| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00003/И |
| Дугаар | 154/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2025/00046
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* настай. Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, Бага шарынхан овогт *******ийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1984 онд наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд цэгийн мал маллаж байсан. Цэгийн мал гэдэг нь муудсан болон өвчилсөн малыг тусад нь ялгаж малладаг суурилж маллахгүй дандаа тусад нь малладаг юм. *******ын зам нэгдэлд 5 бригадтай бригад тус бүр 150-200 малчин өрхтэй. Би мал маллаж байгаад нэгдэл тарахад хувьдаа мал аваад малчин хийж өнөөдрийг хүртэл ******* багт мал маллан амьдарч байна.
Хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн боловсон хүчин хийж байсан Догмидмаа гэдэг хүнд өгөөд буцааж аваагүй. Сүүлд хөдөлмөрийн дэвтрээ авахаар асуухад нэгдлийн архив ажиллаж байх хугацаандаа хүлээлгэж өгсөн түүнээс хойш яасныг би мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед мал сайн малласан гээд баярын бичиг авч байсан. Цалин хөлсөө тогтмол авч байсан.
Иймд миний *******ын зам нэгдэлд ажиллаж байсан хугацаа болох 1984 оны 8 дугаар сараас 1992 оны 04 дүгээр сар дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.******* нь 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн 1140 дугаартай архивын лавлагаа,
Цэргийн алба хаасан талаарх лавлагаа,
Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 сарын 09-ны өдрийн №48 дугаартай “*******ын зам” нэгдлийг хувьчлах тогтоол,
Гэрч Их баян овогт *******ийн Батмөнхийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн:“... М.******* нь Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 5-р бригадад цэгийн мал маллаж байсан. Цэгийн мал нь байнга тэжээдэг, муудсан малыг хэлдэг юм. М.******* нь 1984 оноос 1992 оныг дуустал цэгийн мал маллаж байсан. М.******* нь 1987-1989 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн малаа маллаж байсан.
Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 3-р бригадад бод мал маллаж байсан. М.******* нь нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Тухайн үед малчид 150-250 төгрөгийн цалин хөлс авдаг байсан.
Малчдад хөдөлмөрийн дэвтэр нэгдлээс олгодог байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ авсан. Одоо байхгүй нийгмийн даатгалд өгсөн. Тэтгэвэрт ороход нийгмийн даатгал авсан. Тухайн үед ажиллаж байсан зарим хүмүүс хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, зарим нь нэгдлийн боловсон хүчнээс аваагүй үлдээгээд хөдөлмөрийн дэвтэргүй болсон хүмүүс их байгаа. Нэгдлийн даргаар Баавдай, нягтлан бодогч Гунгаажав, нярав Жумахан, малын эмчээр Жуумаа нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг
Гэрч ******* овогт ын *******сайханы шүүхэд гэрчээр мэдүүлсэн:“... М.******* нь 1984 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 5-р бригадад цэгийн малчнаар ажиллаж байсан. 5-р бригадын даргаар , зоо техникчээр нар ажиллаж байсан. М.******* нь 1987-1989 онд цэргийн алба хаасан.
Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 5-р бригадад малчин байсан. Би бог, бод мал маллаж байсан. М.******* бид нар нэг бригадад хамт айл хөрш олон жил байсан тул сайн мэднэ. М.******* нь нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Тухайн үед цэгийн малчин тогтмол цалин хөлс авч малын эмчилгээ болон муудсан малд байнгын тэжээл, малын тариа авч муудсан малыг тэнхрүүлэх, тэжээж маллан онд оруулдаг малчид байсан.
Тэр үед бүх малчдад нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээж байсан. Зарим хүмүүс хөдөлмөрийн дэвтрээ авч чадалгүй байж байтал нэгдэлд тараад нэгдлийн бичиг баримтууд үрэгдэж алга болсон юм шиг байлаа. Би өөрийнхөө бичиг баримтыг өөрөө аваад нэгдлээс хувьцаандаа мал аваад нэгдлээс гарч хувийнхаа мал маллан өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага шарынхан овогт *******ийн *******ийг 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ