| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2410026720306 |
| Дугаар | 2025/ДШМ/84 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/84
2025 01 16 2025/ДШМ/84
Л.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн /томилолтоор/,
шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ж болон түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Жд холбогдох эрүүгийн 2410026720306 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.Ж
Шүүгдэгч Л.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн санал авах хэсгийн байранд зорчихдоо өөрийн биедээ 2 хэсэг гялгар уутанд хийсэн, нийт 10.6 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан..." гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Л.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Ж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял өгсөн. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул мөн анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож байгааг минь харгалзан үзэн надад оногдуулсан тус ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Жгийн өмгөөлөгч С.Уламбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шүүгдэгч Л.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан байхад үүнийг хэрэглээгүй хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж энэ хүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Л.Жд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Л.Жгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ Конвенц нь 1982 онд энэ нөхцөл байдлын талаар зарим нэг үйл баримтыг конвенцид заасан олсны ургамал болон хар тамхины хольцтой эд зүйлсийн хэмжээг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал байгаа талаар олон улсаас гаргасан байдаг. Үүнтэй холбоотой хавтаст хэрэгт авагдаагүй гэр бүлийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Уламбаяр өмгөөлөгчийн хэлсэнтэй адил түүнийг заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар бусдад хар тамхитай холбоотой зүйлийг хадгалах, хэрэглэж болохгүй гэдэг талаар бусдад сэрэмжлүүлэх талаар бүрэн боломжтой байна. Энэ талаар шүүхээс анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, энэ гэр бүл 2 хүүхэдтэй бөгөөд түүний ах маш ховор төрлийн өвчтэй. Ах нь өвчтэй талаарх бичгийн баримт анхан шатны шүүхэд гаргаж өгч чадаагүй. Гэтэл түүний ах нь артер болон венийн судас нь хоорондоо нийлсэн, байнга цус алддаг өвчтэй хүн бөгөөд түүнийг хажууд дүү нь байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, түүний аав ажлаа хийнэ, ээж нь өвтэй ахыг нь сахидаг, ахынх нь эхнэр үр, хүүхдээ хардаг нөхцөл байдалтай байгаа зэргийг анхаарч заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд дордуулж, хэрэглэх зуршлыг бий болгодог улмаар ар гэр, өөрийнх нь эдийн засаг болон сэтгэцийн хүнд байдалд оруулдаг учраас нийгмийн эрүүл мэнд, нийгэмд учруулах хор уршиг нь их гэмт хэрэг гэж үздэг. Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь шүүхэд үүрэг олгосон бус эрх олгосон заалт учраас хэргийн нөхцөл байдал болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төлөр хэмжээний дотор буюу нэгээс таван жил хүртлэх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон 1 жилийн хугацаагаар буюу хорих ялын хамгын доод хэмжээгээр ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойргийн санал авах хэсгийн байранд зорчихдоо өөрийн биедээ 2 хэсэг гялгар уутанд хийсэн, нийт 10.6 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан..." гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Л.Жгийн яллагдагчаар өгсөн “… сонгуулийн үеэр куртикээ өмсөж халаасанд байсан өвснөөс машиндаа татаж хэрэглэсэн. …” /хх 133-134/,
О.Хийн сэжигтнээр өгсөн “… Ж уугаагүй бөгөөд өөртөө байсан өвслөг зүйлийг гаансанд сорж хэрэглэсэн. …өвсийг манай найз Л.Ж үе үе хэрэглэж биедээ авч явдаг. ” /хх 118-120/ гэсэн мэдүүлгүүд,
Л.Жгийн биед үзлэг хийсэн “… шаргал өнгийн гаанс, цайвар цагаан өнгийн торон дотор хуурай хатсан ургамал мэт зүйл, хар өнгийн торон дотор бор шаргал өнгийн хуурай хатсан ургамал мэт зүйл зэргийг хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-19/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3956 дугаартай “… “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. …” /хх 52-54/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 810 дугаартай /хх 58-59/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Жг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Жгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Л.Жгийн “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Н.Намжилцогтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, шүүгдэгч Л.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Л.Жгийн үйлдсэн гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Л.Ж нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ