Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

                                                  ***д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

хохирогч ***,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***д холбогдох 2410026561060 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

***, 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** зам гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Номин их дэлгүүрийн гадна зогсоол хохирогч *** автомашин урсгал сөрж явж байна хэмээн гаргах талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэж, автомашинаа байрлуулан буцаж ирж маргалдан улмаар автомашинаас буугаад ир гэж хоёр гараас нь татаж, хоёр хөлийн гуя хэсэгт цохих үйлдлээр зүүн тохой, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч ***аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж олгож,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдолдоо “...1. Хохирогч гэх ***гийн мэдүүлгээр түүнийг 20-30 удаа өшиглөж цохисон юм бол яагаад түүний биед ил харагдах цус хуралт болон зовуурь шаналал байхгүй байгаа нь яллагдагч ***ын тухайн цаг хугацаанд хийсэн дүрс бичлэгээр шууд харагдаж байна. 2. Миний бие өмгөөлөгч С.Чинбат анх 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болон дахин 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинжээч эмчийн дүгнэлттэй танилцах үед хохирогч гэх ***гийн тухайн цаг хугацааны гэмтлийн фото зураг байхгүй байгааг мөрдөгчид хэлсэн. Хавтаст хэргийн 37, 38 дугаар хуудаст авагдсан байгаа фото зургийг хэргийг шүүхэд шилжсэн хойно харж байна. 3. Шинжээч эмч ***гийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр хохирогч гэх ***гийн биед зүүн тохойд 1.5х1,2 см, 2х1,8 см, зүүн гуяны урд дунд 10,0х6,0 см, дотор дээд хэсэгт 3,0х2,8 см, баруун гуяны урд дунд 12,5х5,2 см, 3,0х2,0 см хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралттай гэжээ. Нийт 6 хэсэг газарт цус хуралттай гэжээ. Гэтэл шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат миний зүгээс шинжээч эмчид хандаж “танд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.15 дугаар зүйлд заасны дагуу баримтжуулсан гэрэл зураг байна уу гэхэд та хуулбарлаж авна гэх бол нээлттэй гэж хариулдаг./шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа/. Хуулбарлаж авах хүсэлтийг мөрдөгч болон Прокурорт гаргасан боловч шийдвэрлээгүй гэдэг мөртлөө уг зургийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаагүй болон шүүх хуралдаан дээр гаргаж өгөөгүй нь 6 хэсэг газар цус хуралттай гэх хэмжээний гэмтэл учирсан үйл баримт байхгүйг нотолж байна. 4. Хавтаст хэргийн 37, 38 дугаар хуудсанд байгаа фото зурагт байгаагаар 2 хэсэгт хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралт байгаа бөгөөд энэ хөнгөн гэмтэл хохирогч гэх ***гийн биед учирсан уу эсвэл өөр хүнийх үү гэдэгт маш их эргэлзээ дагуулж байна. Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат миний зүгээс таны биед хэдэн хэсэг газарт хөхрөлт үүссэн бэ гэж асуухад хохирогч мэдүүлэхдээ миний 3 хэсэгт гэж хариулдаг. /шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа/. 5. Хэрвээ уг фото зурагт байгаагаар хохирогч гэх ***гийн тухайн цаг хугацааны гэмтлийн фото зураг мөн гэж үзвэл 2 хэсэгт л байна. 6. Хэрвээ уг фото зурагт байгаагаар хохирогч гэх ***гийн тухайн цаг хугацааны гэмтлийн фото зураг мөн гэж үзвэл 2 хэсэгт л байна. 6. Хэрэгт байгаа ***гийн гаргаж өгсөн 37, 38 дугаар хуудсанд байгаа фото зургаар цус хуралтын зураг 2 хэсэгт, мөн хохирогч ***гийн шүүхэд өгсөн мэдүүлгээр 3 хэсэг газарт гэж мэдүүлдэг тул шинжээч эмч ***гийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 9009 дүгнэлтэд бичигдсэн 6 хэсэгт хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралттай гэж дүгнэснийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно гэж хуульчилсан хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие цагдаагийн газарт очихдоо 2024 оны 07 дугаар сарын 01-ний болон 02-ны өдөр авсан зургаа өгсөн. Мөн надад 2024 оны 07 дугаар сарын 15 өдөр авсан хөхрөлтийн дараа гарсан зураг байсныг мөрдөгчид өгсөн боловч аваагүй. Би 2 гуя, тохой хэсэг гэж хэлсэн бөгөөд хэсэгчилж заагаагүй. Миний гуяыг минийх биш гэж хэлсэн. Гэвч тухайн зураг дээрх гуяыг минийх гэдгийг нотолсон гэрэл зураг байгаа. Цагдаад өгсөн зурагт зөвхөн хоёр гуяны хэсгийн  гэрэл зураг байгаа.” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч ***гийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй холбоотой шинжээч эмч Болороог шүүх хуралдаанд цахимаар оролцуулж мэдүүлэг, тайлбар авсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х. Энхтуул нь хохирогч ***гийн биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалтай бүрэн нотлогдсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Номин их дэлгүүрийн гаднах зогсоол дээр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож урсгал сөрж явсан, хохирогч *** нь урсгал сөрж яваад байна, намайг гаргачхаад яваач гэж хэлж хоорондоо маргалдсан байх ба улмаар шүүгдэгч автомашинаа байрлуулан буцаж ирж, хохирогчийг автомашинаас буугаад ир гэж хоёр гараас нь татаж, хоёр хөлийн гуя хэсэгт цохих үйлдлээр зүүн тохой, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ***гийн “...Байрныхаа Номин супермаркет дэлгүүрийн гаднах зогсоол дээр дэлгүүр орох гээд ээжийнхээ хамтаар *** улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Номингийн урд талын зогсоол дээр машинаа байрлуулах гээд замын хөдөлгөөнд оролцож байтал өөдөөс нэг чигийн урсгалтай зам дээр урсгал сөрөөд *** улсын дугаартай цагаан өнгийн Эн Экс маркийн тээврийн хэрэгслийг нэг эмэгтэй жолоодсон явж байсан. Тэгэхээр нь би “миний машиныг гаргачхаад урсгал сөрөөд яваач ээ” гэж чангаар хэлж шаардлага тавьсан. Тэгтэл тэр эмэгтэй яг юу гэж хэлснийг нь сайн сонсоогүй өөдөөс хашхичаад байсан. Тэгээд тэр эгч миний машины хажуугаар чихсээр байгаад зөрж гараад зогсоол дээр байршуулсан. Тухайн үед ээж маань дэлгүүр ороод би машиндаа үлдээд сууж байтал тэр эмэгтэй миний талын машины хаалга онгойлгоод хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйг ирээд орилоод байхаар нь хаалгаа хаасан ба тэр эмэгтэй миний машины хаалга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод “Яагаад хаалга өшиглөөд байгаа юм бэ? яах гээд байгаа юм?” гэж асуусан. Тэгтэл учир зүггүй гарнаас татаад намайг машинаас чирч буулгах гээд байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалах гээд суудал руу шигдээд суусан ба миний толгойны дагз хэсэгт нарийн шифризний зүү байдаг тул буугаад тэр эмэгтэйтэй хэрүүл маргаан үүсгэвэл тархиндаа гэмтэл авч магадгүй гэж бодсон. Хаалга онгорхой үед миний хоёр гуя руу 20-30 орчим гараа зангидаад цохисон. Мөн миний хоёр гарнаас татаж, чангаагаад намайг машинаас чирч буулгах гээд байсан. Би өөрийгөө хамгаалах гээд хоёр гараараа тэр эмэгтэйн гарын түлхсэн. Тэгээд байж байтал тэр эмэгтэйн нөхөр нь ирээд эхнэрээ авч явах гэж оролдсон боловч тэр эмэгтэй над руу хэрүүл хийж, орилоод байсан. Хэрүүл маргаан болж байх үед тэр эмэгтэй над руу нулимсан ба миний цамц шүлс болсон байсан. Удалгүй ээж гарч ирээд хэрүүл маргааныг зогсоосон ба нөхөр нь эхнэрээ аваад явсан. ...” /хх 23-24/,

дахин өгсөн “...Тухайн үед тэр эмэгтэй тээврийн хэрэгслээ Номин их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд буюу Ази фарм эмийн сангийн урд хол байршуулчхаад буцаж над дээр ирж хэрүүл маргаан хийсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийнхээ жолоочийн суудал дээр сууж байсан ба ирчхээд шууд машины хаалга онгойлгоод над руу “Юу гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ?” гэх мэтээр орилж хашхирсан. Тэгэхээр нь би “Өөртөө чинь ярих юм байхгүй, урсгал сөрж орж ирсэн нь чиний буруу шүү дээ” гэж хэлээд шууд машиныхаа хаалгыг хаасан. Тэгтэл хаалга руу хөлөөрөө өшиглөсөн ба би машинаасаа буулгүй сууж байтал гараараа хоёр гуя руу шууд багадаа 20-30 орчим удаа цохиж зодсон. Бид хоёрын маргаан 10-15 минут орчим үргэлжилсэн ба тухайн цаг хугацаанд байнгын намайг машинаас минь чирч буулгах гээд угзарч татаад, хоёр гараараа гуя руу цохиж байсан. Тэр үед би богино шорт өмссөн байсан ба гараад тэр эмэгтэйтэй хэрэлдэж байх үед ямар нэг хөхрөлт үүсээгүй байсан хэдий ч хоёр гуя хорсоод хөндүүрлээд өвдөж байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 01-ний 22 цагийн үед буюу тэр эмэгтэйд зодуулсан орой хоёр гуя хартал хөхрөлт үүссэн байсан. Мөн зүүн тохойн орчимд татаж чангаасны улмаас хөхрөлт үүссэн байсан. ...” /хх 27/,

гэрч ***ийн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охинтойгоо 5357 УНҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Номин худалдааны төв орох гээд зогсоол дээр нь явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг эмэгтэй ороод ирсэн. Тэгээд охин маань “Хажуугаар чихээд байх юм. Хүлээж байгаач” гээд тэр эмэгтэйд хандаж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй машин дотроо орилж хашхираад байх шиг байсан. Надад яг юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Манай охин машинаа байршуулсан ба би ганцаараа Номин худалдааны төв рүү орсон. Ороод 20-30 минут орчим болсон ба охин дээрээ буцаад очтол *** улсын дугаартай цагаан өнгийн машины тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэй нөхөртэйгөө охин руу маань дайраад хэрүүл маргаан болж байсан. Тэр эмэгтэй охины маань хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж байсан ба би дундуур нь салгах гээд орсон. Би очоод тэр эмэгтэйд хандаж “чи болиоч ээ, тайван бай. Үг хэлээр ойлголцъё” гээд гуйсан. Тэгтэл “Битгий хуц, хохино” гээд орилоод байсан. Уг нь тэр эмэгтэй машинаа нэлээн хол байрлуулсан байсан ба буцаж ирээд манай охинтой хэрэлдэж, биед нь халдсан байсан. Тухайн хэрүүл маргаан болох үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс “Энэ эмэгтэйн буруу шүү дээ. Машинаа хол байрлуулчхаад тэр холоос буцаж ирээд хаалгыг нь онгойлгоод цохиод буулгах гээд чирээд байсан” гэж хэлсэн. ...Тухайн үед намайг очтол тэр эмэгтэй, нөхөр нь болон охин маань хоорондоо хувцаснаасаа зууралдсан байдалтай байсан. Тэгээд тэр хооронд хөлөөрөө охины маань хөл хэсэг рүү өшиглөөд байсан. Би дэлгүүр орчхоод гарч ирсэн болохоор өөр охины маань биед халдсан зүйлийг хараагүй. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн тохойд 1,5х1,2см, 2,0х1,8см, зүүн гуяны урд дунд 10,0х6,0см, дотор дээд хэсэгт ,0х2,8см, баруун гуяны урд дунд 12,5х5,2см, 3,0х2,0см хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралтай. Дүгнэлт: ***-н биед зүүн тохой, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 9009 дугаартай дүгнэлт /хх 35-36/, дуудлагын лавлагааны хуудас “...бусдад зодуулсан” /хх 6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шүүгдэгч ***аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч ***гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 39/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3,300,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбатаас “...Хэрэгт байгаа ***гийн гаргаж өгсөн 37, 38 дугаар хуудаст байгаа фото зургаар цус хуралтын зураг 2 хэсэгт, шүүхэд өгсөн мэдүүлгээр 3 хэсэг газарт гэж мэдүүлдэг. Шинжээч эмч ***гийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 9009 дүгнэлтэд бичигдсэн 6 хэсэгт хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралттай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно гэж хуульчилсан хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***, гэрч *** нараас мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж мэдүүлэг авсан, тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байхаас гадна хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хоорондоо агуулгын зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь автомашин жолоодож явсан замын хөдөлгөөнд оролцож явахдаа үл ойлголцон хоорондоо маргалдан, улмаар харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан нөхцөл байдал тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хөнгөн, шүүгдэгч ***ын эрүүл мэндэд учирсан гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, дээрх үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд, шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “...шүүгдэгч ***аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.

2. “Хохирогч *** нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.АЛДАР

 

               ШҮҮГЧ                                                                   Ц.ОЧ

 

               ШҮҮГЧ                                                                   С.БОЛОРТУЯА