| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2305042500433 |
| Дугаар | 2024/ДШМ/1250 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/1250
2024 11 21 2024/ДШМ/1250
Л.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Агийн өмгөөлөгч Ц.М, Ж.Г,
шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.А,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Мд холбогдох эрүүгийн 2305042500433 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Л.М, 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, өвөө, эмээ, эх, ах нарын хамт, ....................... тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 cap 3 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, /РД: ........................./;
Шүүгдэгч Л.М нь “Бүгд Найрамдах Солонгос Улсаас ээж машин явуулж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар А.Хыг төөрөгдөлд оруулж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5926483693 тоот дансыг ашиглан түүнээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 947,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Модны хоёр орчим байхад нь 12,879,000 төгрөгийг буюу нийт 27,826,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Аийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "Марлаа Л.М" гэх нэртэй фейсбүүк хаягаас холбогдож "Америкийн нэгдсэн улс явах гэж байна, мөнгө зээлээч, мөн rap утас авах гэж байна мөнгө дутчихлаа, хоёулаа хамтран rap утас зарж байя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 5 удаагийн үйлдлээр 9,085,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926483093 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Х.Нг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 18 тоот гэртээ байх үед нь утсаар холбогдож “...эмээгийн бие өвдөөд эм тариа авах мөнгөний хэрэг гараад байна, танд мөнгөний боломж байна уу, гар утас лизингээр аваад буцаад зараад мөнгийг нь өгье...” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1,136,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926483693 тоот дансыг ашиглан шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Л.Мг хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд 1 жил 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад 11,000,000 төгрөг, хохирогч Э.Ат 9,085,000 төгрөг, хохирогч Х.Нд 1,136,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Л.Мгоос хохирлын үлдэгдэл 16,826,000 төгрөг, сэтгэцийн хор уршигт 3,293,400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад олгох, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д Л.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад 11,000,000 төгрөг, хохирогч Э.Ат 9,085,000 төгрөг, хохирогч Х.Нд 1,136,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирлын үлдэгдэл 16,826,000 төгрөг, сэтгэцийн хор уршигт 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад олгохыг заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д “Бусдын эрх, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заажээ. Анхан шатны шүүх хохирогч А.Хы “Сэтгэцийн хор уршиг”-т учирсан гэм хорыг арилгуулах 3,293,400 төгрөгийг шүүгдэгч Л.Мгоос гаргуулахаар шийдвэрлэхдээ хохирогчийн “Сэтгэцэд” ямар хэмжээний хор уршиг учирсан болохыг тогтоогоогүй, энэ талаар хохирогч ямар нэг баримт нотолгоо гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийг нотлоогүй байхад зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан хүснэгтэд хохирогчоор гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогч А.Хы “Сэтгэцэд учирсан хохирол”-ыг шүүгдэгчээр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар заасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход жишиг аргачлалыг харгалзан үзэх, гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоож болох тухай зааснаас гадна 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах“ зорилгод нийцсэн байна гэж заасан. Уг аргачлалын 2.1-д “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь шаналал...зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно” гээд “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно, сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно” гэж заасан байна. Аргачлалын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж мөн заасан байдаг. Анхан шатны шүүх хохирогч А.Хы “Сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй байхад “Сэтгэцийн хор уршиг”-т учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор шүүгдэгч Л.Мгоос 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/114 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад байгаа “Л.Мгоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар... сэтгэцийн хор уршигт 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад олгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Агийн өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 25 дугаар тогтоолын 3.6-т залилах гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд Л.М сэтгэцийн хор уршгийг төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа учраас хөнгөн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцийн хор уршиг нэхэмжилсэн хүснэгттэй танилцсан байсан тул хэрэв зөвшөөрөөгүй бол энэ талаарх гомдлоо гаргах байсан. Гэтэл тийм зүйл болоогүй, гэм буруугийн хуралдаанд өмгөөлөгч нь зөвшөөрөхгүй гээд давж заалдах гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.М нь хохирогчид хохирол төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй, хохирогч гомдолтой байхад хөнгөн хариуцлага хүлээлгэсэн. Сэтгэцэд учирсан хохиролтой маргаж байгаа бол хэргийг анхан шатны шүүх рүү буцаалгаж, хохирлын хэмжээг тогтоолгох, хохирогчийн хохирол арилаагүй тул тохирсон хариуцлагыг хүлээлгэх саналтай байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Агийн өмгөөлөгч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ц.Мтэй санал нэг байна. Хэргийн нөхцөл байдлын тухайд шүүх дотоод итгэл үнэмшлээрээ дүгнэлт хийсэн. Хохирогчид төлөх ёстой 27 сая төгрөгөөс 11 сая төгрөг төлсөн байгааг нь харахад 50 хувьдаа ч хүрээгүй төлөгдсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хохирол төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж хуульчилсан. Гэтэл хохирол төлөгдөөгүй, 10 удаагийн үйлдэлтэй, өөр дүүрэгт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж байгаа асуудал ярихгүй, харин анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо шинжээчийн 3.000.000 орчим төгрөгийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж хасуулъя гэж байна. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирлоо төлнө, цаашид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Хэрэв шинжээч томилох, эрүүгийн хариуцлага хүндрэхээр бол хэргийг буцааж, дахин хэлэлцүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаар өөрчлөлт оруулахаар шинжээч томилуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол бидний зүгээс эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэдэг байр суурийг анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нь 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тул амьдралын эх үүсвэр болгосон шинжийг агуулж байна гэж харж байна. ...” гэв.
Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байгаа ч хэргийг буцаалгаж, дахин хэлэлцүүлэх саналыг нь дэмжихгүй байна. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, 2023 оны 07 дугаар 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, дүгнэлт гаргах журам байгаа. Энэхүү журмаар 5 төрлийн гэмт хэргийг эрх бүхий албан тушаалтан хүснэгтээр гаргана, үүнийг нь шинжилгээний байгууллага шинжилгээ хийсэнтэй адилтгаж үзнэ гэж заасан. Мөн үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг багтсан тул мөрдөгч өөрийн эрх хэмжээний хүрээнд 3,293,400 төгрөг гэж тогтоосон. Үүнийг үндэслэлтэй гаргасан, төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Л.М нь “Бүгд Найрамдах Солонгос Улсаас ээж машин явуулж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар А.Хыг төөрөгдөлд оруулж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5926483693 тоот дансыг ашиглан түүнээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 947,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Модны хоёр орчим байхад нь 12,879,000 төгрөгийг буюу нийт 27,826,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Аийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "Марлаа Л.М" гэх нэртэй фейсбүүк хаягаас холбогдож "Америкийн нэгдсэн улс явах гэж байна, мөнгө зээлээч, мөн rap утас авах гэж байна мөнгө дутчихлаа, хоёулаа хамтран rap утас зарж байя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 5 удаагийн үйлдлээр 9,085,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926483093 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Х.Нг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 18 тоот гэртээ байх үед нь утсаар холбогдож “...эмээгийн бие өвдөөд эм тариа авах мөнгөний хэрэг гараад байна, танд мөнгөний боломж байна уу, гар утас лизингээр аваад буцаад зараад мөнгийг нь өгье...” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр 1,136,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926483693 тоот дансыг ашиглан шилжүүлэн авсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч А.Хы “...Би Л.Мтой 2021 оноос хойш найзалж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Л.М надад “хүү өндөртэй мөнгө зээлээч удахгүй хүүтэй нь өгнө" гэхээр нь би “хэдэн төгрөг юм” гэхэд “947.000 төгрөг хэрэгтэй байна зээлээч, Солонгосын визэнд орох гэсэн юм” гэж хэлээд надаас зээлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 2023 оны 09 дүгээр сарын 01 -нд “10.000.000 төгрөг зээлээч, миний дансны лимит хэтэрсэн байна” гээд Лхүндэв Л.М гэсэн өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. Мөн дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 03-нд 4.000.000 төгрөгийг өмнөх мөнгөн дээрээ хүүг нь бодоод нэмж өгнө гэж хэлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн “Модны-2”-т Л.М эмээгийнхээ хамт ирээд дахин мөнгө зээлэхийг хүссэн. Тэгэхээр нь би “чи өмнөх мөнгөө өгөөгүй байж одоо дахиад мөнгө зээлэх гээд байгаа юм уу” гэсэн чинь “Солонгосоос ээж машин явуулж байгаа” гээд ээжтэйгээ бичсэн чатаа харуулаад гуйсаар байгаад 12.879.000 төгрөг дахин зээлж авсан. Тэрнээс хойш мөнгөө нэхэхээр “удахгүй хүүтэй нь өгнө” гээд л байсан. Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, Л.М нь өөрийн Хаан банкны 5926483693 тоот дансаар зээлсэн бүх мөнгөө авсан. Би өөрийн эмээ Б.Уийн Хаан банкны 5017676111 тоот дансны интернэт банкаар шилжүүлж байсан. ...надад 28.900.000 төгрөг өгөхөөр байгаа, надаас авсан мөнгөнөөсөө ямар ч мөнгө эргүүлж өгөөгүй байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулна. Маш их гомдолтой байна. ...” /1хх 23-24/,
насанд хүрээгүй хохирогч А.Хы хууль ёсны төлөөлөгч О.Агийн “...Би Солонгос улсад ажиллаж байгаад 28.900.000 төгрөгийг охин Халиуны сургалтын төлбөрт хуримтлуулж, өөрийн ээж Уранбилэгийн 5017676111 тоот Хаан банкны дансанд хадгалуулсан. ... манай охин Халиун надад болон эмээдээ мэдэгдэлгүйгээр найз гэх Л.Мд 28,900,000 төгрөгийг зээлсэн байсан. ...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 947,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12,879,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...” /1хх 30-31/,
хохирогч Х.Нгийн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад хамт ажиллаж байсан Л.М гэх эмэгтэй “Марлаа Л.М” гэх чат хаягаар “Удача Удача” нэртэй фейсбүүк хаяг руу зурвас бичээд миний утасны дугаарыг авсан байсан. Тэгээд Л.М миний 99745108 дугаарын гар утас руу залгаад надад “манай эмээгийн бие муу байна, элэгний хорт хавдар туссан, хүчтэй эм тариа хэрэглэж байгаа, дүү нь “Мобиком”-оос гар утас лизингээр аваад зарж, мөнгө олох гэсэн юм, та миний данс руу 542.000 төгрөг түр шилжүүлээч, би өнөөдөртөө 650.000 төгрөг болгоод өгье” гэхээр нь өөрийнхөө 5750659575 тоот данснаас Л.Мгийн явуулсан 5926483693 тоот данс руу 542.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл дахиад над руу “эгч ээ би нэг мөсөн 256 GB-ийн багтаамжтай утас авах гэсэн юм, та нэмээд 274.000 төгрөг явуулчих гэхээр нь би 274.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахиад залгаад “би гар утсаа авчихлаа, маргааш өглөө 08:00 цагт хүнд зарахаар болчихлоо, та надад эм тарианы мөнгө 640.000 төгрөг шилжүүлээч, дүү нь маргааш 1.800.000 төгрөг болгоод өгье” гээд гэхээр нь би дансанд байсан 320.000 төгрөгийг шилжүүлсэн. ... түүнээс хойш шалтаг хэлээд одоог болтол надаас авсан мөнгөө эргүүлж өгөхгүй байна. ...” /1хх 243-244/,
хохирогч Э.Аийн “...Манай нөхөр Ганзориг хувиараа гадаадаас орж ирсэн авто машинуудыг зарж, борлуулдаг, зарим авто машинуудыг миний нэр дээр оруулж ирдэг. Тэгээд би нэг авто машиныг зарахаар болоод 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг эмэгтэй надтай холбогдож автомашин авахаар болсон. Тухайн эмэгтэй манай гэрийн гадаа ирээд автомашинаа авсан. Тэгээд тухайн үедээ миний фейсбүүк хаягийг аваад үлдэж байсан. Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөгөө автомашин худалдаж авч байсан эмэгтэй миний фейсбүүк рүү өөрийн “Маралаа Л.М” гэх хаягаас 960.000 төгрөг асууж чат бичсэн байсан. Би ямар шалтгаантай болох талаар нь тодруулахад "...би 2024 оны 06 дугаар сард Америкийн Нэгдсэн Улс руу явах гэж байгаа, тэгээд сургалтын мөнгө дутчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 5021584542 тоот данснаасаа тухайн эмэгтэйн надад өгсөн 5926483693 /Л.М/ тоот данс руу 960.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үүний дараа тухайн эмэгтэй дахин над руу чат бичээд "...надад дахиад 325.000 төгрөг дутчихлаа" гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас дахиад 325.000 төгрөгийг 11 цаг 59 минутад шилжүүлсэн. Тэгээд өдрийн 14:00 цагийн үед над руу чатаар "би гар утасны лангуу ажиллуулдаг, хоёулаа хамтраад гар утас зарж байя" гэх зэрэг зүйлс яриад байсан. Тэгээд би тухайн үедээ их зүйл бодолгүй чат бичиж байсан чинь "...энд нэг гар утас авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, авах хүн нь бэлэн байна. Та над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би 14 цаг 30 минутад тухайн эмэгтэйн данс руу өөрийнхөө данснаасаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүний дараа дахиад над руу чат бичээд "1.800.000 төгрөг дутчихлаа" гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйн данс руу 1.800.000 төгрөгийг 16 цаг 20 минутад өгсөн. Дахин 17:00 цагт чат бичээд "...одоо өөр гар утас авахаар болчихлоо, 4.000.000 төгрөг өгөөч" гэж хэлэхээр нь 17 цаг 05 минутад 4.000.000 төгрөг өөрийн данснаасаа шилжүүлсэн. Тэгээд нийт 9.300.000 төгрөг болсон бөгөөд тэр эмэгтэй над руу "1.300.000 төгрөгийг манай ээж орой 20:00 цаг гэхэд хийчихнэ. Харин 8.000.000 төгрөгөө би өөрөө 17 цаг 30 минутаас өмнө хийнэ" гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас хойш миний мөнгийг одоо болтол өгөөгүй, сүүлдээ гар утсаа авахаа больсон. Эхэндээ цагдаад хандах гэсэн боловч “маргааш, маргааш” гэж худлаа хэлээд хойшлуулаад байсан. Надад нийт 9.300.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 171-173, 177, 180/,
гэрч Б.Уийн “...2021 онд манай охин Аззаяа Солонгосоос “ээж та данс нээгээд өгөөч, охин насанд хүрээгүй болохоор данс нээж болохгүй байна. Охиндоо сургалтын төлбөр хадгалах гэсэн юм гэхээр нь би Хаан банк дээр очиж 5017676111 тоот дансыг интернет банктай нь нээж Халиунд өгсөн. Миний утсан дээр дансны мэдээлэл ирдэггүй байсан болохоор би мэддэггүй байсан. ...” /1хх 33-34/,
Мөрдөгчөөс хохирогч Э.Аийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 159/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-109/, хохирогч Х.Нгийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, итгэмжлэл, фейсбүүкээр харилцсан чат, зурвасууд /2хх 6-43/,
Л.Мгийн эзэмшлийн “Хаан” банкны 5926483693 дугаартай дансны хуулга /2хх 44-50/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад 11.000.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /2хх 205-206/,
Хохирогч Х.Нгийн хохиролд 1.227.200 төгрөгийг төлж барагдуулсан тухай бэримт /2хх 71/,
Утсаар ярьсан “...хохирогч Э.Ат шүүх хуралдааны тов мэдэгдэхэд Надад гомдол санал байхгүй хохирлоо 3 удаа хувааж бүрэн барагдуулсан...” гэсэн тэмдэглэл /2хх 174/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоосон “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон А.Х-ны сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлийг тогтоов...” гэсэн баримт /1хх 43-47/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Л.Мгийн хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Л.Мг хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд 1 жил 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосон нь хуулийн шаардлага хангасан байна.
Шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.Аээс “... сэтгэцийн хор уршигт 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ад олгохоор заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолоос уг заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг баталсан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгохоор заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус заасан.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Аззаяагийн Халиуны сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлийг тогтоов.” гэсэн байх ба хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /1хх 47/
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлд сэтгэцийн эмгэгийн 1 дүгээр зэрэглэлд хамаарвал нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний байхаар тогтоосон.
Анхан шатны шүүхээс дээрх хууль тогтоомжийг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн насанд хүрээгүй хохирогч А.Хы гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Ц.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ