| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2302007720060 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 24.3.3., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
2025 01 07 2025/ДШМ/49
“П” ХХК, С.Л нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
яллагдагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
яллагдагч С.Л, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын өмгөөлөгч Ж.Б,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1903 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.С-ийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаар эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 2302007720060 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч “П” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ..... дүүргийн .... дугаар хороо,.... гудамжны .... дүгээр байрны оффисын .... тоотод байрлах байрандаа Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (К2СrO4) 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH) 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (АgNОз) 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,
мөн .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн 124 тоот өрөөнд “К2СrO4, 500g” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448.7 грамм калийн хромат (К2СrO4), “Sodium nydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561.9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “АgNОз” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103.3 грамм мөнгөний нитрат (АgNОз) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айраг болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан,
яллагдагч С.Л нь өөрийн “П” ХХК-иар дамжуулан .... дүүргийн ... дугаар хороо, ..... гудамжны ..... дүгээр байрны оффисын .... тоотод байрлах байрандаа Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат (К2СrO4) 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид (0.1N NaOH) 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат (АgNОз) 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,
мөн ..... дүүргийн.... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн 124 тоот өрөөнд “К2СrO4, 500g” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448.7 грамм калийн хромат (К2СrO4), “Sodium nydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561.9 грамм натрийн гидроксид (0.1N NaOH), “АgNОз” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103.3 грамм мөнгөний нитрат (АgNОз) зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айраг болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч “П” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, яллагдагч С.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоож чадаагүй байна. Хэрэгт яллагдагч С.Л“...Натрийн гидроксид бодисыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Грийн Химистри” химийн бодис худалдаалдаг компаниас, хром хүчлийн кали бодисыг “.....” химийн бодис худалдаалдаг компаниас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан, мөнгөний нитрат бодисыг Мал эмнэлгийн хүрээлэнгээс “.........” төслийн хүрээнд 2018 оны зун олж авсан...” (2хх 107), “...Bанай компани лабораторийн байраа Мал эмнэлгийн байр руу нүүлгэн шилжүүлж, лаборатори, сургалт оффис тус тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. 2023 оны 10 дугаар сард малын эмч нарт сургалт орохдоо сургалтын зориулалттай ашиглах гээд лабораторийн байрнаас 15 ширхэг жижиг хуванцар савтай бодисыг авчирч сургалтдаа ашиглаад буцааж лабораторид аваачиж амжаагүй байхад Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж хураан авсан...” (2хх 102) гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно”, 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 111 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг 2018 оны 10 дугаар сараас гэсэн бөгөөд энэ цаг хугацааг яллагдагч С.Л-ийн мэдүүлгээр тогтоосноос өөрөөр баримтгүй, тухайн химийн хортой болон аюултай бодисыг ямар компаниас хэзээ, хувь хүн, эсхүл хуулийн этгээд ямар зорилгоор худалдаж, эсхүл өөр байдлаар авсан болохыг, мөн өөр химийн хортой болон аюултай бодис авсан талаар огт шалгаагүй, химийн бодис худалдаалдаг гэх компанийг нэрлэн заасан байхад энэ талаарх ажиллагааг хийлгүй орхигдуулсан байна.
Мөн яллагдагч С.Л-ийн өгсөн мэдүүлэгтэй (2хх 102) холбоотойгоор химийн хортой болон аюултай бодисыг анх хэн, ямар хуулийн этгээд хаанаас, хэзээ худалдаж авсан, хаана хадгалж байсан, хадгалах ёстой, зориулалтын газар хадгалж байсан эсэх, .... дүүргийн .... дугаар дугаар хороо, ... дүгээр байрны ....тоотод сургалтыг зохион байгуулсан эсэх, энэ сургалтад зориулан авчирсан, хадгалсан зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай, ач холбогдолтой байна. Дээрх химийн хортой болон аюултай 3 төрлийн бодис саармагжсан болон саармагжаагүй байдлаараа ямар хор уршиг учруулж болох, мөн .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоот хэргийн газраас хураан авсан бодисууд нь ямар хэлбэртэй байсан, дээрх бодисууд нь тухайн газар байснаар ойр орчиндоо ямар хор уршиг учруулж болох байсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээ хийлгэх, шинжилгээний байгууллагыг мэргэжлийн буюу Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэнгээр хийлгэх зайлшгүй шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад мөрдөгч, прокурор ...хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохоор заасан бөгөөд “П” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаартай хүсэлтээр Б.М-ыг хуулийн этгээдийг төлөөлөх хүнээр томилсон нь хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхэд учир дутагдалтай, хүсэлт явуулсныг итгэмжлэл гэж үзэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуульд заасны дагуу томилуулах шаардлагатай.
Иймд яллагдагч “П” ХХК, яллагдагч С.Л нарт холбогдох эрүүгийн 2302007720060 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан калийн хромат 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, натрийн гидроксид 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөнгөний нитрат 60 граммын хуванцар савтай 2 ширхэг савтай, 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисуудыг Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгааг дурдаж, шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Т.Г (хх 124-125), Б.Д-ын (хх 98-99, 112-113), О.Х (хх 119-121), Б.М (1хх 52-53, 60-61) нарын мэдүүлгүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 хх 24-42), зөвшөөрлийн болон зарлагын падааны хуулбар (хх 101-106) зэрэг баримтуудад тулгуурлаж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон бөгөөд дан ганц сэжигтэн, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй. Түүнчлэн “..................” ХХК-д тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдэд химийн хорт болон аюултай бодисыг худалдан борлуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул цаашид химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийг үндэслэж иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж дүгнэж, прокурорын мэдэгдэл хүргүүлсэн.
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5657 дугаар дүгнэлт (1 хх 131-137), шинжээч Г.З (1 хх 142-144), гэрч Э.У нарын мэдүүлэг (хх 108-109), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын хуулбар (хх 114-117) гэх баримтууд болон бусад нотлох баримтуудаар “П” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог.
3. Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хүргүүлсэн албан бичгийн дагуу “П” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаартай албан бичгээр хууль ёсны төлөөлөгчөөр Б.М-ыг томилсон нь хууль зөрчөөгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэргийн оролцогчдоос хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой маргаан гаргаагүй байх бөгөөд хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой маргаан гарвал шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд халдсан нийгэмд аюултай үйлдэл болохыг хуульчилсан. Энэ гэмт хэргийн объект нь байгаль орчин, байгаль хамгаалах болон химийн хорт, аюултай бодисыг үйлдвэрлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журам байх ба халдлагын зүйл нь химийн хорт, аюултай бодис байна. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1903 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Яллагдагч С.Л, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй тул мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, 2018 оны 10 дугаар сараас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөрдөгч дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоход “10 ширхэг бодисын найрлагуудыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн тул Хими, химийн технологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайн үед 15 ширхэг оношлуурыг авч явсан бөгөөд химийн хорт бодис биш юм. Тухайн химийн найрлагын бодист ороод оношлуураа хийгээд тус оношлуурыг ашиглаж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд сургалт орсон. Хүнсний бүтээгдэхүүн буюу айраг, сүүнд ус хольсон эсэхийг тогтоодог оношлуурыг “П” ХХК гаргасан асуудал байгаа. “П” ХХК химийн хортой болон аюултай бодисыг хадгалж, ашигласан уу, эсхүл С.Л ашиглаж, хадгалсан уу гэсэн асуудал эргэлзээтэй. Учир нь, “П” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь С.Л, гүйцэтгэх захирал нь С.Л юм. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас албан ёсоор итгэмжлэл авсан байх атал албан тоотоор Б.М-ыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Химийн бодисуудыг тусгай зориулалтын лабораторид хадгалах ёстой учраас “П” ХХК нь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй гэрээ байгуулж, химийн хортой болон аюултай бодисыг ашиглах лабораторийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гагцхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургалтад зориулагдсан саармагжсан бодисуудаар сургалт орсон ялгамжтай асуудал байгаа. Тэгэхээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторид химийн хорт бодис илрээгүй, дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай зориулалттай лабораторид хэрэглэгдэж байсан 3 бодисыг хурааж авсан. Түүнээс гэмт хэргийг шалгах явцад ийм зүйл байгаагүй. Мөн саармагжсан бодисыг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах эсэх талаар зайлшгүй дүгнэлт гаргуулах шаардлагатай. 15 нэр төрлийн оношлуур дээр тухайн бодисуудыг хэрэглэсэн. Үүнээс 3 бодис дээр бага хэмжээний хорт бодис илэрсэн. Цагдаагийн ерөнхий газрын хангалт, үйлчилгээний газрын агуулахад 3 бодис хадгалагдаж байгаа гэдэг боловч энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон иргэний бичиг баримтуудыг тухайн шүүхэд ирүүлээгүй. Шүүхээс энэ нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “П” ХХК гэмт хэрэг үйлдсэн үү, эсхүл С.Л гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг 2 асуудал яригдаж байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс эх, хүү хоёр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг агуулгаар хүсэлтээ илэрхийлсэн...” гэв.
Яллагдагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Манай компани 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан. Оношлуур гэх бүтээгдэхүүний технологийн туршилтыг 2016 онд шинжлэх ухаан цөм төсөл аваад түүний үр дүн сайн гарсан учраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар энэ компанийг байгуулсан. Миний бие тухайн компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай биш. Би АНУ-ын хөгжлийн агентлагийн бэст хөтөлбөрийн 15 аймгийн үндэсний зохицуулагч ажилтай. 2020 онд манай компани хөрөнгө оруулалт авсан. Хуулийн этгээдийн гэрчилгээний ард талд С.Л буюу миний эхийн нэр байдаг. Экологийн цагдаагийн албанаас ийм байдлаар бичиг хийгээд ир гэж над руу вайбераар зураг явуулсан. Үүний дагуу тухайн үед юу авчирч өгч байгаагаа мэдээгүй. Мөн сургалтад ашигласан 15 оношлуур нь сүүнд сод, гурил хольсон эсэхийг шалгадаг оношлуур болохоос 100 хувь химийн бодис биш юм. Манай эх болон эхнэр компани байгуулагдсанаас хойш химийн бодисын тусгай зөвшөөрөл авахаар их удаан явсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхээс яллагдагч “П” ХХК, С.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоож чадаагүй. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 111 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг 2018 оны 10 дугаар сараас гэсэн бөгөөд энэ цаг хугацааг яллагдагч С.Л-ийн мэдүүлгээр тогтоосноос өөрөөр баримтгүй, тухайн химийн хортой болон аюултай бодисыг ямар компаниас хэзээ, хувь хүн, эсхүл хуулийн этгээд ямар зорилгоор худалдаж, эсхүл өөр байдлаар авсан болохыг, мөн өөр химийн хортой болон аюултай бодис авсан талаар огт шалгаагүй, химийн бодис худалдаалдаг гэх компанийг нэрлэн заасан байхад энэ талаарх ажиллагааг хийлгүй орхигдуулсан...
мөн яллагдагч С.Л-ийн өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор химийн хортой болон аюултай бодисыг анх хэн, ямар хуулийн этгээд хаанаас, хэзээ худалдаж авсан, хаана хадгалж байсан, хадгалах ёстой, зориулалтын газар хадгалж байсан эсэх, ..... дүүргийн ....дугаар дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод сургалтыг зохион байгуулсан эсэх, энэ сургалтад зориулан авчирсан, хадгалсан зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай, химийн хортой болон аюултай 3 төрлийн бодис саармагжсан болон саармагжаагүй байдлаараа ямар хор уршиг учруулж болох, мөн ...... дүүргийн .... дугаар хороо, .....дүгээр байрны ....тоот хэргийн газраас хураан авсан бодисууд нь ямар хэлбэртэй байсан, дээрх бодисууд нь тухайн газар байснаар ойр орчиндоо ямар хор уршиг учруулж болох байсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээ хийлгэх, шинжилгээний байгууллагыг мэргэжлийн буюу Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэнгээр хийлгэх зайлшгүй шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой...
“П” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаартай хүсэлтээр Б.М-ыг хуулийн этгээдийг төлөөлөх хүнээр томилсон нь хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхэд учир дутагдалтай, хүсэлт явуулсныг итгэмжлэл гэж үзэх боломжгүй тул хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуульд заасны дагуу томилуулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой дараах үндэслэлүүд байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Химийн хорт болон аюултай бодисыг хэзээ, ямар байгууллагаас худалдан авсан талаар яллагдагч С.Л мэдүүлснээс гадна түүний худалдан авсан гэх байгууллагын ажилтан, санхүү худалдаа хариуцсан захирал, борлуулалтын албаны дарга зэрэг этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авч, хэрэгт бэхжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг зөвхөн хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт бус шүүх хуралдааны явцад, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлон тогтоохоор заасан бөгөөд энэ нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар илэрнэ.
Анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг хамруулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэх байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа болон хуульд заасан тогтоовол зохих асуудлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр тодруулах бүрэн боломжтой юм.
2. Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.
3. “П” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаартай хүсэлтийн дагуу Б.М-ыг хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчөөр томилсон мөрдөгчийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Мөрдөгч ...хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч томилсонтой холбоотой оролцогч талуудаас маргаан гараагүй байх бөгөөд хэрэв маргаан гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэхээр заасны дагуу шүүхийн шатанд хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн томилох байдлаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг прокурорт буцааж хийлгэх ажиллагаа биш болно.
Иймд шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байх тул яллагдагч “П” ХХК, С.Л нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган дүгнэж, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийх байдлаар эргэлзээ бүхий зарим асуудлыг шүүх хуралдаанаар тодруулж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1903 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1903 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч С.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН