахдаа хоёр сар гарангын дараа нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацааны асуудлыг онцлон анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгч эдгээр тушаалыг мэдэж байсныг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу энэ хэрэгт хийгдсэн хоёр удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөрөө мэдэгдсэн. Тодруулбал, хамгаалалтын захиргааны тушаалтай биш, сайдын тушаалтай маргаж байгаа тухай, мөн цагаан сарын үеэр төрийн албанаас халсан тушаалыг мэдэж, гардаж авсан гэдэг баримтыг нэхэмжлэгч өөрөө хэлдэг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааны журмыг зөрчсөн эсэхийг анхаарах шаардлагатай. Өмнө нь энэ хэрэг шүүхээр дүгнэгдэж, давж заалдах шатны шүүхээс процессын зөрчил, нотлох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэн анхан шатны шүүхэд буцаасан. Тухайн үед шүүх тэгш байдал, шударга ёсны зарчмыг хэрэглэж, "2008 оноос хойш нэг сая төгрөг аваад явж байсан асуудалд зөвхөн Н.Г*******ийг буруутгаж байгаа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалыг үндэслэлгүй болгож байна" гэсэн дүгнэлт хийж байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тэгш байдал, шударга ёсны зарчмыг иш татан, бусад хүмүүстэй өмнөх харилцаа, өмнөх гэрээнүүдтэй холбоотой үндэслэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл бүгд хуулийг зөрчиж байгаа тохиолдолд ганцхан нэхэмжлэгчийг сугалж хариуцлага хүлээлгэж байна гэсэн агуулгаар сайдын шийдвэр үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
12.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт дутуу өөрийгөө нотолж чадахгүй байгаа, ажил олгогчийн гаргасан шийдвэрийн үндэслэл нь аудитын газрын шийдвэр, дотоод хяналт шалгалтын шийдвэрийг үндэслэн тушаал бууруулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй ба хуулийн хугацаанд нэхэмжлэгч албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй мэдэгдлээ ажил олгогчид мэдэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх дүгнэлтэд хүрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, бүрдүүлсэн материал нь дутуу байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/А017*******, 845/А017******* дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлжээ.
1.1.Үндэсний аудитын газрын 2024 оны 844/А017*******, 845/А017******* дугаартай албан шаардлагуудын тухайд:
Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 845/А017******* дугаар албан даалгаварт “нэр бүхий 14 хэвлэл мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000.00 төгрөгийн санхүүжилт олгож төсвийг үрэлгэн зарцуулсан” гэж, мөн өдрийн 844/А017******* дугаар албан даалгаварт “9,179,8020.00 төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй, бусад этгээдээс худалдан авсан” гэжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1167 дугаар албан бичгээр холбогдох тайлбарыг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Тус байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №6 дугаар хуралдаанаар сандал 10 ширхэг, компьютер 1, дэлгэц 2 ширхэг, худалдан авахаар шийдвэрлэж, улмаар тухайн бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс бус компьютерын төрөлжсөн дэлгүүрүүдээс худалдан авсан гэх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах шийдвэр гарсан, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс харьцуулсан судалгааг хийж хамгийн бага үнийг санал болгосон дэлгүүрээс худалдан авсан байхыг үгүйсгэхгүй.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/167 дугаар тушаалын 1 дэх заалтаар “...Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд олон нийтэд чиглэсэн... мэдээ мэдээлэл түгээх ажилд шаардагдах 70 сая төгрөгийг ... гаргаж санхүүжүүлэхийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ.
Тухайн гэрээг нэхэмжлэгч нь хуулийн этгээдүүдтэй байгуулж дүгнэсэн талаар талууд маргадаггүй, санхүүжилт нь тухайн байгууллагаас бус яамнаас гарсан, гэрээг дүгнэх эрхийг шилжүүлсэн талаар ч мөн маргадаггүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийх нь төлөө нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, санхүүжүүлэх шийдвэрийг нэхэмжлэгч гаргаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр түүний эрх олгосноор гэрээг байгуулж дүгнэсэн, улмаар санхүүжилт олгосон байх тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Мөн дээрх албан шаардлагуудын биелэлтийг хэрэгжүүлээгүй талаар Үндэсний аудитын газраас нэхэмжлэгчид акт ногдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2.“Э** х***** т**” ХХК-иас ирүүлсэн гэх гомдлын тухайд:
“Э** х***** т**” ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан “байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал 2021, 2022 оны төлбөр гээд 2,000,000 төгрөгийг өөрийн кассанд бэлнээр тушаалгасан” гэх гомдлыг гаргажээ.
Уг гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын танилцуулгад “бэлэн мөнгө болон нэмэлт санхүүжилтийн дансаар байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд жил бүр 1 сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж хууль бус орлого төвлөрүүлэхийг шаардаж байгааг таслан зогсоохыг нэхэмжлэгчид” үүрэг болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/4589 тоот албан бичгээр чиглэл хүргүүлжээ.
Тухайн төлбөрийг нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанаас өмнө ч /2011 оноос/ авч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан гурван талт гэрээнүүдээр, мөн одоо ч авч байгаа болох нь шүүх хуралдаанд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* мэдүүлсэн “бэлнээр авахгүй байгаа, нэмэлт санхүүжилтийн банканд төвлөрүүлж авч байгаа” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл кассаар эсхүл банкны харилцах дансаар авч байгаа эсэхээс үл хамаарч тухайн төлбөрийг өмнө нь ч авч байсан, одоо ч авч байгаа, гэрээг зөвхөн нэхэмжлэгч дангаар байгуулдаггүй зэргийг харгалзан дээрх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
1.3.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.4-д “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэжээ.
Нэхэмжлэгчийг дээрх хуульд заасан төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн талаар эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газраас шалган тогтоогоогүй, зөрчилтэй холбогдуулж хариуцлага тооцох талаар албан шаардлага, зөвлөмж хүргүүлээгүй байхад хариуцагч нь шууд зөрчилд үйлдсэн мэтээр дүгнэлт гаргаж, өөрийн санаачилгаар дээрх хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.
Зүй нь Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг гагцхүү эрх бүхий байгууллага шалган тогтоосны дараа зөрчилд нь тохирох хариуцлагын асуудал яригдахаас бус захиргааны байгууллага эсхүл албан тушаалтан шууд тогтоохгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэжээ.
Мөн Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дахь хэсэгт “ Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/635 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын хавсралтын 9-д Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г*******ийг маш сайн 92.4 гэж үнэлж 100 хувийн урамшуулал олгохоор, мөн сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” А/880 дугаар тушаалын хавсралтын 72-т нэхэмжлэгчид нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд нотлогдоогүй, түүнийг дангаар буруутгах үндэслэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай” Б/40 дүгээр, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай” Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг мөн эхлэн Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас халжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/2458 тоот албан бичгээр шүүхэд хандах эрхийг хязгаарлаагүй талаар дурджээ.
Нэгэнт нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаалтай холбогдуулж маргасан, уг тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дээрх тушаалууд ч мөн хүчингүй болох учиртай бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх учиртай.
Өөрөөр хэлбэл анх албан тушаал буруулсан тушаалтайгаа маргаж буй нь энэ тохиолдолд түүнийг даган гарсан бусад тушаалууд ч хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгох бөгөөд тухайн ажилд очих, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэггүй.
3.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах шаардлагуудын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэдийн төлөөлөгчөөс: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, бүрдүүлсэн материал нь дутуу байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж дүгнэлт гаргасан хэдий ч шүүх дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 45 дугаар зүйлийн 45.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан Н.Г*******ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд, Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА