| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2302004820469 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
2025 01 08 2025/ДШМ/56
Б.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/821 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.О нь ... дүүргийн .... дугаар хороо ....ын гудамжинд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын харьяа Туул голын сав газарт тус захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”,
мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж, Бүгд Найрамдах Солонгос улсад магистрын хөтөлбөрт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/05 дугаар гэрээгээр суралцаж ирсэн Х.Ц-г албан тушаал дэвшүүлэн томилохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг буюу Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтад оролцоогүй Х.Ц-г 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус газрын Усны менежмент, төлөвлөлтийг зохицуулах албаны Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж, улмаар түүнийг Бүгд Найрамдах Солонгос улсад суралцаж байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цалин тооцож, хийх ёсгүй үйлдлийг хийж, нийт 1,268,726.32 төгрөгийн цалин авах боломжийг Х.Ц-д олгож, түүнд давуу байдал бий болгосны улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргаанд 1,268,726.32 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, нийтийн албанд томилогдох эрхийг xacax ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Х.Ц-аас 1,268,726 төгрөгийг гаргуулж, хохирогч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргаанд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэрэгт хавсаргагдсан баримт нотолгоо, гэрчүүдийн тайлбар мэдүүлэг, хэргийн бодит байдлыг үнэлж, дүгнэн тогтоохгүйгээр намайг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт 4 тусдаа зохицуулалт байгаа бөгөөд Х.Ц нь Туул голын сав газрын захиргаанд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анх томилогдсоноос хойш 6, 7 жил Гадаргын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Газрын доорх усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд тасралтгүй ажилласан, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учир тус заалтыг зөрчөөгүй. Х.Ц нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.9-д тус тус заасан нийтлэг эрх, үүргийн дагуу тус хуулийн 42.1.4-д зааснаар үндсэн ажлын байрыг нь хадгалж байсан, тухайн байгууллагын үндсэн ажилтан бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн дагуу гадаад улсад магистрын сургалтад хамрагдсаны дараа эргэж ирээд байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тухай гэрээг захиргаатай байгуулсан байсан.
УИХ-аас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-д заасны дагуу албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах зохицуулалтыг зогсоосон байсан. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр зөвлөмжид тусгасан “Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээ”-ний талаарх зохицуулалтыг бүх шатны төрийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөж байсан. Тус зөвлөмжийн 2.2-д “Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шийдвэрлэх” гэж чиглэл өгсөн.
Нэг талдаа “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулиар албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахыг зогсоосон байсан хэдий ч нөгөө талдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөл чадамжгүй байсны улмаас албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан. Хэдийгээр төрийн албаны салбар зөвлөл байхгүй байсан ч салбар зөвлөлийн дарга буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга жинхлэн томилогдсон байсан буюу салбар зөвлөл даргатай байсан. Мөн Салбар зөвлөлийн нарийн бичиг яамны Салбарын хүний нөөцийн мэргэжилтнээр дамжин харьяа байгууллагуудын хүний нөөцийн тодорхой үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ба хуульд заасан үүргийн дагуу манай байгууллагад гарсан сул орон тооны мэдэгдэл, захиалга, судалгааг тухай бүр хүргүүлж байсан. Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системээр дамжуулан төрийн бүх байгууллага хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг cap бүр өгдөг. Эндээс тухайн байгууллагад хэзээ, хэдэн сул орон тоо гарсан, яаж нөхөгдсөн зэрэг мэдээлэл Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлд шууд хүрч байсан.
Х.Ц-тай хувийн харилцаатай гэж үзэх үндэслэлгүй. Надад болон томилсон албан хаагчид ямар нэг эдийн засгийн үр ашиг, ашиг сонирхол байгаагүй буюу би давуу байдал олгож, байгууллагад хор, хохирол учруулах үйлдэл хийгээгүй. Байгууллагын эрх ашиг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, зайлшгүй ажлын шаардлагаар Х.Ц-г харьяалах нэгжийн даргынх нь санал болгосны үндсэн дээр Туул голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасны дагуу захиргааны Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хамтын шийдвэрийг үндэслэн томилгоо хийсэн. 2019-2020 оны хооронд төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, бусад хугацаанд тус төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулах, газар дээр нь хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай. Үндсэндээ төлөвлөгөөг тухайн үед захиргаанд ажиллаж байсан бусад ажилтнаас хэнээс нь ч илүү сайн мэдэх албан хаагч байсан. Магистрын дипломын ажлын судалгаагаа сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулахад сайжруулах арга зам, эдийн засгийн үр ашиг, төлөвлөлтийг оновчтой болгох чиглэлээр хийж байсан. Х.Ц-г магистрын танхимын сургалтаа дуусгаад ирэх үед ажиллаж байсан Усны менежмент төлөвлөлтийг зохицуулах албаны дарга болон Усны менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн 2 орон тоо сул гарсан байсан. Тус алба 5 орон тоотойгоос тухайн үед зөвхөн Усны барилга байгууламжийн мэргэжилтэн ганцаараа ажиллаж байсан ба Х.Ц-ийн сургалтад явахаас өмнө хариуцаж байсан Гадаргын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн Газрын доорх усны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо ч мөн сул байсан. Бусад албад дээр ч хүний нөөц дутмаг, асуудалтай байсан. Тухайн үед ковидын нөхцөл бүрэн хэвийн байдалд ороогүй, дээр нь яамны салбар зөвлөл чадамжгүйн улмаас салбарын хүний нөөцийг нөхөн бүрдүүлэх сонгон шалгаруулалт цаг хугацаандаа зарлагдахгүйгээс болж хүний нөөцийн дутагдал ихээр үүссэн байсан. Иймээс “мэргэжлийн хүнээ авч ажиллуулж, хүлээгдсэн ажлаа явуулъя” гэдэг санаачилгыг тухайн үед Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны даргын албан үүргийн зэрэгцээ, Усны менежмент төлөвлөлтийг зохицуулах албаны даргын үүргийг хариуцаж байсан, анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон П.М гаргасны үндсэн дээр Х.Ц-тай холбогдон, санал тавьсан. Х.Ц нь 02, 03 дугаар сард хийсэн ажил нь юу байсан, үр дүн гарсан үгүйг хэрэг мөрдөлтийн явцад олж тогтоох оролдлого хийгдээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад үнэлж, дүгнээгүй.
Х.Ц нь 2022 оны 02, 03 дугаар сард Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний 2013-2021 оны биелэлтийг хариуцан гаргасан бөгөөд энэ талаараа яамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Г-ын явуулсан хяналт шалгалтын хүрээнд өгсөн тайлбартаа бичиж, хийсэн ажлын үр дүнг файлаар хүлээлгэж өгсөн. Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө 2021 онд хэрэгжиж дууссан бөгөөд хууль, журмын дагуу төлөвлөгөөний нийт хугацааны биелэлтийг нэгтгэн гаргаж, үнэлэх, улмаар дараагийн төлөвлөгөөний төслийг боловсруулах гээд тулгамдсан асуудлууд үүссэн байсан тул тус ажлыг Х.Ц-аар гүйцэтгүүлсэн. Х.Ц-г томилох үед магистрын дипломын ажлаа Бүгд Найрамдах Солонгос улс руу буцахгүйгээр цахимаар хамгаалах магадлалтай гэдэг асуудлыг тухайн үед хэлж байсан. Гэтэл хөдөлмөрийн харилцаа үүссэнээс хойш сургуулиас магистрын судалгааны ажлаа заавал ирж хамгаалах шаардлагатай гэж мэдэгдэл ирсэн тул, буцах боллоо гэдгээ тухайн үед албаны даргадаа мэдэгдээд явсан. Тухайн үед хийж байсан ажил богино хугацаанд хийгдэх боломжгүй, үргэлжилж байсан учир үлдсэн ажлаа 2022 оны 03 дугаар сард үргэлжлүүлж дуусгахаар ярилцаж тохирсон. Мөн 04 дүгээр сард ч ажил нь үргэлжилж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Харин 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс байгууллагын удирдлага солигдсон тул байгууллагын дотоод зохион байгуулалтын зарим ажил хариуцах эзэн тодорхой бус байдлаар орхигдсон зэрэг тодорхой шалтгаан, асуудал байсныг мөрдөн шалгалтын явцад дүгнэж, холбогдох асуудлыг тодруулаагүй.
Ажлын цагийг нь албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу хүний нөөцийн мэргэжилтэн бүртгэн, тайлан гаргаж, цагийн тооцоог нь нягтлан бодогч хянаж, тухайн сарын цалинг нь тооцож олгодог. Байгууллагын дарга цагийн тооцооны хуудастай танилцаж, цалингийн гүйлгээг баталгаажуулдаг. Би байгууллагын дарга байлаа гээд тухайн байгууллагыг ганцаараа төлөөлөхгүй, албан хаагч бүр өөр өөрийн хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Хариуцсан ажил, албан тушаалын эрх, үүргээ хэрэгжүүлж, тэрнийхээ хариуцлагыг хүлээдэг. Захиргааны дарга, албаны дарга, хүний нөөцийн мэргэжилтний ажлын чиг үүрэг хэрэгт авагдсан батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдсан. Би Х.Ц-ийн ажлын цагийг ирснээр бүртгэж, цалинг өг гэж үүрэг өгөөгүй бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй ба Х.Ц нь 2022 оны 02, 03 дугаар сард хариуцсан ажлаа хийж байсан нь хүний нөөцийн мэргэжилтэн, албаны дарга, нягтлан бодогч нарын өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Энэ мэргэжилтэн салбартаа мэргэжлийн ажлаа хийх сонирхолтойдоо бидний тавьсан саналыг хүлээж авч, ажиллахаар болсон гэж бодож байна.
Х.Ц-г ажиллуулснаар байгууллагыг хохироох гэхээсээ илүү, байгууллага энэ мэргэжилтний мэдлэг, чадварын үр шимийг хүртсэн нь илүү их байсан. Тэр нь 2022 оны 02, 03 дугаар сард хийсэн ажлаас гадна, 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 10 дугаар сард хийсэн ажлын үр дүнгээр тогтоогдоно. Энэ мэргэжилтэн энэ байгууллагад хэрэгтэй хүн байсан гэдгийг дараагийн удирдлага буюу шалгуулахаар гомдол явуулсан албан тушаалтан хүлээн зөвшөөрч хамтран ажиллаж байсан нь миний томилсон ахлах мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж, Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний 2013-2021 оны хэрэгжилтийн тайланг хариуцуулан гаргуулж, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/188 дугаартай албан бичгээр төлөвлөгөөний хэрэгжилтийн товч танилцуулга, үнэлгээ, биелэлтийн тайлан нийт 141 хуудас материал яаманд хүлээлгэж өгснөөс харж болно. Энэ нь тухайн албан тушаалд ажиллуулж, 2023 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл цалин олгож байснаар нотлогдоно.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Ц-г ахлах мэргэжилтнийх нь албан үүргийн зэрэгцээ Усны менежмент төлөвлөлтийг зохицуулах албадын даргын албан үүргийг давхар хариуцуулж, ажиллуулж байсан. Гомдол гаргасан албан хаагчид Х.Ц-г миний томилсон албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж, давхар албаны даргын ажлыг хийлгэж байснаа гэнэт 2023 оны 03 дугаар сарын сүүлээр намайг Х.Ц-г томилохдоо хууль зөрчсөн гэж гомдол өгч шалгуулсан. Гэтэл энэ хууль зөрчсөн гээд байгаа асуудлыг гомдол гаргахаас бүтэн жилийн өмнө буюу Х.Ц-г магистрын дипломоо хамгаалаад буцаж ирэхээс нь өмнө, гомдол гаргасан албан хаагчид өөрсдөө мэдэж байсан. Мөн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан ч мөрдөгч, прокурор анхаарал хандуулаагүй. Шүүх хуралдааны явцад ч үүнийг үнэлж, дүгнээгүй. Хэрэг бүртгэлт, мөрдөлтийн явцад мөрдөгч Туул голын сав газрын захиргаанаас надтай болон Х.Ц-тай холбоотой гарсан тушаал, шийдвэрийг гаргуулж авсан. Гэтэл Д.Н нь Х.Ц-г албаны даргаар томилсон, өөрийн гаргасан Б/50 дугаар тушаалыг гаргаж өгөөгүй нь санаатай үйлдэл гэж хардаж байна. Учир нь, намайг хууль зөрчсөн гэж үзвэл тухайн асуудлыг мэдсээр байж Х.Ц-г ирэхэд нь үргэлжлүүлэн ажиллуулж цалин олгосон, давхар ажил хариуцуулсан зэрэг нь бас байгууллагыг хохироосон үйлдэл гэж үзэх үндэслэлтэй тул нуун дарагдуулсан байж болно. Мөн захиргаа Х.Ц-тай байгуулсан 2020 оны 2020/05 дугаар гэрээг гаргаж өгөөгүй. Хэрэв би буруу шийдвэр гаргасны улмаас Х.Ц-д 1,500,000 сарын цалин өгч байгууллагыг 1,200,000 төгрөгөөр хохироосон бол гомдол гаргасан албан тушаалтан тухайн асуудлыг мэдсээр байж нуун дарагдуулж, 16 cap ахлах мэргэжилтний цалин олгож, бараг хагас жил албаны даргын үүрэг давхар гүйцэтгүүлж цалин олгосон үйлдэл нь юу болох вэ. Намайг хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа бол Х.Ц-г томилох үеийн нөхцөл байдал, салбарын албан хаагчдын сонгон шалгаруулалт зэрэг асуудлыг мэдэх албаны дарга, нягтлан бодогч, даргын туслах, яамны салбарын хүний нөөцийн мэргэжилтэн Г.Б, О.М, н.Т зэрэг хүмүүс хэргийн гэрч болох учиртай. Гэтэл тухайн цаг үед байгаагүй, тухайн асуудлын нарийн учрыг мэдэхгүй албан тушаалын ашиг сонирхол үүссэн Д.Н, Д.Ж болон О.Э, яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Г, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Б нар яагаад гол гэрч болсон бэ. Нөгөө талаар дээрх хууль зөрчсөн гэх асуудлын талаар гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар яагаад өөрчлөгдсөн бэ, гомдол гаргаж шалгуулсан албан хаагчдын дарамт шахалт байсан уу гэдэг нь тодорхойгүй, шүүх хурлын явцад энэ асуудлыг дүгнээгүй. Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М-г “хүн өмөөрөх гэж байж, өөрөө хам хэрэгтэн болов оо, энэ бичиж өгсөн тайлбараа ингэж засаж өөрчилж өг” гэж ажлын бус цагаар суулгаж дарамталсныг нотлох гэрчүүд байдаг. Мөн иргэний хариуцагч Х.Ц-д ч дарамт үзүүлсэн.
Миний бие тухайн захиргааг анх байгуулагдсанаас хойш тасралтгүй ажиллаж байгаа ба тухайн байгууллагыг анх байгуулах, суурийг тавих ажилд оролцож байсан. Миний бие өргөсөн тангарагтаа үнэнч байж, сайдын хууль зөрчиж томилсон албан тушаалтан болон тухайн албан тушаалтны хууль зөрчиж томилсон албан хаагчдыг аялдан дагаагүйн төлөө сахилгын шийтгэл авч, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж шалгуулж, 3 шатны шүүхийн шийдвэр гарч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэдий ч хуульд заасан эрхээ зөрчүүлж, сонгогдсон албан тушаалдаа ч томилогдож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Х.Ц нь миний таньдаг хүн биш, насаараа мэргэжлээрээ ажилласан, Ус судлаач мэргэжлээр суралцаж төгсөөд энэ байгууллагад ажилласан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон, намайг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй. Х.Ц-г тусгай шалгалтад оролцуулахгүйгээр томилсон нь хууль зөрчөөгүй талаарх хууль зүйн үндэслэлүүдийг өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж, нотлох баримт судлуулж, мэтгэлцэж оролцсон боловч уг дүгнэлт, баримтуудыг шүүгч няцааж, үгүйсгэсэн үндэслэлүүдээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй. Шүүгч зөвхөн улсын яллагчийн бичсэн яллах дүгнэлт, хуулийг хуулбарлах маягаар тогтоолоо бичсэн байх бөгөөд хэргийн үйл баримтад харьцуулсан байдлаар дүгнэлт гаргаагүй. Х.Ц-г ахлах мэргэжилтнээр томилсон 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж байсан бөгөөд албан тушаалын сонгон шалгаруулалтыг явуулахыг Монгол улсын хэмжээнд хуулиар хориглосон, тухайн байгууллагын удирдах албан тушаалтан тодорхой шаардлагыг хангасан иргэнийг албан тушаалд томилох боломжтой нөхцөл байдал байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Туул голын сав газрын захиргааны харьяалагддаг Байгаль орчны салбарт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд албан тушаалын нэг ч сонгон шалгаруулалт явагдаагүй. Өмгөөлөгчийн зүгээс “Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар cap хүртэлх хугацаанд Байгаль орчны салбарт болон Туул газрын сав газрын захиргаанд ямар нэгэн албан тушаалын сонгон шалгаруулалт буюу тусгай шалгалт явагдсан эсэх, явагдсан бол ямар албан тушаалуудад явагдсан, явагдаагүй бол ямар шалтгааны улмаас явагдаагүй” талаарх мэдээллийг холбогдох баримтын хамт гаргуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч ажиллагаа хийж байгаагүй. Ковидын хуулиар сонгон шалгаруулалтыг зогсоосон байсан нөхцөл байдалд хуулийн зохицуулалтын аль хэсгийн дагуу зөвхөн Х.Ц-аас тусгай шалгалт авах ёстой байсныг үндэслэлтэй нотолж чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн заалт нь Х.Ц-г томилсон харилцаанд хамааралгүй, тухайн цаг үед уг хуулийн үйлчлэлийг түр зогсоосон нөхцөл байдалтай байсан нь нотлогддог. Анхан шатны шүүх үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолж чадаагүй хэрнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй.
Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Б.О-ын хийсэн үйлдлийн сэдэлт, зорилго, үйлдэлд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Х.Ц-г томилсон Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд сул орон тоо гарсан талаар тухай бүрд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Туул голын сав газрын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан гэрч М, П.М, А нарын мэдүүлгээр нотлогдоно. Б.О-ын хууль, Төрийн албаны зөвлөмжийг хэрэгжүүлж төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, зайлшгүй ажлын шаардлагаар тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, тусгай шаардлагыг хангасан, тухайн албан тушаалын ажлыг буюу ахлах мэргэжилтнээр өмнө нь ажиллаж байсан, тус захиргаанд 6-7 жил мэргэжлийн дагуу тасралтгүй ажилласан, ажлын туршлагатай, өндөр хөгжилтэй оронд дээд шатны мэргэжлийн зэрэг олгох тэтгэлэгт сургалтад хамрагдсан, мэргэшсэн зэргийг харгалзан, харьяалах нэгжийн даргынх нь санал болгосны үндсэн дээр Туул голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасны дагуу захиргааны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хамтын шийдвэрийг үндэслэн томилсныг буруутгах үндэслэлгүй. Х.Ц-г Солонгос улсад магистрын дипломоо хамгаалаад ирэхэд нь Туул голын сав газрын захиргааны тухайн үеийн удирдлага нь аливаа тусгай шалгалт авалгүйгээр Ахлах мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Ц-г ахлах мэргэжилтнийх нь албан үүргийн зэрэгцээ Усны менежмент төлөвлөлтийг зохицуулах албаны даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлж, 2023 оны 10 дугаар cap хүртэл ажиллуулсан.
Х.Ц нь ахлах мэргэжилтнээр томилогдсон үеэсээ Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан гаргах ажлыг гардан хариуцан ажиллаж байсан ба Бүгд найрамдах Солонгос улсад суралцаж байх хугацаандаа ч уг ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан болох нь түүний ажилд шууд хяналт тавьж, заавар чиглэлээр хангаж байсан харьяалах албаны дарга П.М-ын мэдүүлэг болон мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Х.Ц тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, цалин хөлсийг тооцож бодож олгох чиг үүрэгтэй хүмүүс нь Х.Ц-д хийсэн ажлынх нь цалин хөлсийг олгосон гэх тайлбарыг өгсөн. Б.О-ын хувьд хүний нөөцийн мэргэжилтэн, нягтланд аливаа байдлаар нөлөөлөөгүй, нөлөөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх, хууль бус тушаал шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзах үүрэгтэй. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг өөрөө санаачилгаараа, ганцаараа цалин хөлсийг тооцож бодож олгосон мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Нягтлан бодогч, хүний нөөцийн мэргэжилтний цалин хөлсөө авч, чиг үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн үйлдэлд нь ганц миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Б.О-ын үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн боловч түүний гэмт үйлдэл хэзээ эхэлж, хэдий хугацаанд үргэлжилж, хэзээ төгссөн, ямар үйлдлүүд нь хамаарч байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэмт хэргийг бүрэн дүүрэн, нарийн мөрдөн шалгаж зөв зүйлчлэх нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болдог бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бүрэн гүйцэт илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар шийдвэр оногдуулах зорилтод нийцнэ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан ба өмгөөлөгч миний бие хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, зайлшгүй хийгдэх шаардлагатай нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүсэлтүүд гаргасан боловч мөрдөгч, прокурор хангаж шийдвэрлээгүй, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан өөрт хууль тогтоомжоор олгогдсон эрх зүйн байдалтай байхдаа буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд үүний улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Албаны чиг үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх гэдэгт албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн хийх ёстой үүргээ албаны ашиг сонирхолд эсрэгээр ашигласан, хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг ойлгоно. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн идэвхтэй үйлдэл байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилсан. Өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэдэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүнд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. Энэ гэмт хэргийн субьектив шинж нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан тушаалтан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг ухамсарлан ойлгосон, өөртөө болон бусдад давуу байдал тогтоож байна гэдгээ мэдсэн, түүнийг хүсэл зоригийн хувьд хүсэж үйлдсэн байдаг. Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан, хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил үүрэг гүйцэтгэж байгаа этгээдийг тус тус ойлгоно.
Дээрх хуулийн хэрэглээ, эрх зүйн үндэслэлээс дүгнэхэд, миний үйлчлүүлэгч Б.О-д холбогдох үйлдэл нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулах гэмт хэргийн шинжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээ, хязгаар нь миний үйлчлүүлэгчийн үйлдлийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, гэм буруутай тооцоход хүрэлцэхүйц байдал хангалттай бус гэж үзэж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг учир шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон. Х.Ц-ийн ажлын байрыг хадгалах үүрэг шүүгдэгч Б.О-д байсан. Гэтэл Б.О нь Төрийн албан тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ хэтрүүлэн хэрэглэж, тухайн хүнийг ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн. Тухайн цаг хугацаанд Б.О нь Х.Ц-г ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж байгаа тушаал дээрээ Ковидын тухай хуулийн заалтыг баримталж томилсон гэдэг заалт огт байхгүй. Мөн ямар нэгэн хугацаа заагаагүй, шууд жинхэнэ албан тушаалтнаар томилсон. Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан гэдэг асуудлыг Б.О нь мэдэж байсан бөгөөд энэ талаараа шүүхийн шатанд тодорхой хэлдэг. Х.Ц-г явсны дараа хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр “Б.О дарга цалинг нь олго” гэсэн байдаг бөгөөд нягтлан бодогч нар энэ хүнд цалинг олгож, түүний данс руу шилжүүлсэн. Шүүхээс дүгнэлт хийхдээ прокурорын дүгнэлтийг хуулж бичсэн асуудал огт байхгүй. Мөн шүүгдэгч Б.О нь “би өөртөө ямар нэгэн ашиг олоогүй” гэдэг тайлбар өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан тодорхой албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, эсхүл өөртөө, бусдад давуу байдал олгосноор энэ гэмт хэргийн шинж хангагдана. Иймд шүүгдэгч Б.О өөрт нь тодорхой эрхээр хязгаарлагдсан эрхээ хэтрүүлэн хэрэглэж, эрх мэдлээ урвуулан ашигласан. Энэ хүнд цалин авах боломжийг олгож, гадаад улсад явсан байх хооронд нь ажилласан мэтээр цалин олгож байгаа нь бусдад давуу байдал бий болгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхой зааж өгөөгүй гэж байгаа боловч энэ талаар тодорхой заасан. Нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийсэн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Байхгүй байхад нь цалин олгосон нь нийгэмд аюултай үйлдэл байна. Энэ үйлдлээс болж төрд 1,200,000 төгрөгийг хохирол учирсан байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын үйлдлийн санаа, зорилгыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.
Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг нийтийн албанд ажиллаж буй этгээдийн хувьд Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчих нь ноцтой үр дагаврыг үүсгэдэг тул тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид бие даасан бүлэг болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашигт харш байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон.
Уг гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд,
-тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай санаа зорилго,
-өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн,
-тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан,
-нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн,
-үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.
Иймд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр төрийн албанд шударгаар сонгогдох байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, төрийн байгууллагын эрх ашиг, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.О-ыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар бусдад давуу байдал бий болгож, тусгай шалгалтад хамрагдаагүй хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилж, 1 сарын цалин олгож, байгууллагад 1,268,762 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд буруутгасан ба тэрээр тусгай шалгалт өгөөгүй Х.Ц-г Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд дэвшүүлэн томилсон үйл баримт тогтоогдсон байна.
Нийтийн албан тушаалтны хувьд албан тушаал дэвшүүлэн томилох харилцааг дараах байдлаар зохицуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.6-д “Төрийн албаны тусгай шалгалт өгч, Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шатлан дэвшүүлж тухайн албан тушаалд томилно” гэж заасан ба уг журам 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байснаас үзэхэд, шүүгдэгч Б.О-ын дээрх үйлдэл уг журмын үйлчлэлд хамаарна.
Дээрх үндэслэл болон хууль, журмын зохицуулалтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.О нь Х.Ц-г албан тушаал дэвшүүлэн томилохдоо Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмын 2.6-д заасан шаардлагыг зөрчсөн байх боловч энэ нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна.
Х.Ц-г дээрх албан тушаалд дэвшүүлэн томилсон цаг хугацаа нь дэлхий нийтийг хамарсан хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан “коронавирус” цар тахлын үед хамрагдаж байх ба уг халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, мөрдүүлж байсан.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж,
мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр зөвлөмжийн 2.2-д “Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх” гэж тус тус зохицуулж байснаас үзэхэд, 2022 онд албан тушаалтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон онцгой үе байжээ.
Гэхдээ шүүгдэгч Б.О нь хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах зөвлөмжийн заалтыг баримтлах ёстой байсан.
Нөгөө талаас, Туул голын сав газрын захиргаа нь мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай, албан хаагч сонгон шалгаруулах нөхцөл бололцоогүй байсан талаар гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагджээ.
Ийнхүү Туул голын сав газрын захиргаанд хүний нөөцийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор Б.О нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нийцүүлэн, тусгай шалгалтад оролцоогүй боловч тус төрийн байгууллагад өмнө нь Усны менежмент төлөвлөлтийн албаны Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, тухайн албан тушаалын мэргэжлийг эзэмшсэн, Бүгд Найрамдах Солонгос улсын магистрын хөтөлбөрт 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2020/05 дугаар гэрээгээр суралцсан иргэнийг төрийн албаны чадахуйн буюу мерит зарчимд нийцүүлж, иргэн Х.Ц-г албан тушаалд дэвшүүлэн томилсон байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Б.О нь хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийн хүрээнд Х.Ц-г шууд томилох эрхгүй боловч төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, шуурхай хүргэж, ард түмэндээ үйлчлэх чиг үүрэгтэйн хувьд байгууллагынхаа эрх ашгийн үүднээс, хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх зорилгоор тухайн үеийн коронавирусын онцгой дэглэмд нийцүүлж, мөн байгууллагын боловсон хүчний дутагдалтай байдлыг харгалзан түүнийг албан тушаалд дэвшүүлэн томилсон нь хувьдаа эдийн ямар нэгэн хонжоо олох, эсхүл эдийн бус аливаа ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Б.О-ын дээрх албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэн гаргасан журам, зөвлөмж зэрэг эрх зүйн актыг зөрчсөн хууль бус үйлдэл нь нийгэмд аюултай шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин Б.О нь Х.Ц-г албан тушаалд дэвшүүлэн томилохдоо хуульд нийцүүлэн гаргасан журам, зөвлөмж зөрчсөн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн хэдий ч Б.О-ын холбогдох журам, зөвлөмж зөрчсөн үйлдэл болон Х.Ц-д цалин олгосон асуудлыг эрүүгийн хэргээс бусад журмаар шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтан хариуцлага тооцоход уг магадлал саад болохгүйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/821 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.О-ыг цагаатгасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН