Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 113/ШШ2026/0009

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А (РД:.............),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А нь Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан ”Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан.

1.1. Нэхэмжлэгч А.А-аас Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 113/ШЗ2026/0031 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Нэхэмжлэгч нь анх Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилогджээ.

2.1. Улмаар Мал эмнэлгийн газрын даргаас 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 тоот тушаалаар А.А-ыг эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн, хүний нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, дарамталсан, байгууллагын дотоод дэг журам, бичиг хэргийн нийтлэг журмыг зөрчсөн, удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны дунд үл ойлголцол үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулсан гэх үндэслэлээр 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халсан маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

2.2. Улмаар Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаарыг тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/866 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна.

2.3. Төрийн албаны зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/866 дугаартай албан бичгээр “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халсан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харъяалалд хамаарахгүй тул шүүхэд хандана уу” гэсэн хариуг ирүүлсэн ба нэхэмжлэгч нь А.А нь 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.А би тус байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байгаад 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаартай илт хууль бус, эрх зүйн зөрчилтэй актаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үед даргаар ажиллаж байсан Ч.О нь төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтуудад зааснаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

Ажлаас халсан тушаалын үндэслэл нь “Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан. Тухайн өдрөөс өмнө “Дарга АТГ-аас ирсэн албан бичгийг урж хаясан, өөртөө сахилгын шийтгэл ногдуулсан бичгийг урж хаясан” гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж “АТГ-аас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж өөрийн илт буруу үзэл бодлыг хүчээр тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн, дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан...” гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан.

...Ч.О нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн он, сар, өдөртэй “Сахилгын шийтгэл ногдуулсан тухай үндэслэлийг шалгасан тухай” гэх дүгнэлтийг өөрөө гаргаж, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгсөн ба уг дүгнэлтэд ёс зүйн дэд хорооны гаргасан дүгнэлтэд заагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад өөрөө шалгаж тогтоосон мэтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 39.1.4, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34, 35, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон гэж өөрчилж нэмж оруулсан.

Гомдол гаргагч О-ийн гаргасан дээрх дүгнэлттэй үг, үсэг, цэг, таслалын зөрүүгүй ижил дүгнэлтийг ёс зүйн дэд хорооны гишүүн О.П нь ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн гэх 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн он сартайгаар 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулж өгсөн...

...шалгалтын явцад тус байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдэд тогтмол зааварчилгаа өгч байсан ба энэ талаар нь “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 3.6 дахь заалт “Дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан тохиолдолд дэд хорооны дарга, гишүүн нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэхэд Ч.О нь “дарга ёс зүйн дэд хороонд санал, үүрэг чиглэл, зөвлөмж, хүсэлт өгөх эрхтэй”...гэх мэтээр байгууллагын групп дээр бичиж, байнга дуудан үүрэг чиглэл өгч байсан нь баримтаар тогтоогдоно. Энэ нь Ёс зүйн дэд хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралт “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 1.4 дэх хэсэгт заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нар нь дэд хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллахад нь дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөл, боломжоор хангана”...2.1 дэх хэсэг “Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу байгууллагын нийт албан хаагчдын санал хураалтаас олонхын дэмжлэг авсан, сондгой тооны гишүүнтэй байна”...мөн журмын 3.6 дахь заалт “Дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан тохиолдолд дэд хорооны дарга гишүүн нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ”...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шалгалтын ажиллагаа явуулсан...

Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мал эмнэлгийн газарт Захиргаа санхүүгийн албаны даргаар томилогдсон. 10 дугаар сард Увс аймгийн Гаалийн газарт ажиллаж байсан О гэх хүн мал амьтны эрүүл мэндийн хэлтсийн даргаар томилогдож орж ирсэн. О бид хоёр 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн албаны тусгай шалгалтыг өгч тэнцсэн. Гэтэл тухайн үед шууд томилчихсон. Увс аймгийн Гаалийн газраас С-ын О гэх хүнийг авчраад томилсон. Түүний дараа ХАСХУМ мэдүүлсэн чинь Авлигатай тэмцэх газраас шууд томилохгүй гээд бичиг ирсэн. 07-ны өдөр ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянасан тухай О дарга гээд ашиг сонирхлын зөрчилтэй байна. Мэдүүлгийг томилох эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан хүлээн авч хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн байх тул хянах боломжгүй гээд бичиг ирсний дагуу тухайн хүнийг ажлаас халсан. Тухайн хүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцно гэж О даргад Авлигатай тэмцэх газраас утсаар хэлсэн. Дараа нь 01 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар танайд хүргүүлсэн. Шуудангаар ирсэн Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга О танаа гээд хариуцлага тооцох гэж байгаа асуудлаа 3 хувь үйлдээд Авлигатай тэмцэх газарт үлдэнэ. Нэг нь наашаагаа ирээд, нэг нь Ерөнхий газар луу очно. Хариуцлага тооцох субъект нь Ерөнхий газарт байгаа. Тэгэхээр бичиг ирснийг бичиг хэргийн ажилтан Л хүлээж аваад бүртгэлийн дэвтэр дээр бүртгээд орсон гэсэн. Хэлж байсан үгнүүдийг нь олон албан хаагч сонсож байсан. Орж ирээд дарга ураад хаячихсан шүү дээ гэж ярьсан. Энэ асуудал 2024 оны 4, 5 дугаар сард яригдсан асуудал. Тухайн үед 2024 оны зуд болсон. Сэг зэмийн материал гээд бүх албан хаагч нар манай өрөөнд буюу 2 давхарт байсан. Манайх өөрийн гэсэн байргүй хөдөө аж ахуйн байранд байдаг байсан. 1 өрөөнд 5-6 хүн суудаг. Би болон хэлтсийн дарга, улсын байцаагч нар бүгдээрээ сууж байсан. Бүх албан хаагч нар сонсож байсан. Дарга урсан гэдгийг. Түүнтэй холбоотой би асуудлыг хөндсөн. Миний хувьд байгууллагын дотоод журмын 6 дугаарт нэгжийн даргын эрх үүрэг гэж байгаа. 6.9-т албан үүрэг гүйцэтгэх явцад гарч буй дарамт шахалт, шударга бус үйл явдлыг тодоор шүүмжлэх, мэдээлэх, холбогдох дээд байгууллагад уламжлах зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдэлнэ гэж байгаа. Үүний дагуу би өөрт нь удаа дараа сануулсан шударга байгаарай, дарга аа, та ирсэн бичгийг урж хаясан гэдгийг алба хаагч нар хэлсэн. Өөрөө тийм зүйл байхгүй гэсэн. Байгууллагын хурал дээр байнга хэлж байсан. Ирээгүй, огт ирээгүй бичгийн талаар чи юу яриад байгаа юм бэ гэж байсан. Ирсэн гэдгийг Монгол шуудан холбооны РД17131366174МН бар кодоор хүргэгдсэн шуудангийн баталгаат хуудсаар нотлогдож байгаа. Энэ асуудлаар намайг Авлигатай тэмцэх газар, цагдаа бүх газарт шалгуулсан. Өчнөөн олон удаа шалгуулсан. Цагдаад өгсөн мэдүүлэг, тайлбар дээр Л тэр бичиг ирсэн, даргад би хүлээлгэж өгсөн гэсэн байдаг. Прокурор нь хянаад нотолчихсон байна лээ. Тэгэхэд огт ирээгүй, бүртгэлд авагдаагүй гэсэн. Энэ хүн тэр бичгээ гаргаад ирээч, хаана байгаа юм, байхгүй юмыг чинь хадгалж байгаа гэж хэлэх юм уу, эсхүл нуугаад байгаа гэж хэлэх юм уу. Л гэх бичиг хэргийн ажилтан цагдаад өгсөн мэдүүлэг, прокурор дээр тодорхой хэлсэн мөртөө сая миний хүсэлтийг хангах хурлын дараа дуудагдаж асуугдахдаа шүүгчийг төөрөгдөлд оруулж 2025 оны 12 дугаар сард ирсэн бичиг гэх мэтээр хэлсэн байна лээ. Шүүхээр тоглоод байгаа юм уу, яагаад байгаа юм бэ, энэ хүн мэдэж байгаа шүү дээ. Яг хэзээ ирсэн бичиг бүгдээрээ мэдэж байгаа. Мөн О гэх хүн хүртэл хэлж байгаа. Дараа нь Н орж ирээд хэлсэн. Бүгд хэлсэн шүү дээ. Сахилгын арга хэмжээтэй хүн үр дүнгийн урамшуулал авдаг юм уу. Чамаас болж би арга хэмжээ авагдаагүй шүү гэж над руу дайрсан. Түүнээс хойш байнга намайг дарамтлаад байдаг байсан. Намайг энд тэнд өргөдөл өгөөд байхаар нь би аргаа бараад ерөнхий газарт хандсан. Ерөнхий газар нь шийдэж чадахгүй юм байна лээ. Их сургуулийн ангийнх нь хүүхэд ерөнхий газрын дарга.  Тэр хүн энэ хүнтэй ойролцоо ажлаа өгсөн байгаа. Миний ЭБАт-ын эрхийг хасчихсан. Тэгээд мэргэжилтэнд өгчихсөн. Ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сард яагаад ЭБАТ- аа сольсон юм бэ гээд хууль зөрчсөн байна гэсэн бичиг ирсэн. ЭБАТ солихдоо Авлигатай тэмцэх газар мэдэгдэх ёстой. Авлигатай тэмцэх газрын М гэх хүн надтай ярьсан. Миний эрхийг сольчихсон шүү дээ. Би сургалтад сууж чадахгүй гэхэд юу яриад байгаа юм, хэн сольж байгаа юм бэ гэсэн. Манай байгууллагын дарга сольсон байна лээ гэсэн. Тийм юм байхгүй. Сургалтдаа суу гээд ЭБАТ-ын сургалтад би суусан. Тэр хүн танай дарга чинь 2024 онд сахилгын арга хэмжээ авагдсан гэхээр нь авагдсан зүйл байхгүй. Үр дүнгийн урамшууллаа 100 хувиар аваад жилийн хугацаанд 200 хувь авсан гэж хэлсэн. Юу яриад байгаа юм бэ, тийм зүйл байхгүй. Чи наад асуудлаа наашаа ханд гэсэн. Түүний дагуу би Авлигатай тэмцэх газарт энэ зөв үү, буруу юу гэж явуулсан. Ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гээд Ерөнхий газрын даргад нь бусдад илт давуу байдал олгосон байна гэх утгатай Авлигатай тэмцэх газраас Н даргад бичиг явуулсан. Түүнтэй холбоотой О даргад 2-3 бичиг ирсэн. Над дээр хариуцлага ноогдуулна, цалин суутгах юм бол чамд арга хэмжээ тооцно шүү гээд нягтланг дарамтлаад байсан. Би аргаа бараад ингэж болдог юм уу гээд Ерөнхий газар луу нягтлантайгаа хамт ярьсан. Түүний дагуу Н даргаас дахин бичиг ирсэн О даргаа хохь чинь шүү гэсэн утгатай, 3 сарын цалинг 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулна шүү гэсэн утгатай бичиг ирсэн байгаа. Би хүний нөөцийн программыг давхар хариуцдаг алба хаагчийн хувьд би хүний нөөцийн программд шивчихсэн байсан. Байгууллагын группэд намайг дарамталсан, хүний нөөцийн программд шивж оруулсан асуудлаа устгаарай гэсэн. Би хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Устгаарай гээд дарамтлаад байдаг. Өөртэй нь холбоотой асуудалд албан бичгээр алба хаагчдаа байнга дарамтална. Хувийн компанид ажиллаж байгаа юм шиг болчихсон. Энэ байгууллага бол О гэх хүний хувийн компани. Энэ байгууллагаас 40 гаруй хүн халагдсан байдаг. Б гээд үүрэг гүйцэтгэж байгаа хүн хүртэл халагдсан шүү дээ. Халагдчихсан байх хугацаандаа Мэргэжлийн хяналтын газар, мал хариуцсан улсын байцаагчаар ажиллаж байгаад мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдахаар буцаад орж ажилласан. Энэ хүнийг дарамталдаг, бүх алба хаагчдаа шударга зүйл хэлсний төлөө ад үздэг. Энэ хүний хувийн компанид ажиллаагүй шүү дээ. Тэгэхэд тэр сандал дээр суу, энэ сандал дээр суу, чи энд суу гэж дарамталдаг. Үүнтэй холбоотойгоор огт ирээгүй, бүртгэлд ороогүй бичиг гээд Ерөнхий газартай шүүхийн маргаан үүсгээд 2 шатын шүүхээр шийдвэр нь гарсан байгаа. Өөрөө хүлээж авсан гэдэг нь нотлогдсон. Бичиг хэргийн ажилтан нь 01 дугаартай, 14 тоот албан бичгийг Мал эмнэлгийн газарт сахилгын шийтгэл оногдуулсан бичгийг хүргүүлсэн. Л авсан нь тогтоогдож байна. Динамикаар Б-оос тушаал хүргүүлэв. 21 аймгийн Мал эмнэлгийн газар, төв лаборатори, Ерөнхий газар нь динамик сүлжээг дотооддоо хэрэглэдэг. Түүнийг хууль ёсны биш гээд байгаа. Ерөнхий газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б шуудангаар явуулсан. Өөрөө хүлээж авлаа гээд хариу биччихсэн. Түүнийгээ хүртэл үгүйсгээд байгаа. Удирдах ёс, албан хаагчийн ёс зүй энэ хүнд байхгүй. Байгууллагын даргад танилцуулагдаагүй, дугаар олгогдоогүй, бүртгэгдээгүй, цохолт хийгдээгүй бичиг гээд байгаа. Ёс зүй гэж энэ хүнд байхгүй. 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт хангах хэлэлцүүлэг дээр 01 дүгээр сарын 04-ний өдөр Авлигатай тэмцэх газраас О-д хаяглаад ирүүлсэн нь үнэн гэж байгаа. Мал эмнэлгийн газарт биш байсан мөртөө 01 дүгээр сарын 04-ний энэ бичиг ирээгүй нь зөрүүтэй гээд яриад байгаа. Энэ асуудлаасаа занаад надад сахилгын арга хэмжээ авсан. Энэ дээр бичиг хэргийн ажилтан Л тодорхой хэлж байгаа. Энэ хүн өөрөө сууж байсан. О-д гэж хаялагдсан байсан юм уу гэж асуухаар нь Л Мал эмнэлгийн газрын дарга О гэж байсан гэж хэлсэн. Энэ хүнд ирсэн нь нотлогдож байгаа. Энэ хүн өөрөө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Тухайн бичгийг хувь хүнд ирсэн гээд байгаа. Өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа гаргасан. Өөрт чинь хариуцлага тооцох бичиг ерөнхий газар луу чинь явуулсан гэдгийг энэ хүнд хэлээд тэр бичгийнхээ хувийг ирүүлдэг. Та ийм, ийм зөрчил гаргасан байна гэх бичгийг энэ хүн хувь хүнд ирсэн гээд байгаа. Хувь хүнд байсан бол Говьсүмбэр аймгийн 1 дүгээр багийн иргэн Ч.О танд гэж ирнэ шүү. Төрийн албан хаагч гэдгээ та мэдэхгүй байна. Тэрийг ойлгож, ухамсарлах чадвар байхгүй байна. Сахилгын шийтгэл оногдуулахдаа өөрөө дүгнэлт гаргасан. Таныг дүгнэлт гаргана гэсэн ямар ч үг, өгүүлбэр, ямар ч хууль, журамд байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2-т албан хаагчаас сахилгын шийтгэл оногдуулах эсэх үндэслэлийг тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, нэгж байхгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3-аас доошгүй бүрэлдэхүүнтэй шалгаж, тогтооно. Ажлын хэсэг нь хууль эрх зүйн, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчийг оролцуулж болно...гэж заасан байгаа.

Дотоод хяналтын дүгнэлт гээд П-аар гаргуулсан. Өөрөө дүгнэлт гаргаад 03 дугаар сарын 30-ны өдөр надад өгөөд, Би хэвлээд авчихсан байгаа. 31-ний өглөө П ороод ир гэж дуудсан. Энэ хүн өөрөө хэвлэж гаргаад нөгөөдхөө канондуулаад П орж ирсэн. Яг О-тэй адилхан дүгнэлт гээд бичсэн. Энэ хүн өөрөө дүгнэлт гаргаад нөгөө хүндээ нэрийг нь сольж өгөөд, гарын үсэг зуруулаад ороод ирсэн. Гомдол гаргах журамд байгууллагын дарга дүгнэлт гаргана гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй шүү. Энийг сайн хараарай. Шалгаж байгаа шалгалтын бүрэлдэхүүн чинь гаргана. Шалгалтын бүрэлдэхүүнээрээ дүгнэлт гаргуулах гэж аялсан. Миний хүүхэд шиг юу ч мэдэхгүй 2001 оны хүүхдээр удирдуулчихсан. Энэ байгууллагад ороод 1 жил гаруй болж байгаа юугаа ч мэдэхгүй. Мерит зарчим энэ байгууллагад алдагдсан. Энэ хүнд жоохон хов зөөгөөд худлаа юм ярьсан, шударга юм ярьсан хүнд бол ердөөсөө энэ хүн халгаатай, худлаа юм ярьсан хүнийг дээш нь татдаг, тэр хүүхдийг эвдэж байгаа. Шинэ залуу албан хаагч нарт муухай үлгэр дуурайлал үзүүлсэн. Энэ хүн өөрөө ууурлаж болдог юм байна, хүнийг гүжирдэж болдог юм байна, гүжирдээд нийлж байгаад хүнийг зайлуулж болдог юм байна гэсэн муухай үйлдлийг тэр хүүхдүүдэд зааж өгсөн. Энэ хүн өөрөө төрийн албанд 10 хэдхэн жил ажилласан хүн. 10 гаруй жил ажиллахдаа төрийн албанд удирдах албан тушаалтнаар 7, 8 жил хийж байгаа. Урьд нь цахилгаан холбоо компани, Скайтелын газарт ажилладаг байсан. Өөр ажил хийж байгаагүй. Шударга зүйл хэлсэн хүнийг ад үзнэ. Шударга ажлаа хийж байсан хүмүүсийг ажлаас нь халчихсан. Намайг халчихсан байна шүү дээ дарга та мэдсэн үү гэдэг. Би мэдэхгүй, яахаараа халдаг юм, ажлаа хийгээд явж байгаа биз дээ гэдэг. Хөдөө явж байхад нь ажлаас халдаг. Би ажилдаа очмооргүй байна, ийм муухай. 40 гаруй хүн бид хоёрын асуудлыг хараад байж байгаа. Яаж шийдэгдэх бол гээд байж байгаа. Ирсэн бичигтэй холбоотой миний албан тушаалын тодорхойлолт дээр хууль тогтоомж, шийдвэр, бодлого, захирамж, албан даалгавар, тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг нь надад байдаг. Би энэ хяналтынхаа хүрээнд энэ хүнд хэлсэн. Ингэж болохгүй шүү, ийм зүйл ярьж болохгүй шүү, шударга байгаарай даргаа гэдгийг би зөндөө хэлсэн. Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, тийм бичиг ирээгүй гээд байдаг. Тэр бичиг нь ирсэн байсан. Тэгээд намайг халсан. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн гэсэн. Би яаж зөрчөөд байгаа юм бэ. Энэ хүн өөрийнхөө зөрчсөн зүйлийг намайг халсан тушаалдаа бичсэн. Байгууллагад О гэж ирсэн албан бичигт архивын нэгж яагаад олгодоггүй юм бэ. Намайг албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн гээд өөрийнхөө алдаа дутагдлыг над дээр над дээр тохчихсон. Би энэ дээр эргэлзэж байна. Энэ хүний өөрийнх нь алдаа шүү дээ. Бичиг хэргийн ажилтан, нярав гээд нэг хүн албан тушаал дээр байгаа хүн бүгдийг нь тараасан байна шүү дээ. Би тийм бичиг ирж байгаа гэдгийг би яаж мэдэх юм бэ, мэдэхгүй шүү дээ. Ураад хаячихсан гэж хэлэхээр нь би ураад хаячихсан гэдгийг нь хэлнэ шүү дээ. Өөр юу гэж хэлэх юм бэ, хадгалж байгаа гэж хэлэх юм уу, гэртээ хадгалж байсан юм аа гэх юм уу. Тэгвэл хадгалаад байгаа бичгээ гаргаад ир. 2025 оны 11 дүгээр сар билүү 10 дугаар сард хурал дээр намайг бичиг танилцуулсан гээд энэ асуудлаар би Ерөнхий газарт хандсан. Ерөнхий газраас надад тухайн тоотыг явуулсан. Танай даргад сахилгын арга хэмжээ авагдсан байна лээ. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсээд Ерөнхий газрын даргатай нэг анги гэсэн. Тэгээд дарга чинь цалин урамшууллаа 100 хувиар авсан байна лээ гээд надад тухайн тоотыг өгсөн. Би тухайн тоотыг ирээгүй гээд томроод, байгууллагын хурал дээр намайг доромжлоод, дарамтлаад байхаар нь хэлсэн, үзүүлсэн, уншиж танилцуулсан. Би танд ганц тоот танилцуулсан. Та Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн юм байна. Энэ дээр хариуцлага тооцсон юм биш үү гээд алба хаагч нарт тоот танилцуулсан. Байгууллага даргад сахилгын шийтгэл оногдуулчихсан байхад өөрөө хувьд ирсэн бичиг гээд нуугаад, ураад хаяж байдаг ёс зүйгүй үйлдэл гэж байхгүй шүү гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А нь аймгийн Цагдаагийн хэлтсээс тэтгэвэрт гараад төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан. Улмаар төрийн албаны төлөвшил суусан төрийн тусгайгаас төрийн захиргааны албан тушаалд бүх талаараа өөрийгөө шилжүүлээд ажиллаж чадахтай байх гэж итгэж томилсон. Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас гадна албан тушаалын тодорхойлолтын дагуу хүний нөөцийн асуудал, эрх бүхий албан тушаал, нууцын асуудал зэрэг томоохон албан тушаалыг хариуцдаг. Нэгжийн даргын хувьд албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүрдэлтэй ашиглах боломжтой байхад хяналт тавих үүрэгтэй. Мөн баримт бичгийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, албаны болон хүний хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэг хүлээсэн байдаг. А өмнө нь ажиллаж байх хугацаандаа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан тул 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. А маань Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж шалгуулсан. Төрийн албаны зөвлөл шалгаад дээрх тушаалыг хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 360 дугаартай тогтоолоор баталгаажуулж ирүүлсэн байдаг. Иймд өмнө оногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд сахилга, ёс зүйн зөрчлийг дахин гаргасан гэж үзсэн. Миний бие Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа маргаан бүхий 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам, Байгууллагын дотоод журам, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, сонсох ажиллагааны үр дүн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэсэн. Нэхэмжлэгч А нь нэхэмжлэлдээ маргааны гол асуудлыг дарга Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг урсан уу, үгүй юу гэдгийг асуудал болгон тайлбарлаж байна. Гэвч маргаан бүхий тушаалын үндэслэл нь энэ асуудлыг үнэн гэж тогтоогдсон бус харин тогтоогдоогүй мэдээллийг байгууллагын албан ёсны хурлууд болон хамт олны дунд удаа дараа тараасан үйлдэлд оршиж байгаа. Хэрэгт авагдсан Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтээр дарга ирсэн албан бичгийг ураад хаясан, өөрт нь сахилгын шийтгэл оногдуулсан албан бичгийг өөрчилж, хаясан гэх мэдээлэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байдаг. Мөн А-ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл А энэ асуудлыг тогтоогдоогүй байхад байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурал, бусад хурал, байгууллагын цахим групп зэрэг олон удаагийн үйлдлээр бодит үнэн мэтээр ярьж худал мэдээлэл тараасан, байгууллагын удирдлагыг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, дууны бичлэг, байгууллагын цахим группийн мэдээлэл, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэг нь дарга бичиг урсан эсэхийг шийдвэрлэх хэрэг биш, харин төрийн захиргааны удирдах албан тушаалтан тогтоогдоогүй мэдээллийг олон нийтийн өмнө үнэн мэтээр тараасан нь төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нийцэж байгаа эсэхийг үнэлэх асуудал юм. Хурал дээр эх сурвалж нь тодорхойгүй баримтыг уншиж танилцуулсан. Тэр нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ч.О-д сахилгын шийтгэл оногдуулах тухай гэх захиргааны акт байсан. Даргад сахилгын шийтгэл оногдуулсан нь үнэн үү, худал уу гэдэг асуудал биш. Харин байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй баримтыг хамт олны өмнө уншиж танилцуулсан түүний сөрөг үр дагавар байгаа. Нэхэмжлэгчийн дээрх болон бусад үйлдэл нь байгууллагын удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дунд үл ойлголцол үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд олон сөрөг нөлөө үзүүлсэн. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа би зөвхөн нэг үйл баримтад үндэслээгүй. Харин Ёс зүйн дэд хорооны дүгнэлт сонсох ажиллагааны материал, тайлбар бичгийн болон бусад нотлох баримтыг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргасан. Иймд миний гаргасан тушаал хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дараах зүйлийг нэмэлтээр хүсэж байна. Үүнд нэгдүгээрт А нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр албан өрөөнд орж ирээд намайг дарамталсан мэт үйл явдлын талаар сонсох ажиллагааны тайлбар болон нэхэмжлэлдээ харилцан зөрүүтэй агуулга бүхий 3 янзаар тайлбар өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарын үнэн зөв, тогтвортой байдалд эргэлзээ үүсэж байгаа тул шүүх эдгээр нотлох баримтыг харьцуулан үнэлж өгнө үү. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн байгууллагын цахим группт бичсэн мэдээлэл болон биед гэмтэл учруулсан үеийн зураг, дүрс бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгнө үү. Гуравдугаарт миний бичгээр гаргасан энэ дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт хавсаргана уу. Энэ тайлбар дээр би маргаан бүхий А/17 дугаар тушаалын үндэслэл, нотлох баримтын харьцуулсан хүснэгтийг гаргаж тусгасан байгаа. Тус хүснэгтийн нэгд тушаалд тусгасан зөрчил, хоёрт нотлох баримт, гуравт нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, дөрөвт хуулийн үндэслэл, тавд хариуцагчийн тайлбар гэсэн үзүүлэлтээр 4 зөрчил дээр гаргаж тусгасан байгаа.

Нэгдүгээрт байгууллагын даргыг Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг урсан гэж байгууллагын албан ёсны хурал болон хамт олны дунд удаа дараа худал мэдээлэлд гүтгэсэн. Энэ бол тушаалд тусгасан зөрчил нь байгаа. Нотлох баримт нь гэвэл Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай дүгнэлт хувийн хэргийн 10-11 дүгээр хуудаст байгаа. 2 дугаарт байгууллагын 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл хувийн хэргийн 74-78 дугаар хуудсанд байгаа. 3 дугаарт хурлын дууны бичлэг флашаар өгсөн хувийн хэргийн 39 дүгээр хуудсанд тусгаж бүртгэсэн байгаа. 4 дүгээрт байгууллагын цахим группийн зурвас хувийн хэргийн 84-86 хуудсанд байгаа. 5 дугаарт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгасан тухай 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт хувийн хэргийн 11-12 дугаар хуудсанд байгаа. Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь гэвэл Ёс зүйн дэд хороо дарга албан бичгийг урсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч тогтоогдоогүй мэдээллийг байгууллагын албан ёсны хурал болон хамт олны дунд удаа дараа тараасан нь баримтаар тогтоогдсон. Хуулийн үндэслэлүүд нь гэвэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.4, 8.2.1, Төрийн албаны тухай хуулийн 37.1.3, 39.1.4 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 6.1, 8.5, 8.6 дахь заалтуудыг зөрчсөн. Хариуцагчийн товч тайлбар гэвэл сахилгын шийтгэлийн үндэслэл нь дарга албан бичгийг урсан эсэхэд бус тогтоогдоогүй мэдээллийг удаа дараа тарааж, удирдлагын нэр хүндэд халдсан, улмаар ажлын орчинд дарамт, үл ойлголцол үүсгэсэн гэх мэт үйлдэлд үндэслэсэн. 2 дахь зөрчил нь байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл оногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж танилцуулсан ба хувь хүний эмзэг байдалд халдсан. Нотлох баримтууд нь гэвэл 1 дүгээрт байгууллагын 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл хувийн хэргийн 74-78 дугаар хуудсанд байгаа. 2 дугаарт хурлын дууны бичлэг, флаш хувийн хэргийн 39 дүгээр хуудсанд бүртгэсэн флашийг шүүхэд хүргүүлсэн. 3 дугаарт шуудан хүргэлтийн дэвтрийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийн хуудас, хувийн хэргийн 90 дүгээр хуудсанд байгаа. Энэ бол аймгийн шуудан холбооны бүртгэл. 4 дүгээрт байгууллагад 2024 оны 01 дүгээр сараас 3 дугаар сард ирсэн бичгийг архивын нэгжээс авсан бүртгэлийн хуудас, хувийн хэргийн 91-98 дугаар хуудсанд байгаа. 5 дугаарт байгууллагын дотоод хяналт шалгалтын багийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай танилцуулга, хувийн хэргийн 79-80 дугаар хуудсанд байгаа. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгасан тухай 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт, хувийн хэргийн 11-13 дугаар хуудсанд байгаа. Аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай албан бичиг, хувийн хэргийн 62 дугаар хуудсанд байгаа. Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлын тухайд байгууллагын дотоод хяналт шалгалтын багийн хийсэн хяналт шалгалтаар Мал эмнэлгийн ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шуудан холбоо компанийн илгээмжид хүлээлгэн өгсөн РД1773136767474МН дугаартай илгээмжийг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна гэж тогтоосон. Хуулийн үндэслэл нь гэвэл Төрийн албаны тухай хуулийн 37.1.3, 37.1.7, 39.1.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.3, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.1, 35.2, 35.4.6, 40.1 дэх хэсэг, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.4.5, 2.4.8 дахь хэсэг, Байгууллагын дотоод журмын 6.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Хариуцагчийн товч тайлбарын хувьд сахилгын шийтгэлийн үндэслэл нь даргад сахилгын шийтгэл оногдуулсан эсэхэд бус байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, эх сурвалж нь тодорхойгүй баримтыг хамт олны өмнө уншиж танилцуулсан. Харьяалах нэгжийн даргын хувьд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх мэт үйлдэлд үндэслэсэн. 3 дахь зөрчил нь зарим асуудлаар илт худал мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй байна. Нотлох баримт гэвэл Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Авлигатай тэмцэх газар, дахин Авлигатай тэмцэх газар гээд 2 удаа шалгуулсан. 7 дугаарт нь Төрийн албаны зөвлөл, 8 дугаарт Хүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 9 дүгээрт Мал эмнэлгийн ерөнхий газар, 10 дугаарт Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газар, 11 дүгээрт Хүний эрхийн үндэсний комисс гэсэн нийт 11 байгууллагад мэдээлэл өгч хяналт шалгалт хийлгэсэн. Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал гэвэл энэ шалгасан хяналт шалгалтын байгууллагуудаас та тийм хуулийг зөрчсөн байна гэсэн албан бичиг надад ирээгүй, мэдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээ нэхэмжлэгчийн талд, харин давж заалдах шатны болон дээд шатны шүүхийн шийдвэр хариуцагчийн талд гаргасан, шийдвэрийг хэргийн материалд хавсаргах хүсэлтийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хоёр Төрийн албаны зөвлөлийн 360 дугаартай тогтоолоор хариуцагчийг хууль зөрчөөгүй гэж тогтоосон хувийн хэргийн 110 дугаар хуудсанд байгаа. Гурав Авлигатай тэмцэх газраас 6-8 асуудлаар шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай комиссар А утсаар мэдэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Төрийн аудитын газар, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагад тухай бүр нотлох баримт, тайлбар гаргаж хүргүүлсэн. Хуулийн үндэслэл гэвэл Төрийн албаны тухай хуулийн 37.1.3, 37.1.7, 39.1.4, 39.1.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.4, 8.2.1, 8.2.3 дахь хэсэг, Байгууллагын дотоод журмын 6.1, 8.5, 8.6, 8.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн. Хариуцагчийн тайлбарын хувьд сахилгын шийтгэлийн үндэслэл нь нэг асуудлаар хууль хяналтын хэд хэдэн байгууллагад хандаж, шалгалтыг давхар оруулах, ижил цаг хугацаанд хууль хяналтын хэд хэдэн байгууллагад хандаж шалгалтыг зэрэг оруулах зэргээр сэтгэл зүйн маш том дарамтад оруулсан. Мөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, байгууллага хамт олны дунд үл ойлголцол үүсгэсэн, худал мэдээлэл тараасан, нэр хүндэд халдсан гэх зэрэг үйлдлийг үндэслэж сахилгын шийтгэл тооцсон байгаа. 4 дэх зөрчил нь гэвэл 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 05 минутад албан өрөөнд орж ирээд Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг чи урсан биз дээ, чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж дайрч давшилсан ба өөрийн илт буруу үзэл бодлыг хүчээр тулгаж хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн, дарамталсан, биед гэмтэл учруулсан. Нотлох баримтын 1 дүгээрт үйлдлийн талаар тухайн үедээ видео бичлэг хийсэн. Түүнийг флашаар өгсөн, хувийн хэргийн 48 дугаар хуудсанд байгаа. Өнгөт фото зураг авч өгсөн, хувийн хэргийн 121-125 дугаар хуудсанд байгаа. Мал эмнэлгийн газраас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн нь 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0128 тоот албан бичиг, хувийн хэргийн 82 дугаар хуудсанд байгаа. Авлигатай тэмцэх газраас Мал эмнэлгийн газарт ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/1684 тоот хариу албан бичиг, хувийн хэргийн 83 дугаар хуудсанд байгаа. Сонсох ажиллагаа явуулсан тухай 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэл, хувийн хэргийг 47, 50-51 дугаар хуудсанд байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь байгаа. Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлын хувьд гэвэл 1-т үйлдлийн талаар 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн сонсох ажиллагаанд оролцохдоо 1 дүгээр хувилбараар би Ч.О дарга дээр орж ёс зүйн дотоод хяналт шалгалтын материалыг шалгая, үзье, танилцъя, би танилцах эрхтэй. Тэр хүний гомдлоор миний асуудал шалгагдаж байгаа болохоор би танилцах эрхтэй гэхэд надад танилцуулаагүй. Би баримтыг авсан. Надаас баримтаа булааж авахдаа хавчаартаа гараад урсан. Цаасандаа цусаа нялж байгаад зургаа дарчихсан, хувийн хэргийн 47 дугаар хуудсанд байгаа. 2 дугаар хувилбараар юу гэж хэлсэн бэ гэхээр надад хувьд ирсэн бичиг гээд байгаа. Хувьд ирсэн бичиг гээд уржигдар надтай өрөөндөө хэрүүл хийсэн. Хувьд ирсэн бичиг гэж байхгүй, хувийн хэргийн 50, 51 дүгээр хуудсанд байгаа. Энэ бол 04 дүгээр сарын 02-ны өдөр болсон үйл явдал. Уржигдар гэдэг нь 03 дугаар сарын 31-ний өдөр гэж байгаа. 3 дахь хувилбараар юу гэж хэлсэн юм бэ гэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 4 дэх хуудсанд Ч.О-ийн өрөөнд орж бас ямар материал бүрдүүлээд байгаа юм бэ, би танилцъя гэхэд чамд танилцуулахгүй гэсэн ба ширээн дээр байсан баримтыг авч танилцах гэтэл чамд бүгдийг өгсөн гэж хэлээд баримтаа авахдаа хавчаарт гараад урсан тухайн үедээ О нь цагдаад дуудлаа шүү гэхээр нь дууд, миний хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй гэхэд дуудаагүй. Ингэж А нь өөрийнхөө нэг удаагийн үйлдлийг 3 өөр янзаар мэдүүлсэн байгаа. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг нэхэмжлэлдээ тусгасан гэж би өмнө нь хэлсэн байгаа. Дууны бичлэгийг бас сонсох ажиллагааны дууны бичлэг манай энэ байгууллагад хадгалаатай байгаа. Ямар хууль зөрчсөн бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 39.1.4 дэх хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.4, 8.2.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 6.1, 8.5, 8.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Хариуцагчийн тайлбарын хувьд сахилгын шийтгэлийн үндэслэл нь Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг чи урсан биз дээ, чамд хувьд чинь ямар бичиг ирсэн юм гэж илт хувийн ашиг сонирхолтой нийцүүлэн дарамталсан, байгууллагын соёл, дэг журмыг алдагдуулсан, биед халдсан гэх мэт үйлдэлд үндэслэсэн. Хаалт дотор А 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, мөн 03 дугаар сарын 30-ны өдөр гээд 2 удаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ нийт 55 хуудас бүхий баримт материалыг хүлээлгэн өгсөн. Шүүхэд өгсөн бүх баримт, материал А-д очсон. Иймд баримтыг А үзэх, миний зүгээс үзүүлэхгүй гэх шалтгаан нөхцөл байдал огт байхгүй. А 100 гаруй хуудастай баримтыг миний гараас булаан авч, буцаан авах гэтэл 2-3 удаа хүчтэй дугтарснаас болж миний зүүн гарыг чигчий, хуруу бичгийн цаасны ирмэгт зүсэгдэж гэмтсэн. Их хэмжээний цус гарсан. Мөн цагдаа дуудах талаар би огт яриагүй болно. Энэхүү тайлбарыг шүүгчид нэг хувь, хэргийн материалд хавсаргахаар 1 хувь, нэхэмжлэгчид 1 хувь гээд нийт 3 хувь үйлдэж ирсэн байгаа. Миний хувьд шүүгчийг зөвшөөрвөл 3 хувь тайлбараа өгч болно. Нэмж хэлэхэд А дарга намайг хууль хяналтын 11 байгууллагад шалгуулсан. Энэ хяналт, шалгалт жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Үүнтэйгээ нийлээд бүтэн 2 жил үргэлжилж байна. Давхардсан болон зэрэгцсэн хяналт шалгалтууд орсон. Бүх байгууллагад нотлох баримт, тайлбар гаргаж өгсөн. Өмнө хэлсэнчлэн хяналт шалгалтын байгууллагаас О дарга, та ийм хууль, эрх зүйн зөрчил гаргасан байна гэх хариу бичиг надад ирээгүй. А-ын яриад байгаа, бичээд байгаа зүйлийг дүгнээд үзэхлээр 100 хувь дэгсдүүлсэн, хилсдүүлсэн, гүтгэсэн, гүжирдсэн, миний нэр хүндийг харлуулах шинжийг агуулсан байдаг. Би эхний ээлжид үнэхээр анзаараагүй. Надад ямар ч зав байдаггүй. Би үдийн цайндаа бараг явдаггүй 10 гаруй жил, 20 гаруй жил ажиллаж байна. Төрийн албаны нарийн мэргэжлийн байгууллагад зав маш муу байдаг. Ингээд маш их дарамт учруулсан, дээрээс нь 03 дугаар сарын 31-ний өдөр өрөөнд орж ирээд Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг чи урсан биз дээ, чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж дайрч давшилсан, намайг айлган сүрдүүлсэн, дарамталсан, миний биед гэмтэл учруулсан, би гэмтэл учруулсан гэж үзэж байгаа юм. Эдгээрээс дүгнээд үзэхэд би өмнө нь хэлсэн. Эхлээд ажил ихтэй, анзаардаггүй байсан. Бодит нөхцөл байдал нь ийм гээд тайлбараа өгөөд, нотлох баримтаа өгөөд явуулаад байсан. Сүүлдээ би ядарсан, дарамтад орсон, айдас хүйдэстэй болсон. Тэгээд бодож үзээд ийм дүгнэлт гаргаж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд би маш их зовсон. Би энэ хүн мэргэжлийнхээ үйл ажиллагааг над дээр явуулаад байгаа юм байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл би бүх зүйлийг 2 жил бүх биеэрээ, ганцаараа шахуу зовж тууллаа. Энэ хүн намайг тамлаж байна. Үүнийг шүүх анхааралдаа аваасай гэж хүсэж байна. А-д хандаж хэлэхэд энэ ярьж байгаа зүйлээ нотлох баримттай ярь гэж хэлмээр байна. Үнэн юм ярь, нотлох баримттай ярь. Би үнэхээр юм яримааргүй байна. Би ядарч байна. Ирээгүй бичгийг ирсэн гээд аваагүй бичгийг авсан гээд ураагүй бичгийг урсан гээд энэ бүгдээрээ няцаагаад тогтоогдоод байтал бүтэн 2 жил намайг тамлаж байна. Та нотлох баримттай ярь гэж би шаардаж байна. Үнэн юм ярь, хүн чанартай бай, гэхдээ төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд хуульчлаад өгсөн байгаа. Төрийн албан хаагч хуулийг дээдэлдэг хүнийг хүндэлдэг, хариуцлагатай байдаг, шударга байх, нээлттэй, ил тод байх гээд зарчмуудыг хуульчлаад өгсөн байгаа. Энэ хүн бүх зарчмыг зөрчиж байгаа. Бүх хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль дээрээс нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга гэдэг чинь нэгжийн дарга хүн. Энэ хуулиар хүлээсэн үүргийг нь би өмнө тайлбартаа уншаад өгсөн байгаа. Байгууллага доторх бичиг хэргийн үйл ажиллагааг хууль, дүрэм журам, стандартын дагуу зохион байгуулаад өөрөө хяналт тавих үүрэгтэй хүн. Дээрээс нь албаны болон хувь хүний нууцыг хадгалах үүрэг гээд энэ 2 үүргийг албан тушаалын тодорхойлолтын дагуу, хуулийн дагуу хүлээсэн ийм хүн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Сүмбэр сумын иргэн А.А нь Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаартай “А.А-д сахилгын шийтгэл ногдуулах” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч А.А нь Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан байна.

      7. Нэхэмжлэг А.А-аас: ...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтуудад зааснаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан,  ...Ч.О нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн он, сар, өдөртэй “Сахилгын шийтгэл ногдуулсан тухай үндэслэлийг шалгасан тухай” гэх дүгнэлтийг өөрөө гаргаж, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгсөн ба уг дүгнэлтэд ёс зүйн дэд хорооны гаргасан дүгнэлтэд заагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад өөрөө шалгаж тогтоосон мэтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 39.1.4, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34, 35, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон гэж өөрчилж нэмж оруулсан. ...О-ийн гаргасан дээрх дүгнэлттэй үг, үсэг, цэг, таслалын зөрүүгүй ижил дүгнэлтийг ёс зүйн дэд хорооны гишүүн О.П нь ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн гэх 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн он сартайгаар 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулж өгсөн...

...шалгалтын явцад тус байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдэд тогтмол зааварчилгаа өгч байсан ба энэ талаар нь “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 3.6 дахь заалт “Дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан тохиолдолд дэд хорооны дарга, гишүүн нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэхэд Ч.О нь “дарга ёс зүйн дэд хороонд санал, үүрэг чиглэл, зөвлөмж, хүсэлт өгөх эрхтэй”...гэх мэтээр байгууллагын групп дээр бичиж, байнга дуудан үүрэг чиглэл өгч байсан нь баримтаар тогтоогдоно. Энэ нь Ёс зүйн дэд хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралт “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 1.4 дэх хэсэгт заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нар нь дэд хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллахад нь дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөл, боломжоор хангана”...2.1 дэх хэсэг “Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу байгууллагын нийт албан хаагчдын санал хураалтаас олонхын дэмжлэг авсан, сондгой тооны гишүүнтэй байна”...мөн журмын 3.6 дахь заалт “Дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан тохиолдолд дэд хорооны дарга гишүүн нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ”...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шалгалтын ажиллагаа явуулсан...

Иймд Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 тоот тушаал нь үндэслэлгүй гэж,  

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-ээс: Нэхэмжлэгч А.А нь байгууллагын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд уг шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд дахин сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан.

Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан. Дарга “Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг урж хаясан, өөртөө сахилгын шийтгэл ногдуулсан бичгийг урж хаясан” гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж “Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж өөрийн илт буруу үзэл бодлыг хүчээр тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн, дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргадаг.

 9. Хэргийн үйл баримтын тухайд:

9.1. Мал эмнэлгийн газрын даргаас 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 тоот тушаалаар А.А-ыг эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн, хүний нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, дарамталсан, байгууллагын дотоод дэг журам, бичиг хэргийн нийтлэг журмыг зөрчсөн, удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны дунд үл ойлголцол үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулсан гэх үндэслэлээр 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халсан маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

9.2. Улмаар Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаарыг тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/866 дугаартай албан бичгээр хариу “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халсан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харъяалалд хамаарахгүй тул шүүхэд хандана уу” гэсэн хариуг ирүүлсэн ба нэхэмжлэгч нь А.А нь 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

10. Мал эмнэлгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаартай “А.А-д сахилгын шийтгэл ногдуулах” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

10.1. Мал эмнэлгийн газрын 2026 оны А/17 дугаар тушаалын үндэслэлд: Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1, 8.1.4, 8.2, 8.2.1, 8.2.3, 16 дугаар зүйлийн  16.1.4, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.2, 35.4.6, 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 2.1, 2.2, Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.1, 8.5, 8.6, 8.7, Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын 2.4.5, 2.4.8, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр  тушаалын хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 2.8 дахь хэсэг,  Байгууллагын ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Сонсох ажиллагаа явуулсан тухай 2026 оны 04 дүгээр сарыэ 02-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлийг тус тус дурджээ.

10.2. Энэ тушаалын 1 дэх заалтад “Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.А нь байгууллагын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан үйлдсэн. Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан. Мөн байгууллагын удирдлагыг “АТГ-аас ирсэн бичгийг урсан” гэж мэдээлсэн, Тухайн өдрөөс өмнө “Дарга АТГ-аас ирсэн албан бичгийг урсан гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө гүтгэж, худал мэдээлэл тараасан, зарим асуудлаар илт худал мэдээлэл өгч хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй. Мөн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж “Чи АТГ-аас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд ямар албан бичиг ирдэг юм” гэж өөрийн илт буруу үзэл бодлыг тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн, дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан.

Дээрх үйлдлүүд нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн, хүний нэр хүнд хууль ёсны ашиг сонирхолд халдсан, дарамталсан, байгууллагын дотоод дэг журам, бичиг хэргийн нийтлэг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны дунд үл ойлголцол үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулсан тул” гэж нэхэмжлэгчид халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.[1]

10.3. Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан. ... Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн гэх үндэслэлүүдийг шалгаж үзвэл:

10.3.1. “Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж танилцуулсан нь сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл юм.” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О тайлбар гаргадаг.

Тухайн сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримт нь тухайн үед Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Ч.О-д сахилгын шийтгэл ногдуулсан Мал эмнэлгийг ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаал байсан байдаг.

Энэ тушаалыг хүлээн авсан, мэдсэн эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргалддаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын даргаар ажиллаж байхдаа тушаалын тухай мэдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тодруулбал Мал эмнэлгийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/1406 дугаартай албан бичиг[2], Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2477 дугаар шүүгчийн захирамж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 332 дугаар тогтоолоор нотлогддог бөгөөд хэрэгжилтийг хангаж ажиллаагүй болох нь мөн тогтоогддог[3].

Энэхүү тушаал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөн тухайд биш харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. гэж заасан үүргийг хэрэгжүүлээгүй тул тус хуульд зааснаар арга хэмжээ авсан байна. Энэхүү хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ. 29.5-т Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална. гэж тус тус заажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын “Гурав” дахь хэсэгт 3.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг дараахь хэлбэрийн аль нэгээр нийтэд мэдээлнэ.  3.1.1. Орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх; 3.1.2. Харьяалах байгууллагын цахим хуудсанд байршуулах; 3.1.3. Мэдээллийн самбарт байршуулах. гэж заасан байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж танилцуулсан.” нэхэмжлэгчийн үйлдлийг хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

Энэ нь Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Төрийн байгууллага /цаашид "байгууллага" гэх/-ын албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг баримтжуулж, баримт бичгийг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, ашиглах, хадгалах, архивт шилжүүлэх хүртэлх үйл ажиллагааг хамруулна., 35 дугаар зүйлийн 35.2-т  Байгууллагын зохион байгуулалтын нэгж /газар, хэлтэс/-ийн дарга албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, стандартыг өөрийн хариуцсан нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүрдэлтэй, ашиглах боломжтой байхад хяналт тавина., 35.4.6-д 35.4.6.албан ажил үүрэгтэй холбогдсон баримт бичиг, мэдээллийн нууцлалыг хадгалах; 40 дүгээр зүйлийн 40.1-т Байгууллагад ирсэн баримт бичгийг байгууллагын бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч бүртгэнэ., Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын 2.4.8-д албаны цахим шуудангаар хүлээн авсан, байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хамаарах, удирдлагын түвшинд шийдвэрлүүлэх баримт бичгийг төвлөрсөн бүртгэлд бүртгүүлэх гэснийг тус тус зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан энэ талаараа нийтэд мэдээлэх хуульд заасан үүрэгтэй байна.

10.3.2. Түүнчлэн “...сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж танилцуулсан, Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Авлигатай тэмцэх газраас 2025 оны 12 дугаар сарын 04-ны 05/20535 тоот албан бичгээр Мал эмнэлгийн ерөнхий газарт хуулийн хэрэгжилт хангуулах албан бичиг хүргүүлсэн байна[4]. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О Авлигатай тэмцэх газрын Хяналт дүн шинжилгээний хэлтсээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/20633 дугаартай Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад хариуцлага тооцуулах албан бичгийн талаар гомдол гаргасан байх бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ны 05/244 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг.

Ийнхүү Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/20633 дугаартай албан бичгийг үндэслэн цалинг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

10.3.3. “... сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан.”, ... хүний нэр хүнд хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэж нэхэмжлэгчийг албан тушаалаас халах тушаалд дурдсан.

Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг; 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг; хэлнэ гэж заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэвэл хувь хүний эмзэг мэдээлэл гэсэн ойлголтод албан тушаалтны сахилгын хариуцлага хүлээсэн тушаал хамаарахгүй болох нь харагдаж байна. Мөн дээр дурдсан үндэслэлүүд үүнд давхар хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

10.3.4. “...Мөн байгууллагын удирдлагыг “АТГ-аас ирсэн бичгийг урсан” гэж мэдээлсэн, Тухайн өдрөөс өмнө “Дарга АТГ-аас ирсэн албан бичгийг урсан гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө гүтгэж, худал мэдээлэл тараасан,” гэх агуулгын тухайд:

Шүүхээс гэрчээр Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын нягтлан бодогч Э.Н, Мал эмнэлгийн газрын бичиг хэргийн ажилтан У.Л, Мал эмнэлгийн газрын ахлах нягтлан бодогч  Г.Б, Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга С.О /хүүхэд асрах чөлөөтэй байгаа/ нарыг гэрчээр асуусан болно.

Гэрч С.О “Тэр бичиг чинь байхгүй урчихсан” гэж бичиг хэрэг У.Л хэлсэн гэж, Э.Н “...бичиг урсан талаар Л-ээс сонсоогүй” гэж, Г.Б “... Би 2025 оны 4 сард ажилд орсон. 2025 оны 9 юм уу 10 сард хурал дээр А бичиг урсан талаар даргад хэлсэн”, гэрч У.Л “...А дарга нэг бичиг уншаад та энэ бичгийг урж хаясан гэж яриад маргасан, 2025 оны 9 юм уу 10 сар” гэж тус тус мэдүүлсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-д Р.Л: Авлигатай тэмцэх газрын бичгийг урж хаясан гэж хэлсэн байна түүнтэй холбоотой ямар нэг чат ирсэн гээд байгаа энэ  дээр хариулах уу? гэж асуухад

А.А: Тийм би наадахыг чинь хэлсэн.  ... Энэ чатыг бичихэд О дарга өөрөө хажууд байсан. ..., А.А: Бичиг ирсэн нь үнэн биз дээ? гэхэд У.Лх: Үнэн. Би энэ бичгийг задруулсан гэж даргатай муудалцсан. Ер нь энэ бичгийн тухай хамгийн эхэнд ярьсан хүн бол Э.Н эгч. Энэ талаар А.А ах мэдэж байгаа. 2 давхарт яриад яваад байсан хүн бол Э.Н эгч. гэж тусгагджээ.

            Тус байгууллага дээр “дарга бичиг урсан” гэх эх сурвалж нь тодорхойгүй, дам яриа яригдаж байсан байх бөгөөд энэ талаар ийнхүү 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-д “...та бичиг урсан биз дээ, тэгвэл хаана байгаа юм гаргаад ир” гэж хэлж байсан нь нотлогддог. Гэвч зөвхөн энэ үндэслэлээр албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гэсэнд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид ногдуулсан шийтгэл гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй байна. “Дарга бичиг урсан” гэх дам яриаг анх хамт олны дунд А.А эхэлж яриагүй болох нь нотлогддог бөгөөд харин өөрт нь хэлж байсан болох нь тогтоогддог. Иймээс худал мэдээлэл тарааж, хамт олны дунд нэр хүнд унагаасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

10.3.5. Маргаан бүхий актын 1 дэх заалтад “...Зарим асуудлаар илт худал мэдээлэл өгч хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч А.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар бие биенийхээ ёс зүйн талаар удаа дараа хяналт шалгалтын байгууллагад хандаж байсан байдаг. Энэ талаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар гаргасан. Үүнд: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Авлигатай тэмцэх газарт 2 удаа, Говьсүмбэр аймгийн Төрийн Аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс. Энэ байдлаараа нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.2.1, 8.2.3, Байгууллагын дотоод журмын 6.1, 8.5, 8.6, 8.7-д заасныг зөрчсөн гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан Захиргаа хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 466 дугаар магадлалаас үзвэл “...Нэхэмжлэгч А.А “Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цалин хөлс урамшууллын зөрүүг олгуулах” гэсэн нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 25/06 дугаартай дүгнэлтээр[5] Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.О нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 /бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх;/, 8.2.3 /хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах;/ гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих; гэж зааснаар төрийн албан хаагч цалин хөлснийхөө талаар санал, гомдол гаргах эрхтэй байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зйлийн 7.1.8-д захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмын агуулга нь удирдах албан тушаалтныхаа үүрэг даалгавар, үг үйлдэл бүрийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй бөгөөд  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; үүрэгтэй.

10.3.6. Маргаан бүхий актад: “...Мөн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж “Чи АТГ-аас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд ямар албан бичиг ирдэг юм” гэж өөрийн илт буруу үзэл бодлыг тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсэн, дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан” гэж дурджээ.

Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын чигчий хуруу зүсэгдсэн зураг[6] /“2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05-д зүүн гарын чигчий хуруунд гэмтэл үүсгэж цус гарсан” гэх тайлбартай/, энэ талаар өөрөө утсаараа гараа харуулан хийсэн бичлэг ирүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот “Сонсох ажиллагааны тэмдэглэл[7]”-д “Би О дарга дээр орж тэр ёс зүйн хяналт шалгалтын чинь материалыг би шалгая, үзье, танилцъя, би танилцах эрхтэй. Тэр хүний гомдлоор шалгаж байгаа учраас би танилцах эрхтэй гэхэд надад танилцуулаагүй. Би баримтыг авсан. Надаас баримтаа буцааж авахдаа хавчаарандаа гараа урсан. Тэгээд цаасандаа цусаа нялж байгаад  зургаа дарчихсан” гэж тайлбар гаргасан байдаг. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...100 гаруй хуудастай баримтыг миний гараас булаан авч буцааж авах гэтэл 2-3 удаа хүчтэй дугтарснаас миний зүүн гарын чигчий хуруу цаасны ирмэгт зүсэгдэж гэмтсэн. Мөн цагдаа дуудах талаар огт яриагүй болно[8]” гэж тайлбар гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаагүй болохоо нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч маргадаггүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гүтгэсэн, нэр төрд халдсан, хууль хяналтын байгууллагад худал мэдээлэл өгсөн” гэх агуулгаар нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад шалгуулсан байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын  2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 133 дугаар тогтоолоор[9] гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “биед гэмтэл учруулахыг завдсан” гэсэн үндэслэлийг эрх бүхий байгууллагад шалгуулах нь зүйтэй.

 

10.4. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйл болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар зохицуулна.

Журамд зааснаар дүгнэлтийг тус газрын дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн О.П гаргасан боловч сахилгын шийтгэлийн үндэслэлийг нэхэмжлэгчид танилцуулаагүй тайлбар аваагүй болох нь дараах нөхцөл байдлаар тогтоогддог. Үүнд: 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот “Сонсох ажиллагааны тэмдэглэл[10]”-д 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан шалгасан дүгнэлтийг Ч.О дарга надад бичиг хэргээр[11] дамжуулж өгсөн. Гэтэл яг адилхан дүгнэлтийг[12] О.П надад өгсөн” гэж мэдүүлдэг.

Уг журмын “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах”  гэсэн хэсгийн 2.1-т Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхуйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах ирүүлсэн нь үндэслэл болно, 2.2-т Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно, 2.6-д Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана, 2.7-д Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй гэж тус тус заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг танилцуулаагүй, түүнээс тайлбар аваагүй, зөрчлийн материалыг урьдчилан танилцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлоогүй, харин журмын энэ 2.2-т зааснаар би өөрөө удирдах албан тушаалтан учраас дүгнэлт гаргах эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийн талаар дүгнэлт шууд гаргаж түүнийгээ сонсох ажиллагааны хүрээнд зөрчилд холбогдогч этгээдэд танилцуулсан нөхцөл байдлыг зөвтгөх боломжгүй. Учир нь сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан журмыг баримтлах нь захиргааны үүрэг байна.

 

10.5. Маргаан бүхий актад “албан хаагч сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил дахин гаргасан” гэсэн байдаг. Харин нэхэмжлэгчээс нэг зөрчлөөр дахин арга хэмжээ авсан гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Нэхэмжлэгч А.А-д 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар албан тушаалын цалинг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Шийтгэлийн талаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой хэсгийг[13] хянуулахаар Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Ёс зүйн дэд хороонд шилжүүлж бусад асуудлаар дүгнэлт гаргаж 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 360 дугаар тогтоолоор тушаалыг хэвээр үлдээжээ.

Төрийн албаны зөвлөлөөс  Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Ёс зүйн дэд хороонд  “удирдлагын итгэлийг алдсан, хүний нэр төр алдар хүндэд халдсан, бусадтай удаа дараа дээрэнгүй байдлаар харилцсан, гүтгэж гүжирдсэн” гэсэн хэсгийг хянуулахаар ирүүлсэн байна. Үүний дагуу Ёс зүйн дэд хороо гомдол мэдээлэлд хяналт шалгалт хийж А.А-ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.2.3-т заасан зөрчил гаргасан байна гэж 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот дүгнэлт гаргажээ.

А.А-д сахилгын шийтгэл ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалын[14]  үндэслэлд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.3, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16, 37.1.18,  39 дүгээр зүйлийн 39.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.7, 7.1.8, 7.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.9, 6.1, 6.4, 6.5, 6.6, 7.2, 7.13, 7.18, 8.2, 8.5, 8.7, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 2.1, 2.2 гэж тус тус дурджээ.

Энэхүү 2025 оны А/41 дугаартай тушаалын 1 дэх заалтад “Захиргаа, санхүүгийн  хэлтсийн дарга А.А нь байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй, удирдлагын итгэлийг алдсан, хүний нэр төр алдар хүндэд халдсан, бусадтай удаа дараа дээрэнгүй байдлаар харилцсан, гүтгэж гүжирдсэн” гэсэн байдаг.

Харин маргаан бүхий акт болох 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалйн нэг дэх заалтад “... Дээрх үйлдлүүд нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан тушаалын нөлөөг ашиглан хууль зүйн хүчин төгөлдөр бус баримтыг албан ёсны мэтээр түгээсэн, хүний нэр хүнд хууль ёсны ашиг сонирхолд халдсан, дарамталсан, байгууллагын дотоод дэг журам, бичиг хэргийн нийтлэг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны дунд үл ойлголцол үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулсан тул” гэжээ.

Түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Сонсох ажиллагааны тэмдэглэл[15]”-д

Р.Л: Авлигатай тэмцэх газрын бичгийг урж хаясан гэж хэлсэн байна түүнтэй холбоотой ямар нэг чат ирсэн гээд байгаа энэ  дээр хариулах уу? гэж асуухад

А.А: Тийм би наадахыг чинь хэлсэн.  ... Энэ чатыг бичихэд О дарга өөрөө хажууд байсан. ..., А.А: Бичиг ирсэн нь үнэн биз дээ? гэхэд У.Л: Үнэн. Би энэ бичгийг задруулсан гэж даргатай муудалцсан. Ер нь энэ бичгийн тухай хамгийн эхэнд ярьсан хүн бол Э.Н эгч. Энэ талаар А.А ах мэдэж байгаа. 2 давхарт яриад яваад байсан хүн бол Э.Н эгч. гэж тусгагдсан.

Мөн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай сонсох ажиллагааны тэмдэглэлд гэрч С.О-аас: “Дарга бичиг урсан гэх асуудлаар 2024 оноос л энэ яриа яригдаж байсан. Бүх хүн мэднэ[16]” гэсэн мэдүүлэг гаргасан байна. Энэхүү тэмдэглэлүүдээс дүгнэвэл тухайн үед буюу 2025 оны 41 дүгээр тушаалаар арга хэмжээ авагдах үед энэ асуудал мөн яригдаж байсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Би 3 асуулт асуусан учраас тэр асуудал ороогүй” гэж тайлбарладаг. Уг тэмдэглэлд Ч.О 3 асуулт асуусан болох нь нотлогдож байгаа боловч зөрчлийг шалгах, сонсох улмаар ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн тэмдэглэлд бичигдсэн эрх бүхий ажлын хэсгийн гишүүний асуулт, оролцогчийн хариулт зэрэг нь “дарга бичиг урсан” гэх ёс зүйн асуудалд хамааралгүй гэж дүгнэх үндэслэлгүй. 

Иймээс 2025 оны А/41 дүгээр тушаалын 1 дэх заалтын “удирдлагын итгэлийг алдсан, хүний нэр төр алдар хүндэд халдсан, ... гүтгэж гүжирдсэн” гэсэн хэсэг, 2026 оны А/17 дугаар тушаалын 1 дэх заалтын “Тухайн өдрөөс өмнө “Дарга АТГ-аас ирсэн албан бичгийг урсан гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө гүтгэж, худал мэдээлэл тараасан, хүний нэр хүнд хууль ёсны ашиг сонирхолд халдсан, Мөн удирдлагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж,” гэсэн хэсгүүд нь нэг асуудлаар дахин сахилгын арга хэмжээ авсан гэж дүгнэхээр байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно. гэснийг зөрчсөн байна.

10.6 Мал эмнэлгийн газрын 2025 оны А/17 дугаар тушаалын үндэслэлийн нэг болох Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нэхэмжлэгч А.А-ын ёс зүйн талаар шалгуулахаар Ёс зүйн дэд хороонд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, Авлигатай тэмцэх газар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус өргөдөл, гомдол гаргасан байх бөгөөд Авлигатай тэмцэх газар өргөдлийг Төрийн албаны зөвлөлд, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Ёс зүйн дэд хороонд тус тус шилжүүлсэн байна.

Ёс зүйн дэд хороо “Мал эмнэлгийн ерөнхий газраас ирсэн бичгийг дарга ураад хаясан. Өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан албан бичгийг урж хаясан гэх мэдээлэл тогтоогдсонгүй. ...Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга А.А нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг зөрчсөн байна.” гэж 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот дүгнэлт гаргажээ.[17]

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх; гэж заажээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; 5.1.3-т "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг ойлгохоор заасан.

Харин Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гэж заасан болно.

Хариуцагч байгууллагаас:

  1. Байгууллагын удирдлагыг “АТГ-аас ирсэн бичгийг урсан” гэж мэдээлсэн, Тухайн өдрөөс өмнө “Дарга АТГ-аас ирсэн албан бичгийг урсан гэх агуулгаар удаа дараа хамт олны өмнө гүтгэж, худал мэдээлэл тараасан, гүтгэсэн
  2. Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, албан бус мэдээлэл тараасан.

гэх ижил агуулгатай гомдол мэдээллийг шалгаж “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан тухай” 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Ёс зүйн дэд хороо 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот дүгнэлт гаргасан байдаг.

Дээрх хуулиудад зааснаар төрийн албан хаагчийн “ёс зүйн зөрчил” болон “сахилгын зөрчил” нь ялгаатай бөгөөд ёс зүй гэдэг нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагч хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээ бөгөөд түүнийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн зөрчилд тооцогдохоор зохицуулжээ. Гэтэл ийнхүү нэг асуудлаар 2 дүгнэлт гаргаж, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүй төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т нийцээгүй гэж дүгнэлээ.

11. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

 Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч А.А-д сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халсан захирамжийг хүчингүй болгон, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын төсвөөс гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.6,  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн А.А-аас тус аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаартай “А.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын ажилгүй байсан хугацааны олговрыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын төсвөөс гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                   

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ОЮУНСҮРЭН

 

 

                  

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 9 дэх талд

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 19 дэх талд

 

[3] Хэргийн 2 дугаар хавтасны 114-115 дахь талд

[4]

[5]

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 182-186 дахь талд

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 108  дахь талд

[8] Хэргийн 3 дугаар хавтасны ..... дэх талд

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 81-82 дугаар талд

[10] Хэргийн 1 дүгээр  хавтасны 108 дугаар талд

[11] Хэргийн 1 дүгээр  хавтасны 71 дүгээр  талд

[12] Хэргийн 1 дүгээр  хавтасны 72 дугаар талд

[13] Хэргийн 3 дугаар хавтасны ....  дахь талд /167 гэсэн дугаартай/

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 170 дахь талд

[15] Хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь талд

[16] Хэргийн 1 дүгээр хавтасны 106-107 дахь талд

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 69-70 дахь талд