| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0058/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/61 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Г.О
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох 1816000380044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогтой Б-ын Б.
Шүүгдэгч Б-ын Б нь захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Таяннуурын уурхайн бүсэд үйлчилгээнд явдаг 00-00 ГАҮ улсын дугаартай истана маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож О-ын биед хүндэвтэр, 00-00 ГАҮ улсын дугаартай истана маркын машинд 3.560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Таяннуурын уурхайн бүсэд үйлчилгээнд явдаг 00-00 ГАҮ улсын дугаартай истана маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож Оын биед хүндэвтэр гэмтэл, 00-00 ГАҮ улсын дугаартай истана маркын автомашинд 3.560.000 төгрөгний хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2018 оны 02 дугаар сарын 17-ны өглөө истана маркын машины жолооч Л.Ж чи машин барьж чаддаг учир 2 удаа хүн зөөчих өдрийн хоолон дээр би өөрөө очоод машинаа авъя гэж хэлээд гаргасан. Тухайн үед “би жолоо барьж чадахгүй учир жолоо барьдаг хүнд шилжүүллээ шүү” гэж хэлээд гарсан. Тэгээд очиход манай ажилтнууд бүгд цайндаа ороод гарсан ганцхан Д ах үлдсэн байсан. Д ахыг уурхайн бүсэд жолоо барих эрхтэй учир машин барьж болно гэж үзээд тэр хүнд түлхүүрийг нь шилжүүлж өгсөн. Тухайн үед түлхүүрийг шилжүүлж өгөхдөө истана маркын үйлчилгээний тэрэгний жолооч нь өвчтэй босч чадахгүй байна гээд надад түлхүүрээ өгсөн би жолоо барих эрхгүй та хүн зөөчих гэж хэлээд өгсөн. Д ахад түлхүүрээ өгсөний даар шалган дээр сууж байхад О ах амралтаа аваад ирсэн байсан учир бид хоёр юм ярьж байгаад машинд суугаад явсан. Д ах үдээс өмнө 2 удаа хүн зөөчихөөд өдөр хоолны цагаар Г.О ахыг хүн зөөгөөд дээшээ аваад гараадах гэж хэлсэн. Тэгээд Г.О ах бид 2 хүн зөөж гарсан. Буцаж явахдаа намайг дуудаад хамт явъя гэж хэлэхэд Т ах намайг явж яах юм бэ? гэж хэлэхэд Г.О ах зүгээр бид 2 хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би машинд нь очиж суугаад хөдлөөд хол явж амжаагүй байхад Г.О ахын утас дуугараад Г.О ах би утсаар ярих хооронд чи барьж чаддаг учир машин жолоод гэж хэлээд надад жолоогоо шилжүүлсэн. О ахтай нэг өрөөнд хамт байдаг мөн надаас ах хүн учир би татгалзаж чадаагүй. Тэр үед надад татгалзъя гэсэн бодол төрөөгүй. Тэгээд жолоо барьж яваад тухайн осол гарсан ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өдрийн хоолны цаг болж байхад ажилтнууд машинд суусан байхад Т намайг машин жолоодоод яв гэж хэлээд зөвшөөрөл өгсөн. Би машиныг бариад уурхай дээр очсон. Машин жолоодож явахад машин саатаад доголдоод байсан. Уурхайгаас хөдлөхдөө машиныг Б.Б-т бариулсан. Б машин барьж явахдаа хурдтай яваагүй, доод эргэдэг хэсэг дээр очоод осол гарсан. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байгаа. Одоо бодоход дугуйнаас болоод тухайн осол гарсан байх гэж бодож байна. Дугуй хагараад тээврийн хэрэгсэл чулуу мөргөж осол гарсан байх... Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Ж-ийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бие өвдөөд байхаар нь манай өрөөнд цуг байдаг Б-т машиныхаа түлхүүрийг өгөөд ээлжийн ахлах Тод машины түлхүүрийг дамжуулж өгөөд нэг хүнээр жолоодуулаад ажилчдыг зөөлгөчих гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Үдийн хоолны дараа би хоолонд орчихоод байж байтал гадаад ажилчид ирээд машин унасан байгааг хэлсэн ... ослын газар очиход машин өнхөрөөд боссон байдалтай, эвдэрч хэмхэрсэн байсан. Тэгээд засмал зам дээр нэг том чулуу байсныг бид нар замыг чөлөөлж хажуу тийш гаргаж тавьсан. Тухайн чулууг машин мөргөсөн байж болзошгүй. Зам дээр гарчихсан байсан. Миний жолооддог Истана маркын 00-00 ГАҮ улсын дугаартай машин нь тормоз болон бусад зүйл нь бүрэн ажиллагаатай байсан ...” гэсэн мэдүүлэг / ХХ118-120/,
Гэрч Н.Т-ын “...О явах үед Б цуг явна гэж хэлэхээр нь би Б-т хандан чи явж яах гээд байгаа юм бэ? гэж хэлчихээд орсон. Тэр үед бид хоёр хамт яваад та нарыг хоолондоо дугаарлаж байх хооронд буцаад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд Б нь жолоодоод явсан юм шиг байна лээ. Өглөө Д жолоодоод явахад нь жолооч хүн учир болно гэж бодсон. Өдөр О жолоодоод явахаар нь нэг өрөөнд амьдардаг найз нөхдүүд нэгнийгээ өвчтэй байхаар нь машин тэргийг нь жолоодоод явах гэж байгаа юм байна гэж ойлгоод унуулаад явсан. Тэгээд явах замдаа араа соёог нь дугтчуулаад байхаар нь би унах уу гэхэд зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг буулгаад буцаж яваад осол болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ121-123/
Гэрч Х.Д-ийн “... Өдөр хоолонд явах үед О жолоодоод ажилчдыг хүргэж ирсэн. Тэгээд дахиж ажилчид зөөхөөр буцаад Б-тай явсан. Тэгээд явж байгаад осолд орсон байсан. Ямар байдлаар яагаад осолд орсон талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ130-131/
Гэрч Ч.Б-ийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоолны цагаар кемп дээр ирсэн хоолондоо орчихоод буцаад явах гэж байтал 2 индонез доор осол гарсан байна гэж хэлсэн. Тэгээд Ба, Ц, Ж бид 4 ослын газар яваад очсон чинь түргэн тусламжийн машин ирээд истанатай явсан О, Б хоёрыг аваад явсан байсан. Ослын газар очиход Истана нь унаад боссон байдалтай салхины шилнүүд нь хагарсан, дээд талын ачаа нь салаад унасан жолооч талын дугуйнууд нь хагарсан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ132-133/
Гэрч Б.Ба-ийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоолны цагаар кемп дээр хоолондоо орчихоод буцаад явах гэж байтал 2 индонез доор осол гарсан байна гэж дохиогоор тайлбарласан. Тэгээд Ч.Б, Ц, Ж бид 4 ослын газар яваад очсон чинь түргэн тусламжийн машин ирээд истанатай явсан О, Б хоёрыг аваад явсан байсан. Ослын газар очиход Истана нь унаад боссон байдалтай салхины шилнүүд нь хагарсан, дээд талын ачаа нь салаад унасан жолооч талын дугуйнууд нь хагарсан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ134-135/
Шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай
“...1. Иргэн Г.О-ын биед тархины дух, чамархай хэсэгт цусархаг няцрал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн дух, дүүн хацар, хамар, бүсэлхийн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ146-147/,
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаартай “1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн “нийтлэг үндэслэл” –д “замын хөдөлгөөн”- нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж заасан байх тул осол болсон гэх газар нь нийтийн хэрэгцээний замд бус Таян нуур гэх уурхайн замд гарсан байгаа нь 00-00 ГАҮ улсын дугаартай H.Istana маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б овогтой Б-ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Ашид Билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь хэдийгээр автотээврийн хэрэгслийн ослын улмаас гарсан боловч Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн-Хүдэр” ХХК-ний Таяннуурын уурхайн бүс дотор үйлдэгдсэн байх тул "Зам тээврийн осол" гэж үзэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.4-т "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж тодорхойлсон боловч зам гэх ойлголтонд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүс хамаарахгүй байхаар зохицуулагджээ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоожгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал болон эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.О хохирол нэхэмжлээгүй тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэрч Р.Ж нь мөрдөн байцаалтын шатанд “... миний эзэмшилд тийм машин байдаг байсан. Миний төрсөн ах Н надаас худалдаж аваад би нэрийг нь шилжүүлж өгч чадаагүй байгаа...” гэж мэдүүлсэн боловч “Алтайн-Хүдэр” ХХК-тай Истана маркын ***ГАҮ улсын дугаартай Автомашины түрээсийн гэрээ /ХХ74-75/-г Р.Ж байгуулсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Р.Ж байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Р.Н-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хангаж, хуулийн дагуу автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох Р.Ж нь автомашинд хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Истана маркын машины 2 ширхэг дугуйг эзэмшигч Р.Ж-т буцаан олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, хохирогч Г.О хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 00-00 ГАҮ улсын дугаартай машины эзэмшигч Р.Ж түрээсийн гэрээнд зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг сар бүр 225.000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 11, 13 дахь хэсгүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч Р.Н-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хангасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Истана маркын машины 2 ширхэг дугуйг эзэмшигч Р.Ж-т буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, хохирогч Г.О хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 00-00 ГАҮ улсын дугаартай машины эзэмшигч Р.Ж түрээсийн гэрээнд зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах,улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА