| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/05106/И |
| Дугаар | 192/ШШ2025/08027 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/08027
| 2025 10 07 | 192/ШШ2025/08027 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ дэлхий телевиз, 8 давхар, ****тоот хаягт байрлах,**** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, жалханц хутагт дамдинбазар **** тоот хаягт байрлах, ****/РД:*****/-д холбогдох,
Автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 145,000,000 төгрөг, алданги 72,500,000 төгрөг, нийт 217,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч****, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь ****-тай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах "****"-д байгаа 150 тонны даацтай автомашины хэмжилтийн жинг 200,000,000 төгрөгөөр худалдахаар №35 тоот дугаар бүхий "Автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, актаар хүлээлгэн өгсөн.
Тус гэрээний 2.2-т зааснаар **** нь төлбөрийг 4 хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болсон бөгөөд "****нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг ****-д төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэвч **** нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөөс 55,000,000 төгрөгийг л төлж барагдуулсан бөгөөд өнөөдөр шилжүүлнэ, маргааш шилжүүлнэ гэж худал хэлж, гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. ****-ийн зүгээс тус компанийг гэрээгээр тохирсон төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан, албан бичиг болон утсаар мэдэгдэж байсан.
Иймд автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,000,000 төгрөг, алдангид 72,500,000 төгрөг, нийт 217,500,000 төгрөгийг ****-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа: ...Өмгөөлөгчтэй оролцмоор байна, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл ажиллагаа явуулж байхдаа авто жинг ашиглаж байсан, санхүүгийн нөхцөл байдлаас болоод төлбөрөө төлж чадаагүй гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, автомашины жин хүлээлцэх хуудас, автожингийн техникийн тодорхойлолт, мэдэгдэл, автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрэний алдангийн тооцоолол, итгэмжлэл.
3.2. Хариуцагч талаас - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч****-иас хариуцагч ****-д холбогдуулан гаргасан 217,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь шаардлага үндэслэлээ ...худалдах, худалдан авах гэрээг байгуулж, барааг актаар хүлээлгэн өгсөн. ****нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул үлдэгдэл төлбөрийг, хугацаа хэтрүүлсний алдангийн хамт шаардаж байгаа гэж тайлбарладаг ба хариуцагч тал нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлсэн тайлбарыг гаргадаг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1.Шүүх хариуцагч ****-д холбогдуулан гаргасан****-ийн нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч талаас нотлох баримт ирээгүй бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.
3.2. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцох эрхийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байсан хэдий ч тус шүүх хуралдаанд дахин өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр тогтсон.
3.3. Нэхэмжлэгч**** нь автомашины жин /150 тонны даацтай хэмжилтийн автопүү/-г хариуцагч ****-д шилжүүлэх, ****нь 200,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч тал автомашины жинг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч төлбөрийн зарим хэсгийг төлж 145,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, талууд энэ талаар маргаагүй.
Харин хариуцагч нь алданги 72,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй ба маргааны зүйл нь алдангийн асуудал байна.
4. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:
4.1. Дээрх нотлогдож байгаа үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Тиймээс худалдан авагч буюу хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол худалдагч буюу нэхэмжлэгч төлбөр төлөхийг буюу гэрээний үүргийг шаардах эрхтэй.
4.2. Нэхэмжлэлийн шаардлага дахь алданги 72,500,000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулсан 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 35 дугаартай Автомашины жин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д Гэрээний нийт үнийн дүн 200,000,000 төгрөг байх бөгөөд уг үнийн дүнд барааны үнэ, НӨАТ болон бусад зардлууд багтсан, 2.2-т Худалдан авагч нь гэрээний төлбөрийг дараах хуваарийн дагуу дансанд шилжүүлнэ, 2024.11.10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2024.12.10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2025.01.10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2025.02.10-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 6.1-д барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагчид төлнө гэж тус тус заасан.
Дээрх харилцан тохиролцсон гэрээний дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг үүснэ, нэхэмжлэгч тухайн үүргийг шаардах эрхтэй.
Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байна.
4.3. Хэрэгт авагдсан 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 157 дугаартай****-иас ****-д хүргүүлсэн мэдэгдэлд ...гэрээний 2.2-т заасан графикийн дагуу эхний төлөлт болох 50 сая төгрөгийг 2024 оны 11 сарын 10-ны өдөр төлөхөөр заасан ч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй хугацаа хоцорч байна. ...Төлөлтийг 11 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээний 4.5-д заасны дагуу автопүүны үйл ажиллагааг зогсоож, хугацаа хоцорсон хоног тутамд 0.5% алданги тооцно гэж дурдсан байна.
Алдангийн тооцоолол гэх баримтад ...2024 оны 11 сарын 27-нд 30,000,000 төгрөг төлөгдсөн, 2024 оны 4 сарын 14-нд 25,000,000 төгрөг төлөгдсөн гэж тодорхойлсон байх бөгөөд төлсөн төлбөр, цаг хугацаан дээр маргаагүй. Хариуцагч нь ...манай автопүүг нэхэмжлэгч тал зогсоосон гэж, нэхэмжлэгч нь ...эхний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул пүүг нэг удаа л зогсоосон, зогсоосноор 30 сая төгрөг төлөгдөж байсан гэж тус тус мэдүүлдэг.
4.4. Дээрх үйл баримтууд болон төлбөрийг хэсэгчлэн хуваарийг талууд харилцан тохиолцож гэрээнд зааж тусгасан зэргээс үзэхэд төлбөр төлөх тухай бүрд хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. Уг хэтэрсэн хугацааг тооцоолж тодорхойлсон нэхэмжлэгч талын алдангийн тооцоолол үндэслэл бүхий байна.
Тиймээс үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл төлбөр 145,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 198 хоногийн алданги 117,975,000 төгрөг, хуульд заасан алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх шаардлагын хүрээнд тооцоолоод 72,500,000 төгрөг болсон гэх нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүрэгтэй нийцэж байна гэж үзлээ.
5. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****-иас үндсэн төлбөр 145,000,000 төгрөг, алданги 72,500,000 төгрөг, нийт 217,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч****-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,245,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ****-иас 217,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч****-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,245,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 1,245,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ