| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0267/З |
| Дугаар | 128/ШШ2026/0647 |
| Огноо | 2026-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2026/0647
2026 07 01 128/ШШ2026/0647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК/РД:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх арга хэмжээний хүрээнд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2021 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,105,219,401.68 төгрөгийг гаргуулах, алданги 733,537,300.21 төгрөгийг, нийт 2,838,756,701.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг М******* ХХК-д холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.2. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, М******* ХХК-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх хуваарь гарган баталгаажуулах хүсэлтийг удаа, дараа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан.
2.3. Улмаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-д зааснаар М ХХК-иас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, түүний эрх бүхий албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
2.4. Үүний дараа нэхэмжлэгч М******* ХХК-аас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хариуцагчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.5. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай захиргааны акт гаргахыг даалгах... шаардлагаасаа татгалзаж, ...нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох...-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч "М*******" ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. "М*******" ХХК-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, харилцагч компаниудаас авах авлага хойшилсон, банкны зээл хугацаа хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас компанийн санхүүгийн байдал хүндэрч, 2025 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр хуримтлагдсан. Компанийн санхүүгийн тайлан алдагдалтай гарч төлбөрийн чадвар муудсан тул нийгмийн даатгалын шимтгэлийн үүссэн өр төлбөрийг нэг дор төлөх боломжгүй нөхцөл үүссэн юм. Иймд бидний зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн өр төлөх нарийвчилсан хуваарийн дагуу гэрээ үйлдэн баталгаажуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа хүргүүлсэн юм.
3.2. Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас дээрх хүсэлтийг хангаагүй бөгөөд компанийн удирдлагатай уулзалт хийгээгүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу шимтгэлийн өрийг хуваарийн дагуу төлөх тухай гэрээ байгуулах талаар шийдвэр гаргахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэл мөн гэж бид үзэж байна. Тодруулбал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэж заасан ба дараах байдлаар шат дараалсан арга хэмжээг зохицуулсан.
3.3. Үүнд уг журмын 6.6.4 дэх хэсэгт 181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах; Санамж: 1.Гэрээг 12 хүртэл сарын хугацаагаар байгуулна." 6.7 дахь хэсэгт "...энэ журмын 6.6.4-т заасан гэрээг 6 хүртэл сарын хугацаагаар нэг удаа сунган шийдвэрлэж болно." гэж тус тус заасан байдаг. Дээрх зохицуулалтаас харахад ажил олгогчийн шимтгэлийн өрийг төлөгдөөгүй хугацаагаар нь ангилахаар заасан бөгөөд журмын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт 181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулна гэж нийгмийн даатгалын байгууллагын авах арга хэмжээг маш тодорхой заасан байна.
3.4. Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь манай компанитай шимтгэлийн өр төлөх нарийвчилсан хуваарь бүхий гэрээ байгуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй, холбогдох журмыг биелүүлэхгүй байгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.6.4-т заасныг илтэд зөрчсөн эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас ажил олгогчийн эрх зүйн Байдлыг дордуулж байна. Хариуцагч нь уг журамд заасны дагуу арга хэмжээг хууль журмын дагуу хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, өр төлөх нарийвчилсан хуваарь гарган гэрээ үйлдэн баталгаажуулсан бол ажил олгогчийн хувьд хуулиар олгогдсон эрх ашиг нь хангагдах бөгөөд гэрээний дагуу өр төлбөрөө төлж, алдангиас чөлөөлөгдөх байсан.
3.5. Гэтэл хариуцагч нь ажил олгогчид үүссэн санхүүгийн нөхцөл байдалтай ганилцаагүй, удирдлагуудтай уулзаагүй, шимтгэлийн өр төлүүлэх журмыг биелүүлээгүй атлаа ажил олгогчоос их хэмжээний алданги гаргуулахаар шаардаж байгаа нь ажил олгогчийн эрх, ашгийг зөрчиж байна. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар болон дарга Л.Жавзандулам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй, шимтгэлийн өрийг хуваарийн дагуу төлөх талаар шийдвэр гаргаагүйн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, 52.5.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг баталгаажуулах талаар нийтийн эрх зүйн харилцаа үүсэх ёстой байсан эсэхийг тогтоолгох, хариуцагчийг холбогдох журмын хүрээнд захиргааны акт гаргуулахыг даалгах зайлшгүй шаардлага үүсч байх тул энэхүү шаардлагыг гаргаж байна.
3.6. Учир нь хэрэв хариуцагч байгууллага нь хууль болон журамд заасны дагуу ажил олгогчтой шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарийн дагуу төлүүлэх гэрээг байгуулах шийдвэр гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой бөгөөд шимтгэлийн өрийг нэг доор бус хувааж төлөх, алдангиас чөлөөлөгдөх зэргээр манай компанийн санхүүгийн нөхцөл байдалд эергээр нөлөөлөх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч М******* ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын санд 2,632,789,850.44 төгрөгийн шимтгэлийн өртэй бөгөөд 2021 оны 11 дүгээр сараас эхлэн даатгуулагч буюу ажилтнуудад олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын хуульд заасны дагуу суутган авсан боловч нийгмийн даатгалын санд төлөөгүй их хэмжээний өр үүсгэсэн. Үүссэн өрийг гаргуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон журамд заасныг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гарсан бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр удаа дараа хойшилж 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж гаргасан.
4.2. 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаарт тогтоолоор гомдлыг хангаж шийдвэрлэн М******* ХХК-аас шимтгэлийн 2,838,756,701.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр товлосон. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө." Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тогтоолын хавсралтаар Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийг баталж тус дүрмийн 3.3 дах хэсгийн 3.3.1-т "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр; гэж тус тус заасан.
4.3.Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын ******* дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.5-д 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлэх тухай зохицуулсан байх бөгөөд 6.5 дах хэсэгт өрийн насжилтын тодорхой ангилсан байна. Өөрөөр хэлбэл М******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сараас 2026 оны 02 сарыг дуусталх хугацаанд шимтгэлийн өрийн насжилт нь энэ журамд заасан 271-хоногоос хэтэрсэн байна. Тус шүүхээр нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага барагдуулах гэрээг "илт хууль бус" болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэр бүхий байгууллагаас нэхэмжилсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 121.1.3-д зааснаар шийдвэрлэсэн. Мөн хуулийн 65.1.3-т эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М******* ХХК-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргаж, ...журмын зохицуулалт 2024 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн тул тус журмын 6.6.4-т заасан 271 хүртэл хоногийн насжилттай шимтгэлийн өрийг тоолох хугацаа 2024 оны 01 дүгээр сараас эхлэн тооцогдох ёстой, иймд 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацааны шимтгэлийн өрийг хуваарь гарган төлүүлэх боломжтой байсаар атал Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас иргэний хэргийн шүүхэд 2024 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаж, журмыг хэрэглэх боломжийг бидэнд олгоогүй, иймд тус хугацаанд өр төлүүлэх хуваарь гарган баталгаажуулах боломжтой байсан болохыг тогтоолгоно, ингэснээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байсныг болон түүнээс хойших хугацаанд өр үүсэхгүй байсан эерэг нөхцөл байдал үүсгэнэ... гэж үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
3.1. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.4.2-т ... нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад баримтлах субсидиар зарчим нь нэг талаар нэхэмжлэгч хүчингүй болгох болон даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөлийг тойрч гарах арга замыг үгүйсгэх, нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг. Хүчингүй болгох, даалгах зэрэг үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр нь тогтоох нэхэмжлэлийг бодвол шууд биелэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрхийг илүү хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л тогтоох нэхэмжлэлийг гаргах боломжтой буюу тухайн этгээдийн хувьд нэхэмжлэлийн өөр бусад үндсэн төрлүүдээс (хүчингүй болгох, даалгах гэх мэт) аль нэгийг нь сонгож нэхэмжлэл гаргах боломжгүй, хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй, эсхүл ийм нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдахааргүй байгаа, ерөөс эдгээр шаардлагыг гаргах боломжгүй буюу бусад нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдлыг ойлгоно...[1] гэж энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах, хүлээн авах урьдач нөхцөлийг тодорхойлон тайлбарласан.
3.2. Нэхэмжлэгч М******* ХХК-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хуваарь гарган төлүүлэх хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
3.3. Гэтэл М******* ХХК-аас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шүүхэд гаргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай захиргааны акт гаргахыг даалгуулах-аар маргасан, хэдийгээр шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ...эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох... шаардлагыг хүлээн авахаас татгалзсан боловч нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь захиргааны акт гаргахыг даалгах шаардлага, түүний үндэслэл хамаарч байх тул тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.
3.4. Ийнхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг дэмжин оролцохоос татгалзаж, нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагыг дангаар гарган, нэхэмжлэлийн тус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
3.5. Дээрх байдлаар маргаан бүхий тус асуудлаар нэхэмжлэгч М******* ХХК-аас эхэлж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас ...нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх... шийдвэрийг гаргаагүй, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах боломжгүй, иймд нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийг хоёрдогч байдлаар гаргасан нь үндэслэлтэй гэж үзээд шүүхээс нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэлээ.
4. Тус хэргийг хянан шийдвэрлэхэд, шүүхээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам /цаашид журам гэх/-ын 6.6.4-т заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр тооцох хугацааг хэрхэн тоолох, 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхэд нарийвчилсан хуваарь батлан төлүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ.
5. Нэхэмжлэгч М******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн ажилтнуудын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй үргэлжилсээр 2026 оны 02 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын санд 2,632,789,850.44 төгрөгийн шимтгэлийн өр төлөхөөр хуримтлагдсан болох нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас гаргаж өгсөн Ажил олгогчийн шимтгэл авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл-ээр нотлогдсон, үүнээс 2021 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг баталж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын дугаарт бүртгэгдэн, нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.
7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. гэж, дээрх журмын 6.4.-т Шимтгэлийн өрийн насжилтыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хугацааны дараагийн сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно., 6.5.-т Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 6.1-д заасан ажил олгогчийн шимтгэлийн өрийг 6.4-т заасан хугацаанаас хойш төлөгдөөгүй хугацаагаар нь дараах байдлаар ангилна. гэж тус тус заасан.
8. Тус зохицуулалтаас үзвэл, ажил олгогч нь суутгасан болон тооцсон шимтгэлийг тухайн сардаа багтаан нийгмийн даатгалын санд тухай бүр төлөх үүрэгтэй, хэрэв тухайн сардаа багтаан шимтгэл төлөх үүргээ биелүүлэхгүй бол дараагийн сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын санд төлөх өр үүссэнд тооцож, шимтгэлийн өрийн насжилтыг тоолж эхлэхээр байна.
9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тогтоогдсон тул шимтгэлийн өрийн насжилтыг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тооцно.
10. Иймд, М******* ХХК-ийн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өрийн насжилтыг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тооцвол 2024 оны 7 дугаар сарын байдлаар 970 хоногийн шимтгэл төлөх өрийн насжилттай байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрыг журмын 6.6.4.-т 181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах; гэж заасны дагуу шимтгэлийн өрийг хуваарь гарган төлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах, мөн журмын тус зохицуулалтыг хэрэглэх харилцаа үүсэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
11. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хуваарь гарган төлүүлэх журам 2024 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тул нийгмийн даатгалын санд төлөх өрийг хуваарь батлах хугацааг 2024 оны 01 дүгээр сараас тооцох ёстой... гэж журмыг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангуулахаар маргаж буйг хүлээн авах боломжгүй.
12. Тухайн журам мөрдөгдөж эхэлснээр 181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжийн хувьд журмын 6.6.4 дахь зохицуулалт хэрэглэгдэхээс биш журам хүчин төгөлдөр болсноор нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн насжилтын хугацааг шинээр тооцох харилцааг үүсгэхгүй.
13. Түүнчлэн, журмын 6.6.5.-т 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх; гэж зааснаар 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өрийг төлүүлэхээр хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх зохицуулалттай байна.
14. Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч М******* ХХК-тай 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан М******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох. шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ