Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ж.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт Жанлавын Цад холбогдох 1829001450089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, тросс төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цагаан хаданд гэртээ амрах өрөөндөө 6 сартай хүүхдээ хараад байж байтал манай гал тогооны ажилчин танай охиныг чинь гадаа нэг хүн түлхээд унагачихсан, хүргэнийг чинь зодож байна та гараад ир гэхэд би хүүхдээ тэврээд гарсан. Тэгэхэд манай хүргэнийг 3 согтуу залуу нэг нь гарыг нь барьчихсан, нөгөө нь дээрээс нь өвдөглөчихсөн байсан. Манай 7 сартай жирэмсэн охин газарт хэвтчихсэн дүлэлт өгөөд хэвтэж байсан. Тэгэхээр нь тэвэрч байсан нялх хүүхдээ үйлчлэгч охинд өгчхөөд тэр хэдийг салгах гээд салгаж дийлээгүй. Эргээд харахад машины хажууд тросс байж байхаар нь тэрүүгээр шавхарч тэр хэдийг салгахад манай хүргэн тэр 3 залуугийн гараас суларсан. Та нар яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд манай хажуугаар явж байсан хар ланд круйзор 200 маркийн машинтай 2 залуу ирж, манай охиныг гэрт хүргэж өгч тэр залуучууд цагдаа дуудсан. Тэгээд ийм асуудал үүссэн. Би өөрөө бие муутай, нуруундаа 20 см 2 төмөр, 8 см 10 шүрүптэй хүн. Тэр 20 настай залуучуудыг 50 нас хүрч байгаа би өөрийн гараар салгаж дийлэхгүй. Тэгээд ийм нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр миний охин энэ асуудлаас болоод улсын 2 дугаар төрөхөд одоо болтол хэвтэж байна. Би эх хүний хувьд тэр согтуу хүмүүсээс хүүхдээ л хамгаалсан.”  гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гансүхийн /РД:РЙ87081911/: ”...2018 өдөр найз Р.Наранбаяртай “Гоймондоо” хүнсний дэлгүүрт уулзаж, 0.5 литрийн нэг шил архи аваад Алтан говийн гадна талд очиж хувааж уугаад хоол зардаг машинаас хоол авч идээд дахин “Гоймондоо” дэлгүүр рүү архи авахаар явсан. Тэгээд урьд танидаг байсан 2 ахтай таарч бид дөрөв дэлгүүрийн гадна юм ярьж байгаад би “Гоймондоо” дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи, нэг ундаа авах гээд худалдагч охиноос “хүйтэн ундаа байна уу” гэж асуухад “өөрөө олоод ав” гэхээр нь “ямар харьцаа муутай юм бэ” гэхэд тэр охин “тэгвэл чи авахаа болчих” гэж хэлсэн. Би “чи муу ямар харьцааны соёлгүй гичий бэ” гэж хэлээд гартал араас худалдагч охин “чи муу хүн доромжилдог хэн бэ” гээд араа гараад ирсэн. Тэгээд би тоохгүй чигээрээ явж байтал араас нэг залуу цохиод авсан. Түүнд зодуулж байхад Р.Наранбаяр болон нөгөө ах нар ирж салгасан. Тэгээд удалгүй ээж нь гэх хүн гарч ирээд зангидсан гогцоотой богино троссоор намайг зодоод эхэлсэн. Намайг зодож байгаад “би цагдаа дуудсан гээд найз Р.Наранбаяр Бямбахишиг ахын хамтаар бид гурвыг “Гоймондоо” дэлгүүр рүү ороход дахин гурил элддэг ганжин модоор зүүн гарын тохой руу удаа дараа цохисон. Би хүний биед гэмтэл учруулаагүй. Одоо миний биед учирсан гэмтэл шарх эдгэрээд зүгээр болсон ажлаа хийж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Бямбахишигийн: ”...Б.Гансүх “Гоймондоо” дэлгүүрийн гадна үл таних залууд зодуулж байсан. Бид гурав очиж зодож байсан үл таних залууг салгаж юу болоод байгаа талаар асуухад Гансүх рүү алнаа гээд учиргүй дайраад байсан. Удалгүй “Гоймондоо” дэлгүүрийн худалдагч эмэгтэй гартаа гогцоолдож зангидсан 40 см урттай тросс барьж гарч ирээд Гансүхийг ороолгож эхэлсэн. Та нарыг цагдаад хэлнэ гээд дэлгүүр рүүгээ дагуулж оруулснаа Гансүхийг гурил элддэг ганжингаар зүүн гарын тохой руу нь удаа дараа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Р.Наранбаярын: “...Б.Гансүх “Гоймондоо” дэлгүүрийн гадна үл таних залууд зодуулж байсан. Бид гурав очиж зодож байсан үл таних залууг салгаж юу болоод байгаа талаар асуухад Гансүх рүү алнаа гээд учиргүй дайраад байсан. Удалгүй “Гоймондоо” дэлгүүрийн худалдагч эмэгтэй гартаа гогцоолдож зангидсан 40 см урттай тросс барьж гарч ирээд Гансүхийг ороолгож эхэлсэн. Та нарыг цагдаад хэлнэ гээд дэлгүүр рүүгээ дагуулж оруулснаа Гансүхийг гурил элддэг ганжингаар зүүн гарын тохой руу нь удаа дараа цохиод байсан. Гансүхийн нуруу хүзүү хэсгээрээ зулгарсан зүүн гарын тохой хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч М.Бямбахишигийн: “...манай эхнэрийг доромжлоод байхаар нь би очоод “яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ зүгээр яв” гэж хэлээд гартаа барьсан нойтон алчуураар тэр залуугийн нүүр рүү халт хүргэсэн чинь тэр залуу яагаад байна гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ цохилцсон. ...тэр залуутай хамт явж байсан хоёр залуу ирээд салгах нэрийдлээр миний гарыг ард барьж байх хооронд Гансүх гэх залуу миний нүүр рүү өшиглөж өвдөглөсөн. Энэ үед хадам ээж Ц ирж зодооныг салгасан.” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар 31-ний 90 дугаартай шинжээчийн: ”...Б.Гансүхийн биед чамархай, зүүн гарын тохой, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, цээж, хэвлий, 2 гарын бугалга, мөр, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар 19-ний 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар 28-ны 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар 31-ний 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Ж.Цын яллагдагчаар өгсөн: “...тэр гурван согтуу залуу манай хүргэн рүү дайраад байхаар нь би салгаж дийлэхгүй байж байтал хажуугаар явж байсан Лекус-470 маркийн машинтай танихгүй 2 залуу манай охиныг өргөж гэрт оруулж өгөхөөр нь би тэр залууг гуйгаад цагдаа дуудаад өгөөч гэсэн. ...тэднийг салахгүй хэрүүл хийгээд байхаар нь би гэрийн гадаа байсан троссыг аваад тэр өндөр залууг ороолгосон.” гэх мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Цын гэрэл зураг, захиргааны зөрчлийн талаарх баримтууд  /хх-н 47-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Цын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 55-126 дугаар хуудас/ болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Ц нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Гансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, тросс төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Гансүхийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Цын хохирогчийг тросс төмрөөр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Ж.Цыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Гансүхийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар 31-ний 90 дугаартай шинжээчийн: ”...Б.Гансүхийн биед чамархай, зүүн гарын тохой, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, цээж, хэвлий, 2 гарын бугалга, мөр, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Б.Гансүх нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

 Хохирогч Б.Гансүх нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан 57 см урттай, 6 салаатай сүлжсэн тросс 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиссд даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буянт овогт Жанлавын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Гансүх нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан 57 см урттай, 6 салаатай сүлжсэн тросс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ж.Цын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Цад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН