Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Д.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дорждагваа овогт Дамдинсүрэнгийн Сд холбогдох 1829001400087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар иргэн Ч.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний зүүн хөлийг архины шилээр зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.”  гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Тэмүүжингийн /РД:СФ90010710/: ”...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлын ах нартайгаа архи ууж байгаад унтаад өгснө. Маргааш нь 06 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед сэрэхэд надтай хамт архи ууж байсан Түвшинтөр, Очир, Эрдэнэсайхан, Чулуун,  Уртаа нар дахиад ууж байсан. Тэгээд би тэр хэдийн ууж байсан архинаас бага зэрэг уугаад байж байтал өдөр 13 цагийн үед С гэх хүн согтуу хагархай архины шилний дээд хэсгийг нь /хүзүү/ барьж ирээд “чамайг ална” гээд над руу дайрахаар нь би зугтаад машины доогуур ороход миний араас зүүн хөлийн шилбэний булчин хэсэг рүү нөгөө шилээрээ цохисон. Тэгэхээр нь “та яаж байгаа юм бэ” гээд хөлөө хартал миний хөлөөс маш их цу гарч байсан  тэгээд би хөлийхөө цусыг дарж байтал С яваад өгсөн. Тэгсэн чинь машинаа янзалж байсан Өлзийбаяр гэх залуу ирээд намайг машины доороос гаргаад хөлийг нарийн уяагаар боож өгөөд Цагаан хадны эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед эмнэлэг орох хооронд ухаан алдаад эмнэлэг дээр очоод дусал хийлгэж байж сэрсэн. Цагаан хадны эмнэлгээс Ханбогд сумын эмнэлэг рүү яаралтай хагалгаанд орохоор явсан. Явах замдаа нэг удаа ухаан алдаад сэрсэн чинь Ханбогд эмнэлэг ирсэн байдалтай эмч нар миний хөлөнд оёдол хийж байсан. ...миний зүүн хөлийн шилбэний эрээн булчин тасарсан. Энэ гэмтлээс болж би 2 удаа хагалгаанд орсон. Болсон явдлаас хойш одоог хүртэл би хоёр суга таягтай явж байна. ...С миний эмчилгээний зардал болон эм тарианы зардлыг бүрэн гаргаж өгсөн. Одоо би Сгоос хөдөлмөр алдангийн зардлаа нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч Л.Өлзийдаваагийн: ”...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр намайг Цагаан хаданд байхад манай компанийн жолооч Өлзийбаяр яриад “Тэмүүжин цус алдаад байна хүрээд ирээч” гэхээр нь Цагаан хадны эмнэлэг дээр очсон. Тэмүүжингийн хөлийг боочихсон өргөөд гараад ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад архин шилээр цохичихсон гэхээр нь би өөрийнхөө машинаар Ханбогд сумын эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч М.Өлзийбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний орой С, Тэмүүжин, Эрдэнэсайхан, Түвшинтөр, Очир, Лувсанцэрэн нар архи уугаад унтсан. Тэгээд 06 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед би босоход тэд нар босоогүй байсан. ...нэг харахад Зоригоо гэдэг жолоочийн машин хажууд тэд архи ууж байсан. ...намайг машиныхаа чиргүүл доор юм хийж байхад толгойн хажууд зодоон болоод байх шиг болохоор нь гараад хартал Тэмүүжин машин доороос гарч ирэхдээ хөлөөс нь цус гарчихсан байхаар нь хөлийг нь даавуугаар боогоод дарга Өлзийдаваа ахыг дуудаж Тэмүүжинг өгч явуулсан

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар 08-ны 7277 дугаартай шинжээчийн: ”...Ч.Тэмүүжингийн биед зүүн шилбэнд урагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Д.Сгийн яллагдагчаар өгсөн: “...хамт ажилладаг Тэмүүжин, Түвшинтөр, Эрдэнэсайхан, Цэнд-Очир нартай архи хувааж уусан. ...архи ууж байхдаа Тэмүүжинд ах зан гаргаж хэдэн үг хэлэхэд тэрээр миний хэлсэн үгийг даалгүй өөдөөс уурлаж, маргаан болоод тэрээр босоод явахаар нь би хажууд байсан архины шил аваад шидсэн. Түүний хаана оносныг мэдээгүй, хараагүй... Тэмүүжин тухайн үед цус их алдсан байсан болохоор Өлзийдаваагийн данс руу 750,000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 34 дүгээр хуудас/,

Д.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Сгийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 36-37 дугаар   хуудас/

Шүүгдэгч Д.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх-н 38-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Сгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 49-64, 76 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /хх-н 67-75 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Тэмүүжингийн  хүсэлт /хх-н 78 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар иргэн Ч.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний зүүн хөлийг архины шилээр зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ч.Тэмүүжингийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Сгийн хохирогчийн зүүн хөлийг архины шилээр зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Д.Сг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ч.Тэмүүжингийн биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар 08-ны 7277 дугаартай шинжээчийн: ”...Ч.Тэмүүжингийн биед зүүн шилбэнд урагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 5,533,560 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ. Харин хэргийн хохирогч Ч.Тэмүүжин нь хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн талаар мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Ч.Тэмүүжин нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дорждагваа овогт Дамдинсүрэнгийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Тэмүүжинд 5,533,560 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Тэмүүжин нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Сгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН