Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0610/З |
Дугаар | 221/МА2018/0237 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0237
2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2018/0237 | Улаанбаатар хот |
“ЭБЭ” ХХК, “ЭЭИЖ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгонжаргал, нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, түүний өмгөөлөгч Ш.А, нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарын оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч эс зөвшөөрч нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Ө.О, гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарын давж заалдах гомдлын дагуу “ЭБЭ” ХХК, “ЭЭИЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “ЭБЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭБЭ” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь Улаан толгой талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “ЭЭИЖ” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “ЭЭИЖ” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Улаан Толгой нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “ЭЭИЖ” ХХК-ийн NE-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн “2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “БГБ” ХХК-ийн “NE-026053 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тул шүүх ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан.
Шүүх хуульд заасан ямар ч хугацааг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч этгээдийн хоорондоо зайтай гомдлууд түүнд өгсөн тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1, мөн хуулийн 34.1.8-д заасныг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109.2-д заасныг тус тус зөрчсөн.
... Шүүхийн ... “ЭБЭ” ХХК-аас гаргасан өргөдлийг татгалзсан 538 дугаар шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч байгууллагуудыг эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэссэн ганц дүгнэлтээр бүх зүйлийг хаасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 1063.4-д нэхэмжлэгчийн эрх сэргэхээр бол гэсэн агуулга огт байхгүй.
Шүүхийн хууль бус гэж дүгнэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгч буй “ЭБЭ” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж, хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул хийх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Гэвч шүүх ямар үндэслэлээр хүчингүй болгохоос татгалзсан талаар үндэслэлийг зааж нэрлэсэнгүй. Шүүх “захиргааны акт” буюу нэгэнт бий болсон үйл баримтын хүрээнд тухайн цаг хугацаанд нь тухайн үед авагдсан баримтууд болон эрх зүйн орчинд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх зарчимтай. Иймээс захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас хууль ёсоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тодорхой байтал тухайн алдааны үр дагаврыг засах зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ЭБЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ЭЭИЖ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо: “Гуравдагч этгээд болох “БГБ” ХХК-ийн бие даасан шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээж аваагүй байж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Эм Эм Жи И” ХХК-ийн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Ө.О нар давж заалдах гомдолдоо: “Шүүх “ЭЭИЖ” компанийн ИЕ-025069 дугаартай өргөдөл нь хуанлийн цаг хугацааны хувьд хамгийн түрүүлж гаргасан өргөдөл гэж дүгнэсэнтэй хариуцагч болон бусад нэхэмжлэгч, гуравдагч этгээд ч маргаагүй.
... 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг мэдэх ямар ч үндэслэл байгаагүй, ... хариуцагч “ЭЭИЖ” компанид орон нутгийн заасан шалтгаанаар татгалзсан шийдвэр гаргасан атлаа дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 18.1-д заасан “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрөл эзэмших” хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон ба харин шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.
… Маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Газар нутгийг тусгай хэрэгцээнд авснаар Кадастрын хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байх нь өөрөө ойлгомжгүй байна.
... Хариуцагч болон гуравдагч этгээд, нэхэмжлэгч “ЭБЭ” компаниуд нь байнгын ямар нэг шалтаг шалтгаан зааж шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийн ажилд ч ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж байсныг дурдмаар байна. Эдгээрийн буруугаас орон нутгийн тогтоол гарахаас өмнө маргаанаа шийдвэрлүүлж чадаагүйд маш их гомдолтой байна. Шүүх маргаан гарах тухайн цаг үеийн байдлыг үнэлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
... Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед гаргаж өгсөн нотлох баримт гэх Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" 08 тоот тогтоолыг нотлох баримтаар үнэлж, ... хэрхэн яаж хэсэгчлэн давхцалтай болохыг тогтоосон, энэ нь үнэхээр Бигэр сумын тогтоол мөн эсэх нь ойлгомжгүй нотлох баримтыг үнэлэн шийдвэрт дурдсанаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 34 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна.
... Хариуцагч шүүхийн удаа дараагийн шаардлагад үл мэдэн будилсан хариу өгч байсныг шүүхийн зүгээс анхааруулж арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
Хариуцагчийн энэхүү үйлдэл нь хэрэг маргааныг шийдвэрлэх цаг хугацааг хойш татаж, бидний зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд санаатайгаар саад тотгор учруулах зорилго агуулсан.
Иймээс дээрх үндэслэлийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “ЭБЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭБЭ” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”,
нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “ЭЭИЖ” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Улаан толгой нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “ЭЭИЖ” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “ЭЭИЖ” ХХК-ийн NE-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”,
гуравдагч этгээд “БГБ” ХХК-аас “2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “БГБ” ХХК-ийн NE-026053 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн “Улаан толгой”, “ЭБЭ” ХХК-ийн “Улаан”, гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн “Улаан чулуу” нэртэй талбай нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт оршдог, талбайн хувьд давхцалтай, нэг газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон, энэхүү талбайн байршлын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
НЭГ. Нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “ЭЭИЖ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох”,
“ЭБЭ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “ЭБЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох“ шаардлагуудын тухайд:
“ЭЭИЖ” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах “Улаан толгой” нэртэй 3487 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг[1] Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 6/671 дүгээр мэдэгдлийг[2] хүргүүлсэн.
Мэдэгдлийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ/-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс саналыг авч, тэдгээрээс ““дэмжихгүй” санал ирүүлсэн” үндэслэлээр тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ дарга дээрх мэдэгдлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “ЭЭИЖ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах “Улаан” нэртэй 3185 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3842 дугаар мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр саналын хуудсаар мөн дээрх үндэслэлээр “зөвшөөрөхгүй” болохоо мэдэгдсэнийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр “ЭБЭ” ХХК-д тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ/-д зааснаар аймгийн Засаг даргын “дэмжсэн” санал нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болно.
Төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт болох бөгөөд нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК, “ЭБЭ” ХХК-уудын тухайд тухайн Засаг даргын саналуудтай маргаагүй байна.
Үүнээс үзвэл төрийн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх боломжгүй.
Үүнээс гадна анхан шатны шүүх “ЭЭИЖ” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5 дахь заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасантай зөрчилтэй зохицуулалт, энэ нь хуулийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болохгүй тул эдгээр асуудлаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар “маргаан бүхий актуудыг хууль зүйн үндэслэлгүй, актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй” гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
ХОЁР. Нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “ЭЭИЖ” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “ЭЭИЖ” ХХК-ийн NE-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”,
“ЭБЭ” ХХК-ийн ““ЭБЭ” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”,
гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн “2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “БГБ” ХХК-ийн NE-026053 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” нэхэмжлэл болон бие даасан шаардлагын тухайд:
Говь-Алтай аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” санал ирүүлсэнтэй холбогдон “ЭЭИЖ” ХХК, “ЭБЭ” ХХК-уудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрүүд хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тохиолдолд тэдгээр компаниудын дээрх шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй.
“ЭБЭ” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, NE-025921 өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг хариуцагч байгууллага мэдэж байсан, мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4239 дүгээр захирамж[3]-аар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад “БГБ” ХХК-ийн гаргасан өргөдлийг хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авах ажиллагааг явуулсан хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болжээ.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах “Улаан толгой” нэртэй 3487 га талбайд, “ЭБЭ” ХХК-д тус сумын нутагт байрлах “Улаан” нэртэй 3185 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр тус тус татгалзсан тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “БГБ” ХХК-ийн өргөдлийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин бүртгэсэн үйлдлээ хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбай нь нэхэмжлэгч компаниуд болон гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай хэсэгчлэн давхцалтай, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07 дугаар тогтоолоор тус аймгийн Бигэр сумын нутагт орших 10879,32 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу зураг зүйн бүртгэлд бүртгэж авснаар тухайн талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, эрх зүйн үйлчлэл үзүүлж эхэлсэн байх бөгөөд гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн ХА-18982 дугаартай өргөдлийн талбай нь уг газарт хамаарч байгаа нь хэрэгт авагдсан кадастрын тойм зургаар тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 /хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх/-т зааснаар маргаан бүхий талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсан тохиолдолд нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн даалгах шаардлагыг хангах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан талбай нь нэгэнт Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07 дугаар тогтоолуудын үйлчлэлд хамаарч, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн “өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох”-ыг тогтоолгох, “маргаан бүхий “Улаан” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагуудыг хангах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “ЭЭИЖ” ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК, “ЭЭИЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн, гуравдагч этгээд “БГБ” ХХК-ийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 2 хавтсын 199 дэх тал
[2] 2 хавтсын 195 дахь тал
[3] 1 дэх хавтсын 166 дахь тал