Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 25

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгч С.Даваажав, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, гуравдагч этгээд А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Одонтунгалагт холбогдох “Ажилд аваагүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, томилсон тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий С.Даваажавын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Угалз 4 дүгээр баг 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух С.Даваажав миний бие 2005 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст анх сайн дур хариуцсан байцаагчаар ажилд орж 2009 онд оператор нягтлан бодогч, 2010 онд Шимтгэл хариуцсан байцаагчаар, 2012 онд ЭМД-ийн зардал төлбөр тооцоо мэдээллийн сан хариуцсан байцаагчаар ажиллаж байсан. 2012 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Цэнгэл эрүү үүсгэн шалгаж 2012 оны 10 дугаар сарын 17 ны өдөр ажпаас түр түтгэлзүүлсэн тушаал гаргасан. Уг хэргийг прокуророос хянаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Албан үүргээ түр түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон. Би албан ёсоор ажпаасаа гараагүй /халагдсан тушаал байхгүй/ 2013 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан н.Сэмжиддорж даргатай уулзаж ажилдаа орох өргөдөл өгөхөд түр хүлээж бай ажпын байрны орон тоо гарахаар авна гэсэн хариуг өгсөн гэтэл дарга нь солигдсныг мэдээд миний бие 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ажилдаа орох тухай өргөдөл дахин гаргахад Тус хэлтсийн дарга Д.Одонтунгалаг нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “Төрийн албаны болон болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэн ажилд авах үндэслэлгүй байна гэсэн хариуг албан бичгээр өгөөд намайг ажилд эргүүлэн авахгүй байна. Би ажилдаа орох хүсэлтэй байна.

Иймд: Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь намайг ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, намайг ажилд томилсон тушаал гаргахыг даалгаж асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.Одонтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын хэлтэстэй холбогдуулан Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Даваажавын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. С.Даваажав нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш буюу 2 жил, 6 сарын хугацаанд ажилд орох тухай хүсэлтээ харьяа байгууллагадаа гаргаагүй.

2. С.Даваажавын ажиллаж байсан Эрүүл мэндийн зардал, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрыг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оны 02 дугаар сард зарлаж сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэн А.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь шаардлагыг хангаж, томилогдон ажиллаж байгаа.

3. С.Даваажавт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосны дараа ажил, албан тушаалдаа эргэж орох хүсэлт гаргах хүртэл нь албан тушаалыг нь хэвээр хадгалах тухай үүргийг ажил олгогч хүлээгээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан байна.

Иймд иргэн С.Даваажавын өөрийнх нь хайхрамжгүй үйлдлээс болж Прокурорын тогтоол гарснаас хойш ажилдаа орох хүсэлт гаргаагүй нь Нийгмийн даатгалын хэлтсийн буруутай үйл ажиллагаа биш байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд А.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайрбартаа: “А.Бат-Эрдэнэ миний бие 2014 оны 2 дугаар сард болсонт төрийн албаны мэргэшлийн шалгалтаар Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын зарлага, төлбөр тооцоо орон тооны ажлын байр зарлагдсаны дагуу шалгалтанд орж тэнцсэн.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 6.2.1-д заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын зарлага төлбөр тооцооны ажилтнаар томилогдсон.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” тушаал гарсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын зарлага, төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар одоог хүртэл ажиллаж байна.

Миний бие С.Даваажав гэдэг хүнийг танихгүй. Энэ хүнээс ажил хүлээлцэж аваагүй. Н.Баярсайхан гэдэг залуугаас ажил хүлээж авсан.

Мөн С.Даваажав гэдэг хүнээс ажлын байр хүлээлцэж аваагүй учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Даваажав Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Одонтунгалагт холбогдуулан “Ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, томилсон тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч С.Даваажавыг ажилд томилохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 13 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын төлбөр тооцоо, мэдээллийн сан хариуцсан байцаагчаар Ё.Даваажавыг томилон[1] ажиллуулахаар болсон байна. Үүнээс хойш 8 сарын дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас түдгэлзүүлэх тухай” 59 дүгээр даргын тушаалаар[2] нэр бүхий 3 албан тушаалтныг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн тушаал гарах шалтгаан нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Д.Батцэнгэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 201205000187 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал байна. 

Дээрх эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/27 дугаар “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, ийнхүү хэрэгсэхгүй болсноор С.Даваажавт авсан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоол хүчингүй болсон атал өдийг хүртэл Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцан ажиллаж байсан албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 27.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална.”, 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасныг тус тус зөрчсөн, төрийн албаны хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан үйлдэл болжээ.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа С.Даваажавыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг гардаж авснаас хойш 2 жил 6 сар ажилдаа эргэн орох талаар хүсэлтээ харьяа байгууллагадаа гаргаагүй, түүний ажиллаж байсан албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, өөр этгээдийг томилсон, түүний ажлын байрыг хадгалах үүргийг ажил олгогч хүлээгээгүй гэх үндэслэлийг дурдсан нь дараахь байдлаар хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч С.Даваажав өөрийн эрхэлж байсан Эрүүл мэндийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд эргэн орохоор удаа дараа буюу Нийгмийн даатгалын хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 24[3], 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр[4] тус тус хандсан албан бичиг, тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Сэмжиддоржийн мэдүүлэг[5] зэрэг баримтаас үзвэл хариуцагч асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан, зайлсхийсэн эс үйлдэхүй гаргасан буруутай гэж үзнэ.

Түүнчлэн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа төрийн албанаас халагдах эсхүл чөлөөлөгдснөөр дуусгавар болохоор хуульд заасан атал ямарваа нэг шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй нь хууль бус байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 111/ШЗ2016/0123 дугаар захирамжаар А.Бат-Эрдэнийг гуравдагч этгээдээр[6] татан оролцуулсан, нэхэмжлэгч С.Даваажав Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 2 дугаар сард зохион байгуулсан сонгон шалгаруулалт, А.Бат-Эрдэнийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал зэргийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. 27 дугаар зүйлийн 27.1.2,  27.2.1 дахь хэсгийг тус тус баримтлан С.Даваажавыг ажилд томилохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН


[1] Хавтаст хэргийн 32 дахь тал

[2] Хавтаст хэргийн 33 дахь тал

[3] Хавтаст хэргийн 67 дахь тал

[4] Хавтаст хэргийн 7 дахь тал

[5] Хавтаст хэргийн 58-59 дэх тал

[6] Хавтаст хэргийн 19-20 дахь тал