| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2022/02712/И |
| Дугаар | 192/ШШ2025/07459 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/07459
| 2025 09 23 | 192/ШШ2025/07459 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, **** тоот хаягт байрлах, ***К /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, ****тоот хаягт байрлах, **** /РД:*****/-д холбогдох,
Гэрээний үүрэг болон хохиролд 74,308,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***К, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...****нь ****-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх авлага өглөгийн товчоо тооцоогоор барилгын ажилд шаардлагатай 3484 ширхэг бараа материалыг 3-157 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-450 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 57,054,875 төгрөг дээр эвдэрсэн барааны үнэ 60,000 төгрөгийг нэмж нийт 57,114,875 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас нийт толсон 12,818,670 төгрөгийг хасч тооцоход нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүн 44,296,205 төгрөг дээр барьцаа 3,000,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг **** нь хүлээн зөвшөөрч захирал **** нь авлага өглөгийн товчоо тооцоо болон тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан ба барьцаанд 3,000,000 төгрөгийг төлсөн.
Мөн түрээсийн үргэлжлэл болох 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх бараа материалын тооцоогоор нийт 1821 ширхэг бараа материалыг 11 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-230 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 2,741,695 төгрөгийг төлүүлэх
тооцоо гарсан дээр өмнөх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх түрээсийн тооцооны үлдэгдэл 44,296,205 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 47,037,900 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг **** нь хүлээн зөвшөөрч захирал **** нь бараа материалын тооцоо болон тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Мөн түрээсийн үргэлжлэл болох өвөлжилтийн түрээсийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх авлага өглөгийн товчоо тооцоогоор 1821 ш бараа материалыг 2-111 хоногийн хугацаанд 1 хоногийн 50-230 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 2,109,070 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн үргэлжлэл болох авлага өглөгийн товчоо тооцоогоор 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 451 ш бараа материалыг 12-18 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-230 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 1,407,510 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх өмнөх түрээсийн тооцооны үлдэгдэл 47,037,900 төгрө,г мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн тооцооны дүн 2,109,070 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 50,554,480 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр дутсан борлуулсан барааны дүн 14 ширхэг барааны үнэ 590,700 төгрөг дээр эвдэрсэн 280 ширхэг барааны үнэ 1,347,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл 52,492,180 төгрөг төлүүлэхээс барьцаанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасч нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 49,492,180 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг **** нь одоо хүртэл төлөлгүй манай компанийг хохироож байна. Түрээсийн алданги тооцоог 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 685 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 169,510,717 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 49,492,180 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 24,746,090 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.
Иймд **** нь ****-аас түрээсийн үлдэгдэл төлбөр болон эвдэрсэн, дутсан, борлуулсан барааны нийт үнэ 49,492,180 төгрөгийг төлүүлэх тооцоон дээр алланги 24,746,090 төгрөгийг нэмж нийт 74,238,270 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр ****-ийг эрэн сурвалжлуулахад 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг нэмж нийт 74,308,470 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
"***К нь манай байгууллагатай түрээсийн гэрээ байгуулахдаа өөрт үлдэх хувийг 1 жилийн хугацаатай, манайд компанид үлдэх 1 хувь гэрээг 30 хоногийн хугацаатай хоёр өөрөөр хийсэн байна. Тодруулбал, ****-ийн одоогийн гүйцэтгэх захирал****2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, хуучин захирал ****аас компанийг шилжүүлэн авсан. Компаниа шилжүүлэн авах үед **** нь ямар нэгэн өр, төлбөр тооцоогүй гэж хэлсэн ба байгууллагын нэр дээр хийгдсэн урт хугацаатай аливаа гэрээ, хэлцэл байгаагүй. Тухайн үед **** нэхэмжлэгч компанитай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж, уг гэрээнд холбогдох төлбөр тооцоог гэрээ хийхдээ бүрэн төлсөн, талуудын хооронд төлбөрийн үлдэгдэлгүй байсан болно.
Мөн ****ийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ****-ийг шилжүүлэн авснаас хойших хугацаанд нэхэмжлэгч компанийн нэг ч ажилтан манай байгууллага дээр биечлэн ирж түрээсэлсэн гэх бараа материалыг хүлээлцэж, орлого зарлагын баримт үйлдэж байгаагүй, маргаан бүхий түрээсийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоо зэрэг нэхэмжлэлд дурдсан асуудлаар огт холбогдож байгаагүй хэрнээ шүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй мэт нэхэмжлэл гарган, үндэслэлгүйгээр илүү төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. ****-г****шилжүүлэн авснаас хойш ****-иас түрээсээр бараа материал хүлээн авч, хамтран ажилласан тохиолдол огт байхгүй. Өөрөөр хэлбэл уг түрээсийн гэрээний 30 хоногийн хугацаа дуусгавар болж, түүнтэй холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан, талуудын хооронд тооцооны үлдэгдэл байхгүй байхад нэхэмжлэгч "***К нь шүүхэд түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан мэт бодит байдлыг гуйвуулан нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгч "***К-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт Улсын тэмдэгтийн хураамж 529,600 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 44,296,205 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага, өглөгийн товчоо, 47,097,900 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, бараа материалын тооцоо, авлага өглөгийн товчоо, түрээсийн тооцоо, нягтлан бодогчийн ажил байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 70,200 төгрөг төлсөн цахим гүйлгээний баримт, дутаасан барааны төлбөр, 5 ширхэг зарлагын, 6 ширхэг орлогын баримтууд, 1 жилийн хугацаатай байгуулсан 2020 оны 5 сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, авлагын товчоо тайлан, Хаан банкны дансны хуулга.
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн баримт - Итгэмжлэл, 30 хоногийн хугацаатай байгуулсан 2020 оны 5 сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, бараа материалын тооцоо, 49,492,180 төгрөгийн авлага, өглөгийн тооцоо, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, санхүү байдлын тайлан, тооцоо нийлсэн акт, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр хамтран ажиллах гэрээ, барилгын туслах материал түрээслэх гэрээ, албан бичиг, хүлээн авсан бараа материалын акт, барилгын хэв хашмал түрээслүүлэх гэрээ, барилгын туслах материал түрээслэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдсэн баримт -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 4 ширхэг орлогын баримтууд, 2023 оны 5 сарын 29-ний өдрийн гэрчээр **** асуугдсан тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 4 сарын 22-ны өдрийн гэрчээр **** дахин асуугдсан тэмдэглэл, санхүүгийн тайлан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****-иас хариуцагч ****-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон хохиролд 74,308,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 70,627,050 төгрөгийг хангаж, үлдэх 3,681,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...****нь ****-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Түрээсийн үлдэгдэл төлбөр болон эвдэрсэн, дутсан, борлуулсан барааны нийт үнэ 49,492,180 төгрөгийг төлүүлэх тооцоон дээр алданги 24,746,090 төгрөгийг нэмж нийт 74,238,270 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан гэж тайлбарладаг.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...1 сарын хугацаатай гэрээ байгуулсан, төлбөр тооцоог төлж дуусгасан, үүний дараа компанийг****нь **** захирлаас шилжүүлж авсан, үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж байгаагүй, мөн шаардлагаа нотолно гэх баримтууд хуулийн шаардлага хангахгүй байгаа, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж байна гэж тайлбар гарган маргадаг.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
4.1. Шүүх хариуцагч ****-д холбогдуулан гаргасан ****-ийн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Удаа дараа хариуцагчийг шүүхэд мэдэгдэх хуудсаар, утсаар холбогдон дуудсан байх бөгөөд 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 15543 дугаартай шүүгчийн захирамаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан, шүүхээс хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулжээ.
4.2. Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүхээс 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 22221 дугаартай шүүгчийн захирамж гарч түрээсийн гэрээ болон баримт дахь гарын үсэг ****ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг.
Улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 13/1676 дугаартай албан бичгээр ...****ын гарын үсгийн загваруудыг хүргүүлэх боломжгүй гэсэн албан бичиг ирсэн, шинжилгээ хийхээс татгалзав гэх хариуг ирүүлсэн тул шүүх 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 5130 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, уг захирамжид талууд гомдол гаргаагүй болно.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
4.4. Хариуцагч талын татгалзлаа нотлохоор ирүүлсэн 1 сарын хугацаатай байгуулсан гэх түрээсийн гэрээнд ...нэг талаас ****, нөгөө талаас **** нарын хооронд түрээсийн гэрээг 2020 оны 5 сарын 25-ны өдрөөс 6 сарын 24-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаагаар байгуулав гэж заасан хэдий ч түрээслэгч, түрээслүүлэгч талууд гарын үсэг зураагүй байна.
Харин нэхэмжлэгч талын шаардлагаа нотлохоор ирүүлсэн 1 жилийн хугацаатай байгуулсан гэх түрээсийн гэрээнд ...нэг талаас ****, нөгөө талаас **** нарын хооронд түрээсийн гэрээг 2020 оны 5 сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулав гэж заасан, талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг, санхүүгийн дардсыг даран баталгаажуулжээ.
5. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:
5.1. Дээрх 2 түрээсийн гэрээ, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын хооронд эд хөрөнгө /хэв хашмал, гадна дотор булан, сапуд, труба.../ түрээслэх хэлцэл байгуулагдсан байх ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэх 30 хоногийн хугацаатай гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцээгүй буюу гэрээнд талууд гарын үсэг зураагүй байх тул уг бичгийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй болно.
Харин 1 жилийн хугацаатай гэрээг талууд 2020 оны 5 сарын 25-ны өдөр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд заасан хэлцлийн хэлбэрт нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5.2. Хүчин төгөлдөр хэлцлээс үүсэх эрх, үүргийг гэрээний талууд хүлээх бөгөөд нэхэмжлэгч ****-иас эд хөрөнгө түрээслэж ****-д шилжүүлсэн, **** түрээсэлсэн эд хөрөнгийн төлбөрийг төлсөн үйл баримт дээр талууд маргадагүй, харин түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, төлөөгүй асуудлаар харилцан мэтгэлцдэг.
Нэгэнт тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч төлбөрийг шаардах эрхтэй.
5.3. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас түрээсийн зүйлийн тоо ширхэг, 1 сарын түрээсийн төлбөр төлсөн асуудалд маргаагүй ба хариуцагч тал 1 жилийн хугацаатай гэрээ байгуулаагүй, уг 1 жилийн түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй гэж маргадаг, энэ талаарх үгүйсгэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас гарган баримтаар нотолно гэдэг.
Хэрэгт авагдсан 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээ, 44,296,205 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 47,037,900 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудаас үзэхэд 2020 оны 5 сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 сарын 30-ны өдрийг, 2020 оны 5 сарын 26-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг дуустал хугацаан дахь тооцооны үлдэгдэлтэй болохоо харилцан нийлж хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран тамга, дардсаа дарж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
Харин 49,492,180 төгрөгийн авлага, өглөгийн тооцоог хүлээн зөвшөөрсөн үйл баримт нотлогдоогүй. Мөн өмнө дурдаж дүгнэсэн тооцоо, үлдэгдлийн баталгаа баримт хуурамч гэх агуулга бүхий хариуцагч талын тайлбар нотлогдоогүй. Хэдийгээр гэрч ****аас 1 жилийн хугацаатай гэрээ байгуулдаггүй, энэ баталгаа, гэрээн дээрх гарын үсэг минийхтэй ижил байна, техник технологи хөгжихийн хэрээр энэ мэт зүйл хийх боломжтой гэж мэдүүлдэг ч энэ талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй, гарын үсэг хуурамч эсэх асуудлаар шинжээчээс дүгнэлт гаргах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байдаг.
5.4. Мөн хариуцагч талаас ...тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан гэх цаг хугацаанд ****-ийн захирал **** байгаагүй, гарын үсэг зурж тэмдэг дарсан нь хүчин төгөлдөр бус, 2020 оны 6 сарын 25-ны өдөр****гүйцэтгэх удирдлага болсон, компанийг авсан, түүнээс хойш би тамга тэмдгээ хүнд өгч ашиглуулаагүй гэх тайлбарыг гаргадаг ба хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоно.
Тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага 2020 оны 6 сарын 25-ны өдөр солигдсон, 2020 оны 9 сарын 29-ний өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх хэдий ч нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч байгууллагын хувьд энэ талаарх мэдээ, мэдээллийг мэдэх боломжгүй байсан, түрээслэгч мэдэгдээгүй гэх татгалзсан тайлбар гаргасныг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь түрээслэгч **** өмчлөгч өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг түрээслүүлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй, 10, 11 сард үйлдэгдсэн тооцоо нийлсэн акт баримтад хуулийн этгээдийн дардас дарагдаж гэрээ хэлцэл байгуулж байх үед хуулийн этгээдийн төлөөлөх бүрэн эрхтэй байсан **** гарын үсэг зурсан үйл баримттай холбож байна.
5.5. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээ хэлцэл, баримтууд нь энэхүү хэрэг маргаанд хамааралгүй баримт бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэхийн зэрэгцээ нотлох баримтаар хуурамчаар үйлдсэн буюу хуулийн этгээдийн дардас, гарын үсэг хуурамч гэх агуулга бүхий тайлбар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанчлан бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар гэж үзлээ.
6. Иймээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийг дүгнэж харилцан тооцоо нийлсэн 47,037,900 төгрөгийн баримтын дагуу хариуцагч тал уг төлбөрийг хариуцах үүрэгтэй ба мөн гэрээний үүргийг гүйцэтгээгүй хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон гэрээний зүйл заалтын дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрснээс хойшхи цаг хугацаанд тооцогдох алданги хуульд заасан 50 хувиас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож шаардаж байгаа гэх тайлбар нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна. Талуудаас харилцан тооцоо нийлээгүй, баримт баталгаажаагүй 49,492,180 төгрөгөөс алдангийг тооцсон нь үндэслэлгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч талын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахтай холбоотойгоор компанид учирсан хохирол гэх 70,200 төгрөгийг шаардсан шаардлагын хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардлага гаргасан байна. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах хаягийг олж тогтоох ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.
7. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****-иас түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 47,037,900, алданги 23,518,950 төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 70,627,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,681,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ****-иас 70,627,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,681,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 511,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ