| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0449/З |
| Дугаар | 128/ШШ2026/0613 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0613
2026 06 19 128/ШШ2026/0613
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч байцаагч Т.Б*******/цахим/ нарыг оролцуулан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн талаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгчийн зүгээс шийтгэлийн хуудасны торгуулийн төлбөртэй хэсэгтэй маргаагүй зөвхөн хохирол тогтоосон хэсэг буюу 99,912,399 төгрөгтэй холбоотойгоор маргаж байгаа. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 37,194,128.6 төгрөг гэсэн байна. Хохирлыг энэ дүнгээр тооцвол манайх хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гэв.
Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 37,194,128.6 төгрөг гэж гарсныг зөвшөөрч байна, шийтгэлийн хуудсаар оногдуулсан хохирлын хэмжээг 37,194,128.6 төгрөг болгохыг зөвшөөрч байна, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шийдвэр гаргая, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б*******д холбогдуулан ...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б*******ын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны хохирол тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүхээс тус нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б*******аас Т******* ХХК-д холбогдуулан ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, дүгнэлтгүй, тухайн жилийн байгаль орчны менежмент төлөвлөгөө батлуулаагүй... гэх зөрчилд зөрчлийн ******* дугаартай хэргийг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Уг ажиллагааны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Шинжээч томилж, хохирол нөхөн төлбөр тооцуулах тухай албан бичгээр Усны газарт хандан Т******* ХХК-ийн гаргасан зөрчилтэй холбоотой усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцуулахаар хандсан бөгөөд Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай Шинжээчийн дүгнэлтээр газрын доорх усны нөөцөд учирсан хохиролд 99,912,399.0 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхийг мэдэгджээ.
Дээрх Усны газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б******* нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Т******* ХХК-ийг ...эрх бүхий байгууллагаас ус ашиглах дүгнэлтгүй, ус ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан... гэдэг үндэслэлээр торгуулийн төлбөрт 5,000,000 төгрөг, хохирол, нөхөн төлбөрт 99,912,399.0 төгрөгийг төлүүлэхээр оногдуулсан байна.
Нэхэмжлэгч Т******* ХХК-аас үүнийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Усны газарт хандан ...усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг дахин хянан үзэх.. талаар хүсэлт гаргасныг Усны газар хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр ...Өмнөх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоосон усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, бууруулах боломж, хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа тул энэ нь нэмэлт шинжилгээ хийх шаардлага үүсгэн шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож байх тул дахин усны нөөцөд учирсан хохиролтой холбоотой шинжилгээ хийсэн. Уг шинжээчийн дүгнэлтээр газрын доорх усны нөөцөд учирсан хохиролд 37,194,128.6 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай... гэж дүгнэсэн байна.
Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчээс ...манай зүгээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны торгуулийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа харин хохирол, нөхөн төлбөртэй холбоотой хэсэг дээр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэлт шинжилгээ хийсэн дүнгээр буюу 37,194,128.6 төгрөг гэж тогтоосон тохиолдолд нэхэмжлэгч талаас маргаан байхгүй эвлэрэх боломжтой... гэж, хариуцагчаас ...маргаан бүхий шийтгэлийн хуудасны хохиролын хэмжээг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан, шинжээчээс дахин нэмэлт шинжилгээ хийж хохиролын хэмжээг 37,194,128.6 төгрөг гэж тогтоосон тул шийтгэлийн хуудасны хохиролын хэмжээг 37,194,128.6 төгрөг гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 21 дүгээр зүйлийн 21.1.-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68.2.-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна. , 68.3-т Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана., 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан.
Дээрх байдлаар нэхэмжлэгч Т******* ХХК болон хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б******* нараас харилцан буулт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хохирлын хэмжээг багасгахаар шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн талаар тайлбар гаргаж, уг асуудлаар дахин маргах эрхээ алдах, гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг ойлгосноо илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь талуудын эвлэрлийг батлах хуулиар тогтоосон журамд нийцэж байна.
Ийнхүү талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс эвлэрлийг хянаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б******* нарын эвлэрлийг баталж, Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ