| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0283/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 294
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
хохирогч П.Э,
шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т овогт У.Б-д холбогдох эрүүгийн 1810005220303 дугаартай, 187/2018/0283/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт У.Б /РД:ЕЮ84060311/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... дүгээр байрны орцонд хохирогч П.Э-тай маргалдан хамар руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч У.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... дүгээр байрны орцонд иргэн У.А-н нөхөр хохирогч П.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийг иргэн У.А-н куртикнээс татсан байдалтай зогсож байхад нь “хохирогчийг У.А-г шатны уруу чирсэн” гэж ойлгон түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч У.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би уурандаа хохирогчийг цохьсон...Би 5 давхарт зогсож байхад П.Э-тай тааралдсан. 2 давхарт хаалга онгойж хүн орилолдоод эхэлсэн. Би гүйж очоод хохирогчтой зууралдаж зогсож байгаад цохьсон...Хохирогчид учирсан хохирол төлбөрийг 2018 оны 9 дүгээр сараас өмнөөс төлөх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай эхнэр бид 2 түр хугацаанд тусдаа амьдарч байсан ба буцаад нийлэх гэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө буюу хэрэг болдог өдөр манай эхнэр ажлынхаа хүнтэй уулзах хэрэг гарлаа гээд явсан. Оройн 23 цагийн үед утас нь холбогдохгүй байхаар нь би санаа зовоод гэрийнх нь гадаа очсон. Орцны цонхоор У.Б харагдсан ба ороход дээд давхар руу гараад явсан байсан. Би урьд нь У.Б-тай тааралдаж байсан ба манай эхнэртэй холбоотой гэдгийг мэддэг байсан. Мөн хэд хэдэн удаа эхнэртээ та 2 одоо асуудлаа больчих, үр хүүхдээ бодъё гэж хэлж байсан. Тэр өдөр дахин та 2 больчих, хүүхдээ бод гэхэд У.Б би У.А-тай ярина гэсэн. Тэгээд У.А гэрээсээ архи, согтуурууах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирэхэд нь чи ингэж явах юм бол болъё гээд дагуулаад доод давхар руу явж байхад шатан дээр суучихсан. Тэгэхээр нь би босгох гээд зууралдаж байхад У.Б гүйж ирээд намайг цохьсон. Тухайн үед хамарнаас цус гараад ярилцаж чадаагүй.../Танд гомдол санал байна уу/ Байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч П.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А тусдаа амьдарсаар байсан юм. Ингээд тусдаа байгаа байранд нь би У.А-тай байнгын эрэн очин уулзаж байсан юм. Тухайн орой буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө мөн адил У.А надтай утсаар ярихдаа “найзуудтайгаа уулзана” гэж ярьсан боловч утас нь холбогдохгүй болохоор нь би санаа зовоод 01-02 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг .... дүгээр байрны .... тоотод түр оршин сууж байгаа У.А-тай уулзахаар очсон. Ингээд байрны 3 дугаар орц руу У.А-д орохоор ороход У.Б гэх залуу гэрээс нь гараад 5 дугаар давхар луу дээшээ өгсөөд зугтаасан. Ингэхээр нь би араас нь очоод У.Б-тай уулзаж “та хоёр одоо больчихоо би үр хүүхэд гэр орноо бодмоор байна” гэж хэлсэн. Тэгэхэд У.Б “би У.А-тай ярина чамтай юу ч ярихгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад доошоо буухад 2 дугаар давхарын 40 тоотоос У.А гэрээсээ гарч ирсэн. Би уулзаад У.А-д “охин руугаа гэрлүүгээ явъя” гэж хэлсэн боловч У.А зөвшөөрөхгүй болохоор нь би тэврээд шатны уруу буулгахад У.Б дээрээс гүйж ирээд намайг учир зүггүй нүүр лүү гараараа цохиод, нүүр лүү өшиглөсөн. Шатны дээр зогсож байгаа болохоор доор нь байгаа хүнийг өшиглөх боломжтой байсан. Ингэтэл миний хамраас цус гарч би У.А-г тавиад доошоо буусан. Ингээд би цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан. Ингэтэл удалгүй цагдаа нар ирэхэд У.Б зугтаагаад явчихсан. Би эхнэртэйгээ цагдаа дээр ирсэн бөгөөд У.Б араас цагдаа дээр өөрөө ирсэн...Тухайн үед миний хамрын яс хугарч, таславч мурийсан, хоёр нүд хавдаж хөхөрсөн байсан бөгөөд одоо нүдний хавдалт хөхрөлт арилж эдгэрсэн. Харин хамрын хугаралаас болоод хамар байнга битүүрдэг болоод байна. Хамрын битүүрлээс болоод агаар дутагдаж толгой байнга өвддөг болоод байна...Би өөрийн эхнэр У.А-г У.Б-тай харьцаатай талаар 2017 оны 10 дугаар сараас мэддэг болсон...У.Б намайг яагаад зодож цохих болсныг мэдэхгүй байна. У.А-г авч явах гэлээ гэж зодсон байх гэж үзэж байна...Би өөрөө эхнэртэйгээ уулзах гэж очихдоо энэ У.Б гэж хүнд зодуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2939/-ний дүгнэлт:
-Э-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 17/
5. Шүүгдэгч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2015 онд У.А...гэдэг хүнтэй танилцаж хамт нэг газарт ажиллаж байсан юм. Улмаар 2016 онд түүнтэй үерхэж эхэлсэн. У.А өмнө нь амьдрал зохиож байсан ба нэг охинтой ба охиныг нь хуучин нөхөр П.Э гэдэг хүн хардаг гэж ярьж байсан. Тэгээд бид 2016 оноос хойш хамт амьдарч эхэлсэн ба Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... дүгээр байранд түр хугацаагаар байр түрээслэж байгаа юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр У.А найз нартайгаа уулзана гэж ярьж байсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн орчим гэррүүгээ харьж байна гэхээр нь би уулзахаар түүний түр амьдарч байгаа гэрийнх нь гадаа хүлээж У.А-г ирмэгц гэрт нь оруулж өгөөд байж байтал араас түүний хуучин нөхөр П.Э орж ирээд надтай хэрүүл өдөөд байхаар нь би түүнтэй юм ярихгүй... ..... дүгээр байрны 5 дугаар давхарт байж байтал доор У.А П.Э 2 хоорондоо маргалдаад түжигнээд эхлэхээр нь юу болов гээд гайхаад очтол У.А 1 дүгээр давхарт ухаан алдчихсан П.Э куртикнээс нь чирчихсэн зогсож байхаар нь би чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд түүний нүүр рүү нь 2-3 удаа цохиод У.А-г сэрээгээд 103 дуудаж өгөөд орцонд байж байтал П.Э гадагшаа гарчихаад буцаад орж ирээд хэрүүл өдөөд байхаар нь би У.А-г гэр рүү нь оруулсан харин П.Э араас нь яваад орохоор нь би тэр 2-т ярих зүйл байгаа байх гэж бодоод байж байтал тэр 2 эргэж гарч ирээд У.А цагдаа ирж байгаа чи яв яв гээд байхаар нь би яваагүй хүлээгээд учраа олъё гэж бодоод өөрийн биеэр цагдаа дээр ирсэн. Би түүнийг цохьсон нь миний буруу, харин П.Э намайг үгээр их өдөж хоргоосон. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг газар унагаачихсан ухаан алдуулчихсан чирчихсэн зогсож байхаар нь миний уур хүрээд түүнийг цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15/
6. Шүүгдэгч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг өнгөрч байх багцаанд Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... дүгээр байрны 3 дугаар орцны үүдэн дээр нь У.А-г найзуудтайгаа уулзаад ирлээ гэхэд нь уулзаж тосож аваад гэрт нь оруулсан. Тухайн орой У.А над руу яриад “найз нартайгаа уулзаж байна, ингэж байна, тэгж байна” гэж байнга холбоотой байсан. Ингээд У.А-тай уулзахад нилээн согтолттой байсан. Оруулж байхад У.А-н хуучин нөхөр П.Э орцны гадаа машинтайгаа ирж байгаа нь цонхоор харагдсан. Ингэхээр нь би У.А-г гэрт нь оруулж хаалгыг нь хаагаад 5 дугаар давхарт гарч зогссон. П.Э-тай уулзахаар элдэв үгээр хэлээд уулзахад их төвөгтэй байдаг болохоор аль болох уулзахгүйг хичээдэг юм. Ингээд байж байхад П.Э эхлээд ..... тоотын хаалгыг нүдэж байгаад 5 дугаар давхарт гарч ирж надтай уулзсан. Уулзаад П.Э надыг баахан хэл амаар “гөлөг, аятайхан байгаарай” гэх зэргээр доромжилж байгаад буусан. Би урдаас нь юм яриагүй. П.Э доошоо бууж байхад У.А гарч ирж байгаа хаалга нь дуугарч дуулдсан. Ингэтэл доор П.Э-н дуу гарч “чи намайг...доромжлоод байгаарай, бага өдөөрэй” гэсэн утгатай үг чанга чанга хэлж байгаа дуулдаж юм түжигнэх дуу гараад байсан. Ингэж байснаа П.Э “чи муу буугаад ир” гэж орилохоор нь би доошоо гүйж очоод харахад 1 дүгээр давхарын коридорын зайд У.А газар ойчсон байдалтай, П.Э куртикны малгайнаас нь урагш нь нүүр рүү нь дарж татсан байдалтай зогсож байсан. Тухайн үед би У.А-г П.Э шатны уруу чирсэн байна гэж ойлгоод шууд очоод П.Э-н нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Хөлөөрөө өшиглөсөн зүйл байхгүй. Цохингуутаа би П.Э-г “гар чи муу” гээд үүдний хаалга руу түлхээд явуулсан...П.Э араас ирж надтай хэрүүл хийж байгаад гэрт нь орж ирсэн. Би хаалгаар нь оруулж өгчихөөд үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа П.Э У.А-г хувцаснаас нь татаад сугадаад гараад ирсэн бөгөөд надад цагдаа ирж байгаа “чи яв” гэсэн. У.А-г уйлаад тайвширахгүй байгаа юм шиг болохоор нь би цагдаагийн хэсэг дээр өөрөө ирсэн...Намайг тухайн өдөр болон урьд өмнө нь П.Э цохиж зодож байсан зүйл байхгүй...Би П.Э У.А-г шатны руу чирсэн байдалтай зогсож байхаар нь хараад уур хүрч очоод нүүрэнд нь 2 удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2939/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч У.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ..... дүгээр байрны орцонд иргэн У.А-н нөхөр хохирогч П.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийг иргэн У.А-н куртикнээс татсан байдалтай зогсож байхад нь “хохирогчийг У.А-г шатны уруу чирсэн” гэж ойлгон түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчид учирсан хохирол төлбөрийг 2018 оны 9 дүгээр сараас өмнөөс төлөх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч П.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.../Танд гомдол санал байна уу/ Байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /....../, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч У.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг ......... аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирогч П.Э-н нэхэмжилсэн 1.980.655 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч У.Б-с 1.980.655 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Э-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт У.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Б-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг .......... аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. У.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч У.Б-с 1.980.655 /нэг сая есөн зуун наян мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч П.Э-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг У.Б-д сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг У.Б-д сануулсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР