Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00693

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00693

 

 

Ц.Өсөхгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэнчиндорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төв шинээр нээгдэхэд даргаар нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр томилогдож ажиллах болсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллагыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор манай хуучин нэршил буюу Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төв болж өөрчлөгдсөн ч бүтэц зохион байгуулалт 13 хүнээр хэвээрээ батлагдсан. Ингээд надад ажлаас халах тухай ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд гэнэт 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сургалтан дээр сууж байхад Төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Энхбаяр даргад утасдаад өөрийг чинь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна ирж ав гэснээр тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр очиж авсан. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр манай нэршил өөрчлөгдсөн ч миний албан тушаал хэвээрээ байхад ажлаас халж байгаа нь буруу гээд надад өөр ажил албан тушаалд томилж өгөөч гэсэн өргөдөл бичиг хэрэгт нь өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар надад хариу өгөөгүй. Манай нэршил өөрчлөгдсөн ч миний албан тушаал хийж гүйцэтгэж байгаа ажил минь хэвээрээ тул миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн дарга дээр эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал 5 002 562 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэглдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг анх томилохдоо дараах хууль тогтоомжийг зөрчсөн тул нэхэмжлэгчид ажилдаа эгүүлэн тогтоолгох хууль ёсны эрх ашиг сонирхол үүсэхгүй гэж үзэж байна. Үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй байхад даргыг томилсон. Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар "Үнэлгээ, мэдээллийн төвийн дарга" гэсэн албан тушаалд томилсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах" нь Засгийн газрын бүрэн эрх болохыг заасан. Үнэлгээ, мэдээллийн төв нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд түүнийг Засгийн газрын тогтоолоор байгуулах ёстой юм. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй, Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолоор анх шинээр байгуулсан юм. Үнэлгээ, мэдээллийн төвийн даргыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилсон. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т "хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө" гэж заасан. Мөн улсын төсөвт үйлдвэрийн төвийн даргыг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтыг үндэслэж томилох ёстой. Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд Ц.Өсөхгэрэлийг тухайн байгууллагын захирлын албан тушаалд томилсон байдаг. Ц.Өсөхгэрэлийг томилохдоо хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилсон. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтныг анх томилохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг заавал хянуулж томилох, албан тушаалд нэр дэвшсэн этгээд мэдүүлгээ гаргаж өгөхөөр хуульчилсан. Энэ нь сүүлд Авлигатай тэмцэх газраас Ц.Өсөхгэрэлийн урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй байна гэснээр нотлогддог билээ. Иймд Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаал нь анхнаасаа хууль бус тушаал юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 55 дугаар тогтоолоор "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв"-ийг "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв" болгож бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчилсөн болно. Энэхүү өөрчлөлтийн дагуу анхнаасаа хууль бусаар томилогдсон байсан Ц.Өсөхгэрэлийг анх томилсон албан тушаалаас нь чөлөөлж, өөрчлөгдсөн байгууллагын даргаар томилоогүй болно. Иймд нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 107 771 /гурван сая нэг зуун долоон мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 894 791 /нэг сая найман ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Хөдөлмөр Нийгэм хамгааллын яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Хөдөлмөр Нийгэм хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 64 674 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагч бус этгээдийг хариуцагчаар оролцуулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан байжээ. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч надад олгогдсон итгэмжлэлээр би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг бус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг төлөөлөн тус иргэний хэрэгт оролцсон бөгөөд энэ хэрэгт нэхэмжлэгчийн тодорхойлсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах ёстой байжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан бөгөөд шүүхээс Шүүхийн мэдэгдэх хуудсаар "Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам"-нд холбогдох хэрэгт гэж 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан Хөдөлмөрийн яамны харъяа Үнэлгээ мэдээллийн төв гэх байгууллагын даргын албан тушаалд томилсон нь анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсныг нотолж, холбогдох нотлох баримт тайлбарыг гаргасан боловч шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хариу тайлбарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, няцаагаагүй билээ. Энэ дараах байдлаар хууль зөрчсөн болох нь тогтоогддог болно. Үүнд:

 

а/ Үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй байхад даргыг томилсон.

б/ Үнэлгээ, мэдээллийн төвийн даргыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилсон.

в/ Ц.Өсөхгэрэлийг томилохдоо хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилсон.

 

Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан "Үнэлгээ, мэдээллийн төвийн дарга" гэх албан тушаал нь анхнаасаа хууль бус албан тушаал тул тухайн албан тушаалын чиг үүргийг хууль ёсны дагуу бий болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв"-ийн даргын ажлын байранд хадгалагдаж байна гэж дүгнэх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэл нь хариуцагч Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болгож бүтэц, зохион байгуулахын хувьд өөрчилсөн, нэхэмжлэгч анхнаасаа хууль бусаар томилогдсон гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэл нь Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн захирлаар ажиллаж байсан байгаад 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хэргийн 2 дугаар тал/

 

Ажил олгогч 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/51 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот Үнэлгээ, мэдээллийн төвийн үйл ажиллагааны тухай тушаал гарч /хх61/, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/58 дугаар тушаалаар мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийн бүтэц, орон тоог батлажээ. /хэргийн 57-58 дугаар тал/

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллтйн төвийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төв болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын тайлбар болон хэргийн нотлох баримтаас үзэхэд ажил олгогч байгууллага Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг Мэргэжлийн боловсрол, сургалтын төв болгон өөрчлөхдөө орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн гэх байдал хэргийн баримт тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцсэн байна гэж дүгнэв.

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажлаас буруу халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 3 107 771 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч бус этгээдийг хариуцагчаар оролцуулсан, үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй байхад даргыг нь томилсон, сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн үндэслэл зааж давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Өсөхбаяр нь хариуцагчаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг татсан, /хх 1/ шүүх Хөдөлмөр нийгмийн хамгалалын яаманд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, /хх 5/ Монгол улсын Хөдөлмөр, хамгааллын сайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төрийн захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэнг томилсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд /цаашид сайд гэх/ тэргүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд тэргүүлнэ гэж тус тус заасан бөгөөд Ц.Өсөхбаярын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Монгол улсын Хөдөлмөр, хамгааллын сайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь хууль зөрчсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Өсөхбаярыг анх ажилд томилохдоо ажил олгогч байгууллага хууль зөрчсөн явдал нь түүнийг ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО