Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02245

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02245

 

 

Ч.Пүрэвийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 183/ШШ2017/01831 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Бямбасүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 262 855 928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Бямбасүрэнд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай 29.000 ам.долларыг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд 2 хоногийн дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дахин 12.000 ам.доллар нэмж зээлдүүлсэн. Энэ хугацаанд анхны 29.000 ам.долларт л зээлийн гэрээ хийгдсэн байсан бөгөөд 12.000 ам.доллартаа гэрээ хийж амжихгүй явсаар 2014 оны 9 дүгээр сард гэрээ хийсэн. Т.Бямбасүрэн нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хүүнд 4.100 ам.доллар, 2014 оны 8 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хүүнд 4.100 ам.доллар, нийт 8.200 ам.доллар төлсөн. Зээлсэн 12.000 ам.доллар дээрээ нэмж гэрээ хийсэн бөгөөд үүн дээр мөнгөө яаж төлөх талаар хамтдаа график хийж байсан. Т.Бямбасүрэн мөнгө төлөөгүй бараг бүтэн жил болж 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин уулзаж өмнөх хугацааны бүх хүүг бүгдийг төлнө, харин хүүн дээр алданги битгий тооцооч гэсэн протокол үйлдэж, тухайн протоколыг үйлдсэний дараа 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүх өр төлбөрөө төлж барагдуулна гэж уг протоколд заасан ч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ганц ч төгрөг өгөөгүй. Хүүгийн хувьд 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хүүнд 16.250 ам.доллар төлөх байсан, протокол үйлдснээс дахиад 11 сарын хүү бодогдож нийт 31.430 ам.доллар нэмж тооцож, нийт нэхэмжилж буй дүн 41.000 ам.долларын үндсэн зээлийн 313 хоногийн алдангийг хуулийн дагуу авч үзэхэд үндсэн зээлийн 50 хувиар 20.500 ам.доллар болгосон.

Өөрөөр хэлбэл, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тохиролцсоны хүү 16.250 ам.доллар, дараагийнх нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр проктол үйлдэж 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 7 сар, 20 хоногийн хүүнд 31.430 ам.доллар буюу нийтдээ 109.180 ам доллар нэхэмжилсэн. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд төлөх байсан хүүг зээлдэгч тал төлж чадаагүй. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэрээнд заасан алдангийг тооцохгүй гэдэг нь үндсэн зээлд алданги тооцохгүй гэсэн үг биш. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь төлөөгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацааны зохих хүүг төлөх үүрэгтэй. Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүнд 31.430 ам.доллар буюу нийт 268 465 928 төгрөгийг нэхэмжилж байна. Бэлнээр авсан 2 050 000 төгрөг, 2 гар утсанд 3 500 000 төгрөгөөр тооцон нийт 5 550 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаад нийт 262 855 928 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Бямбасүрэн нь Ч.Пүрэвээс 29.000 ам.доллар, нэмж 12.000 ам.доллар авсан нь үнэн бөгөөд одорхой хэмжээгээр төлөлт хийсэн. Т.Бямбасүрэн ганц Ч.Пүрэвсүрэнгээс биш өөр бусад хүмүүсээс мөнгө зээлсэн бөгөөд энэ зээлсэн мөнгөөрөө Сайншандад алтны уурхай ажиллуулж байтал орон нутгийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоож лацадсны улмаас бизнесийн эрсдэлд орж төлж чадаагүй. Гэхдээ хэтэрхий өндөр хэмжээгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 10 хувийн хүү бол долларын хувьд өндөр хүү. Бизнест алдагдал учраагүй бол талуудын хооронд байгуулагдсан хэлцэл биелэгдэх боломжтой байсан. Хүүг яаж тооцоод байгаа талаар тодорхойгүй байдлаар өндөр үнийн дүн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээл болон хүүг хуульд заасан хугацаанд төлж барагдуулна. Талууд үнэхээр бизнес ийм байдлаар эрсдэлд орчихлоо, өмнөхийг нь яаж ийж байгаад төлнө, үүнээс хойш алданги тооцохгүй гэж тохиролцсон ч нэхэмжлэгч тал хүүнд алданги тооцохгүй гэж тохиролцсон хэмээн тайлбарлаад байна. Ч.Пүрэвт өгсөн 8.100 ам.доллар болон 5 сая төгрөгөө хасуулаад алданги тооцуулахгүй гэсэн энэ тохиролцоогоор хуулийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282-д заасныг баримтлан хариуцагч Т.Бямбасүрэн /РД:ЧБ80080971/-ээс 218 382 798 /хоёр зуун арван найман сая гурван зуун наян хоёр мянга долоон зуун ерэн найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Пүрэв /РД:ЧЗ82041574/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 473 130 /дөчин дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун гучин/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Бямбасүрэнгээс 1 249 863 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Пүрэвт олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 500 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын эрх ашгийг хөндөлгүй хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой бөгөөд энэ хэрэгт хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь алдаатай шийдвэр гарахад нөлөөлсөн. Манай зүгээс зээлж авсан мөнгөө өгөхгүй гэж маргаагүй ба ханшийн хэт өсөлтөөс болж харилцан тохиролцсон болон тооцоолж байснаас өндөр төлбөр гарч, өндөр дүнгээр нэхэмжилсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2014 оны 05 сарын 29, 2014 оны 09 сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч, хариуцагч хэн нэгнийх нь хүсэл зоригоос үл шалтгаалан ам.долларын ханш тасралгүй өссөн, үүнээс болж төлбөрийг гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд уг асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхийг хүссэн боловч шүүх хэрэглэх ёстой хуулийн буруу тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 218 зүйлийн 218.1 дэх хэсгийн заалтын агуулгаас үзэхэд зээлдэгч болон зээлдүүлэгч нарын эрх ашгийг тэнцүү хамгаалсан. Хэрвээ төгрөгийн ханш өссөн, ам.долларын ханш буурсан байвал зээлүүлэгч ханшийн зөрүүний хохиролд орох эрсдэлээс хамгаалагдаж байгаатай адил бөгөөд төгрөгийн ханш суларч ам.долларын ханш өссөн тохиолдолд зээлдэгч ханшийн өсөлтөөс болоод хохиролд орох, эрсдэл би болох үр дагавар үүсэх нөхцөл байдлаас хамгаалсан заалт гэж ойлгогдож байгаа. Манай зүгээс мөнгө хүлээн авсан 2014 оны 05 сарын 29-ний өдөр (1818.32) болон 2014 оны 09 сарын 09-ний (1841.35) өдрийг үүрэг үүссэн өдөр гэж үзэн тухайн үеийн ханшаар үүргийг шударгаар, шүүхийн шийдвэрт заасан бодолтоор, 1841.35 төгрөгөөр тооцон дараах байдлаар бодвол: үндсэн зээл 41000 x 1841.35 буюу 75 495 350 төгрөг, нэг сарын хүү 4100 ам.доллар 11 хүү нь 45000 ам.доллар, 20 хоногийн хүү 2733 ам.доллар, нийт 47733 x 1841.35 төгрөгөөр бодож 87 893 159.55 болж байгаа. Нийт зээлийн төлбөр 163 388 510 төгрөг болж байгаа бөгөөд 54 994 220 төгрөгийг үндэслэлгүй илүү бодсон, мөн зээлийн гэрээний хугацааг яаж 11 сар 20 хоног болгон бодож байгаа нь ойлгомжгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн гомдол гаргаж байна хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэв нь хариуцагч Т.Бямбасүрэнд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 262 855 928 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч харин хүүгийн хэмжээ өндөр тогтоогдсон, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 000 ам.долларын зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг нэг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцжээ. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өмнө нь зээлдүүлсэн 29 000 ам.доллар дээр нэмж авсан 12 000 ам.долларыг нэмж зээлийн үнийн дүнг нийт 41 000 ам.доллар болгож, гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 29-ний хүртэл байхаар тохиролцсоноос гадна алдангийн талаар мөн тохиролцсон, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт тус тус нийцсэн, зээлийн хүүд 8 200 ам.доллар, 5 550 000 төгрөгийг хариуцагч төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч нь ам.долларын зээлийн хүүг 10 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой, зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцох ёстой гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон зохигчид 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд алданги тооцохгүй байхаар тохиролцсон болохыг нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн ба нэхэмжлэгч алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар давж заалдах гомдол гаргаагүй байв. Мөн шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэснээс гадна мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

 

Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалт монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт болно.

Харин шүүх нэмж авсан 12 000 ам.долларт хүү тооцох хугацааг болон 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протоколд тусгагдсан хугацааг тус тус буруу дүгнэсэн байна.

 

Хариуцагчид 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 000 ам.доллар хүлээлгэн өгсөн тухай баримт 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 41 000 ам.долларт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус тус хийгдсэн байх тул 41 000 ам.долларт 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хүү тооцож гаргуулах тухай нэхэмжлэгчийн тайлбар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт нийцээгүй.

 

Түүнчлэн талууд гэрээ дүгнэсэн протокол гэх бичгийн баримтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тул энэ өдрөөс уг протоколд тусгагдсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан гэж үзэхээр байхад 11 сар 20 хоногийн хугацаагаар хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 000 ам.долларын зээлийн гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орох хүртэл 3 сар, 10 хоног байх тул нийт 9666 /8700+966/ ам.долларын хүүг хариуцагч төлөхөөс 8200 ам.доллар төлсөн байх тул төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 1466 ам.доллар байна.

 

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба гэрээний хугацаа дуусах 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 2 сар 20 хоног байх тул нийт 10 933 /8200+2733/ ам.долларын хүүг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Талууд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр протокол хийсэн ба энэ өдрөөс уг протоколд тусгагдсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд хүү тооцох үндэслэлтэй тул 8 200 ам.долларын хүүг хариуцагч төлөх үүрэгтэй. Хариуцагч нь үндсэн зээл 41 000 ам.доллар, зээлийн хүү 20 599 ам.доллар, нийт 61 599 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар ам.долларыг төгрөгт хөрвүүлэхэд 151 433 749 төгрөгийг төлөхөөс, 5 550 000 төгрөгийг хариуцагч төлсөн болохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн төлөх үүргийг 145 883 749 төгрөгөөр тогтоох боломжтой. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 163 388 510 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа талаар давж заалдах гомдолд тусгагдсан байх тул талуудын зарчимд нийцүүлэх үүднээс энэ хэмжээгээр хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 183/ШШ2017/01831 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Бямбасүрэнгээс 163 388 510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Пүрэвт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105 017 418 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 1 249 863 гэснийг 974 892 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн төлсөн 432 922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ