Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч  Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1816000000035 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.А: Монгол Улсын иргэн, Т овогтой Ц-ийн А гэв.

Шүүгдэгч Ц.А нь 2018 он 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд иргэн Б.М-ийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд үеийн битүү ороолттой мөнгөн хазаарыг хулгайлж хохирогч Б.М-т 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Ц.А нь 2018 он 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд иргэн Б.М-ийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд үеийн битүү ороолттой мөнгөн хазаарыг хулгайлж хохирогч Б.М-т 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.А гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би М-ийн гэрт хууль бусаар орсон нь үнэн, миний буруу. Хөдөө мал хариулж байгаад нэг өдөр сумын төв орж хоёр найзтайгаа хамт архи уусан. Тухайн орой хүчтэй шуургатай байсан учир хөдөө явж чадаагүй. Тэгээд М эгчийнд хонох гээд очиход хүн байхгүй байсан. Шөнө 12 цагийн орчим гэрт нь очоод хаалгыг нь татахад цүү нь мултраад унасан. Тэр айлд хоночихоод өглөө 7 цагийн үед босоод мөнгөн хазаарыг гялгар уутанд хийж аваад хаалгыг нь хааж уячихаад явсан. Тухайн үед утсаар яриад хэлье гэсэн боловч боломж байгаагүй. Айлын хаалга онгойлгож орсон нь миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед М ярихад нь би тэр үедээ бачимдаад хэлж чадаагүй. Дараа нь би өөрөө гаргаад өгье гэж бодоод очиход М өөрөө байхгүй байсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч Ба ахад хазаарыг нь хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.М-ийн “... Гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн өдрөөс хойш 3 хоногийн дараа сумын төвд гэртээ ирсэн. Тэгэхэд манай эгч Д нь манай гэрийн хаалгыг цоожилсон байсан. Би гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ нээгээд гэрт орсон. Би өөрөө сайн анзаарч хараагүй тэгэхэд манай бага хүүхэд ээж хазаар алга болсон байна гэхээр нь харсан чинь гэрийн баруун талын орны дээд  хэсэгт байх цаханд өлгөсөн 2 ширхэг мөнгөн хазаарны 1 ширхэг мөнгөн хазаар нь алга болсон байсан. Тухайн өдрөө би сумынхаа цагдаагийн ажилтанд мэдэгдсэн бөгөөд гэртээ дагуулж ирээд хазаар байсан газрыг зааж өгсөн... нэг ширхэг мөнгөн хазаар л хулгайд алдагдсан. Өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан... 2.500.000 төгрөг болно гэж бодож байгаа. Тухайн хазаарыг манай хадмын талаас өгч байсан бөгөөд битүү мөнгөн ороолттой дунд цагийн мөнгөн хазаар байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,

Гэрч Б.Д-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөөнөөс сумын төвд байдаг *** тоотод байдаг өөрийн төрсөн дүү*** -ийн гэрт нь 11-н цагийн үед ирээд түлхүүрээр нь гэрийг нь онгойлгох гэтэл хаалганы цүү нь мултраад унасан. Тэгээд гэр рүү нь ороод гэрийн эргэн тойрныг нь харахад нүдэнд ил байх хэсэг нь зүгээр байсан. Хулгай орсон юм болов уу гэхэд зурагт, хивс, зурагтны станц зэрэг зүйлүүд хэвийн байж байхаар нь дүү М-ийн *** дугаарын утас руу *** дугаарын утаснаас залгаад танай гэрийн хаалганы чинь цүүг эвдэлцэн онгорхой байна гэхэд тийм үү наанаас чинь тэгээд юм алга болж уу яаж уу гэхэд алга болсон юм байхгүй л юм шиг байна гэтэл Шонтой /А/ сум явсан гэж байсан. Тэр архи уугаад  орж хоноод явсан юм байлгүй дээ гэхэд нь би одоо үдээс хойш аймаг явах гэж байна. Гэрийг чинь яах уу гэхэд хаалганыхаа цүүг нь янзлаад цоожлоод явчих гэсэн. Тэгээд цүүг нь янзлаад хаалгыг нь цоожлоод явсан...  Уул нь 2 мөнгөн хазаар өлгөөтэй байдаг юм. Тухайн үедээ анзаараагүй юм байна лээ. Дараа нь аймаг дээр байж байхад нэг мөнгөн хазаар алга байна гэж М ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/ болон эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ12-13/, Ашид билгүүн ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /ХХ29-31/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Ц.А-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ц.А-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэртээ ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан  хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.А  нь шүүхээс оногдуулсан хорих ялыг  тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгч Ц.А-ийн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар  хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Ц.А нь хохирогчид 160.000 төгрөг төлсөн бөгөөд тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн хазаар нь бүрэн бүтэн байгаа бөгөөд хохирогчид олгох боломжтой байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн хазаарыг хохирогч Б.М-т буцаан олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, хохирогчид 160.000 төгрөг төлсөн, хойшид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Т овогтой Ц-ийн А-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.    Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан Ц.А-д оногдуулсан 2 жил 2 сарын ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгч Ц.А-ийн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар  хорих ялаар тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн хазаарыг хохирогч Б.М-т олгосугай.

6.    Шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

7.    Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, хохирогчид 160.000 төгрөг төлсөн, хойшид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.САРАНТУЯА