| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2402001620223 |
| Дугаар | 2024/ДШМ/1251 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/1251
2024 11 21 2024/ДШМ/1251
Б.Цад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сэргэлэнбаатар,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Г,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/860 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2402001620223 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Ц, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод түр оршин суух, урьд,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 744 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: ............../;
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 11,2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан улмаар тухайн бодисыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод хууль бусаар хадгалсан, мөн өдөр Б.Бт өгч хэрэглүүлсэн буюу “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”,
үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 30-272 тоотод гялгар ууттай 49,2 грамм цэвэр жинтэй, “Carrots” гэсэн бичиглэлтэй шилтэй 19,0 грамм цэвэр жинтэй, гялгар ууттай 0,9 грамм цэвэр жинтэй, мөнгөлөг цаастай 1,5 грамм цэвэр жинтэй буюу нийт 70.6 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, А.А, Ч.С, Г.Д нарт өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Цыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Цыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 11.2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 49,2 грамм цэвэр жинтэй гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан 19,0 грамм цэвэр жинтэй “Carrots” гэсэн бичиглэлтэй дутуу шатсан ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан 0,9 грамм цэвэр жинтэй гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан 1,5 грамм цэвэр жинтэй мөнгөлөг цаасан доторх дутуу шатсан ургамал мэт зүйл, “Экос” гэсэн бичиглэлтэй усны сав, төмөр гуурс зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие сэтгэцэд нөлөөт бодис болох байгалийн гаралтай өвс гэх нэршилтэй ургамлыг бэлтгэж хэрэглэх явцдаа бусдад хэрэглүүлсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа ухаарч гэмшиж байна. Иймд анхан шатны шүүхээс нийгэмд үзүүлэх хор уршгийн аюулыг харгалзан надад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Би цагдан хоригдож байх хугацаандаа өөрийн хууль бус үйлдлийн хор уршиг, аюулын талаар ухамсарлаж алдаа дутагдлаа бүрэн ойлгож, хайртай гэр бүл болох, эх, эхнэр, 2 охиноо гомдоож байгаадаа маш их харамсаж байна. Би Хар тамхитай тэмцэх хэлтсийн бүрэн хяналтад орсон, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх баталгаа болно. Мөн хар тамхины хэрэглээг өөрийн сэтгэл зүйгээр засахад зорчих эрхийг хязгаарлах ял тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа зөрчил гаргаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үлдсэн хугацаандаа хорих ял эдэлдэг тул хүнийг илүү хариуцлагажуулах үндэслэл болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Иймд насан өндөр ээж болон эхнэр, хүүхдүүдээ сайн хань, сайн эцгийн халамж хайраар хүмүүжүүлэн зөв төлөвшлийг бий болгож, зөрчил дутагдлаас бүрэн ангижирч залуу үедээ болон найз нөхдөдөө үлгэр жишээ байж амьдралдаа дахин хар толбо гаргахгүй байж чадна гэдгээ амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, эхний бөгөөд эцсийн удаа амьдрал, гэр бүлийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж эрхэм шүүгч танаас аминчлан хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байсан. Миний үйлчлүүлэгчийг сүүлийн хоёр үйлдлээ хийж байхад буюу тухайн бодисыг хэрэглэж байхад цагдаагийн байгууллага барьсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч цагдаагийн байгууллагын бүрэн хяналтад орсон учир үйлдэл дээрээ баригдсан. Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн тохиолдолд миний үйлчлүүлэгч дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдвол шинээр үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх эрсдэл өндөр. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа дахин хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх талаар өөрийн сэтгэл зүйг засаж залруулах, мөн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагаар тодорхой эмчилгээ хийлгүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилгыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нэгдүгээрт цээрлэл, хоёрдугаарт нийгэмшүүлэх гэж маш тодорхой хуульчилсан. Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаа этгээдийг хорих байгууллагад ял эдлүүлж байгааг өмгөөлөгчийн зүгээс зохисгүй гэж үзэж байна. Учир нь, тухайн этгээд өөрөө тэвчих сэтгэл зүйгүй, өөрөө өөртэйгөө тэмцэх сэтгэл зүйгээр бэлтгэгдэхгүй гэж харж байна. Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлбэл өөрөө өөрийгөө бүрэн хянах боломжтой буюу шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх хугацаанд нийгэмших бүрэн боломжтой. Иймд миний үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх гэсэн агуулгаас бүрддэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь чухал. Шүүгдэгч Б.Ц нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр удаа ял шийтгүүлж байсан. Энэ хугацаанд засрал хүмүүжил олох, өөрийгөө ийм төрлийн бодисоос татан гаргах бүрэн боломжтой байсан ч тэгээгүй. Үндсэндээ 4 жилийн хугацаанд мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой хэрэгт 4 удаа ял шийтгэгдэж байгаа нь өөрийн үйлдлийн гэм хор, нийгэмд учруулж байгаа хор уршгийг бүрэн гүйцэд ухаарахгүй гэж үзэх үндэслэл болно. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж, шүүгдэгч Б.Цыг эрэн хайх ажиллагаа явуулж байсан нь түүний хувийн байдлыг харуулна. Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад өндөр. Өөрөөр хэлбэл, олон нийтийн аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд сэтгэцэд нөлөөт бодис нь эрүүл мэндийг сарниулж донтуулах, нийтийн эрүүл мэнд, нийгэмд аюул хор учруулдаг хор уршигтай, цаашлаад үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй гэмт хэрэг юм. Тиймээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 11,2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан улмаар тухайн бодисыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод хууль бусаар хадгалсан, мөн өдөр Б.Бт өгч хэрэглүүлсэн буюу “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан”,
үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 30-272 тоотод гялгар ууттай 49,2 грамм цэвэр жинтэй, “Carrots” гэсэн бичиглэлтэй шилтэй 19,0 грамм цэвэр жинтэй, гялгар ууттай 0,9 грамм цэвэр жинтэй, мөнгөлөг цаастай 1,5 грамм цэвэр жинтэй буюу нийт 70.6 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан болох нь:
гэрч Б.Бийн: “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед өөрийн хуурай ах Б.Цын гэрт очсон. ...Б.Ц ах үүргэвчнээсээ жоохон өвс гаргаад ирсэн тэгээд тамхины дүнсийг гаргаж байгаад дотор нь хийж татсан. Тухайн үед би тэрнээс нь ганц сорсон. ...Өнөөдөр Б.Ц ахын гэрт тамхины доторх дүнсийг хаяж байгаад цаасанд нь өвс хийж байгаад татсан болохоор миний биеэс ТНС гарч байгаа юм. Харин 3 хоногийн өмнө ганцаараа байхдаа ...биедээ байсан жоохон мөс татаж хэрэглэсэн болохоор AMP, МЕТН гэх бодис миний биеэс гарч ирсэн байна. ...” /1хх 62-64/,
А.Агийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орой унтахын өмнө Б.Цын авчирсан гялгар ууттай каннабис өвсийг Д-ий гэрийн гадаа байдаг агуулахын амбаарт Б.Ц, Д бид 3 бонгоор сорж хэрэглэсэн. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр унтаж байхад С ирээд бид нар бүгдээрээ хоол идчихээд дахиад каннабис өвснөөсөө Б.Ц, Д, С бид дөрөв сорж хэрэглэчхээд кино үзээд хэвтэж байхад цагдаа нар орж ирсэн. Б.Ц тэр өвсөө хэзээ хаанаас хэнээс авсан талаар мэдэхгүй...” /1хх 235-236/,
Ч.Сгийн сэжигтнээр өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг өнгөрөөд Дий гэрт очсон. ... Дий гэртэй залгаад агуулах шиг байшин дотор, ширээн дээр гялгар ууттай ногоон өнгийн өвс, хэрэглүүрээр Д, Б.Ц, А бид 4 өвс сорж хэрэглэчхээд зурагтаар кино үзээд сууж байтал гаднаас цагдаа орж ирээд баригдсан. Бид нарын хэрэглэсэн гялгар ууттай өвс, хэрэглүүрийг Б.Ц л авчирсан гэж надад хэлсэн намайг очиход бол тэр агуулахын байшин дотор ширээн дээр нь ил байсан.” /1хх 239-240/,
Г.Дий сэжигтнээр өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед манай найз С манайд ирсэн. Тэгсэн Б.Ц цэнхэр өнгийн хүнсний гялгар ууттай каннабис өвс гаргаж ирээд манай байшинтай залгаа байдаг агуулахын зориулалттай байшин дотор Б.Ц, А, С бид дөрөв цэвэр усны цоолж бонго хийгээд тугалган цаасанд өвснөөсөө хийж шатаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд үлдэгдэл гялгар ууттай өвс нь агуулахын байшин дотор ширээн дээр байсан, бонго хэрэглүүр нь шилтэй хог зэрэг нь бүгд агуулахын байшин дотор байсан. ...агуулахын байшинд байсан цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн өвс, хар өнгийн гялгар ууттай Ногоон өнгийн өвс, хэрэглүүр зэрэг нь бүгд Б.Цынх байгаа юм. Минийх биш, Б.Ц манай гэрт ирэхдээ авчирсан...” /1хх 243-244/ гэсэн мэдүүлгүүд,
Б.Цын биед үзлэг хийсэн: "... биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд Б.Ц нь биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэснээр өөрийн үүрч явсан ногоон өнгийн үүргэвчний урд талын халааснаас хар өнгийн нүдний шилийн хайрцаг гаргаж ирэх бөгөөд нүдний шилний хайрцаг дотроос гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл гаргаж ирснийг 1 дугаараар тэмдэглэн хураан авч албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 15 грамм байсныг тэмдэглэн хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-24/,
Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн үр дүнгээр: ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг (илэрсэн), АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг (илэрсэн), ТНС, AMP, MET хэсэгт 1 улаан зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэсэн тэмдэглэл /1хх 25-26/,
Зэрлэг олсны ургамлын тархцын судалгаа /1хх 42-53/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 55-56/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 202/, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 30-272 тоотод нэгжлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл /1хх 156-164/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 537 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 90-91/, Б.Цын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 229-232/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1466 дугаар “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Т-66 Б.Ц 15 гр өвс мэт зүйл а/д Д.Н... 2024.02.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9 Тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. 2. Т-66 Б.Ц 15 гр өвс мэт зүйл а/д Д.Н... 2024.02.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 18,5 г, цэвэр жин 11,2 г байна” /1хх 76-78/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1465 дугаар “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ...“Б.Ц УХ96010639” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol), Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” /1хх 82-84/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4410 дугаар “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан “Carrots” гэсэн бичиглэлтэй шилтэй дутуу шатсан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан мөнгөлөг цаасан доторх дутуу шатсан ургамал мэт зүйл, “Эко” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, төмөр эд зүйл зэргээс Дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 51,9 гр, цэвэр жин 49,2 гр, “2” гэж дугаарласан “Carrots” гэсэн бичиглэлтэй шилтэй дутуу шатсан ургамал мэт зүйлийн шилэн савтай үеийн жин 327,8 гр, цэвэр жин 19,0 гр, “3” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 10,9 гр, цэвэр жин 0,9 гр, “4” гэж дугаарласан мөнгөлөг цаасан доторх дутуу шатсан ургамал мэт зүйлийн цаастай үеийн жин 2,1 гр цэвэр жин 1,5 гр байна” /1хх 207-211/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4409 дугаар “Ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ...“2024.07.25 (УХ96010639) Б.Ц” гэж хаягласан шээснээс метамфетамин (Methamphetamine) болон Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна...” /1хх 215-218/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Б.Цыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цын бусдад өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Цыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс ялаас хорих ялыг сонгож, хугацааг нь 3 жилээр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Цын “... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Цын хувьд үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодисыг өөрөө түүж бэлтгэсэн, хадгалсан, хууль бусаар олж авсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүнийгээ хэрэглэж, биедээ хадгалсан, хууль бусаар олж авсан үйлдэлд анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/860 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Цын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/860 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ