| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00012/И |
| Дугаар | 154/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 154/ШШ2025/00027
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух,******* оны 09 дүгээр сарын 21-нд төрсөн, ******* настай, хилийн цэргийн 0267-р тусгай салбарт жолооч ажилтай, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, хүсэлт гаргагч Н.******* /цахимаар/ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Н.******* миний бие ******* оны 9 сарын 21-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн. 1992 онд Ховд аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд 1-р ангид элсэн орж 2000 онд 8-р анги дүүргэсэн. 2001 онд Хилийн цэргийн 0130-р ангид хөгжмийн сонсогчоор ажиллаж байгаад тус ангид 2002 оны 10-р сарын 20-нд 2-р ээлжээр цэргийн албанд татагдаж 2003 онд хугацаат цэргийн алба хаасан. Одоо гэр бүлийн хамт ам бүл 5-лаа амьдардаг. Хилийн цэргийн 067-р ангид Авто техникийн албаны жолоочоор ажиллаж байна. ******* миний 2002 оноос 2003 он хүртэл хугацаат цэргийн алба хаасан 1 жил хилийн цэргийн архив болон Ховд аймгийн цэргийн штабын мэдээллийн сангаас олдохгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн ******* сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид 2002 оноос 2003 он цэргийн алба хаасан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч цэргийн алба хаасан хугацаа дутсан. Цэргийн алба хаасан баримтуудыг архиваас хайлгасан боловч гарч ирээгүй тул шүүхээр цэргийн алба хаасан хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Цэргийн ангийн захирагчаар хурандаа н.Батбаяр, штабын даргаар ******* хурандаа байсан. Намайг цэргийн алба хаах хугацаанд нэг ээлжинд 120-150 цэрэг алба хаадаг байсан. Цэргийн үүрэгтний үнэмлэхийг байгаа боловч цэргийн лавлагаагаар гарч ирээгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,
2002 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Цэргийн үүрэгтний үнэмлэх,
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №25 дугаартай “...Ховд аймгийн ******* сумын иргэн ******* овогт ******* /РД: ПК84092112/-ийн холбогдох бүртгэл нь тус архивч байхгүй болно” гэх лавлагаа,
“Хилийн цэргийн 0130-р анги, 2002 онд тэргүүний дуут жагсаалаар 1 дүгээр байранд байсан үе” гэх гэрэл зураг,
Иргэн ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Н.******* нь 2002 оны намар буюу 10 дугаар сард 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Ховд аймгийн ******* сумын хилийн 0130 дугаар ангид бэлтгэл заставд цэргийн алба хаахаар ирээд 2003 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Тэр үед миний бие бэлтгэл застав болон харуул хамгаалалтын салаан захирагчаар ажиллаж байсан. Н.******* нь цэрэгт татагдахаас өмнө хөгжмийн салааны сонсогч байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед хөгжмийн салаа гэж байгуулагдаж сургуулийн хүүхдүүдийг хөгжмийн салаанд элсүүлж авдаг байсан миний мэдэхээр 5 дугаар ангиас эхлэн хөгжмийн салаанд элсүүлж аваад хугацаат цэргийн алба хаах насанд хүрээд цэргийн албанд авсан. Түүний аав нь н. ******* гэж хүн байсан. Тэрээр Ховд аймгийн ******* сумын хилийн 0130 дугаар ангид тракторын жолоочоор ажиллаж байсан” гэв.
Иргэн гийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед 4 дүгээр ангиас нь цэргийн үлээвэр хөгжмийн сонсогчоор ажиллуулж байгаад 2002 оноос 2003 оны 10 сар хүртэл цэргийн алба хааж дуусгаад цэргийн гэрээт албанд ажиллаж байгаад ахлагч болсон. Хэдэн онд ахлагч болсныг сайн мэдэхгүй байна. Би 2000 оноос 2003 оныг дуустал хилийн цэргийн 0130 дугаар ангийн салбар болох 07 дугаар хилийн заставд заставын даргаар ажиллаж байсан. Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж байгаа цэргүүд хилийн заставд бас ажилдаг байсан” гэх мэдүүлэг,
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийг 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ