Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1267

 

 

 

 

 

 

     2024         11              28                                      2024/ДШМ/1267

 

 Ц.Ст холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2314 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ц.Ст холбогдох эрүүгийн 2403003860575 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

д овгийн  Ц.С, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” цогцолбор сургуульд дизайн технологийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Яллагдагч Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, "Everyday" худалдааны төвийн хойд замд “Hyundai Sonata-NF” маркийн 22-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуй унаж гарч явсан Д.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.13, 6.15 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэжээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, ... хувилж авах эрхтэй байна. Өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Хавтаст хэрэгтээ өмгөөлөгч танилцсан талаар баримт байхгүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн хариутайгаа танилцах, түүнд гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах талаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн 2403 00386 0575 дугаар хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагчийн өмгөөлөгч Х.Д нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.З нь 2403003860575 дугаартай хэрэгт гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй, хариуг нь өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.9 дэх заалтад заасныг зөрчсөн” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь: Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.З нь Д овогтой Ц.Ст холбогдох 2403003860575 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагчийн өмгөөлөгч Х.Дгээс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, гаргасан шийдвэрийнхээ 1 хувийг хэрэгт хавсаргаж, мөн шийдвэр гарсан талаар өмгөөлөгч Х.Дд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн 91994449 дугаарын утаснаас өмгөөлөгч Х.Дгийн 95095130 дугаарын утсаар холбогдон хүсэлтийн хариу гарсан ирж авах болон хэргийн материалтай танилцах талаар хэлсэн боловч өмгөөлөгч Х.Д нь “би хөдөө ажилтай явна” гэсэн хариу өгсөн, мөн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Ц.Сийг прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулан мэдүүлэг авах талаар хэлэхэд өмгөөлөгч Х.Д нь “би очих боломжгүй байна, надгүйгээр хэргийн материал танилцуулчих, би дараа нь шүүх дээр хэргийн материалтай танилцах болно” гэсэн хариуг өгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцаагүй, мөн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтийн хариуг аваагүй болох нь Тээврийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Згийн бичсэн тайлбар болон үүрэн холбооны хэрэгсэл болох Скайтелийн утасны дуудлагын дэлгэрэнгүй мэдээллээс харагдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар өмгөөлөгч нь “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах” эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй, цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийн хариу гарсан талаар мэдэгдсэн, мөн хэргийн материалтай танилцуулахаар утсаар дуудаж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, ... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасны дагуу мөрдөгч нь хэргийн оролцогч нарыг хуульд заасан эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийн хариуг хэрэгт хавсаргасан байна. Улмаар анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, ...хувилж авах эрхтэй байна” гэсэн үндэслэлийг дурдан хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтод нийцэхгүй байна. Яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан “хэргийг буруу тусгаарласан”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх”, “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зүйлгүй буюу хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, оролцогчийн эрхийг хангаагүй үндэслэлээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж заасныг зөрчсөн, мөн шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг тус тус үүсгэжээ. Иймд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2314 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Ц.Сийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгтээ танилцсан талаар баримт байхгүй, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн хариутайгаа танилцах, түүнд гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах боломжоор хангах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх ба дээрх ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон, яллагдагч болон хохирогчийн зүгээс хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар тайлбар, мэдүүлгээ өгсөн, шинжээч томилж шинжилгээ хийгдсэн зэрэг болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Ц.Сийн өмгөөлөгч Х.Дгийн зүгээс шүүхийн шатанд хэргийн материалтай танилцах, гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2314 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор А.Маралын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2314 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                                             ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ