| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2302001990267 |
| Дугаар | 2025/ДШМ/86 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/86
2025 01 16 2025/ДШМ/86
Т.Т, Э.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Т /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,
шүүгдэгч Э.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Т, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2302001990267 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Г
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн.
Т.Т
Шүүгдэгч Э.Гийг 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны 64 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Тд 80.000 төгрөгөөр худалдсан,
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талд Хаан бууз зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1673 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүй 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр иргэн Б.Бийн эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр зогсож байсан иргэн Т.Хын халааснаас “Huawei Mate 20 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Косо” төвийн орчимд явж байсан иргэн О.Агийн хүрэмний халааснаас “Айфоне 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчим иргэн З.Нийн халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нгийн цүнхнээс “Самсунг А02S” загварын гар утас, хар өнгийн хэтэвч, бэлэн 70.000 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 500 рубль, Хаан банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаа, хууль бусаар авч улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2а ... тоотод байрлах Хаан банкны АТМ740-г ашиглаж хохирогчийн Хаан банкны картнаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 12 минутад 400.000 төгрөг, 14 цаг 13 минутад 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.069.445 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцын орчим иргэн О.Бын халааснаас “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гандирс” худалдааны төвийн орчим иргэн Б.Мын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “100 стрийт” гэх үйлчилгээний газарт иргэн З.Сийн “Айфоне 11 промакс” загварын гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стрийт фүүд” үйлчилгээний газар үйлчлүүлж байсан иргэн О.Оийн “Айфоне 13 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.875.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн баруун талд явган хүний гарцаар гарах гэж байсан иргэн Т.Дын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч бусдад нийт 12.644.445 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Тг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гээс 80.000 төгрөгөөр худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн CU сүлжээ дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “... хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан ...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “... хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, ... худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “... хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, ...олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гэд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 9 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Гээс нийт 12,644,445 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт 375,000 төгрөгийг, Т.Хт 600,000 төгрөгийг, О.Ад 2,600,000 төгрөгийг, З.Нэд 500,000 төгрөгийг, Д.Нд 1,069,445 төгрөгийг, О.Бад 1,310,000 төгрөгийг, Б.Мад 940,000 төгрөгийг, З.Сэд 1,375,000 төгрөгийг, О.От 2,875,000 төгрөгийг, Т.Дод 1,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирол төлбөр, гэм буруугийн хэлбэрт ямар нэгэн байдлаар маргах зүйл байдаггүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Тодруулбал,
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Э.Г намайг “... бусдад нийт 12,644,445 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 10 удаагийн үйлдлээр нууц далд аргаар бусдын халааснаас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчлөлд шилжүүлж хулгайлсан” гэжээ.
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө “1xbet” гэх цахим бооцоот сайдтад мөрий тавьж алддаг бөгөөд өөрийн амьдрал ахуй, хэрэгцээ шаардлагад зориулж байгаагүй болно.
Мөн намайг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө цахим мөрийтэй тоглоомд зориулдаг гэдгийг гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж мэдүүлэг тайлбар өгсөн байдаг. /5хх 133-135/
Иймд надад холбогдох хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл тохирч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.
Хэдийгээр би хулгайлах гэмт хэргийг 10 удаагийн үйлдлээр үйлдсэн хэдий ч энэ нь амьдралын эх үүсвэр болгосон гэх хангалттай үндэслэл биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул намайг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр шийдвэрлэж болох үндэслэл эргэлзээгүй мөн билээ. Мөн миний бие өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд хохирогч нараасаа уучлалт хүсэж, хэрэгт учирсан хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхлэн заавал төлж барагдуулахаа илэрхийлдэг.” гэв.
Шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Б.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Э.Гийг хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж ял оногдуулсан тул хэргийн зүйлчлэлийн талаар санал нийлэхгүй байна. Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох ойлголт нь тухайн үйлдлийг удаан хугацаанд үйлдэж, олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл болон хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг тогтвортой залгуулж гол эх үүсвэр болгох эсхүл худалдаа үйлчилгээний ашиг олох зорилготой үйл ажиллагааны үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгодог. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Г нь 10 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч нарт 12,644,445 төгрөгийн хохирол учруулсан боловч уг гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөрийн амьдралын гол хэрэгцээ шаардлагыг хангах эх үүсвэр болон гэр бүлийн амьжиргааг залгуулах байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хамтран амьдардаг байсан Ш.А мэдүүлэгтээ “Э.Гийн хувьд хулгайлах гэмт хэргээс олсон мөнгөө 1XBet гэдэг мөрийтэй тоглоомд хэт их донтож уг мөрийтэй тоглоомыг тоглодог байсан” талаар мэдүүлгийг удаа дараа өгсөн байдаг. Шүүгдэгч Э.Г нь Г.Б, Ц.Э нартай хамт караоке ажиллуулдаг байсан. Үүнээс хойш цагийн ажил хийдэг байсан гэдэг, ямар нэгэн байдлаар хулгай хийсэн ашиг орлогыг өөрийн ахуйн хэрэгцээнд захиран зарцуулдаггүй байсан талаараа мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн амьдралын эх үүсвэр болгосон гэх гол үндэслэл нь Г.Б, Ц.Э нарын гэрчийн мэдүүлэгт үндэслэл болгож түүнийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар санал нийлэхгүй байна. Учир нь, Б, Ц.Э нар мэдүүлэгтээ “Гтэй хамт караоке ажиллуулдаг байсан, уг газрыг хамт ажилуулахаа больсноос хойш Гтэй ямар нэгэн байдлаар харилцаа холбоотой байгаагүй” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл Э.Гтэй огт уулзаагүй атлаа “тодорхой ажил хийдэггүй, хулгай хийдэг байсан” гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл эдгээр хүмүүс нь хоорондоо уулзахаа больсноос хойш Э.Гийг яаж амьдарч байгаа талаар яаж мэдэж мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг амьдралын эх үүсвэр болгосон зүйлчилэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.Т нь өөрийн үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас өмгөөлөгчийн зүгээс Т.Тгийн хувийн байдал, хүсэл зоригийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогддог тул дээрх зүйл ангиар ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны 64 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Тд 80.000 төгрөгөөр худалдсан,
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талд Хаан бууз зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1673 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч Т.Т нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6в байрны орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гээс 80.000 төгрөгөөр худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн CU сүлжээ дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Ц.Агийн “… Тухайн өдөр 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бид 2 гэрээсээ гараагүй гэртээ байсан. Орой 22 цагийн үед Т гэх залуу гэрт орж ирээд бэлнээр 80,000 төгрөг өгөөд грамм жинг нь мэдэхгүй бага хэмжээний мөс гэх бодис Гээс худалдаж аваад гарсан. … Гэрт том өрөөний ширээн дээр Гийн хэрэглэж байсан гялгар ууттай мөс, бонго, тарианы шил, соруул, хуйлсан мөнгөн дэвсгэртүүд байсныг цагдаа нар үзлэг хийж хурааж авсан. Дээрх хураагдсан эд зүйлс болон мөс гэх бодис бүгд Э.Гийнх мөн, минийх бол бишээ, би тухайн үед Э.Гийн хэрэглэж байсан мөс гэх бодисоос нь сонирхож ганц удаа сорж үзсэн. …” /1хх 247-250/,
гэрч Э.Дийн “… Тэгээд сууцгааж байхад Т “КН апартмент орж мөс авъя” гээд Энх- Эрдэнэ бид хоёрыг дагуулаад КН апартментын гадаа очоод Ээ бид хоёр гадаа үлдээд Т Х ахтай уулзана гээд орсон. …Т мөс худалдаж авахдаа Х ахад бэлнээр мөнгөө өгсөн гэж хэлсэн. …” /2хх 14-15/,
гэрч Э.Эийн“… Т.Т бид хоёр Гандангийн компьютер тоглоомын газар тоглож байхад Э.Д орж ирээд бид гурав Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчим буюу КН апартментийн гадаа очоод Т хүнээс юм авна гээд нэг орц руу нь орсон. … Т.Т Э.Д хоёр хоорондоо мансууруулах бодис хүнээс авах гэж байгаа тухай ярилцаад байсан. …” /2хх 28-29/,
гэрч Б.Бы “… намайг уг тээврийн хэрэгслийг очиж аваад унаад гэрт нь ирээд Г ахад өгөхөд ... улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дотор буюу гол хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэглүүр буюу асаагуур, тарианы шил, гуурс гэх мэт зүйл огт байгаагүй …” /2хх 106-107/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 70-76/,
Т.Тгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 81-83/,
Т.Тгийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 84-85/,
Э.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 80-82/,
Э.Гийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 87-88/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 76-79/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 371 дугаартай дүгнэлтүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1559 /2хх 39-44/, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1551 /2хх 56-58/, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1744 /2хх 62-64/, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1552 /2хх 69-71/, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3508 /2хх 96-98/, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4201 /2хх 101-103/, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3509 /2хх 122-124/, 3510 дугаартай /2хх 128-131/ дугаартай дүгнэлтүүд зэрэг баримтуудаар,
мөн шүүгдэгч Э.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 21-нээс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 10 иргэний өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч бусдад нийт 12,644,445 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч З.Нийн “… 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр … Шөлөндөө түргэн хоолны газар орох гэхэд надаас нэг үл таних 30-35 орчим насны хүзүү орчимдоо шивээстэй эрэгтэй нь надаас тухайн үед “Хаан банк хаана байдаг вэ” гээд байн байн асуугаад би мэдэхгүй гэж хариулаад … өөрийн өмсөж байсан гадуур цамцны баруун халаасанд байсан Самсунг А52 загварын гар утсаа шалгатал байхгүй байсан … камер шүүхэд надаас Хаан банк асуугаад байсан үл таних эрэгтэй нь аваад явж байгаа бичигдсэн байсан …” /3хх 189-190/,
хохирогч Т.Дын “… 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр … Номин их дэлгүүрээс гараад Өргөө кинотеатрын чигт гарцаар гарах гээд хүлэээж байх үед өөрийн баруун халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй байсан ба …эрэгтэй нь миний халааснаас авч байгаа нь бичигдсэн байсан. …IPhone 11 загварын номин ногоон өнгөтэй ... ” /3хх 233-234/,
хохирогч О.Агийн “… 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр …Билэг их дэлгүүрийн хажуу талд байрлах Косо төв орчимд явж байгаад чихэвч маань тасалдаад байсан тул гар утсаа шалгахад миний гар утас байгаагүй, … IPhone 12 promax загварын гар утас ...” /4хх 29-30/,
хохирогч О.Бын “… 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед найзын хамт төв зам дагуу алхаж байгаад …Мөнгөнзавьяагийн хажуугаар гарч ирээд автобусны буудал дээр очиж зогсоод гар утсаа шалгахад гар утас маань халаасанд байгаагүй. … IPhone 12 загварын гар утас …” /4хх 74-75/,
хохирогч М.Мын “… 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр О гэх найзтайгаа … их дэлгүүрийн зүүн талаар хойшоо алхаад Гандирс байрны ойролцоо ирээд гар утсаа ашиглах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. …” /4хх 156-157/,
насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “… 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр … Тэнгис кинотеатрын хажуу талд … автобусны буудал дээрээс …тэгээд найзтайгаа тэврэлдэж мэндэлчихээд халаасандаа хийсэн байсан гар утсаа авах гэтэл гар утас маань алга болчихсон байсан …цагаан өнгийн Самсунг А71 загварын гар утас байсан …” /4хх 227-228/,
хохирогч З.Сийн “… 2023 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Стрийт фүүд” гэдэг хоолны газраар үйлчлүүлж байгаад IPhone 11 promax загварын гар утсаа хулгайд алдсан. ... мөн гар утасны хамт миний Хаан банкны ... тоот дансны виза карт алга болсон, сүүлд картаа сэргээлгээд дансны хуулгаа шалгахад 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний данснаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 121,850 төгрөг гарсан байсан. Уг гүйлгээг шүүж үзэхэд Төмөр замын вокзалаас Богд ар хороолол руу эргэдэг уулзвар орчимд байх CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж миний картыг ашиглаж худалдан авалт хийсэн. ...” /5хх 30-31/,
насанд хүрээгүй хохирогч Т.Хын “... 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр Шархад 3-4 дүгээр хороолол Ч:2 гэсэн дугаартай автобуснаас буугаад өөрийн гар утсаа үзэхэд байхгүй байсан, тэгээд хажууд байсан хүнээс миний гар утсыг авчихлаа гэж хэлээд куртикны халаасыг үзэхэд уг хүн уурлаад яваад өгсөн. ... Huawei mate 20 pro загварын ногоон өнгийн гар утас ...” /5хх 86/,
хохирогч О.Оийн “... 2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө нөхөр болон түүний 2 найзуудын хамтаар хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг Стрийт фүүд-ийн орчимд утсаа авахаар халаасандаа гараа хийхэд миний утас алга болсон байсан. ...” /5хх 123-124/,
хохирогч Д.Нгийн “... Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... ТБД андуудын Стар худалдааны төвөөс юм худалдан авчихаад тооцоо хийх гэхэд миний гар утас, хэтэвч алга болсон байсан. Удалгүй Хаан банк орж данснаас мөнгө авах гэтэл миний Хаан банкны ... дугаартай данснаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14 цагт 400,000 төгрөгөөр нэг удаа, 150,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж данснаас мөнгө авсан ... миний хэтэвчинд бэлнээр 70,000 төгрөг, 500 рубль байсан. ...” /5хх 185-188/,
Э.Гийн яллагдагчаар өгсөн “… Би одоо өөрийн үйлдсэн гар утасны хулгайн хэргүүдээ бүгдийг нь сар өдрийг нь нарийн санахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Косо төв буу Минж плазагийн хажуу талд гудамжаар явж байхад нэг эмэгтэй халаасандаа гар утсаа хийхийг нь хараад араас нь дагаж байгаад халааснаас нь IPhone 12 рго mах гар утсыг нь хулгайлсан, тэгээд би хулгайлсан гар утсаа Тэди төвийн гадна гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 400,000 орчим төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.
… 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын автобусны буудал дээр тухайн өөрийн унадаг байсан ...улсын дугаартай Тоёото Хариер загварын машинтай зогсож байгаад машинаас буугаад Түц орж тамхи авах гэж байхад нэг эмэгтэй хүүхдийн халаасанд гар утас нь харагдахаар нь хулгайлаад авчихсан. Тэр гар утас Samsung А71 загварын гар утас байсан. Уг гар утсыг мөн Тэди төвийн гадна тал гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 80,000 орчим төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.
2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хороо “Номин” ХХК-ийн урд талын замын гарцан дээр зогсож байсан хүний халааснаас Phone 11 загварын гар утсыг нь хулгайлж аваад Номин дэлгүүр лүү орж жаахан тойрч байгаад буцаж гараад Тэди төвийн гадна тал гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 150,000 төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэр Төмөр замын вокзалын автобусны буудлаас автобусанд суугаад явж байхад хойд талын хаалган дээр нэг настай эмэгтэй автобуснаас буух гэж байгаа бололтой гартаа цүнхээ барьчихсан зогсож байсан, тэгэхэд нь би цүнхнээс Samsung А02S загварын гар утас болон хүрэн өнгийн жижиг түрүүвчний хамт хулгайлж аваад Богд ар хорооллын автобусны буудал дээр буугаад түрүүвчийг нь үзэхэд Хаан банкны карт иргэний үнэмлэх нь байхаар нь картыг нь АТМ-д хийгээд иргэний үнэмлэх дээрээс нь төрсөн он сар өдрийг нь харж байгаад пин кодыг нь хийхэд орж картаас нь эхэлж 400,000 төгрөг авч, дараа нь 150,000 төгрөг нийт 550,000 төгрөг авсан, түрийвчинд нь бэлнээр 70,000 төгрөг, ОХУ-н мөнгөн дэвсгэрт байсан санагдаж байна. Гэхдээ хэдэн рубль байсныг нь бол санахгүй байна, Тэр рублийг нь бол ашиглаагүй. Ингээд карт бичиг баримт, түрийвчийг нь хаяж, гар утсыг 70, 80 мянган төгрөгөөр зарсан, гар утсыг нь зарсан хүнээ би одоо танихгүй.
2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо Мөнгөн завьяа дэлгүүрийн урд талын нүхэн гарцаар гарч байсан эмэгтэй эрэгтэй хоёр хүний эмэгтэйнх нь халааснаас IPhone12 загварын гар утсыг нь хулгайлж мөн Тэди төвийн гадна талд зогсдог хүмүүст 200.000 төгрөгөөр зарсан байх зарчихсан, зарсан хүнээ би танихгүй.
2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Гандирс худалдааны төвийн баруун талын замаар явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэйнх нь халааснаас IPhone11 загварын гар утсыг нь хулгайлж өмнөх шигээ Тэди төвийн гадна талд зогсдог хүмүүст 150 орчим мянган төгрөгөөр зарсан, зарсан хүнээ би танихгүй
2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Шөлөндөө хоолны газрын орчим Samsung А52 загварын гар утсыг хүүхэдтэйгээ хамт явж байсан эмэгтэй хүний халааснаас хулгайлж авсан, мөн дээрх шиг Тэди төвийн гадна талд зогсдог хүмүүст 100 мянган төгрөгөөр зарсан байх зарчихсан, зарсан хүнээ би танихгүй.
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их дэлгүүрийн урд талын автобусны буудлаас автобусанд сууж Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр буухдаа автобусанд явж байсан эрэгтэй хүүхдийн халааснаас нь Huawei mate 20 pro загварын гар утсыг нь хулгайлж аваад Тэди төвийн гадна талд зогсдог хүмүүст зарчихсан, зарсан хүнээ би танихгүй, хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна.
2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Стрийт фүүд гээд хоолны газарт явж байгаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэйнх нь баруун талын куртикны халааснаас IPhone13 рго mах загварын гар утсыг нь хулгайлж аваад мөн адил 500 орчим мянган төгрөгөөр зарсан. Гар утас зарсан хүнээ огт танихгүй.
2023 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Стрийт фүүд гээд хоолны газарт явж байгаад 2 эрэгтэй 2 эрэгтэй 4-лээ явж байсан хүмүүсийн 1 эмэгтэйнх нь цүнхнээс нь IPhone 11 рго mах загварын гар утсыг нь хулгайлж аваад 200 орчим мянган төгрөгөөр зарсан. Гар утасных нь ар талд байсан Хаан банкны картыг Этүгэн зочид буудалд байхдаа ил гаргаад тавьчихсан байсныг А өөрийнхөө карттай андуурч авч гараад СU дэлгүүрээс худалдан авалт хийсэн байсан. Би өөрийн гар утасны хулгайн хэргүүдээ бол бүгдийг нь хүлээн зөвшөөрнө. Би Тэди төвийн гадаа очоод тааралдсан гар утас хүмүүст хямд үнээр зарчихдаг, ямар хүнд зарснаа санахгүй байна, нэр усыг нь мэдэхгүй. Би гар утас зарсан мөнгөө дандаа бэлнээр авдаг байсан. Дансаар огт авч байгаагүй. Би гар утас хулгайлж зараад олсон мөнгөө 1ХBet цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. ...” /2хх 181-186/ гэсэн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ийн /3хх 199-201, 4хх 38-40/, “Ашид билгүүн“ ХХК-ийн /3хх 239-243, 5хх 195-199, 204-206/, “Дамно” ХХК-ийн /4хх 87-89, 236-237, 5хх 39-40, 91-92, 137-138/
эд зүйл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 224-226, 4хх 22-23, 67-69, 174-176, 219-221, 5хх 82, 115-119/,
Хаан банкин дахь З.Сэ, Д.Н нарын эзэмшлийн дансны хуулга /5хх 33, 212, 175-178/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тг үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Гийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг үргэлжилсэн үйлдлээр тус бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Т, Э.Г нарын дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Гийн 2023 оны 01 дүгээр сарын 21-нээс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 10 иргэний өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч бусдад нийт 12,644,445 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрийг бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг амьдрал, зан төлвийн хэвшил ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоон тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.
Шүүгдэгч Э.Гийн үйлдлүүдийн тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэрээр хулгайлсан эд зүйлээ өөрийн болон гэр бүл, бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “амьжиргааны эх үүсвэр болгосон” гэх шинжээр гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн зөвтгөж шийдвэрлэлээ.
Иймд түүний “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Гийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хохирол төлбөрөөс зарим хэсгийг төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж шийвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Т, Э.Г нарын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 108 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Гийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолын:
Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Э.Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Э-ийнГийг … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “… үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан.” гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, … тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Э-ийнГийг … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “… үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, … тус тус тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Э-ийнГийг … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, …шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Э-ийнГийг …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гэд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 9 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гэд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 6 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Т, Э.Г нарын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 108 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ