Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00692

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00692

 

 

Ихнаяд хөгжил ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00201 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ихнаяд хөгжил ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрчим Хүч Барилга Угсралтын Трест ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 72 368 986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ихнаяд хөгжил ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хашбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Билэгтгүн, өмгөөлөгч С.Батболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "Эрчим Хүч Барилга Угсралтын Трест" ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын агуулахын барилга угсралтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.2-т заасны дагуу нийт ажлын хөлс 602 000 000 төгрөгөөр тооцож төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцсон. Мөн энэхүү гэрээтэй холбоотой талууд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр "Монгол наадам цогцолборын агуулахын сэндвич хавтан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, туслах материал худалдан авах гэрээ, төмөр хийцийн материал худалдан авах гэрээнүүдийг нэмэлтээр байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаанд захиалагчийн гаргасан зураг төсөл, хэмжээ, чанарын дагуу тухайн ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэдэг нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн "барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар нотлогдож байна. Хариуцагч талтай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өглөг авлагын тооцоо хийж өнөөдрийн байдлаар 48 245 991 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэлгүй манай компанийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд "Эрчим Хүч Барилга Угсралтын Трест" ХХК-иас 48 245 991 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг, гэрээнд заасан алдангийн 24 122 995 төгрөг, нийт 72 368 986 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагын алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, алдангийг 12 061 497 төгрөг болгож, нийт 60 307 488 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эрчим Хүч Барилга Угсралтын Трест ХХК-ийн ерөнхий захирал С.Сүхтөмөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 48 245 991 төгрөгөөс Монгол наадам цогцолборын агуулахын барилгын Захиалагч байгууллага болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь "Барилгын тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар "Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна" гэж заасан дагуу төсөвт өртгийн 5 хувьтай тэнцэх буюу 30 100 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай чанарын баталгааны барьцаанд авч үлдсэн бөгөөд түүнээс манай байгууллага энэ төлбөрийг саатуулаагүй болно. Уг төлбөр чанарын баталгааны хугацаа дууссанаар төлөгдөхийг Ихнаяд хөгжил ХХК ойлгон хүлээн зөвшөөрч байсан. Мөн Захиалагч байгууллага үндэслэлгүйгээр магадлашгүй ажлын зардлыг суутгаж нийт 28 600 000 төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосноос үүдэн дээр дурдсан гэрээний дагуух үлдэгдэл төлбөр болох 18 145 991 төгрөг төлөгдөөгүй байгааг нэхэмжлэгч мэдэж байгаа болно. Үндэслэлгүйгээр суутгагдсан төлбөрийг Захиалагчаас шүүхийн шугамаар нэхэмжлэхээр болсон бөгөөд энэ асуудлыг Ихнаяд хөгжил ХХК-ний удирдлага сайн мэдэж байгаа. Иймд Захиалагчтай хийх төлбөр тооцооны маргаантай асуудлыг нэг мөр шийдэх хүртэл хугацаагаар дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхийг хойшлуулж бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд анхаарахыг шүүхээс хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрчим Хүч Барилга Угсралтын Трест ХХК-иас 60 307 488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ихнаяд хөгжил ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 519 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрчим Хүчний Барилга Угсралтын Трест ХХК-иас улсын тэмдэгтийнхураамжинд 459 487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ихнаяд Хөгжил ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат давж заалдах гомдолдоо:

...Захиалагчийн буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь ...Монгол улсын Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт "Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна" гэж заасны дагуу төсөвт өртгийн 5 хувьтай тэнцэх буюу 30 100 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай чанарын баталгааны барьцаа мөн захиалагч байгууллага үндэслэлгүйгээр магадлашгүй ажлын зардлыг суутгалд нийт 28 600 000 төгрөгийн санхүүжилтийг авч үлдсэн бөгөөд түүнээс манай байгууллага энэ төлбөрийг саатуулаагүй ба ЭХБУ-1406 тоот гэрээний ажил дуусахад А тал Б талд олгох нийт төлбөрөөс Ерөнхий захиалагчийн тогтоосон хугацаатайгаар чанарын баталгааны мөнгө болох 5 хувийг авч үлдэн хугацаа дуусахад буцаан олгоно, гэрээний үндсэн нөхцөл болон магадлашгүй ажлын зардлаас хамааран "Ихнаяд Хөгжил" ХХК-ийн үлдэгдэл санхүүжилтанд тодорхой хэмжээний өөрчлөлт орон 18 145 991 төгрөгийн дутуу санхүүжилт үлдсэн талаар "Ихнаяд Хөгжил" ХХК-тай ярилцан ойлголцолд хүрсэн тухайгаа анхан шатны шүүх дээр мэдэгдсээр байтал үнийн дүн, алданги зэрэгт өөрчлөлт оруулаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэг заасны дагуу хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ" гэснийг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувьд тооцож алданги нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзсэн боловч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна" гэж заасны дагуу "Эрчим Хүчний Барилга Угсаралтын Трест" ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын өмнө "Ихнаяд хөгжил" ХХК-ийн хийсэн ажлын хариуцлагыг давхар хүлээж барилгыг хүлээлгэн өгөх асуудал болон 3 жилийн барьцаа мөн нийт санхүүжилтын магадлашгүй ажлын зардал 28 600 000 төгрөгийн суутгал зэргийг хүлээсэн болно. Иймд "Ихнаяд хөгжил" ХХК-ийн санхүүжилтанд өөрчлөлт орж үлдэгдэл нь 18 145 991 төгрөг тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт үнийн дүн, алданги өөрчлөгдөхийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. ЭХБУ-1406 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 Б тал гэрээт хугацаанд ажлаа дуусгаагүй тохиолдолд дуусгаагүй хоцорсон хоног тутамдаа А талд хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх мөнгөн торгууль төлнө" гэж заасан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн "198.1 дэх хэсэг зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэсэн нь энэ гэрээнд Б талын алданги тооцох талаар тусгаагүй болох харагдаж байна. Мөн "Ихнаяд хөгжил" ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/156 тоот албан бичгийн хавсралт №01-т "Ихнаяд хөгжил" ХХК нь тооцооны үлдэгдлийг бодохдоо анхны "Барилга угсралтын" гэрээ буюу ЭХБУ-1406 тоот гэрээний дагуу тооцооны үлдэгдлийг бодож 44 245 991 төрөгний дутуу санхүүжилтай байна гэж дүгнэсэн боловч ЭХБУ04/07 тоот гэрээний заалтаар алданги тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримт буюу итгэмжлэлээс харахад хариуцагч нь Б.Одсүрэнд зөвхөн нэхэмжлэлийг гардан авах эрх олгосон итгэмжлэл гаргасан бөгөөд шүүх түүнийг хэргийн оролцогчийн нэгэн адил үзэж эрх үүрэг тайлбарлан шүүх хуралдааны тов мэдэгдэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд хариуцагч тус маргаантай холбоотой хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Шүүх хариуцагч болон түүний хууль ёсны төлөөлөгчид хуульд заасан эрхийг нь эдлүүлэх ёстой байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэргийн 22 дугаар талд Эрчин хүчний барилга угсралтын трестийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1/372 тоот албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичигт Ихнаяд хөгжил ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим Хүч Барилга Угсралтын Трест ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг гардан авах эрхийг хүний нөөцийн менежер Б.Одсүрэнд итгэмжлэлээр олгосон байна.

 

Анхан шатны шүүх дээрх итгэмжлэлийг үндэслэн Б.Одсүрэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд хариуцагч Эрчим хүний барилга угсралтын трест ХХК-ийн Б.Одсүрэнд тус байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчиж улмаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбатын төлсөн 459 490 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО