| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0360/З |
| Дугаар | 128/ШШ2026/0619 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0619
2026 06 22 128/ШШ2026/0619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.У******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төв хооронд үүссэн гаалийн үнийг тодорхойлох, гаалийн татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, С.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай мэдүүлгийг шалгаж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч Д.У******* нь 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Япон улсаас 2022 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай Porshe, 911 Carrera Cabriolet маркийн авто машиныг худалдан авч, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэлцлийн үнийг аргыг сонгон автомашиныг 8,500,000 иенээр худалдан авсан гэж гаалийн үнийг тодорхойлон ******* дугаарт мэдүүлжээ.
2.2. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчаас 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлгийг хянаад, гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтад тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус үндэслэлээр хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй гэж үзэн уялдуулан хэрэглэх үнийн аргаар автомашины үнийг тодорхойлж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан байна.
2.3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн цахим төвд гомдол гаргахад, тус газрын ******* дугаартай шийдвэрээр ...******* дугаартай мэдүүлгийг шалгаж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.3.1-д заасны дагуу хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, мөн хуулийн 15.2.2.4-д заасны дагуу уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнэлсэн гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, мөн Гаалийн ерөнхий газарт гомдол гаргахад, Гаалийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Гаалийн үнэлгээний тухай албан бичгээр ...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлохоор заасан байдаг. Мэдүүлэгчийн бичиг баримтаар барааны хэлцлийн үнэ нотлогдохгүй байгаа тул Бүрдүүлэлтийн цахим төвийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж байна... гэх хариуг өгснөөр Д.У******* 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.4. Нэхэмжлэгчээс анх шүүхэд, ..2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-2181005-26-I00132 гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай мэдүүлгийг шалгаж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
3. Нэхэмжлэгч Д.У******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Долгор овогтой У******* миний бие өөрийн хэрэгцээнд унах зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Японы Yahoo auction rэх сайтаас WPO22299ZNS233278 арлын дугаартай 2022 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн Porsche 911 маркийн автомашиныг 8.500.000 иенээр худалдаж авсан. Тус сайтад зарагдаж байгаа машин Япон улс дотроо худалдан борлуулагддаг тул машины эзэн гэх Япон хүнтэй утсаар холбогдон урьдчилгаа болох 1.000.000 иенийг шилжүүлж, үлдэх 7.500.000 иенийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. Мөнгө шилжүүлж машиныг Монгол улс руу ачуулсан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол транс нэртэй гаалийн газар ирсэн. Улмаар тус автомашиныг авахын тулд үнэн зөвөөр гаальд мэдүүлсэн боловч гаалийн Бүрдүүлэлтийн цахим төв нь 2 дахин илүү үнээр гаалийн татварыг төлөхөөр шийдвэр гаргасан. Энэ талаар тодруулахад У*******гийн Япон улсаас 8.500.000 иенээр авсан нь тодорхой биш үндэслэлгүй, зах зээлийн базз ханшаар үнэлнэ гээд 52.608.689 төгрөгийн татварын ногдуулсан.
3.2. Миний зүгээс Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвд гомдлоо мэйлээр гаргахад хүлээн авах боломжгүй, Гаалийн ерөнхий газар гомдол гаргах эрхтэй талаар дурдсаны дагуу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин гомдол гаргасан. Гомдлын дагуу Гаалийн ерөнхий газраас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний зүгээс тус автомашиныг худалдан авсан үнийг иргэний үүргээ биелүүлэн хуульд зааснаар үнэн зөвөөр мэдүүлсэн боловч гаалийн байгууллага нь хүлээж авалгүй хэт өндрөөр үнэлсэн. Өндөр дүнгээр үнэлсэн тус шийдвэр нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Иргэн Д.У*******гийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай гаалийн мэдүүлгийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татварыг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.У******* нь 02-2181005-26-100132R дугаартай гаалийн мэдүүлгээр 8703.23.44 барааны ангиллын кодод хамаарах, 2022 онд үйлдвэрлэгдсэн, WPOZZZ99ZNS233278 арал дугаартай, 3000CC хөдөлгүүрийн багтаамжтай, бензин хөдөлгүүртэй, Porsche 911 Carrera Cabriolet загварын автомашиныг гаалийн байгууллагад мэдүүлсэн. Гаалийн байгууллага болон бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь мэдүүлсэн барааны дагалдах бичиг баримтын шалгалт хийхдээ "Гаалийн тухай хууль", "Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль", "Олон улсын гэрээ, конвенц", "Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр", ГЕГ-ын даргын 2016.12.12-ны "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар", 2012.02.29-ний өдрийн "Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох зааврыг үндэслэн гаалийн үнийн хяналтыг хэрэгжүүлж байна.
4.2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.1-д Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана гэж заасны дагуу мэдүүлсэн барааг дагалдах бичиг баримттай тулган шалгасан. Тухайн иргэний 02-2181005-26-100132 мэдүүлгийн дагалдах бичиг баримт дахь дуудлага худалдааны хуудсыг нягтлан шалгах боломжгүй, мөн барааны үнийг төлсөн төлбөрийн баримт хавсаргаагүй, дагалдаж ирсэн хилийн гаалийн байгууллага баталгаажуулсан үнийн нэхэмжлэхэд тухайн автомашины үнийг 800,000 /найман зуун мянган иен/, мэдүүлэгч өөрөө хавсаргасан "дуудлага худалдаа" гэх баримтад 54900$ /тавин дөрвөн мянга есөн зуун америк доллар/, "линк" гэх баримтад дуудлага худалдааны одоогийн үнэ нь 8,500,000 иен, шууд худалдан авах үнэ нь 8,800,000 иен гэсэн зөрүүтэй баримт хавсаргасан байсан.
4.3. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.3.1-т гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол Гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно мөн хуулийн 10.7.5-д мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу импортлогчийн үнээс өөр аргаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл импортлогчийн мэдүүлсэн барааны үнийг хэлцлийн үнийн аргаар үнэлэх хууль эрхзүйн үндэслэлгүй тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.4 дэх хэсгийг үндэслэн тухайн барааг интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр харьцуулан гаалийн үнийг тодорхойлсон.
4.4. Гаалийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.2-т "Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх" 63.1.3-т "Гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх" зэргийг гаалийн байцаагч шалгана гэж заасан байна. Гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 269 дугаар зүйлийн 269.1.3-т заасан гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 274.1.1-т энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх үүргээ биелүүлэн татвар хураамж зөв ногдуулахын тулд барааны үнийг хэлцлийн бус аргаар хянаж хууль тогтоомжийн дагуу ажилласан. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэн Д.У*******гийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай мэдүүлгийг шалгаж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан шийдвэрийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана, 8.2.-т Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно., 8.3.-т Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно: гээд 8.3.1.-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;, 8.3.2.-т мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол., 8.4.-т Энэ хуулийн 8.3-т заасан тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнэ. гэж заажээ.
2.1. Хуулийн тус зохицуулалтуудаас үзвэл, мэдүүлэгч нь өөрийн сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, тус мэдүүлэгт үндэслэн гаалийн улсын байцаагч нь гаалийн үнийг үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгана.
2.2. Хэрэв мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь хангалтгүй гэж үзвэл мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авсны үндсэн дээр гаалийн үнийг шалгахад гаалийн үнийн үнэн зөвийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн гаргаж өгсөн баримтууд нь бүрэн бус, мэдээлэл нь өөр хоорондоо зөрсөөр байх тохиолдолд мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар гаалийн үнийг тодорхойлох нөхцөлийг хуулиар тогтоосон байна.
3. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.У*******гийн Япон улсаас худалдан авсан 2022 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай Porshe, 911 Carrera Cabriolet маркийн авто машиныг гаалийн хилээр нэвтрүүлэх 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай мэдүүлэгт автомашиныг 8,500,000 иенээр худалдан авсан хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлсон боловч нотлох баримтаар зөвхөн нэхэмжлэх /commercial invoice/, автомашины экспортын гэрчилгээ /export certificate/, жагсаалт /packing list/, yahoo auction сайт дээрх автомашины үнийн мэдээллийн зургийг хавсаргаж өгсөн.
4. Хариуцагчаас тус баримтыг шалгаж үзээд, мэдүүлэгт 8,500,000 иен гэж, нэхэмжлэхэд 800,000 иен гэж зөрүүтэй бичигдсэн, мөн yahoo auction сайтад нэвтрэх боломжгүй тул автомашиныг худалдан авсныг шалгах боломжгүй байсан үндэслэлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1.-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан гэж үзээд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзсан гэж тайлбарлана.
5. Гэвч, хариуцагчаас тухайн баримтууд хангалтгүй, үнийн мэдээлэл зөрсөн гэж үзсэн атлаа дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно. гэж заасны дагуу мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулах авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Д.У*******гийн автомашин худалдан авсан https://auctions.yahoo.co.jp сайтад шүүхээс үзлэг хийж, автомашины дугаараар хайлт хийхэд https://auctions.yahoo.co.jp/jp/auction/ гэсэн хэсэгт тухайн автомашины мэдээлэл гарч ирэх ба худалдах үнэ 8,500,000 иен, зарагдсан гэж бичигдсэн, нэхэмжлэгчээс тус мэдээллийг Япон хэлнээс орчуулсан баталгаат орчуулгын баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, мөн автомашины төлбөрийг дансаар шилжүүлсэн гүйлгээний баримт зэргийг гаргаж өгсөн, эдгээр баримтыг хариуцагчаас шийдвэр гаргахдаа хянан үзээгүй болохоо зөвшөөрнө.
7. Түүнчлэн, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно: гээд 10.3.1.-д тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал:, 10.3.2.-т тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;, 10.3.3.-т тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;, 10.3.4.-т тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;, 10.3.5.-т худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг гэж заасан.
8. Гаалийн 2181005-26-I00132R дугаартай мэдүүлэгт тээврийн зардал 49,667.9 иен, нэмэгдэл зардал 220,000 иен, нэгжид ногдох зардал 269,667.9 иен, гаалийн нэгж үнэ 57,205.9 иен зэргээр нэмж тооцсон зардлыг мэдүүлсэн, мэдүүлэгт тухайн зардлуудын баримтуудыг хавсаргаагүй, хэрхэн тооцсоныг тайлбарлаагүй, хариуцагчаас мөн ямар баримтад үндэслэн уялдуулах хэрэглэх үнийн аргаар автомашины гаалийн нэгж үнийг 107,209.09 ам.доллар гэж тооцсон баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн мэдүүлэгчээс нэмэлт тайлбар авах, баримтыг гаргуулах, тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас санхүүгийн баримтуудыг шалгаагүй үйл баримт тогтоогдож байна.
9. Ийнхүү тогтоогдсон үйл баримт нь шүүхийн хувьд маргааныг эцэслэн шийдвэрлэж, хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах нөхцөл үүссэн эсэхийг бүрэн тогтоох боломжгүй, хариуцагчаас тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргахад нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзлээ.
10. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар мэдүүлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг бүрэн цуглуулж, түүнээс нэмэлт мэдээлэл авсны үндсэн дээр гаалийн үнийг тодорхойлсон мэдүүлгийг дахин шалгах ажиллагааг явуулж, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах шаардлагатай тул маргаан бүхий захиргааны актыг 4 сараар түдгэлзүүлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 4 /дөрвөн/ сарын хугацаагаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай мэдүүлгийг шалгаж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан шийдвэрийг түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн улсын байцаагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай мэдүүлгийг шалгаж, 62,608,689.31 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ