| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01878/И |
| Дугаар | 192/ШШ2025/08212 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/08212
2025 10 14 192/ШШ2025/08212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их монгол улс гудамж, Хүннү-2222, 101-118 байрны **** тоот хаягт байрлах, **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Тайм скүэр, **** тоот хаягт байрлах, **** /РД:*****/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий 1, ****тоот хаягт байрлах **** /РД:****/ нарт холбогдох,
Арилжааны гэрээний үүрэгт 221,447,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ:
“...**** болон **** нь **** болон ****-тай 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр арилжааны гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр **** болон **** нь Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг хороолол, 735 дугаар байрны 84 тоот 91.38 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ****болон ****-д шилжүүлэх, ****болон **** нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайны 0 тоот, Тэнүүн хотхоны 14 давхарт **** тоот 47.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, зөрүү 380,000,000 тегрөгийн хамт **** болон ****-д шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болно.
**** болон ****-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч ****болон **** нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлэхгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Өөрөөр хэлбэл ****болон **** нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг **** болон ****-д шилжүүлж, зөрүү төлбөр болох 380,000,000 төгрөгөөс 208,552,500 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр 171,447,500 төгрөгийг төлөхгүй, тухайн компаниудаас удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ****болон **** арилжааны гэрээний үлдэгдэл төлбөр 171,447,500 төгрөг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 2-т заасны дагуу гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн торгууль 50,000,000 төгрөг, нийт 221,447,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тодорхой үйл баримтууд, арилжааны гэрээ байгуулагдсан дээр маргаагүй. Арилжааны гэрээнд заасны дагуу талуудын хооронд байр арилжих нэг талаас м.кв нь 91,38 м.кв үл хөдлөх хөрөнгийг нөгөө талаас 47,15 м.кв талбаатай үл хөдлөх хөрөнгийг арилжих, зөрүү төлбөрийг **** болон ****-ийн зүгээс төлөхтэй холбоотой харилцааг тухайн гэрээгээр зохицуулсан. Арилжааны гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгө, орон сууцнуудын үнийн дүнг бодитоор тусгаагүй байдаг боловч зөрүү үнийн дүн нь 380,000,000 төгрөгийг тодорхой тусгасан. Энэхүү үнэ төлбөр үнийн дүн төлөгдсөөр байгаад үндсэн төлбөрийн үлдэгдэл 171,447,500 төгрөг болсон, маргахгүй. **** болон ****-иас шилжүүлэн авсан орон сууцыг **** захиран зарцуулсан тул үлдэгдэл төлбөр болох 171,447,500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин нэмэлт өөрчлөлт оруулсан гэх 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ баримтаар төлөгдөөгүй нийт дүнгээс 20 хувиар торгууль тооцохоор заасан зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зохицуулалтын хувьд гэрээ байгуулахад талууд бүгд байлцаагүй зарим гарын үсгийг нөхөж зурсан. Энэ нь хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл биш гэж үзэж байгаа.
Түүнчлэн энэхүү асуудалд **** болон **** гэдэг 2 компанийг хамтран хариуцагчаар татаад 50, 50 хувиар төлбөрийг гаргуулна гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэсэн хэдий ч ****-ийн зүгээс төлбөр мөнгийг дангаараа төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Энэ талаар байгууллагын удирдлагууд ****-тай эвлэрч хэлэлцэх асуудлыг удаа дараа ярьсан боловч эвлэрэлд хүрээгүй гэдэг. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс хүлээн зөвшөөрч байгаа нь 171,447,500 төгрөг бөгөөд торгууль 50,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч ****-иас - Улсын тэмдэгтийн хураамж 1,265,190 төгрөг төлсөн баримт, ****-ийн шинэчилсэн дүрэм, шаардах эрх шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн тогтоол, ****-ийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 22/09-22/05 дугаартай арилжааны гэрээ, гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нэхэмжлэх №1, ****-иас ****-д хүргүүлсэн албан бичиг,төлбөр нэхэмжлэх тухай албан бичгүүд, нэхэмжлэх №4, итгэмжлэл, ****-ийн гэрчилгээний хуулбар, ****-ийн шаардах эрх шилжүүлх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл.
3.2. Хариуцагч ****-иас - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****-иас хариуцагч ****, **** нарт холбогдуулан гаргасан арилжааны гэрээний үүрэгт 221,447,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу **** болон **** нараас 205,737,000 төгрөгийг гаргуулж ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,710,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ...**** болон **** нь ****болон ****-тай 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу зөрүү төлбөр болох 380,000,000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр 171,447,500 төгрөгийг төлөөгүй. Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн торгууль 50,000,000 төгрөг, нийт 221,447,500 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж, хариуцагч **** нь ...Арилжааны гэрээ байгуулагдсан талаар маргаан байхгүй. Харин талуудын нэмэлт өөрчлөлт оруулсан гэх 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар гэрээний төлөгдөөгүй нийт дүнгээс 20 хувиар торгууль тооцохоор заасан зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн зохицуулалтын хувьд гэрээ байгуулахад талууд бүгд байлцаагүй, зарим гарын үсгийг нөхөж зурсан, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 171,447,500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин торгууль 50,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1.Шүүх хариуцагч ****, **** нарт холбогдуулан гаргасан ****-ийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч **** нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, **** нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
3.2. Түүнчлэн хариуцагч **** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох хэдий ч шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч ****-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтсон.
3.3. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь орон сууцыг харилцан өмчлөлд шилжүүлэхээр бартерын гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй, харин хариуцагч ****-иас 2023 оны 8 сарын 21-ний өдрийн 22/07-22/05-23/08 дугаартай "Гэрээнд өөрчлөлт оруулах тухай" гэрээнд гэрээний оролцогч талууд гарын үсэг зураагүй, хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр бус хэлцэл, торгууль шаардах эрхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргадаг.
3.4. 2023 оны 8 сарын 21-ний өдрийн гэрээнд "...Гэрээний хавсралт-1-д заасан төлбөр 380,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж дуусгана, төлбөрийг хугацаанд нь төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд 20 хувийн торгууль төлнө, А талыг төлөөлж ****, Б талыг төлөөлж **** /гарын үсэг зурагдсан, хуулийн этгээдүүдийн тэмдэг дарагдсан/" гэж тусгасан байна.
3.5. Хавтаст хэрэгт **** болон ****-ийн хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээ авагдсан байх ба хэлцэл байгуулагдах үед нь ****-ийг ****, ****-ийг ****, ****ХХК-ийг ****, ****-ийг ***** төлөөлөх эрхтэй болох талаар болон ****, ****-иас үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үлдэгдэл төлбөр, торгууль шаардсан үйл баримтын талаар тус тус маргаагүй.
4. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:
4.1. Дээрх нотлогдож байгаа үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 22/07-22/05 дугаартай арилжааны гэрээ байгуулагдсан байх ба талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцнэ.
2023 оны 8 сарын 21-ний өдрийн 22/07-22/05-23/08 дугаартай "Гэрээнд өөрчлөлт оруулах тухай" гэрээнийн хувьд хариуцагч талаас хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хэдий ч тухайн хэлцлээр хүлээх үүргийг ****-ийн захирал ****, ****-ийн захирал **** нар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно" гэж заасантай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй болно.
4.2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ”, 274.3-т "Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна", 275 дугаар зүйлийн 275.1-д "Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно", 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагч тал хэн аль нь үл хөдлөх хөрөнгийг харилцан шилжүүлсэн, зөрүү төлбөр болох 380,000,000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлөхөөр үүрэг хүлээсэн, уг үүргээ бүрэн гүйцэтгэхийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.
4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож Арилжааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2-т “Төлбөрийг хугацаанд төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд 20 хувийн торгууль төлнө” гэж заасан. Иймээс хариуцагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20%-тай тэнцэх торгуулийг хариуцах учиртай.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргах үед хариуцагч талын гэрээний дагуу гүйцэтгэх ёстой гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 171,447,500 төгрөг байсан бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг.
Иймээс дээрх гүйцэтгээгүй үүрэг буюу төлбөр 171,447,500 төгрөгийн 20 хувийн торгууль болох 34,289,500 төгрөгийг болон үндсэн төлбөр 171,447,500 төгрөгийг, нийт 205,727,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хариуцагчид хариуцуулах нь үндэслэлтэй гэж үзэв.
5. Арилжааныг гэрээний нэг тал болох **** нь тухайн гэрээний үүргийг шаардах эрхээ нэхэмжлэгч ****-д шилжүүлсэн болох нь ****-ийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 1 дугаартай хувьцаа эзэмшигчийн тогтоолоор тогтоогдох ба энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх тухай зохицуулалтад нийцэж байна.
6. Иймд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч **** болон **** нараас 205,737,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,710,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч **** болон **** нараас 205,737,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,710,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** болон **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,186,635 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,265,190 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ