Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* НҮТББ /РД:*******/

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ******* дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: Э******* НҮТББ /РД:*******/ хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж*******, М.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн болон дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн тендер шалгаруулалтын Багц-15-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ******* дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-15-д Э******* НҮТББ-ыг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Э******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ******* дугаартай тендер шалгаруулалтын Багц-15-ын тендерийг тендерийн баримт бичиг, Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр өгсөн чиглэл, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл, нотлох баримтыг бүрэн шалган үнэлж, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ******* дугаартай, Багц-15-Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад Г******* НҮТББ оролцжээ.

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/138 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...******* дугаартай тендерийн Багц-15-д хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэхэд ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт заасан эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзаж, Э******* НҮТББ-д гэрээ байгуулах эрхийг олгосон... гэж Г******* НҮТББ-д мэдэгдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Г******* НҮТББ-аас үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ... Э******* НҮТББ-ын тендерт 11 дүгээр маягтын дагуу үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтыг ирүүлж, тоног төхөөрөмж, ажлын байрны фото зургийг хавсаргаж ирүүлсэн байх ба гомдолд байрлал дэмжигч хэрэгслийн 2 багц, тэнцвэрийн бөмбөг 3 ширхэг, жаран хөлт цагирган тэнцвэрийн хэрэгслийн зургууд байгаа эсэхийг хянан үзээгүй, санал болгосон ажилтнуудын диплом, тусгай сургалтын гэрчилгээ нь гадаад хэл дээр байх бөгөөд үүний орчуулгыг хавсаргаж ирүүлээгүйг хянан үзээгүй, хүүхдэд үзүүлэх дэмжлэгт хэрэглээний зан үйлийн дүн шинжилгээ {ABA}-ийн зарчмыг баримтлан сургах гэж заасан боловч мэргэшсэн координатор санал болгоогүй байхад шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг... Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт мэдэгдсэн.

2.4. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж, Э******* НҮТББ-ыг шалгаруулсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Хуульд заасны дагуу дахин үнэлж Багц-15-д танай тендер эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн тул тус багцад шалгараагүй... болохыг мэдэгдсэн.

2.5. Тус шийдвэрийг нэхэмжлэгч Г******* НҮТББ-аас эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр ...тендер сонгон шалгаруулалттай холбоотой танайхаас ирүүлсэн гомдлын дагуу хянан үзэж холбогдох шийдвэрийг захиалагчид болон танай байгууллагад бичгээр хүргүүлсэн тул гомдлыг буцааж байна... гэсэн хариуг өгснөөр нэхэмжлэгч 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Г******* НҮТББ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Тендерийн анхны үнэлгээний үр дүнд нэхэмжлэгчийг 2 дугаарт эрэмбэлж, "Э*******" ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон тул нэхэмжлэгчээс урьдчилан гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын Багц 15-ыг хуульд нийцүүлэн дахин хянаж, үнэлэхийг мэдэгдсэн байна. Гэтэл хариуцагч байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/814 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Багц 15-д нэхэмжлэгчийг дахин шалгараагүй гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдлийн үндэслэл болсон дахин үнэлгээ нь Сангийн яамны шийдвэрийн агуулга, тендерийн баримт бичгийн шаардлага, хууль зүйн үндэслэлд нийцээгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.2 Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, Багц 15-ыг хуульд нийцүүлэн дахин хянаж, үнэлэхийг мэдэгдсэн байна. Энэ нь захиалагч болон үнэлгээний хороо өмнөх үнэлгээгээ бодитоор дахин шалгаж, маргаанд дурдсан баримт, зөрчил бүрийг нягтлан үзэх үүрэгтэй болсон гэсэн агуулгатай. Гэтэл 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/814 дүгээр мэдэгдлээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдийг бодитоор шалгаж, хангалттай нотолгоогоор няцаасан гэхээс илүүтэй анхны шийдвэрийг өөр хэлбэрээр давтан баталгаажуулсан шинжтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд "Э*******" ТББ-ын тендерийн саналд байрлал хадгалах дэмжлэг ширээ, үеийн тэгшлэгч чиг, эмчилгээний сойз, гониометр, булчингийн цахилгаан цочруулын аппарат (TENS), хүндрүүлэгч зэрэг үндсэн тоног төхөөрөмжийн тоо хэмжээ дутуу, эсхүл тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй талаар дэлгэрэнгүй дурдсан. Эдгээр нь ТШЗ 19.1-д заасан үндсэн тоног төхөөрөмж, техникийн шаардлагын биелэлтийг шалгах гол үзүүлэлтүүд бөгөөд шаардагдах тоо хэмжээг хангаагүй бол "шаардлага хангасан" гэж үнэлэх үндэслэлгүй юм.

3.3. ТШЗ 19.2-т үйлчилгээ үзүүлэхэд ашиглах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийн жагсаалт, фото зураг, холбогдох баримтыг 11 дүгээр маягтын хамт ирүүлэхээр заасан. Гэтэл шалгарсан этгээдийн материалд байрлалын дэмжих хэрэгсэл, тэнцвэрийн бөмбөлөг, хараан хөлт цагираган тэнцвэрийн хэрэгслийн фото зураг, эсхүл тэдгээрийн шаардлага хангасан байдлыг нотлох баримт бүрэн байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан зөрчлийг захиалагч бодитоор шалгасан нь тогтоогдохгүй байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгаанд оролцогчийн тендер нээснээс хойш ажлын 30-аас багагүй өдрийн хугацаанд хүчинтэй байх шаардлага тавигдсан. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар шалгарсан этгээдийн тендерийн хүчинтэй хугацааг 14 хоногоор тусгасан нь доод шаардлагад хүрэхгүй байна. Энэ талаар захиалагчийн дахин үнэлгээ нь хууль, баримт бичгийн шаардлагад нийцсэн хангалттай дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн гомдолд "Э*******" ТББ-ын санал болгосон хөдөлгөөн засалчийн зөвшөөрөл, диплом, туршлага, мөн сэргээн засах болон АВА, спорт хөтөлбөрийн чиглэлээр мэргэшсэн координатор багшийн шаардлагыг хангаагүй талаар дурдсан. Мөн зарим диплом, гэрчилгээ нь гадаад хэл дээр байх боловч орчуулга хавсаргаагүй гэж маргасан. Эдгээр нөхцөл байдал нь тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1, техникийн тодорхойлолтын шаардлагад хамаарах тул захиалагчийн дахин үнэлгээ тухайн зөрчлүүдийг нотолгоонд тулгуурлан няцаасан эсэхийг шүүхээр шалгуулах шаардлагатай.

3.4. Техникийн тодорхойлолтын 1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөр, удирдамжтай байх" шаардлага тавьсан. Гэтэл шалгарсан этгээдийн ирүүлсэн баримтад хөтөлбөрийн нэр, ерөнхий чиглэл дурдсан төдий бөгөөд хэрэгжилтийн арга, үе шат, хүүхдийн онцлогт нийцүүлсэн нарийвчилсан удирдамжийг бүрэн нотолсон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нөхцөл байдлыг бодитой шалгалгүйгээр шаардлага хангасан гэж үзсэн. Дээрх ноцтой алдааг захиалагч болон үнэлгээний хороо гаргасан байх бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:, 26.4.1т энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;, 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;, 26.4.3-т захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх; 26.4.4-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх хуулийн заалтуудыг тус тус зөрчиж хуулийн үндсэн шаардлага огтоос хангаагүй "Э*******" НҮТББ-ыг шалгаруулсан байна.

3.5. Уг байгууллагыг хууль бус шаардлага хангаагүй байхад шалгаруулсны улмаас манай байгууллагын үйл ажиллагаа доголдож цаашлаад хүнд төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрч байна. Дээр дурдсан үйл баримтаар үзэхэд хариуцагч нь Багц-15-ын тендерийн үнэлгээг дахин хийхдээ тендерийн баримт бичгийн заавал хангах шаардлагуудыг бүрэн шалгаагүй, нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, нотлох баримтыг бодитой үнэлээгүй, шалгарсан этгээдийн материалын дутагдлыг үл харгалзан шалгаруулсан байна. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

 

4. Хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд Үнэлгээний хорооны даргаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Ж*******, Үнэлгээний хорооны нарийн бичгээр Сургалт, нөлөөллийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Үнэлгээний хорооны гишүүнээр харьяа байгууллага болох Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Захиргаа, санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Т.Гантулга, Хөндлөнгийн гишүүнээр /зөвшилцсөнөөр/ Эрхбилэг хан нийгэмлэг ТББ-ийн удирдах зөвлөлийн /зөвшилцсөнөөр/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төвийн дарга Ч.Отгонбаяр, Хөндлөнгийн гишүүнээр менежер Г.Осоржалам нар ажилласан.

4.2.Үнэлгээний хороо нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичиг боловсруулж, саналаа хэлэлцэн шийдвэрлэн Захиалагчаар батлуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах 8,155,250,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ХБХХΕΓ/20260103002 (цахим систем) дугаартай 21 багцтай тендер шалгаруулалтын урилгыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэн зарлаж, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад нээсэн ба 21 багцтай тендер шалгаруулалтад нийт 31 байгууллага материалаа ирүүлсэн.

4.3.Үнэлгээний хороо нь 2026 оны 02 дугаар сарын 03, 04, 05, 06, 16, 24-ний өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар"-ын дагуу тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлэх ажиллагаа хийсэн. Хурлыг хуульд заасны дагуу нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны ирцтэй байх зарчмыг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байранд хорооны бүх гишүүдэд нээлттэй байхаар тендерийн материалыг нэг бүрчлэн дэлгэцээр танилцуулж хурлын тэмдэглэлээр албажуулан зохион байгуулсан. Нийт 70 шалгуур үзүүлэлтээр үнэлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Тухайлбал: Ерөнхий шаардлага 8, санхүүгийн чадавх 4, хүний нөөцийн чадавх 11, техникийн чадавх 7, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 40 үзүүлэлтээр үнэлж, шалгаруулсан.

4.4.Ийнхүү зөвлөмжийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захиалагчид хүргүүлж Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ Худалдан авах тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-т шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж заасны дагуу тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудад тус тус хүргүүлж цахим системд нийтэлсэн. Багц 15-д хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ 595,000,000 төгрөг бүхий төсөвт өртөгтэй багцын хувьд нийт 4 байгууллага тендер ирүүлсэн ба захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр " Э*******" ТББ-д гэрээ байгуулах эрх олгогдсон.

4.5. Сангийн яамнаас 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Багц 15-тай холбогдуулан гомдол гарсан тул захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг хүргүүлэн авсан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дах заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн ба Үнэлгээний хороо 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдан хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж зөвлөмжийг захиалагчид хүргүүлж 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр "Э*******" ТББ-д дахин гэрээ байгуулах эрх олгогдсон болно. Дахин үнэлгээг хийхэд тус нэхэмжлэл гаргагч байгууллага Г******* НҮТББ болон Э******* ТББ-ын үйлчилгээ үзүүлэх эсэх талаарх чадавхыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-т заасны дагуу гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадалсан.

4.6. Г******* НҮТББ нь тус ******* (цахим систем) дугаартай "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах" тендерт нийт 6 багцад оролцож, 6 (танхимаар цагийн үйлчилгээ, 20 хүүхэд, 83,000,000 төгрөгийн төсөвтэй), 7 (танхимаар өдрийн үйлчилгээ, 20 хүүхэд, 334,400,000 төгрөгийн төсөвтэй) дугаартай багцуудад шалгарч, 40 хүүхдэд үйлчилгээ хүргэхээр болсон. Тиймээс тухайн байгууллагын чадавхыг 27.9-т заасны дагуу магадалж үзсэн. Г******* НҮТББ нь хүний нөөцийн чадавхын хувьд 15 дугаар багц дээр нэмэлтээр үйлчилгээ үзүүлэхэд хангалтгүй гэж үзсэн. ТШЗ 19.1-т заасан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хөдөлмөрч заслын мэргэжилтэн байхгүй. ТШЗ 19.1-т заасан дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд, мэргэжлийн боловсролын багш, эсхүл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх гэсэн заалтыг хангаагүй бөгөөд 1 багшид 7 хүүхэд оногдож байсан.

4.7. Дээрх хүний нөөцийн чадамжийн байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө гэж үзэн тус байгууллагын 15 дугаар багцад ирүүлсэн тендерийг шалгаруулаагүй. Э******* ТББ дээр хийсэн үнэлгээний тухайд гэвэл нэхэмжлэл гаргагч байгууллагын Г******* НҮТББ нэхэмжлэлийн 4 дүгээр хэсэгт тендерт шалгарсан этгээд тендерийн хүчинтэй байх хугацааг 14 хоногоор тусгасан нь шаардлага хангаагүй гэсэн байна. Э******* ТББ-ын ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/79 дугаар албан бичгийн 5 дугаар хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг 14 ба түүнээс дээш хоногт хүчинтэй байхаар заасан. Энэ нь тендерийн баримт бичигт заасан 30-с дээш/доош хоногийн хугацаанд хүчинтэй байх шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Дээрх хэсэгт дурдсан шаардлагыг Монгол Улсын Сангийн Яамны 2026 оны 13-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичигт 03 дугаар сарын Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн.

4.8. Нэхэмжлэгчийн гомдолд Э******* ТББ-ын хүний нөөцийн чадамж шаардлага хангаагүй. Тухайлбал, сэргээн засах болон АВА, спорт хөтөлбөрийн чиглэлээр мэргэшсэн координатор багш байхгүй, гадаадын их дээд сургуулийн диплом, гэрчилгээ нь орчуулга хавсаргаагүй тухай дурдсан байна. Монгол Улсын Сангийн Яамны 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичигт үнэлгээний хорооны Э******* ТББ-ын хүний нөөцийн чадамж шаардлага хангасан гэж хянан үзсэнийг үндэслэлтэй хувьд ТШЗ 19.1-т АВА болон спорт хөтөлбөртэй бол мэргэшсэн координатор гэсэн байна. АВА, спорт хөтөлбөрийн чиглэлээр мэргэшсэн координатор багшийн багштай байхаар заасан тул тус байгууллага спорт хөтөлбөр хэрэгжүүлэхгүй тул мэргэшсэн координатор багшийн мэдээллийг ирүүлээгүй нь үнэлгээ бууруулах үндэслэл болгоогүй болно. Үнэлгээний хороо нь тус тендерт оролцсон байгууллагын ихэнх хувь нь мэргэшсэн координатор багшгүй болохыг анхаарч үзсэн. Гадаадын их дээд сургуулийн диплом, гэрчилгээ нь орчуулга хавсаргаагүй байх нь тендерт оролцогч байгууллагуудын хувьд гэм үнэлгээний хороо харгалзан үзэж уг шалтгаанаар оноо бууруулсан нэг ч байгууллага байхгүй болно.

4.9. Нэхэмжлэл гаргагч байгууллага болох Г******* НҮТББ-ын хүний нөөцийн зарим мэдээлэл болох Д.Батлхамын Харвардын эмнэлгийн сургуулийн сертификат ч мөн орчуулга хавсаргаагүй байсан боловч үнэлгээний хороо тухайн асуудлаар нарийвчилж хандаагүй. Нэхэмжлэгч нь хөтөлбөр, удирдамжийн шаардлага хангаагүй тухай нэхэмжлэлд дурдсан байна. Тус тендерийн баримт бичгийг Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/85, А/55, А/49 дүгээр тушаал "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийн дүрэм", Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/239 дүгээр тушаал "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих өдрийн үйлчилгээний аргачлал, заавар"-ын дагуу боловсруулсан. Дээрх нөхцөл байдлуудыг үнэлж үзэн "Э*******" ТББ-ыг 15 дугаар багцад тэнцүүлсэн. Ийнхүү тендер шалгаруулалтын явцад Үнэлгээний хорооны хувьд Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 3.6-д заасны дагуу үнэлгээний хорооны хэвийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

4.10. Үнэлгээний хорооны гишүүд мөн хуулийн 52-д зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд оролцох үүргээ биелүүлж ажилласан ба үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэн ажиллаж байсан. Үнэлгээний хорооны дарга, гишүүд, хөндлөнгийн гишүүдээс албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсээгүй болно. Мөн түүнчлэн тус Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан буюу АВА сертификаттай цөөн тооны албан хаагчидтай бөгөөд байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу албан тушаалын тодорхойлолтоор худалдан авах ажиллагаа зохион байгуулах чиг үүрэггүй, өөрийн газар, нэгжийн чиг үүргийн бус боловч үндсэн ажлаас гадна тус үнэлгээний хороонд хоёр албан хаагч Үнэлгээний хорооны дарга, нарийн бичиг орж ажилласан байна... гэжээ.

 

5. Гуравдагч этгээд Э******* НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Манай байгууллага нь танхимын үйлчилгээг байнгын авах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг дэмжих төв юм. Хөнгөн хэлбэрийн эрүүл мэндийн шалтгаантай хүүхдүүд үйлчилгээ авдаг гэж тайлбарлаж байгаа нь хараахан буруу ойлголт гэж би бодож байна. Яагаад гэвэл миний бие энэхүү мэргэжлээр Орос улсад сургууль төгсөж энэхүү мэргэжлээрээ ерөнхий боловсролын сургуульд 36 жил ажиллаж ирсэн. Ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчилгээ авдаг талаар тодорхой мэдлэгтэй, тодруулбал хүнд, хөнгөн, хүндэвтэр бүхий л төрлийн хүүхдүүд үйлчилгээ авдаг.

5.2. Манай Э******* НҮТББ-ын дэргэдэх дэмжих төв нь АВА хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй. Харин АВА хөтөлбөрийн зарчмыг баримталж үйлчилгээ явуулдаг. Энэхүү хөтөлбөр нь ямар агуулгатай вэ гэвэл хэрэглээний зан үйлийн дүн шинжилгээний талаар буюу жишээ нь аутизмтай хүүхдэд хэрэглэх арга зүй буюу алтан стандарт ч гэж ярьдаг. Орчин тойрноосоо ямар арга зүй авч өөрчлөгддөг талаар судалдаг арга зүй буюу энэ зарчмыг хэрэглэж арга зүйгээ явуулдаг... гэжээ.

5.3. Нийт Багц-15-д хамаарах тендер сонгон шалгаруулалтад нийт 4 байгууллага орсон. Тухайн 4 байгууллагууд нь координатор багшийн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тендерийн баримт бичигт Харвардын сургууль төгссөн гэх гэрчилгээ байгаа мөн орчуулга байхгүй. Нэхэмжлэгч талаас бусад байгууллагуудын баримт бичиг орчуулаагүй гэж маргадаг, гэтэл өөрсдөө мөн орчуулаагүй баримт өгсөн байдаг. Хэрэглэгдэхүүнийг хангалттай гаргаж өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд ямар ч байдлаар АВА хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заагаагүй. Олон төрлийн зарчим агуулгыг уншиж амьдралдаа хэрэгжүүлдэг юм аа гэсэн санаа болохоос яг сонгож аваад хэрэгжүүлнэ гэдэг л зарчим. АВА хөтөлбөр гэж авч үзэх юм бол маш өргөн хүрээнд хэрэгжүүлэх ёстой байдаг тул үүнийг ялгаж хэрэгжүүлэх ёстой гэдгийг тайлбарлаж хэлье иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд,

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах ******* дугаартай нийт 21 багц тендерийг зарласан, нэхэмжлэгч Г******* НҮТББ-аас Багц 6, 7, 8, 9, 15, 17 дугаартай тендер шалгаруулалтад тус тус оролцсоноос шүүхэд Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх Багц 15 дугаартай тендер-ийг шалгаруулсан захиалагчийн үйл ажиллагаанд холбогдуулан маргасан.

3. Тендерийн үнэлгээний хорооноос 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээж, /2хх-23/ тус өдөртөө багц тус бүрээр тендерийг хянан үзэх ажиллагааг эхлүүлсэн, Багц 15-Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерт материалаа ирүүлсэн оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан үзэх ажиллагааг явуулж, ...Г******* НҮТББ-ыг өмнөх багцуудад шаардлага хангаж байсан, ... бусад багцад тэнцсэн эсэхээс хамаарч чадавхыг магадалъя... гэсэн шийдвэрийг гаргасан. /2хх-56/

4. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичгийг хянан үзэх ажиллагааг дуусгавар болгож, ...2026 оны 02 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд байгууллагуудтай танилцаад шийдвэрээ гаргах...-аар тогтож /2хх-64/, 2026 оны 02 дугаар сарын 16, 24-ний өдрийн хуралдаанаар Багц 15-Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерт Э******* НҮТББ-ыг шалгаруулан захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон.

5. Нэхэмжлэгч Г******* НҮТББ-аас тус шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр ... Э******* НҮТББ-ын тендерт 11 дүгээр маягтын дагуу үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтыг ирүүлж, тоног төхөөрөмж, ажлын байрны фото зургийг хавсаргаж ирүүлсэн байх ба гомдолд байрлал дэмжигч хэрэгслийн 2 багц, тэнцвэрийн бөмбөг 3 ширхэг, жаран хөлт цагирган тэнцвэрийн зургууд байгаа эсэхийг хянан үзээгүй,...ажилтнуудын диплом, тусгай сургалтын гэрчилгээ нь гадаад хэл дээр байх бөгөөд үүнийг орчуулгыг хавсаргаж ирүүлээгүй... зэргээр тендер шалгаруулалтын 15 дугаар багцад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан.

6. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж, Э******* НҮТББ-ыг шалгаруулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгож, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх *******, 04/17 дугаартай гэрээг байгуулсан, 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр Г******* НҮТББ-ыг тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

7. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар Э******* НҮТББ-ын санал болгосон ажилтнуудын диплом гадаад хэл дээр бичигдсэн байдлыг үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, шаардлагатай хэрэглэгдэхүүн болох байрлал дэмжигч хэрэгслийн 2 багц, тэнцвэрийн 3 ширхэг бөмбөг, жаран хөлт цагираган тэнцвэрийн хэрэгслийн зургууд байгаа эсэх нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн, хариуцагчаас шүүхэд тус үндэслэлийг тайлбарлахдаа ... Э******* НҮТББ-ын санал болгосон хэл засалч Б.Э, хөдөлмөр засалч Ч.Алтанцэцэг нарын диплом орос хэл дээр бичигдсэнийг google translate ашиглан орчуулга хийж үзээд шаардлага хангана гэж үзсэн, 2026 оны 02 дугаар сарын 09-13-ны өдрийн хооронд байгууллагуудаар явж үзэхэд шаардлагатай бүх хэрэглэгдэхүүн байсан болох нь тогтоогдсон... гэж тайлбарлана.

8. Нэхэмжлэгчээс тус үндэслэлийг үгүйсгэж, ...сэргээн засах чиглэлийн эмнэлгийн мэргэжилтэнтэй байх шаардлагыг тавьсан байхад боловсролын их сургууль төгссөн хүмүүсийг хэл засалч, хөдөлмөр засалчид санал болгосон, тендерийн баримт бичигт заасан тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэрэгслүүд бөгөөд гуравдагч этгээдэд байгаа эсэх нь тогтоогддоггүй, түүнчлэн Э******* НҮТББ-ын өдрийн үйлчилгээ үзүүлэхээр сонгосон хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүд байсан... гэж маргана.

9. Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ-19.1-д Техникийн болон туршлагын шаардлага хэсэгт үйлчилгээ үзүүлэх хүний нөөц: Шаардана гээд эрүүл мэндийн үйлчилгээ /бие бялдрын үйлчилгээ/ үзүүлэхэд, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх, сэргээн засах тусламж үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн байх шаардлагыг тавьсан.

10. Гуравдагч этгээд Э******* НҮТББ-аас хүний нөөцийн хэсэгт, хэл засалчид Б.Эг, хөдөлмөр засалчид Ч.Алтанцэцэгийг санал болгосон боловч тухайн ажилтнууд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг согог зүйч мэргэжлээр төгссөн гэж анкетад тус тус бичигдсэн болохоос дипломын хуулбаруудыг монгол хэл дээр орчуулан хавсаргаагүй байна./цахим баримт -ХБХХЕГ202601030020101-75-*******.zip, 15-2/

11. Тендер шалгаруулалтын баримт бичигт хэл засалч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч гэсэн эрүүл мэндийн ажилтантай байх шаардлагыг тавьсан, гэтэл Э******* НҮТББ-ын санал болгосон хэл засалч, хөдөлмөр засалч нь эрүүл мэндийн ажилтан биш, тэдгээрийн анкетад бичигдсэнээр боловсролын ажилтан, багшийн мэргэжилтэй байхад Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв шалгаруулах гэж буй атлаа хэл засалч, хөдөлмөр засалчийн шаардлагад нийцэхгүй төвийг шаардлага хангасанд тооцсон байна.

12. Үүнээс гадна тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл гэсэн шаардлагыг мөн зөрчиж, орос хэл дээр бичигдсэн дипломыг өөрсдөө орчуулсан гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, согог зүйч мэргэжилтэй байсан ч тендерийн баримт бичигт заасан эрүүл мэндийн ажилтан байх шаардлагыг хангахгүй, мөн диплом нь орчуулгагүйн улмаас тухайн этгээдийг ямар мэргэжилтэй болохыг нотолсон баримтгүй гэж үзнэ.

13. ТШЗ-ны 19.1-д Хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, техниктэй байна. Дараах хүснэгтийн дагуу техник хэрэгслийн жагсаалтын тоог бодит зургийн хамт тодорхой ирүүлэх гээд 40 төрлийн тоног, төхөөрөмжийн жагсаалтыг хүснэгтээр гаргасан. Жагсаалтын 6-т байрлалын дэмжлэгт хэрэгсэл 2 багц /10ш/, 11-т тэнцвэрийн бөмбөг 3 ширхэг, 15-т жаран хөлтөн цагираган тэнцвэрийн хэрэгсэл 3 ширхэг гэж заасан.

14. Гуравдагч этгээд Э******* НҮТББ-аас байрлалын дэмжлэгт хэрэгсэл, тэнцвэрийн бөмбөгийн зургийг ирүүлээгүй, жаран хөлтөн цагираган тэнцвэрийн хэрэгслийн зургийг 3 ширхэг байгаа нь тодорхойгүй байдлаар ирүүлсэн, Тендерийн үнэлгээний хорооноос ...газар дээр нь очиж үзэхэд тухайн хэрэгслүүд байсан... гэх боловч энэ талаарх баримтгүй тул тухайн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. /цахим баримт - ХБХХЕГ202601030020101-75-*******.zip, 15-3/

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд,

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ., 26.4.-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:, 26.4.1.-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.4.-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх., 26.9.-т Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 26.10.-т Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер ... шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана: гэж тус тус зааснаар Тендерийн үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан.

16. Тогтоогдсон үйл баримтаар, гуравдагч этгээд Э******* НҮТББ-ын санал болгосон тендер нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-д заасан хүний нөөцийн болон тоног төхөөрөмж, техникийн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон байхад Тендерийн үнэлгээний хорооноос шаардлагад нийцсэн тендер гэж үзээд тендерийг үнэлсэн нь буруу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг зөрчсөн байна.

17. Нэхэмжлэгчийн тухайд, Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанд ... Г******* НҮТББ-ын багш нарын тоо хүрэлцэхгүй... гэсэн шалтгаанаар тендерийн 2-т эрэмбэлсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа ...Багц 6, 7-д шалгарсан тул хүний нөөц хүрэлцэхгүй... хөдөлмөр засалч санал болгоогүй... гэж нэмэлтээр тайлбарлана.

18. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-д Дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд, мэргэжлийн боловсролын багш, эсхүл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх гэж заасан, Г******* НҮТББ-ын тендерийн баримт бичгийг үзэхэд, Багц 15 - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерт 7-оос дээш багш санал болгох ёстой атал 5 багш санал болгосон байх тул түүнийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

19. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан Багц 7 - Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерт санал болгосон ажилтнууд нь Багц 15-д санал болгосон ажилтнуудтай давхцаагүй болох нь тогтоогдсон, Багц 6 Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд танхимаар үзүүлэх цагийн үйлчилгээ тендерт санал болгосон ажилтнууд нь давхцаж байх боловч хариуцагчаас ...өдрийн болон цагийн үйлчилгээ үзүүлэх ажилтнууд нэг байж болно, үүнийг хүлээн зөвшөөрнө... гэж тайлбарласан, мөн хөдөлмөр засалчид санал болгосон ажилтан байхгүй боловч 2 хөдөлгөөн засалчтай байхаар хүний нөөцийн мэдээллийг илгээсэн, гэвч Тендерийн үнэлгээний хорооноос эдгээр үндэслэлээр татгалзсан шийдвэрийг гаргаагүй тул хариуцагчийн шийдвэрийн үндэслэл гэж үзэхгүй.

20. Хариуцагчаас ...тендерийн баримт бичгийн шаардлагыг хангах боломжтой төв цөөхөн тул аль илүү хангасныг нь шалгаруулсан... гэж тайлбарласан, гэвч Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд бичигдсэнээр нэхэмжлэгч Г******* НҮТББ-ыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангана гэж үзсэн атлаа Багц 6, 7 дугаар тендерт шалгарсан учраас тус тендерт шалгаруулах шаардлагагүй гэсэн агуулгаар хамгийн сайн тендерээр үнэлээгүй нөхцөл байдал тогтоогдоно.

21. Хэдийгээр тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-19.1-д заасан багш, хүүхдийн харьцаа 4:1 байх шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон ч Э******* НҮТББ-ын хувьд ч мөн адил сэргээн засах чиглэлийн хэл засалч, хөдөлмөр засалчийн эрүүл мэндийн ажилтантай байх, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний шаардлагыг хангахгүй байх энэ тохиолдолд Тендерийн үнэлгээний хорооноос Э******* НҮТББ-ыг шаардлага хангасан гэж үзээд шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасан тендерт тэгш өрсөлдөх боломжтой байх зарчмыг зөрчсөн байна.

22. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн болон дугаар дугаар албан бичгийн Багц-15-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-15-д холбогдох хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Э******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож, Багц 15 - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 26.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн болон дугаар дугаар албан бичгийн Багц-15-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-15-д холбогдох хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Э******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож, Багц 15 - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ