Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0666

 

 

 

2026 07 07 128/ШШ2026/0666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.А******* /РД:*******/,

Хариуцагч: Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга нарын үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******, Н.Э*******, гэрч Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

 

2.1.Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар ...Цагдаагийн ахлах ахлагч Л.А*******ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаал...-аас чөлөөлжээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ...Л.А******* нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаалд ажилладаг бөгөөд уг албан тушаал нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах төрийн үйлчилгээний албан хаагч... гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.3. Нэхэмжлэгч Л.А*******аас иргэний хэргийн шүүхэд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нь 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан үндэслэлээр хүлээн авч, 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Л.А******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Л.А******* миний бие 2007 оны 6 дугаар сард Эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн цагдаагаар цагдаагийн байгууллагад ажил амьдралаа холбож энэ хугацаанаас хойш 18 жил 7 сар ажиллаж байна. Одоо ахлах ахлагч цолтой Шүүх шинжилгээний хүрээлэнд цагдаа жолоочоор ажилладаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх явцад 3 хүүхэд төрүүлж өгсөн эхнэр Б.Б нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гарч А.Ш, А.С, А.С нарыг миний асрамжид үлдээн гэр бүлээ цуцлуулсан. Өндөр настай ээж Д.Цэцэгдарь болон 3 хүүхдээ тэжээн тэтгэж амьдралын хатуу хүтүүг туулж яваа өр толгойлсон ганц бие хүн билээ.

3.2. Намайг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр архи уусан гэдэг шалтгаанаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр Л.А******* миний бие 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед архи уусан байгааг тогтоосон боловч албаны шалгалт хийж яг ажлын цагаар архидан согтуурсан гэдгийг хөдөлбөргүй тогтоосон баримт байдаггүй. Цагдаагийн байгууллагын ажилтны сахилга хариуцлага оногдуулах тухай дүрмээр шат дараалсан арга хэмжээ авдаг байтал шууд тушаал гарган ажлаас халж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна гэж үзэх үндэслэл бүрэн харагдаж байна.

3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан ******* дугаар тушаалыг хууль бус Хөдөлмөрийн тухай хууль түүнийг дагаж мөрдөх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байна. Л.А*******ын гаргасан зөрчилд дутагдалд шат дараалсан арга хэмжээ авалгүй шууд ажлаас халж байгаа нь хөдөлмөрлөх эрхийн эсрэг хууль бус тушаал гэхээс өөр аргагүй байна. Л.А*******ыг удирдлагын зүгээс шахалтад оруулан арга буюу сайн дураараа халагдах өргөдөл бичихэд хүргэсэн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

3.4. Нэхэмжлэгч Д.А******* зөрчил гаргасан нь үнэн. Гэхдээ төрийн албан хаагчийн сахилгын дүрмийн дагуу шаталсан байдлаар арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл шууд халах тушаал гаргасан. Хамгийн гол нь Л.А*******ыг өөрийг нь өргөдөл бичиж өгөхөөс гарцаагүй байдалд оруулсан гэж үзэж байгаа. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дарга Хурандаа н.Т надад чиний өмнө авагдсан сахилгын арга хэмжээ давхардчихсан. 2 удаагийн сахилгын шийтгэлтэй байгаа учир өөрийн хүсэлтээр ажлаас гарч байна гэж бич, бичихгүй бол чамайг дутагдлаар хална. Дутагдлаар халагдсан тохиолдолд дахин төрийн байгууллагад ажиллах эрхгүй болно гээд надаар өргөдөл бичүүлсэн.

3.5. Авто ашиглалт хариуцсан мэргэжилтэн. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга н.Тийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байна. Би шуурхай тээврийн жолооч гэдэг албан тушаалтай байгаа хэдий ч анх ажилд ороход 10 гаран хоног жолооч хийлгэсэн ба үүнээс хойш ажлын байрны тодорхойлолтын дагуу биш жижүүрийн ажил хийж байсан. Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгүүлж байгаагүй байж шуурхай албаны жолооч хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлж болохгүй. гэжээ.

 

4. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Л.А******* нь өөрийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаалаас чөлөөлөгдсөн ба албанд эргэн орох ямарваа нэг хүсэлт гаргаагүй, Шүүх шинжилгээний байгууллагатай аливаа маргаан үүсгээгүй гэтэл Л.А******* нэхэмжлэлдээ "цагдаагийн байгууллагын ажилтны сахилга хариуцлага ногдуулах тухай дүрмээр шат дараалсан арга хэмжээг авдаг байтал шууд тушаал гарган ажлаас халж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл харагдаж байна" гэх шаардлага дурдсан байх бөгөөд Л.А*******т сахилгын шийтгэл ногдуулсан мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2 тушаал нь утга агуулга, үйлчлэлийн хувьд өөр буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь сахилгын арга хэмжээ биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан Төрийн алба хаагчийн нийтлэг эрхээ эдэлж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн явдал тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

4.2. Цагдаагийн ахлах ахлагч Л.А*******т Нийслэлийн шүүх шинжилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар "сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж улмаар ажлын байраа зөвшөөрөлгүй орхин явж, албаны шуурхай бэлэн байдал алдагдуулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Үүнтэй холбогдуулан Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газраас албаны шалгалт хийж албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан бөгөөд Нийслэлийн шүүх шинжилгээний газраас мөн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан ба Л.А******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

4.3. Ийнхүү 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн тул гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар цагдаагийн цолыг нэг шат бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, төрийн тусгай албанд ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоолгох байдал, ар гэр зэргийг нь харгалзан үзэж төрийн байгууллагад ажиллах боломжийг хязгаарлалгүй өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд албанд эргэн орох хүсэлт гаргах эрх нь нээлттэй хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар ...цагдаагийн ахлах ахлагч Лхагвасүрэнгийн А*******ыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс тус тушаалыг эс зөвшөөрч, ...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дарамт, шахалтад оруулж бичүүлсэн, ...хэрэв өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол ажлаас хална гэсэн учраас хүсэлтээ бичиж өгсөн... гэж маргасан бол хариуцагчаас ...Л.А******* нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн, өмнө сахилгын шийтгэл авч, хугацаа дуусгавар болоогүй байхад дахин зөрчил гаргасан тул албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн, иймд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх боломжтой болохыг мэдэгдсэнээр өөрөө хүсэлтээ бичиж өгснөөс биш дарамт, шахалтад оруулсан зүйл байхгүй, нэгэнт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас шийдвэр гаргасан... гэж тайлбарлана.

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Л.А*******ыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтэст шуурхай албаны жолоочоор томилсон, төрийн тусгай албан хаагч байна.

5. Тус газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирж, албаны шуурхай бэлэн байдал алдаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллагаагүй сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр цолыг нэг шат буруулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгчээс тус тушаалыг хүлээн зөвшөөрч, маргахгүй болохоо илэрхийлсэн.

6. Тухайн сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл болсон ...Л.А*******ын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн зөрчил...-ийг шалгах ажиллагааны явцад, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар газрын дарга Г.Төөс ...архитай холбоотой асуудлыг хатуу авч хэлэлцэнэ. Энэ бол зүгээр нэг асуудал биш, цаана хүний амь нас, эд хөрөнгө яригдах том зөрчил гэж үзэж байна. Хэрэв өөр зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулах, засаж залруулах хугацаа олгох зэргээр асуудлыг шийдэж болох байсан... гэж, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бат-Уянгаас ...оны өмнө ажлын байранд гадны хүн нэвтрүүлсэн шалтгаанаар сануулах арга хэмжээ авагдсан. Энэ хүний хувьд олон жил төрийн тусгай албанд ажилласан цэргийн байнгын тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн тул өөр газар шилжүүлэн ажиллуулах, эсхүл өөрийн хүсэлтээр гарах боломжийг өгөх саналтай байна... гэж, нэхэмжлэгч Л.А*******аас ...гаргасан зөрчил, дутагдлаа дахин давтахгүй, өөрийн саналаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна... гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн.

7. Нэхэмжлэгч Л.А*******аас ...тухайн хурлаар болон хурлаас өмнө ажлаас хална гэж хэлсээр байсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шахсан уур амьсгалыг бүрдүүлсэн...ажлаас халагдаж байхаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдье... гэж бодсон гэж тайлбарлана.

8. Гэвч, хурлын тэмдэглэлээс болон хуралд оролцсон Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Б*******ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр Л.А*******ыг өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгөхийг шаардсан, эсхүл хүчээр бичүүлсэн үйл явдал болсон нь тогтоогдохгүй байхаас гадна шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.А*******аас ...ажлаас хална гээд байхаар нь хүсэлтээ өөрөө бичиж өгсөн... гэж тайлбарлах тул ...хүчээр өргөдөл бичүүлсэн... гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

9. Хэдийгээр тус хуралд ... төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан..., өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх боломжтой... зэргээр яригдсан боловч ...төрийн албанаас халагдаж байхаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье... гэдэг шийдвэрийг өөрөө гаргаж, өргөдлөө бичиж өгсөн байх тул өргөдөл бичихээс өөр аргагүй байдалд оруулсан гэж үзэх боломжгүй.

10. Түүнчлэн, нэхэмжлэгч Л.А*******ын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гараар бичиж өгсөн өргөдөлд ...түр хугацаагаар 6 сарын хугацаатай албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна, ар гэрийн гачигдалтай байгаа... гэж бичигдсэн боловч түүний сахилгын зөрчлийг тогтоосон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд ...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирсэн, ажлыг байрыг зөвшөөрөлгүй орхин явж албаны бэлэн байдал хангаагүй нь тогтоогдсон тул ... албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал-ыг гаргасан, хариуцагчаас тус саналыг хүлээн аваад ...Л.А******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул ахуй амьдралыг нь харгалзан албанаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, ажлаас халахгүйгээр гаргасан зөрчилд нь нэг шат бууруулах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн... гэж тайлбарласан.

11. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Л.А******* нь сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх явцад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, энэ талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад бичгээр хүсэлт бичиж өгсөн, мөн өргөдөлд ...түр хугацаагаар чөлөөлөгдөх... гэж бичсэн ч ...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй байхыг хүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэдэг агуулгаар бичсэн... хэмээн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбарласан тул Л.А******* өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно., 6 дугаар зүйлийн 6.1.-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна:, 6.1.3.-д төрийн тусгай алба;, 6.2.-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ. гэж заасан.

13. Нэхэмжлэгч Л.А******* нь цагдаагийн ахлах ахлагч цолтой, төрийн тусгай албан тушаалын цалингийн ТТ-9 ангиллаар цалин хөлс авдаг байх тул түүнийг төрийн тусгай албан хаагч гэж үзэхээр байна.

14. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.4.-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; гэж заасан төрийн албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх нөхцөлийг хангасан, нэхэмжлэгч Л.А*******аас төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөс гадна байгууллагын хурал, сонсох ажиллагааны явцад тус тус илэрхийлж, бичгээр хүсэлтээ гаргасан байх тул түүнийг төрийн албанаас чөлөөлсөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

15. Иймд нэхэмжлэгч Л.А*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Л.А*******ын Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ