Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0673

 

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0673

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У******* /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нарын хооронд үүссэн нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж олгох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******, Д.Б*******, гэрч Л.О*******, С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Н.У*******т жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсныг хууль бус болохыг тогтоож, жирэмсний тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг даалгах.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

 

2.1. Нэхэмжлэгч Б.У*******аас 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр жирэмсний 33-34 долоо хоногтой байх хугацаандаа жирэмсний амралт авахаар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтын эмч Л.О*******ээр эмнэлгийн хуудас бичүүлсэн.

2.2. Хяналтын эмч Л.О*******ээс жирэмсний 32 долоо хоногтой хугацаанаас тооцон жирэмсний амралт авах ёстой гэж үзээд, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр жирэмсний амралт авсан байдлаар эмнэлгийн хуудас бичиж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүсэлтийг илгээсэн.

2.3. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас хүсэлтийг хянаад, нэхэмжлэгч Н.У*******ыг 2026 оны 02 дугаар сараас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсан, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.У*******аас Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Д.У******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Б.У******* миний бие нь 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын дагуу жирэмсний 35 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас бичүүлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн тул амаржсаны тэтгэмжээ авах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар өгсөн. Гэтэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цахимаар эмнэлгийн хуудсыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тооцож Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар руу хүргүүлсэн бөгөөд үүнээс шалтгаалан миний амаржсаны тэтгэмжээ авах эрхийг хязгаарлаж хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй болно.

3.2. Дээрх хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор хариуцагч байгууллагад өөрт нь болон дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад 2026 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаар "Хариу хүргүүлэх тухай албан бичгээр "...жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна" гэх хариу 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цахимаар ирүүлсэн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Б.У******* миний амаржсаны тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож холбогдох журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас иргэн Б.У*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг шалгахад дээрх хуульд заасны дагуу жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн гэж заасныг хангахгүй байгаа буюу жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх 5 сард тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна. Иймд Б.У******* Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй: гээд 6.1.1.-д хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх; гэж зааснаар даатгуулагч эх нийт 12 сар, жирэмсний амралтаа авсан хугацааны өмнөх сараас тооцон 6 сар тасралтгүй тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлсөн бол түүнд жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхээр зохицуулсан.

3. Нэхэмжлэгч Н.У*******аас хуулийн тус зохицуулалтын дагуу тэтгэмжийн даатгалын санд 12 сар, үүнээс 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл тасралтгүй 6 сар шимтгэл төлсөн, жирэмсний 33-34 долоо хоногтой байх хугацаандаа жирэмсний амралт авахаар 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтын эмч Л.О*******ээр эмнэлгийн хуудас бичүүлсэн болох нь тогтоогдсон тул жирэмсний тэтгэмж авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байна.

4. Гэтэл хяналтын эмч Л.О*******ээс ...32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас бичигдэх ёстой... гэж үзээд, түүний жирэмсний амралт эхлэх хугацааг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс тооцохоор хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт илгээсэн болох нь гэрч Л.О*******ийн мэдүүлэг, нэхэмжлэгч Н.У*******ын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэрт бичигдсэн эмчийн тэмдэглэл /эх хувиар/, цахимаар илгээгдсэн эмнэлгийн хуудсаар тогтоогдоно.

5. Ийнхүү Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн алдаатай илгээсэн хүсэлтийг үндэслэн хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Н.У*******ын тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөгдсөн хугацааг 2025 оны 8 дугаар сараас тооцон тасралтгүй 6 сар шимтгэл төлөгдсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн , дугаар тушаалаар батлагдсан Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын 1.4.-т Энэ журмын 2.1-т заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно. гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас эмнэлгийн хуудсыг үндэслэн Н.У*******ыг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралтаа авсан гэж үзээд тэтгэмж олгохоос тухайн үед татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

7. Гэвч, бодит нөхцөлд нэхэмжлэгч Н.У******* нь 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр жирэмсний амралтаа авахаар хяналтын эмчээр эмнэлгийн хуудас бичүүлсэн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан жирэмсний амралт авсан хугацааг тус өдрөөс тооцох ёстой.

8. Нэхэмжлэгч Н.У*******ын жирэмсний амралт авахын өмнөх 6 сарыг 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 02 дугаар сарын хугацааг оруулан тооцоход тасралтгүй 6 сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд жирэмсний тэтгэмж олгох боломжтой байхад шүүхэд ...эмнэлгийн хуудас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр бичигдсэн тул боломжгүй... гэж татгалзсан хариуг өгч буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан захиргааны шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай нийцэхгүй байна.

9. Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн илгээсэн алдаатай хүсэлтийн улмаас даатгуулагч эх Н.У*******ын жирэмсний тэтгэмж авах эрх зөрчигдөх учиргүй бөгөөд хуульд заасан урьдчилсан нөхцөлийг бүрэн хангасан энэ тохиолдолд түүний эрхийг шүүхээс сэргээх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.У*******т жирэмсний тэтгэмж олгохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэлээ.

10. Хариуцагчаас ...2025 оны 8 дугаар сард нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх боломжтой байсан, ажил олгогч нь шимтгэл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй учраас тухайн этгээд хариуцах ёстой... зэргээр тайлбарлах боловч нэхэмжлэгч Н.У*******аас 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд тасралтгүй 6 сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн учраас жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн үндэслэлээр хүсэлт гаргасан тул 2025 оны 8 дугаар сард шимтгэл төлөгдөх эсэх нь энэ маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй.

11. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоно, амаржсаны тэтгэмж... зэргээр алдаатай байдлаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэл гаргасан зорилгоо жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох болоод тэтгэмж олгохыг даалгуулах агуулгаар тайлбарлаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасныг баримтлан Н.У*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Н.У*******т жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, түүнд жирэмсний тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ