| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/00010/И |
| Дугаар | 191/ШШ2025/08101 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08101
2025 09 29 191/ШШ2025/08101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: .......р дүүрэг,.......... хороо, ......... тоотод бүртгэлтэй боловч ......аймаг, ......... сум, ........ баг, ......... гэх газарт оршин суух Х овогт Д.Б г /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........... дүүрэг, ............... хороо,................ оршин байрлах О ХХК /РД:............/-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 14,026,431.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П , хариуцагчийн өмгөөлөгч С.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Нэхэмжлэгч д.б (цаашид Нэхэмжлэгч гэх) нь О ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор, нэхэмжлэгч нарын ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг 12 (арван хоёр) цаг байна.
Хөдөлмөрийн тухай хууль (цаашид ХтХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:
а/ Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;
б/ 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;
в/ Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87.2 дахь хэсэгт заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
г/ Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд нөхөн тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.
д/ Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм.
Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 (7+1) цагаар тооцохыг тодорхой заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажилтны илүү цагийн хөлс олгогдохгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:
а/ Гомдол гаргагч нар (нэхэмжлэгч д.б нь гомдлын хавсралтын 10 дахь хэсэгт) нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг.
б/ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан;
в/ Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж, талууд (нэхэмжлэгч д.б нь 10 дах хэсэгт) эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж авсан.
г/ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ч.С, Т.Ц, д.б, д.х, шүүхэд нэхэмжлэгч Н.Т, Б.Б, Б.Э, Э.Э, Б.Э М.Г, Б.М, Э.Б, Ц.Х, Н.Б нарын нэхэмжлэлтэй, О ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32024/25101 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймээс захирамжид заасны дагуу нэхэмжлэлийн зөрчлийг арилгаж, ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч д.бт 14,026,431.72 төгрөгийн илүү цагийн хөлсийг О ХХК-иас гаргуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. ...Нэг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу А.П ын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй тухайд:
а/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь 2023 оны 3 дугаар сард 84 ажилтныг төлөөлөн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 4 дүгээр сард 84 ажилтныг төлөөлөн А.П нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба зарим хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бол зарим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэхэмжлэгч д.б өмнө нь 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан 34 ажилтанд багтсан байсан ба эдгээр ажилтнуудын нэхэмжлэлд шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
б/ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Хэрэв ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдөр нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эсхүл 2023 оны 3 дугаар сар гэж үзэхээр байна. Учир нь, ажилтнууд 2022 оны 1 дүгээр сараас эхлэн уртын ээлжээр ажилласан ба мөн 2023 оны 3 дугаар сард энэ асуудлаар гомдол гаргаж байсан хэдий ч шүүх хэрэг үүсгэхээс татгалзахад дахин нэхэмжлэл гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Хоёр. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Тус хуульд анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу уртын ээлжийг хуульчилсан бөгөөд уртын ээлжийг О ХХК нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжүүлсэн.
Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжийг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандаж, уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж, журамд бүрэн нийцүүлж хэрэгжүүлсэн. Үүнд:
а/ Уртын ээлжийн горим буюу 14/14 ажил амралтын хуваарьт шилжсэнээр ажилтны хувьд ажлын жилд ажиллах хугацаа 25 хувиар багасаж, амрах хугацаа мөн адил хувиар ихсэж байгаа тул үндсэн цалингийн хэмжээ тэр хэмжээгээр буурахаар байсан.
Гэвч Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа санхүүгийн байдлыг дордуулахгүй байх үүднээс үндсэн цалинг бууруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Компанийн холбогдох журмын дагуу олгогдох уртын ээлжийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлт зэргийг хэвээр хадгалж байгаа ба нэмэлтээр уурхайн талбарт ирэх, буцах цагийн олговрыг олгох, шөнийн цагийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бус дундаж цалин хөлсөөс тооцож уртын ээлжийн ажилтанд олгож байна.
б/ Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасныг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаарх тодруулгыг хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлогч, шинэ хуулийн төслийг боловсруулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дүгээр албан бичгээр авсан. Тус албан бичгээр Шинэ хуулийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтны амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн тодруулгыг яамнаас өгсөн.
в/ Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлан гаргасан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны сарын дундаж ажлын цаг 168 цаг байна гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна гэдгийг зохицуулсан.
г/ Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" хэмээн хуульчилсан. Энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.
д/ Уртын ээлжээр ажиллах болсонтой холбоотойгоор ажилтанд үзүүлэх цалин хөлсний нөлөөлөл харилцан адилгүй байгаа ба дийлэнх ажилтнуудын хувьд ажлын байрны онцлог, нөхцөл зэргээс хамааран гар дээр авах цалин хөлс нь буураагүй харин нэмэгдэх тохиолдлууд байна.
О ХХК нь нэхэмжлэгч д.бийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэлийн дүнг хэрхэн тооцоолж гаргасан нь ойлгомжгүй байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоолсон гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд ажилласан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах талаар нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгосон болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр д.бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П ын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан О ХХК-иас 14,026,231.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...,
2.2. ...д.бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цалингийн зөрүү 14,026,431.72 төгрөгийг О ХХК-иас гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус шаардлагын үндэслэлээ ... ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөөр бодож, О ХХК-иас 14,026,431.72 төгрөгийг шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн 14,026,431.72 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. шаардлагаар тодорхойлсон
Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:
а/ Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.
Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан.
б/ О ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан.
Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэсэн хариуг ирүүлсэн болно.
в/ Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг ...Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.
г/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.
Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
д/ Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.
Х.Болорчулуун ...Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг...,
М.Оюунчимэг ... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна...,
С.Чинзориг ... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна...,
Х.Ганбаатар ...14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм...,
Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.
Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:
Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх ..." гэж заасантай үл нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.
Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.
Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.
Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч "О " ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтын үүднээс авч үзвэл илүү цагийн нэмэгдэл хөлс нь нэмэгдэл хөлсөнд хамаарч цалин хөлсний бүрэлдэхүүн болж байгаа. Хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт хуулийн 87 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Хэрэв үүнийг нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзэж тайлбарлавал, ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.
Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцөлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт "... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ..." гэсэн байдаг.
Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.
Гурав. Нэхэмжлэгч д.бийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч д.б нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч компанитай Уурхайн багийн ахлагч ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг байгуулан ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.
Нэхэмжлэгчээс 2024 оны 5, 6 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
а/ Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд О ХХК-ийн ХН-Г1.1: Цалин хөлсний журам" батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.
б/ Түүнчлэн О ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр "О " ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.
О ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.
Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:
Нэхэмжлэгч д.б нь хариуцагч компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амрах, мөн өдөрт ажиллах цагийг 12 цагаар ажиллана гэж тусгасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байдаг.
Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь 2023 оны 3 дугаар сард 84 ажилтныг төлөөлөн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 4 дүгээр сард 84 ажилтныг төлөөлөн А.П нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба зарим хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бол зарим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэхэмжлэгч д.б нь өмнө 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан 34 ажилтанд багтсан байсан ба эдгээр ажилтнуудын нэхэмжлэлд шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 2 жил 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, О ХХК болон д.бийн хоорондох 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, О ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 014518 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар, д.бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хамрах хугацаа: 2024.1-2024.7 сар/, О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/25101 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх 4-18/-ыг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /орчуулгын хамт/, О ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/HR дугаартай албан бичиг, түүний хариу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дугаартай албан бичгийн хуулбар, профессор Б.Уранцэцэгийн гаргасан хууль зүйн дүгнэлтийн хуулбар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас өөрийн гишүүн байгууллагуудад хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай магадлалын хуулбар, О ХХК-иас үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаартай хариу албан бичгийн хуулбар, О ХХК-иас нийт ажилтанд хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн цахим шуудангийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ гэсэн гарчиг бүхий нийтлэл, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө хэлэлцүүлэг боллоо гэсэн гарчиг бүхий нийтлэл, О ХХК болон д.бийн хоорондох 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хавсралтаар ажлын байрны тодорхойлолт/, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийн хуулбар, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/8962 дугаартай Ажил, амралтын хуваарь өөрчлөх тухай тушаалын хуулбар, д.бийн 2024 оны 5, 6 дугаар саруудад ажилласан ажлын цагийн бүртгэл болон цалингийн задаргаа, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаартай тушаалаар шинэчлэн баталсан НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дугаартай тушаалаар шинэчлэн баталсан ХН-Г1.1:Цалин хөлсний журмын хуулбар, О ХХК болон О ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны хоорондох 2022-2025 оны хамтын гэрээний хуулбар, О ХХК болон О ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, О н орон нутгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хоорондох 2025-2027 оны Хамтын гэрээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 21-24, 33-47, 63-109/-ыг гаргаж өгсөн.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч д.б нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 2024 оны 5, 6 дугаар сард ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлс 14,026,431.72 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...ажил олгогч нь 14 хоногийн турш ажиллуулж, дараагийн 14 хоногт амраадаг бөгөөд ажиллах хоногуудад өдөрт 8 цаг (112) ажиллуулах ёстой байтал 12 цаг (168)-аар буюу өдөр бүр 4 цагаар илүү ажиллуулдаг хэдий ч илүү цагийн хөлсийг олгоогүй. 2024 оны 5 дугаар сард нэг цагийн дундаж цалин хөлсний хэмжээ 114,020 төгрөг, 2024 оны 6 дугаар сард нэг цагийн дундаж цалин хөлсний хэмжээ 52,960 төгрөг байна... гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:
...уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжийн ажлын хоног 14 байх ба энэ хугацаанд ажил гүйцэтгэх нийт цаг 168 болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, мөн уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэжээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад Уурхайн багийн ахлагч албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь Хөдөлмөрийн гэрээ /түүний өөрчлөлт, хавсралт/, ажил амралтын хуваарь өөрчлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын цагийн бүртгэл, цалингийн задаргаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх 7-11, 63-80/
5. Нэхэмжлэгч нь уртын ээлжээр 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан, уг хугацаанаас сар бүр 168 цагт ногдох цалин хөлсийг ердийн цагаар тооцон хүлээн авсан үйл баримтад зохигч маргаагүй. Харин маргааны зүйл нь ажилтныг уртын ээлжээр ажиллуулахдаа 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлж, 14 хоног амрааж байгаа нь нөхөн амрааж байгаа эсэх буюу энэ тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэж нэмэгдэл хөлс олгох эсэх асуудал болжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно. гэж, мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж тус тус заасан.
7. Хариуцагч нь орон нутагт ашигт малтмал хайх, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, олборлох салбарын ажил олгогч байх бөгөөд нэхэмжлэгч нь уртын ээлжээр буюу нэг ээлжид 14 хоног ажиллах, 14 хоног амрах гэсэн горимоор ажилладаг байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. гэж, 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно. гэж тус тус заасан.
9. Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль ч тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг 8 цаг байх бөгөөд илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд уртын ээлж гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж заажээ.
10. Уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж байгаа тохиолдолд хуульд 14 хоногийн амрах хугацааг заасан нь ажилтан байнга оршин суугаа газраасаа өөр, алслагдсан газар 14 хоног байрлаж ажилласантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй ба энэ хугацааг илүү цагаар ажилласан учраас нөхөн амруулах хугацаатай хамтад нь тооцсон гэх ойлголтыг хуульд заагаагүй, харин ч илүү цаг ажиллуулсан бол нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт тусгайлан зохицуулсан болно.
11. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно. гэж заасан.
12. Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь, хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан. Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын Ажлын цагийн тухай журам-ын 9.2.3-т заасан ... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно... гэх татгалзал нь тухайн зүйл, хэсэгт заасан хэм хэмжээнд нийцэхгүй байна. /хх 33-43, 81-94/
13. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно. гэжээ. /хх 95-109/
15. Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цагийн хөлс, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, уртын ээлжийн нэмэгдэл, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. гэж зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
17. Нэхэмжлэгч нь 2024 оны 5, 6 дугаар сар тус бүр 168 цаг ажилласан байх бөгөөд илүү цагийн хөлсийг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос нэг хувийг ажил олгогч олгосон гэж үзэж, тэг аравны тав дахин нэмэгдүүлж тооцох нь зүйтэй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
18. Нэхэмжлэгчийн тодорхойлсноор 2024 оны 5, 6 дугаар сарын нэг цагийн дундаж цалин хөлсний хэмжээнд хариуцагч маргаагүй тул /56х114,020х0.5=3,192,560 төгрөг, 56х52,960х0.5=1,482,880 төгрөг/ нийт 4,675,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,350,991.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
19. Нэхэмжлэгч нь 2024 оны 5, 6 дугаар сард ажилласан илүү цагийн хөлстэй холбоотой гомдлоо хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл гарчээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлыг нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл гарсан байх бөгөөд улмаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/25101 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, дахин энэхүү нэхэмжлэлээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргаснаар шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ. /хх 12-18/
20. Нэхэмжлэгчид сүүлийн цалин хөлс олгосон буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг тоолж эхлэх бөгөөд дээр дурдсанаар холбогдох байгууллагуудад тухай бүр нь гомдол гаргасныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
21. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 4,675,440 төгрөгийг хангаж, үлдэх 9,350,991.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 4,675,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д.бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,350,991.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч д.б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О ХХК-иас 89,757 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН