Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 283

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Г.М-т холбогдох эрүүгийн 1710004820280 дугаартай, 187/2018/0265/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Г.М

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн мөнгийг шилжүүлэн авах үйлдлээр 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн И.Ө-н фейсбүүк хаягаар мессеж бичиж Б.З-с 200.000 төгрөг, иргэн П.С-с 200.000 төгрөг, А.Э-с 200.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн И.Ө-н фейсбүүк хаягаар нэвтрэн түүний хаягт бүртгэлтэй хохирогч Б.З, П.С, А.Э нар руу И.Ө-н өмнөөс “200.000 төгрөг зээлээч” гэж мессеж бичин хохирогч нараас тус бүр 200.000 төгрөгийг өөрийн эх н.Э-н дансаар шилжүүлэн авч бусдад нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2 найзтайгаа хүний фейсбүүк хаягаар орж 600.000 төгрөг авсан. Би сургуулийн 2 найзтайгаа хамт зэрэгцэж сууж байгаад би хүмүүс рүү бичсэн. Тухайн өдөр манай ээжийн карт надад байсан. Тэгээд данснаас мөнгийг аваад гадуур тоглоод үрсэн...Би цалин хөлснөөсөө төлж барагдуулсан...Би гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч П.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр таньдаг найз И.Ө-н “.........” нэртэй фейсбүүк хаягнаас над руу мессеж бичиж “Сайн уу, ажил төрөл сайн уу, нэг зүйл гуйя. Мөнгө зээлээч, 200.000 төгрөг зээлээч” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд “дансаа өг” гэхэд Э гэдэг нэртэй хүний ..... банкны дансыг өгсөн. Тэр данс руу нь өөрийн .......... дугаартай...данснаас ...... банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн. 11 цагийн үед шилжүүлсэн байх. Бас сайна санахгүй байна. Шилжүүлсний дараа тэр өдөр И.Ө өөр фейсбүүк хаягнаас “Миний хуучин фейсбүүк хаягнаас таньдаг хүмүүс рүү мессеж бичиж мөнгө аваад байна. Болгоомжтой байгаарай” гэсэн. Тэрийг нь мэдээд И.Ө руу залгаж яриад өөр хүн рүү мөнгө шилжүүлснээ мэдсэн...Би 200.000 төгрөг шилжүүлсэн...Хохирлоо барагдуулж авсан тул гомдол саналгүй...Миний фейсбүүк хаяг “.........” гэдэг хаягтай. Энэ хаяг руу маань мессеж бичиж харилцаж мөнгө авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

3. Хохирогч А.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр таньдаг найз И.Ө-н “........” нэртэй фейсбүүк хаягнаас над руу мессеж бичиж “Нөгөөдөр хүртэл мөнгө байна уу, 200.000 төгрөг зээлээч” гэхээр нь зөвшөөрөөд “дансаа өг” гэхэд Э гэдэг хүний ...... банкны ....... дугаартай дансыг өгсөн. Тэр данс руу нь өөрийн ....... дугаартай өөрийн данснаас ....... банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн. Цагийг нь бас сайн санахгүй байна...Би 200.000 төгрөг шилжүүлсэн. 200.000 төгрөгийн хохирол учирсан...Хохирлоо барагдуулж авсан тул гомдол саналгүй...Миний фейсбүүк хаяг “........” гэдэг нэртэй байсан. Энэ хаяг руу маань мессеж бичиж харилцаж мөнгө авсан юм. Тэр үед бичсэн мессежүүд нь байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 69-70/

             4. Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай охин Б.З нь надаас танд 200.000 төгрөг байна уу танил эгч маань мөнгө зээлээч гэнэ ээ гэхээр нь миний дансанд мөнгө байгаа гэсэн чинь миний утаснаас ...... банк ашиглан миний эзэмшлийн ....... дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд орой нь манай охин надад өөр...хүний данс ашиглан 200.000 төгрөг авсан байна гэж надад хэлж байсан. Тэгээд манай найз охин цагдаад өргөдөл өгсөн юм...200.000 төгрөгөө буцааж авсан ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            5. Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 09:00 цагт найзын эгч И.Ө-н “........” гэсэн фейсбүүк хаягнаас миний ........ гэдэг хаяг руу “Сайн уу ажил нь сайн уу, чамд өдөр хүртэл мөнгө байна уу, 200.000 төгрөг байна уу B.E ........... дугаартай данс руу шилжүүлчих” гэсэн. Би ээжээс асуугаад мөнгө байна гэхээр нь ээжийн гар утсаар нь ...... банкаар ээж Д.Ц-н эзэмшлийн ....... банкны ...... дугаартай данснаас Б.Э гэсэн хүний ....... дугаартай данс руу шилжүүлсэн. Ингээд дахин мессеж бичээгүй. Орой нь ийм гэмт хэрэг гарч байгаа гэдэг сураг сонсоод И.Ө эгч рүү 18:00 цагийн орчим холбогдоход “Яагаад шилжүүлж байгаа юм бэ, миний хуучин хаяг шүү дээ, би ашигладаггүй хүнд залилуулсан юм биш үү” гэсний дагуу залилуулсан байна гэж бодоод цагдаад хандсан юм...Би уг данс эзэмшигчийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

            6. Гэрч И.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр танил н.З над руу утсаар залгаж “Би чиний мөнгийг шилжүүлсэн. Чи мөнгө авсан уу” гэж хэлсэн. Тэгээд би “Аваагүй, юу яриад байна” гээд тодруулахад миний ....... гэдэг хаягнаас 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагаас 10 цагийн хооронд мессенжерээр н.З-н ....... гэсэн хаяг руу нь “Чамд нөгөөдөр хүртэл мөнгө байна уу, 200.000 төгрөг хэрэгтэй байна, ........ дугаартай дансанд хийчих” гэсэн. Тэгээд н.З энэ данс руу нь шилжүүлж хийсэн байсан. Тэгээд дараа нь эргэлзээд над руу яриад хүнд залилуулснаа мэдсэн байна...Тухайн ........ гэдэг хаяг нь миний хуучин фейсбүүк хаяг бөгөөд би огт ашигладаггүй юм. 2016 оны 8 дугаар сард Хорооллын Өргөө кино театрын урд талд явж байгаад гар утсаа алдсан юм. Гар утсаа алдаад фейсбүүк хаягныхаа нууц үгийг мартсан байсан учраас дахин орж чадаагүй. Тэгээд хуучин фейсбүүк хаягаа орж чадахгүй болохоор нь тэр чигт нь хаясан юм. Ингээд шинэ гар утас аваад шинэ хаяг нээсэн. Хуучин фейсбүүк хаягаа хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сард ашигласан ба тэрнээс хойш огт ашиглаагүй. Нууц үгээ мэдэхгүй учраас орж чадахгүй байсан. Тэгээд өчигдөр миний хуучин фейсбүүк хаягийг ашиглан хүмүүс рүү мессеж бичиж, мөнгө авсан байсан. Манай дүүгийн найз Б.З-с 200.000 төгрөг, танил А.Э-с 200.000 төгрөг, танил П.С-с 200.000 төгрөг тус тус авсан байсан...Би одоо хуучин фейсбүүк хаяг руугаа орж чадахгүй учраас ямар хүмүүс мессеж бичсэнийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

            7. Хохирлын мөнгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46-48/

            8. Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна би хоёр найзтайгаа гурвуулаа явж байгаад Хан-Уул дүүргийн .... дугаар хороонд байрлах ..... гүүрний зүүн талын шар өнгийн хоёр бил үү гурван давхар Зоне нэртэй ПС тоглоомын газар орж нэг нэг цаг тоглохоор болсон. Тэгээд би фейсбүүк орж “”9911” гэж хайлт хэсэг дээр нь хайгаад дугаар гараад ирэхээр нь тэр дугаарыг нь хэрэглэгчийн нэр болон паспорт дээр нь хийсэн чинь нэвтэрч орсон. Тухайн үед санахнээ “........” гэж хүний хаяг орсон. Тэгээд мессеж рүү нь орж байгаад хамгийн их харилцсан хүн рүү нь 200.000 төгрөг зээлээч гэсэн утгатай мессежийг явуулаад ээж н.Э-н дансаар шилжүүлэн авсан. Тэгээд хоёр найздаа манай ахаас мөнгө орж ирлээ гээд гадуур тоглоом тоглож дуусгасан. Тухайн өдөр нийт 600.000 төгрөгийг 3 хүнээс 200.000, 200.000, 200.000 төгрөгөөр нь авсан юм...Бүгдийг нь төлж барагдуулсан...Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ харамсаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43, 80-82/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн И.Ө-н фейсбүүк хаягаар нэвтрэн түүний хаягт бүртгэлтэй хохирогч Б.З, П.С, А.Э нар руу И.Ө-н өмнөөс “200.000 төгрөг зээлээч” гэж мессеж бичин хохирогч нараас тус бүр 200.000 төгрөгийг өөрийн эх н.Э-н дансаар шилжүүлэн авч бусдад нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсныг цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.М-г цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлоо барагдуулж авсан, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 22, 24-25, 69-70/, түүний хувийн байдал /...../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Г.М-г цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г.М-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Г.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.М-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР