| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0348/Э |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
2025 01 08 2025/ДШМ/03
Г.Г, М.У,
Г.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, Б.Б
Д.О, Р.Б
Хохирогч Ц.Н
Хохирогчийн өмгөөлөгч О.С
Иргэний нэхэмжлэгч Р.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Г, М.У, Г.Э холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Гн Г, Монгол Улсын иргэн,
М овогт Гын Э,
Ө овогт М-н У, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Б.Б-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, ногоон писү хөөрөг, халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг, ноён сэврэй хийцийн ногоон хаш аяга хоёр ширхэг, ноён сэврэй хийцийн эртний мөнгөн аяга, их гарын алтан оруулгатай алтан хээтэй мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга есөн ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 34.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн А.Ү-ны эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга, монетон цагираг ээмэг нэг хос, монетон гинж, мөнгөн товч, “Samsung-А51” загварын гар утас, эрэгтэй хүний арьсан гар цүнх хоёр ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Г, М.У нар нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Ж.Э-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, рубин шигтгээтэй тойроод жижиг бриллиант шигтгээнүүдтэй орос монетон ээмэг нэг хос, монетон гинж кулоны хамт, монетон гинж, монетон дээрээ шигтгээтэй гарын бугуйвч, бугуйн алтан цаг, монетон кольцо хоёр ширхэг, эмэгтэй алтан бөгж рубин ногоолин, эмэгтэй хүний ноолууран пальто, булган шуба, эрэгтэй ноолууран цамц дөрвөн ширхэг, эмэгтэй ноолууран цамц хоёр ширхэг, бугуйн цаг хоёр ширхэг, бага гарын мөнгөн аяга найман ширхэг, гоёлын металл бөгж, гоёлын ээмэг нэг хос, сваровский хүзүүний зүүлт, гинжин бугуйвч, ээмэг нэг хос, энгэрийн зүүлт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 21.954.950 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 08 дугаар сарын 11-14-ний өдрийн хооронд аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн Б.Д-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын тархи манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.894.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн Ц.Н-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй ээмэг, бөгж 3 хос, эмэгтэй хүний цагаан алтан бөгж 2 хос, хар алмаазан ээмэг, бөгж 3 хос, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой, алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж, монетон ээмэг 2 хос, эмэгтэй хүний турк хослол 3 хос, сваровски шигтгээтэй 3 хос, 32 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмазан ээмэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул монетон эрэгтэй бөгж, их гарын алтан аяга 2 ширхэг, унждаг мөнгөн ээмэг 2 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 148.277.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нар нь бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн М.Д-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын иж бүрэн халх мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, суран даруулга, шаргал өнгийн сваровски шигтгээтэй гинж, ногоон өнгийн болор шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.865.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Ц.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, гуулин аяга 2 ширхэг, гар дрилл баттерейн хамт, монетон гинж, шаргал өнгийн зүүлт, гоо сайхны иж бүрдэл ком, нүүрний тос 3 ширхэг, бугуйн цаг, эрэгтэй шармал бугуйн цаг, нүүрний маск 3 хайрцаг, жижиг гар чийдэн, том гар чийдэн, утастай тасдагч, ногоон берзинтен ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, шармал өнгөтэй ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6.986.140 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Г, М.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,
Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Г-н Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч Ө овогт М-н У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч М овогт Гын Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Гыг 6 /зургаа/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч М.Уыг 5 /тав/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Эг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ут энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.У нарт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Эд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 381 хоног, шүүгдэгч М.Уын цагдан хоригдсон 281 хоног, шүүгдэгч Г.Эгийн цагдан хоригдсон 95 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, М.У, Г.Эд нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.7, 25.10 дахь хэсгүүдэд зааснаар аймаг сум тоотод оршин сууж байгаа 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б-ны М, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Эгийн А нарын эрх ашиг, сонирхлыг хамгаалах асран хамгаалагч тогтоохыг Б аймгийн Б сумын Засаг даргад даалгаж,
Шүүгдэгч Г.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 715 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилсөн болохыг дурьдаж, шүүгчийн захирамж болон шийтгэх тогтоолын хувийг зохих байгууллагад буюу Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гоос 127.824.166 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д 34.650.000 төгрөг, хохирогч А.Ү-д 2.295.000 төгрөг, хохирогч Ж.Э-д 10.894.000 төгрөг, хохирогч Б.Д-т 2.947.000 төгрөг, хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт 74.138.500 төгрөг, хохирогч М.Д-д 666.666 төгрөг, хохирогч Ц.Ц-д 2.233.000 төгрөгийг тус тус олгохоор,
шүүгдэгч М.Уаас 90.879.166 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Э-д 10.894.000 төгрөг, хохирогч Б.Д-т 2.947.000 төгрөг, хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт 74.138.500 төгрөг, хохирогч М.Д-д 666.666 төгрөг, хохирогч Ц.Ц-д 2.233.000 төгрөгийг тус тус олгож,
хэргийн хамт ирүүлсэн 3 дахь хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “Гар утас” гэсэн бичиглэлтэй, 4 дэх хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “хохирогч М.Д-н гэр” гэсэн бичиглэлтэй хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын шүүгдэгч Г.Эгийн улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
аймаг сум баг тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
аймаг сум баг тоот, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон аймаг сум баг тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
аймаг сум баг тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
17.793.000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч Г.Эд үлдээж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан хүрэн өнгийн модон эдлэлээр хийсэн буу мэт хэлбэртэй зүйл, 79см урт мод мэт эдээр хийгдсэн нэг талдаа шар өнгийн наалдамхай зүйлээр ороогдсон ташуур мэт зүйл, хатуу металл эдээр хийгдсэн 15см урттай zkk-600 гэсэн бичигтэй бууны хэсэг, бор өнгийн 41 размерын арзргар ултай гутал, бор өнгийн арьсан эдээр хийгдсэн 27см урт хутганы хуй, 9ш аяга буюу тагш, самсунг А-53 гар утас, А куантум загварын гар утас, Нокиа гар утас, R гэсэн бичигтэй бууны сум 2ш, барьцаалан зээлдүүлэх хуудас, саарал өнгийн саравчтай малгай, хөх саарал өнгийн саравчтай малгай, дуран мэт хэлбэртэй зүйл, цагаан өнгийн хос гутал, саарал өнгийн хос гутал, цагаан өнгийн гутал, ягаан оруулгатай цагаан өнгийн гутал, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал 2ш, хар өнгийн түрийтэй хос гутал 1ш, хар өнгийн урт түрийтэй гутал, үүрэн телефоны карт 2ш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
гоёл чимэглэлийн хайрцаг, уг хайрцаг доторх гоёл чимэглэлийн эд зүйлс, “Их засаг” гэсэн үнэмлэх, цээж зураг, хатуу эдээр хийгдсэн мөнгөлөг өнгийн гарын бугуйвч мэт зүйл 2ш, мөнгөлөг өнгөтэй хүзүүний зүүлт, 5-н өнгийн дэлбээтэй цэцгийн дүрстэй зүйл, мөнгөлөг өнгөтэй урт гинж, шаргал өнгийн хунгийн дүрстэй метал зүүлт, шаргал өнгөтэй, цагаан өнгийн эрвээхэйн дүрстэй зүүлт, урт зүйл буюу зүүлт /гинж/, хөх өнгийн бөөрөнхий эдийн хэлхээтэй зүүлт, урт цагаан өнгийн зүүлт, урт хар, саарал өнгийн хатуу эдээр хийсэн зүүлт, улаан өнгийн зүүлт 2ш, мөнгөлөг өнгийн зүүлт 2ш буюу нийт 14ш зүүлт буюу гинж, ягаан өнгийн эд 6ш, хар хөх өнгийн оосортой Майкл корс бичигтэй бугуйн цаг, ялтгар хар, мөнгөлөг бор өнгийн чулуу мэт шигтгээтэй зүүлт /кулон/ 3ш, гол хэсэгтээ цагаан шигтгээтэй хээ угалз бүхий монгол загварын унждаг хийцтэй ээмэг 1 хос, голдоо улаан шүр мэт шигтгээтэй хээ угалз бүхий унждаг ээмэг 1 хос, голдоо улаан, ногоо өнгийн шүр мэт шигтгээ бүхий унждаг ээмэг 1 хос, том цагаан өнгийн шүр, сувд мэт цагаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, жижиг цагаан шүрэн ээмэг 1 хос, улаан өнгийн цэцэг мэт хэлбэртэй ээмэг 1ш, тэгш өнцөгт хэлбэртэй, хатуу металл /мөнгө мэт/ материалтай, ногоон өнгийн чулуун унжлагтай ээмэг 1 хос, өрөөсөн ногоон ээмэг, цагаан өнгийн сувд мэт чимэглэлтэй ээмэг 1 хос, цагаан өнгийн тунгалаг шигтгээтэй ээмэг 1 хос, бөгжнүүд нийт 16 ширхэг, шаргал өнгийн метал эдээр хийсэн бөгж 6 ширхэг, мөнгөлөг метал эдээр хийсэн бөгж 9 ширхэг, цэнхэн өнгийн бөгж 1 ширхэг, метал материалтай шүр мэт зүйлээс бүтсэн төрөл 10 ширхэг зүүлт буюу кулон мэт зүйлс, метал эдээр хийгдсэн өрөөсөн ээмэг, зүүлт, кулон мэт эд зүйлс, Ай-поне 14 промакс гар утас, хар өнгийн эмэгтэй шуба зэргийг шүүгдэгч Г.Эд буцаан олгож,
улаан өнгийн 56 х 53 см хэмжээтэй 2 талдаа хээ угалз мэт чимэглэлтэй даавуун материалаар хийгдсэн эмээлийн даавуу, 17 ширхэг богино болон урт сур мэт зүйл, эсгийн эдээр хийгдсэн 3 хэсэг эмээлийн эсгий болон шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмээлийн мод, дөрөө 2 ширхэг, хазаар 1 ширхэг, ширэн гөлөм 1 ширхэг, эмээлийн баавар 10 ширхэг зэргийг хохирогч М.Д-д буцаан хүлээлгэн өгснийг,
шүүгдэгч Г.Эд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, 11.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 94-34ОРБ улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р. нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“... бидний аймаг сум баг тоотод байрлах амины орон сууц бүхий гэрт Г, У нар хууль бусаар нэвтрэн орж гэрийн унтлагын өрөөнд үнэт эдлэл, гоёлын эд зүйлээ хийдэг хайрцаганд байсан олон төрлийн алтан. монетон ээмэг, бөгж, мөнгөн 30 ширхэг аяга, монетон эрэгтэй бөгж, алмазан шигтгээтэй эрэгтэй бөгж, унждаг нийт 16 ширхэг ээмэг, 12 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг зэрэг нийт ........ ширхэг үнэт эдлэлийг хулгайлан авч 148.277.000 сая төгрөгний хохирол учруулсан.
2023 оны 09 дүгээр сарын 02-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж улмаар 2024 оны 04 дүгээр сарын 01-нд эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдан хэрэг нь 2024 оны 05 дугаар сарын 02-нд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэрэг шилжиж 2024 оны 07 дугаар сарын 18-нд шүүгдэгч нарын өмгөөлөгч О, Б, Ц нар урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийн дагуу хэргийг прокурорт буцаахаар санал хүсэлт тавьсан байдаг.
Мөн энэ хурлын товыг шүүхээс бидэнд мэдэгдээгүй ба уг урьдчилсан хэлэлцүүлэг гэсэн хурлаас дараагийн хуралд хохирогч нарыг оролцуулах болсноор бид шүүх хуралд нийт 3 удаа очиж хойшилсоор 2024 оны 10 сарын 4 нд хурал болж хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх хуралд шүүгдэгч Гын мэдүүлэг өгснөөр асуулт хариулт явагдаж. У, Э нарын мэдүүлэг авагдаагүй. Энэ талаар өмгөөлөгч хэлэхэд шүүгч хүлээж аваагүй. Асуулт, хариулт явсны дараа шүүх хуралд шүүгдэгч Эгийн өмгөөлөгч нар нэг тоногдсон бололтой эмээл авчирч, уг эмээлийг хохирогч Д-д үзүүлж, тухайн хохирогчид эмээлийг өгсөн.
Шүүх хуралд шүүгдэгч Г нь манай гэрээс хулгайлсан 12 завхай мөнгөн тоногтой эмээлийг аймгийн Цагдаагийн газарт хураалгасан байгаа тухай хэлж ярьсан. Иргэний нэхэмжлэгч Р.М миний тухайд ядаж эмээл маань байгаа бол хуулинд заасны дагуу уг эмээлийг аймгийн Цагдаагийн газраас авъя гэсэн санал хүсэлтээ хэлсэн боловч прокурор болон шүүгчээс хүсэлтийг минь хүлээж аваагүй.
Шүүх хуралд бидний үнэ бүхий эд зүйлийг ямар үнээр хэнд яаж зарсан эсэхийг асуухад алт мөнгөний ченж болон дарханд өгсөн гэсэн. Гэтэл тэдгээр ченжийг нь олж таниулан мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй байсан. Шүүх хурлын явцад шүүгдэгч Г, У хоёрыг машинаараа эхнэр Э нь хүргэж өгч хулгайн эд зүйлээ аваад гарах үед нь хүлээж байгаад авч явдаг тогтсон дүр зураг харагдсан.
Шүүгч шүүгдэгч Эгаас “танай хогийн саванд мөнгөн аяганы тагшнууд байна, та үүнийг хараагүй байх боломжгүй биз дээ” гэж асуухад, “би бараг гэр орноо цэвэрлэдэггүй охин маань цэвэрлэдэг. Манай хогон дээр мөнгийг нь хуулсан олон тагш байсан” гэсэн, цалин багатай, ажил хийдэггүй мөртлөө 1-2 машинтай, энэ машинаараа үйлчилдгийг шүүх хурал дээр хэн ч сонссон ойлгомжтой байсан. Дархан гэх хүний мэдүүлэгт хоёулаа ирж монетон бөгж хийлгэсэн гэснээс бид дүгнэхдээ Э харин ч бүгдийг мэдэж, хамт ашиг олдог гэж үзэж байгаа.
Хулгайн хэргийг Г санаачлан У-тай хамтран хажуудаа авч гүйцэтгэдэг, Э нь хулгайлсан эд зүйлийг нь элдэв, саад бэрхшээлд өртөхгүйн тулд машинаараа зөөж хулгайн үйлдлийг амжилттай хэрэгжүүлдэг нь тодорхой байсан. Ер нь Э гол толгойлогч нь юм шиг санагдсан.
Мөн эдгээр хүмүүс 2023 оны 5 сар, 6 сар, 8 сар, 9 сарын 15-ыг хүртэл хулгайн үйлдлээ үргэлжлүүлж байнга их хэмжээний хохирол хүмүүст учруулж, түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.Энэ талаар асуухад өртэй байсан гэсэн, гэтэл энэ талаар олигтой шалгаагүй юм билээ.
Эдгээр хүмүүс бүр мэргэшсэн юм билээ. Тэгээд баригдахаараа хохирлоо төлнө гэм буруугаа хүлээж байна гэдэг үг хэлээд л сууж байдаг. Ингэж хэлж илэрхийлэхээр ялыг нь хөнгөлдөг хуулийн заалтыг мэддэг тул энэ нь зүгээр бэлэг тэмдэг бүхий юм билээ.
Ийм байдлаар хүмүүсийг хохироогоод ялаа хөнгөн аваад сурсан. Хүмүүсийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан эд зүйлийг хулгайлж аваад зарж ашиг хонжоо олдог. Мөн миний болон манай гэр бүлийн ухамсарт амьдралаа зориулсан 40-д жилийн хөдөлмөрөөр бий болсон, үр хүүхэд, эцэг эхээс уламжилж ирсэн үнэлж баршгүй эд зүйлийг нэг цаг ч хүрэхгүй хугацаанд харгис, шунахай байдлаар эвдлэн сүйтгэж аваад, хулгайлсан эд зүйлээ хэлбэр дүрсийг нь өөрчлөөд энд тэнд хүнд зардаг, хадгалдаг шинж байдал хурлаас харагдсан.
Хохирогч бидний хувьд шүүхээс гаргасан шийтгэх тогтоолд үнэхээр гомдолтой байна. Шүүх хурал бол зөвхөн хэрэг хийсэн хүний эрх ашигт түлхүү анхаарлаа хандуулж хохирогч биднийг хохироосон дээр нь хохироосон, олон удаагийн давтан үйлдэлд таарсан хариуцлагыг оноож тооцсонгүй, хөнгөн ял оноож хариуцлагагүй хандаж байгаа нь хулгайч нарт гэмшсэн зүйл огт байхгүй хэргийг дахиад давтан үйлдэх боломжийг олгож байна.
Энэ нь шийтгэх тогтоолд хулгайн гэмт хэрэг үйлдэж мөнгө угаасан болон машин механизм ашигласан үйлдлүүдийг дутуу шалгасан гэж үзэхээр байх тул гэснийг ойлгохгүй байна. Хэрэв дутуу шалгасан юм бол гүйцээгээд бүрэн шалгуулах ёстой биз дээ.
Гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг шалгахгүй орхиж байгаа болон хулгайлагдсан эд зүйлийг байгаа гээд байхад уг ажиллагааг хийлгэхээр шүүхээс прокурор даалгавар бичиж шалгуулах боломж байсаар байтал үүнийг хэрэгжүүлээгүй нь шүүх хэргийг шийдвэрлэх хууль болон журмаа зөрчиж байна. Хулгай хийх болсон бодитой шалтгаанаа Г, У нар огт яриагүй. хэлээгүй байсан.
Хэргийг шалгаж байгаа мөрдөгч прокурор нь хэрэгтэн хүний хэлснийг нь бичдэг юмуу аль эсвэл шалгаж буй асуудлыг нь бүх талаас нь тодруулж асууж шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй биз дээ. Яагаад хулгай хийх болов, яагаад дандаа хүмүүсийн үнэт эдлэлийг авдаг, хаана, хэнд, хэдэн удаа, ямар үнэ өртгөөр зарж ашиг олсон, олсон ашигаа юунд хэрэглэдэг зэргийг зайлшгүй тогтоох ёстой.
Шүүх хуралд оролцсоны хувьд үүнийг асуухад Г ченжид өгсөн гэх зэргээр нэг суурин дээр хэд хэд хувирч байсан. Шүүгдэгчид нь хэргээ хүлээж зарим нэг эд зүйлийг байгаа, мөн хэнд зарснаа шүүх хурал дээр хэлээд байхад хуулийн байгууллага нь олдох боломжгүй гээд байгаа нь хачирхалтай санагдаж байна.
Прокурор болохоор хэргийг буцаагаад тогтоогдохгүй гэсэн юм яриад байсан. Шалгавал тогтоогдох ч юм билүү хэн яаж мэдэх билээ. Миний эмээл Цагдаагийн газарт байгаа гэхээр нь очоод авах гэтэл өгөхгүй гэлээ. Энэ талаар хуралд прокурор Л “эмээл чинь мөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирол төлснөөр хохирлоос хасагдаад явах боломжтой” гэсэн тайлбар хэлж байсан. Энэ нь одоо юу гэсэн үг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалт байна. Яагаад энэ заалтын дагуу хэргийг хугацаа зааж хойшлуулж прокурорт ажиллагаа хийлгэхийг даалгаж болохгүй байгаа юм бэ.
Энэ хугацаанд прокурор, мөрдөн байцаагчид даалгавар өгч миний эмээлийг мөн эсэхийг тогтоолгож мөн бол би эмээлээ авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн өндөр үнэ бүхий үнэт чулуу эдлэлийг хаана, хэнд, хэдэн төгрөгөөр зарсан, хэдэн удаа аваачиж өгсөн зэргийг шалгаж болмоор санагдах, магадгүй ийм сүлжээ бүхий этгээдүүд байдаг бололтой. Ер нь тэгээд энэ хурал гэдэг чинь хурал гэж хэлэхэд арай л нэг талыг барьсан, шүүгч нь шүүгдэгч нарынхаа өмгөөлөгч нарт захирагдсан, харилцан ярилцсан шинжтэй байсан.
Шүүгч хэргийн байдал болон хэрэгтэн болон хохирогчдын мэдүүлгүүдийг ач холбогдолтой үнэн эсэх хангалттай эсэх эргэлзээ байгаа эсэхэд бүрэн бодитой шалгаж үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Мөн хэргийн зүйл анги нь хэрэгт байгаа баримтуудтай зөрчилдөөд байхад хуульд нийцээгүй зөвхөн прокурорын саналын хүрээнд шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна.
Прокурор болон шүүгч нь өндөр эрх хэмжээтэй юм байна. Тэр эрх хэмжээгээ өөрсдийн үзэмжээр хэрэгжүүлдэг юм байна гэж ойлголоо. Хохирогч гэх бидний хохирсон эрх ашигт бодитой нөхөн сэргээгдэхгүй үлдэж байна. Иймд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 402 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож. хэргийг прокурорт буцаалгахаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Оногдуулсан ял нь үндэслэлтэй гэж үзэж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Н тайлбартаа: ... Гомдлоо дэмжиж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан гомдол үндэслэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Р.М тайлбартаа: ... Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг ойлгохгүй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээгр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт,
Г.Г, М.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Гыг “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч М.Уыг “үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч Г.Эг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч хохирогч Ц.Н болон иргэний нэхэмжлэгч Р.М нар давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хохирогч Ц.Н болон иргэний нэхэмжлэгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.
Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.О нь хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасны дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлосон атлаа урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдээгүйгээр шүүх хуралдааныг явуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг ... шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд дээрх "оролцогч" гэдэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч хамаарахаар хуульчилсан болно.
Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй нь оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Хохирогч Ц.Н нь “Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Р.М-г тогтоон оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх боловч шүүх Р.М-г зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хүсэлтэд дурьдагдсан хохирогчоор тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан ноцтой зөрчил юм.
Иргэний нэхэмжлэгч Р.М нь аймгийн сумын баг, тоот хаягт байрлах орон байрны хууль ёсны өмчлөгч ба иргэний нэхэмжлэгч Р.М, хохирогч Ц.Н нар нь эхнэр, нөхөр, тухайн орон байранд хамт амьдардаг болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ... тухайн эмээл нь гөлөм, дөрөөгүй байсан. Би шинэ гөлөм, дөрөө хийгээд Б гэдэг хүнд зарсан. Тэр эмээлийг аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэх ажиллагаа хийгээд хурааж авсан ... гэсэн,
иргэний нэхэмжлэгч Р.М ... Манай эмээл аймгийн Цагдаагийн газарт хураагдсан байгаа, сумын өрмийн голоор нутагладаг Б гэдэг хүнд байгаа гэхэд шүүгч, прокурор хүлээж аваагүй ... гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд
мөн шүүгдэгч Г.Г нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... иргэний нэхэмжлэгч Р.М-н эмээлийг аймгийн Цагдаагийн газарт хураагдсан байгаа ...” гэж мэдүүлсэн байхад энэ талаар шалгаж тогтоолгох арга хэмжээ аваагүйгээс гадна энэ талаар шийтгэх тогтоолд эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Шүүх шүүгдэгч М.Уаас 74.138.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт олгохоор шийдвэрлэхдээ шүүгдэгч уг 74.138.500 төгрөгнөөс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус бүр хэдэн төгрөгийг төлөх талаар тодорхой нарийвчлан тогтоолгүйгээр нийт хохирлыг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хамтад нь олгохоор тогтоосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Түүнээс гадна шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Эгийн үйлдлийн талаар шүүх” …мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин ч түүний мөнгө угаах болон машин механизм ашигласан үйлдлүүдийг дутуу шалгасан гэж үзэхээр байх тул ...” гэж дүгнэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Тодруулбал: Прокуророос Г.Эг Г.Г, М.У нартай бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн М.Д-н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.865.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө аймгийн сумын баг тоотод байрлах иргэн Ц.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6.986.140 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Э нь “... би тэр айлууд руу ороогүй ... ” гэсэн мэдүүлэг өгдөг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Э нь дээрх гэмт хэрэгт хэрхэн, яаж, хамтран оролцсон, тодруулбал: бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан эсэхийг шалгаж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх түүнийг хураан авч улсын орлого болгох ба анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э нь хохирол төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд завсарлуулсан байх бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эг “бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн атлаа түүний эзэмшлийн улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээс гадна уг албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн аль хэсгийг баримталж байгааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заалгүй орхигдуулжээ.
Мөн шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн тогтоол, шийтгэх тогтоолд “нээлттэй, хаалттай” гэж хамтатган бичсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах бөгөөд энэ тохиолдолд ... хаалттай..., эсхүл ... зарим хэсгийг хаалттай ... гэж тодорхой бичвэл зохино.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч Г.Г, Г.Э, М.У нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР