| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04468/И |
| Дугаар | 191/ШШ2025/08058 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08058
2025 09 26 191/ШШ2025/08058
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
нэхэмжлэгч: .......... дүүрэг, ............хороо, ........ хороолол, ...........оршин байрлах Б ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ......... дүүрэг, ........ хороо, ..........тоот хаягт оршин байрлах О ХХК /РД:........./,
хариуцагч: ...........дүүрэг, .............. хороо, .................. тоот хаягт оршин байрлах О ХХК /РД:..../ нарт холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 92,473,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан Orchlon Complex II төслийн хүрээнд барилга буулгалт болон хашаа хаалганы ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр АГ01/03 дугаар Барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГ-01/02 дугаар Барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГ01-01 дугаар Orchlon Complex II төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан.
Талуудын хооронд байгуулагдсан барилга буулгалтын ажлын АГ01/03 дугаар гэрээний дагуу Orchlon Complex II төслийн багц 19-н 23 дугаар байрыг буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн ба гэрээний үнийн дүнг 37,000,000 төгрөг байхаар, барилга буулгалтын ажлын АГ-01/02 дугаар гэрээний дагуу Orchlon Complex II төслийн багц 18-н 22 дугаар байрыг буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн ба 42,548,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон.
Мөн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГ01-01 дугаар Orchlon Complex II төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Orchlon Complex II төслийн хашаа болон хаалга суурилуулах, угсрах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба бараа материалын зардалд 5,471,000 төгрөг, тээврийн зардалд 748,000 төгрөг, ажлын хөлсөнд 4,819,600 төгрөг, гүйдэг хаалганы зардалд 1,886,800 төгрөг, нийт 12,925,400 төгрөгийн зардал гарсан.
Дээрх гурван гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК гэрээнд заасан бүхий л ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэж, ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан бүхий л зардлыг Б ХХК өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байдаг.
Учир нь талууд дээрх гэрээний төлбөрийг хариуцагч Орчлон констракшн ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулахаар тохирсон байсан боловч О ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201017820 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал 211/4 хаягт байрлах, 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн байсан.
Б ХХК-ийн зүгээс дээрх 3 гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, акт үйлдэн О ХХК-д хүлээлгэн өгсөн боловч гэрээний төлбөрөө одоог хүртэл авч чадалгүй хохирч байна.
Үүнээс хойш О ХХК-тай удаа дараа холбогдож, гэрээний төлбөрөө шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочсоор өнөөдрийг хүрлээ.
Иймд хариуцагч О ХХК-иас дээрх гурван гэрээний үүрэгт 92,473,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож өгнө үү.,
1.2. хариуцагч О ХХК-ийн барьж буй дахин төлөвлөлтийн уг барилгуудыг хариуцагч нь өөрийн хамаарал бүхий О ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдтэй 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаар Барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГ01/02 дугаар Барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГ01/01 дугаар Orchlon complex II төслийн хашаа, хаалганы ажлын гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн хуулийн этгээд нь О ХХК байх тул уг гэрээнд заасан ажлын төлбөр болох 92,473,400 төгрөгийг О ХХК нь хамтран төлөх үүрэгтэй болно. гэжээ.
2. Хариуцагч О ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...Талууд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГ01/01 дугаартай Орчлон комплекс 2 төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн АГ01/02 дугаартай Барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаартай Барилга буулгалтын ажлын гэрээ тус тус байгуулсан.
Дээрх гэрээнүүдийн үүргийг нэхэмжлэгч компани зохих ёсоор биелүүлээгүй тул манай компани өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч компанид хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр хөлсийг төлсөн болно.
Иймд Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч О ХХК нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ Б.Алтангэрэлээс шүүхэд дараах хүсэлтийг гаргасан. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгч Б ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, О ХХК, О" ХХК-д холбогдох 92,473,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 32,473,400 төгрөгөөр багасгаж байгаа болно.
Хоёр. Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлэээсээ татгалзаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгох талаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт нийт 92,473,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд О ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 92,473,400 төгрөгийн 32,473,400 төгрөгөөс татгалзсан ба хариуцагч нар үлдэх 60,000,000 төгрөгийг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байхаар заасан ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх-ээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргах-аар тус тус зохицуулсан.
4. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, О ХХК, О ХХК нарт холбогдох 92,473,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,317 төгрөгийн тавин хувь болох 310,158.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН