Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00800

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00706 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д, хариуцагч НШШГГт холбогдуулан  Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу ...200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-очир, Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Д нь ...ХХК-тай байгуулсан хэлцэл буюу хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан хүсэлт гаргасны дагуу шүүх 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3891 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр ...ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Захирамж гарахдаа нэхэмжлэлийн үнийг 30,000 ам.доллар, ...ХХК гэж нэрийг буруу бичсэн зэрэг алдааг гаргасан. Энэ захирамжийг шүүхээс шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, шүүгчийн туслах хүргэгдсэн гэж, шийдвэр гүйцэтгэл ирээгүй гэсэн бөгөөд алдаа байгааг хэлсний дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүн болон хариуцагчийн нэрийг залруулсан.

 

2 захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгч өөрөө аваачиж өгсөн. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж 2012 оны 6 дугаар сарын 07-нд ...ХХК-ийн хөрөнгийг актаар битүүмжилсэн. Энэ тухай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Т.Дд 2/8059 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлж, ...ХХК-ийн хөрөнгө болон үүсгэн байгуулагч С.Батбаатарын өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдэгдсэн. Т.Дгийн нэхэмжлэлтэй ...ХХК-д холбогдох иргэний хэрэг нь гүйцэтгэх удирдлага С.Б2012 онд нас барсан, өв залгамжлагч нар өвийн маргаантай үндэслэлээр түдгэлзсэн. Өнөөдөр түдгэлзэлтэй хэвээр байгаа. Т.Д нь шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгө битүүмжилсэн хэвээр гэж бодож явтал Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 дүгээр байрны өргөтгөлийн зоорийг нь 2018 оны эхээр ...гэдэг хүний өмчлөлийн хөрөнгө гэж битүүмжлэлээс чөлөөлсөн. Гэтэл Баянгол дүүрэг дэх бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан нотлох баримтыг авахуулахад С.Агийн өмчлөлд дээрх хөрөнгө нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шилжсэн байсан. Энэ нь битүүмжлэх тогтоол гарсан өдөр байдаг.

 

Битүүмжлэх тогтоолоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийсэн тогтоолоос харахад шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа С.Агийн өмчлөлд хөрөнгө шилжихээс өмнө хийгдэж эхэлсэн гэж үзэхээр байгаа. Ингээд шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжийг шуурхай, нэн даруй бүрэн дүүрэн хийгээгүйгээс битүүмжлэгдсэн байсан өргөтгөлийн зоорь нь битүүмжлэлээс цуцлагдаж, С.Агийн өмчлөлд шилжих нөхцөл бий болсон. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилго нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө эд хөрөнгө үрэгдэх, устахаас сэргийлсэн агуулгатай байх тул энэ захирамжийг нэн даруй биелүүлэх ёстой байсан. Гэтэл 2012 оны 3 дугаар сарын 13-аас хойш эд хөрөнгийг лавлах, өмчлөгчийг тодруулах, бүртгэгдсэн, бүртгэгдээгүй эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, улсын бүртгэлийн албанд захиран зарцуулах хөдөлгөөн хийхийг зогсоохыг даалгах боломжтой байсан. Гэтэл эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хөрөнгө байгаа нь тогтоогдсон байхад түүнд өмчлөгч бүртгэгдэх бүртгэл хийгдэх ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг улсын бүртгэлд даалгах ёстой байсан.

 

Энэ ажиллагаа хийгдээгүйгээс С.А нь уг үл хөдлөх хөрөнгийн анхдагч өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авч, Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Энэ ажиллагааг ...ХХК-ийн захирал С.Бнас барснаас хойш түүний төрсөн дүү С.Б, С.А нар бичиг баримт ашиглах замаар зохион байгуулж, хууль бусаар авсан. Ийнхүү битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь ...ХХК-ийн хөрөнгөөс хасагдаж, өөр этгээдийн өмчлөлд шилжсэнээр ...ХХК-ийн хөрөнгөөс Т.Д төлбөрөө бүрэн авах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эс үйлдэхүй байсны улмаас зоорийн давхрын битүүмжлэл цуцлагдсан тул битүүмжлэлийг сэргээж, дахин битүүмжилж өгнө үү.

 

С.Агийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг удаа дараа гаргасан боловч С.А нь гадаадад байдаг, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй олон жил болж байна. Өнөөдөр уг хөрөнгө нь Д.Янарын өмчлөлд шилжсэн байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн буруутай ажиллагааны улмаас өмчлөгч өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн учир энэ ажиллагаанд одоогийн өмчлөгчийг энэ хэрэгт оролцуулах ямар ч шаардлага байхгүй. Тухайн объектыг Т.Д өөрөө бариулсан бөгөөд С.А нь хуурамч баримт бүрдүүлж, хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан болохыг мэдэж байгаа юм. Хариуцагч нь хуульд заасан ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн 3 үл хөдлөх эд хөрөнгөөс 1-ийг нь шийдвэр гүйцэтгэх байгууллага алдчихсан. Ийнхүү хөрөнгийг гувчуулснаас нэхэмжлэгч хохирч байна.

 

  Иймд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг хариуцагч зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу битүүмжлэгдсэн ...200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1638 дугаар захирамжаар ...ХХК-ийн эд хөрөнгийг 300 000 ам.долларын хэмжээгээр битүүмжлэх шийдвэр гарсны дагуу 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн эд хөрөнгөнд үзлэг хийж хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар руу 2/2811 тоот албан бичгээр ...ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тухай мэдэгдсэн. Энэ дагуу ...ХХК-ийн 11 ширхэг авто зогсоол болон 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилсэн байдаг.

 

НШШГГ нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тодорхой нэр бүхий хөрөнгөнүүдийг битүүмжилсэн. ...200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорь нь иргэн С.Агийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул битүүмжлэлээс чөлөөлсөн. Шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийг 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манайх хүлээн авсан байх гэж үзэж байна. Энэ баримт нь байхгүй болохоор 3 хоногийн дотор ажиллагаа хийгээгүй гэж буруутгаж байх шиг байна. Шүүгчийн захирамжаар хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжил гэсэн болохоос бусад хамаарал бүхий хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжил гээгүй байгаа. Ийм учраас С.Агийн гомдлоор эд хөрөнгийг нь чөлөөлсөн. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу биелүүлэх ажиллагааг хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжуудыг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу битүүмжлэгдсэн ...200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэхийг хүссэн Т.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Дгийн давж заалдах гомдолд: Т.Д би 2008 онд ...ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 8 жил гаруйн хугацаанд хохирч байна. Энэ хугацаанд хариуцагч компанийн захирал С.Бнас барснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй бол түдгэлзүүлсэн. Компанийн үйл ажиллагаа явагдаагүй боловч С.Батбаатарын дүү болох С.Б, С.А нар компанийн хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч банкны зээлийн барьцаанд тавьж, бусдад худалдах зэргээр үгүй хийж байна. Энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч бүртгэл холбогдох баримтыг үндэслэн хийгдсэн тул хүчингүй болгох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Харин ...ХХК болон С.А нарын хооронд хийсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ хэлцлийг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган С.Аг хариуцагчаар татсан боловч С.А нь хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. С.Аг эрэн сурвалжлуулахаар шүүхээр шийдвэрлүүлж Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулахад тэрээр 2015 онд Монгол Улсын хилээр гадагш гараад буцаж ирээгүй байна гэж мэдэгдсэн. Баянгол дүүргийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамжаар битүүмжлэгдсэн байсан хөрөнгийг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу С.Бнас барахаас 16-хан хоногийн өмнө худалдан авсан мэтээр гэрээг хуурамчаар үйлдэж өмчлөх эрх шилжсэнийг 4 сар орчмын дараа буюу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлж гэрчилгээг С.Агийн нэр дээр шилжүүлэн авсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эхэлж эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр явуулж, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийн биелэлтийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т.Д надад мэдэгдсэн зэргээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 3 дугаар зүйлд заасан шуурхай байх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ гэж заасан хуулийн хэм хэмжээ биелэгдээгүй, зөрчигдсөн байхал анхан шатны шүүх ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор, шуурхай явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ" хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болсон нь шүүхийн шийдвэр, хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан худал дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамжийг шүүхээс хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, шүүгчийн захирамжийг хариуцагч нь хүлээн авсан бүртгэл үгүйн зэрэгцээ захирамж техникийн алдаатай гарсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүй тул шүүх уг захирамжийг биелүүлээгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах боломжгүй юм гэсэн дүгнэлтээс харахад шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг огт анхаарч узээгүй, анхаарч үзэхийг ч хүсээгүй, харин хариуцагчийн эрх ашгийг хангахын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлэх үүргээ орхигдуулж, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан дүгнэлт хийсэн нь тодорхой байна.

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж техникийн алдаатай байсан ч түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэх үүрэгтэй байдаг гэдгийг өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхээс гарсан аливаа шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхгүй гэдгийг анхан шатны шүүх ойлгож чадаагүй.Тэгээд ч техникийн алдаатай захирамжийг 30 000 ам.долларын хэмжээнд, ...ХХК-ийн /алдаатай үнийн дүнгийн хэмжээгээр болон компанийн нэр алдаатай бичигдсэн байдлаар нь/ хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийсэн гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болжээ. Мөн захирамжийг хүлээн авсан бүртгэлгүй байгааг шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй хэмээн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийхдээ үндэслэл болсон нь хууль бус болно. Харин ч шүүхийн захирамжийг хүлээн авснаа бүртгээгүй нь хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа бөгөөд хүлээн авсан шийдвэрийг бүртгээгүй гэх үндэслэлээр зохих ёсоор, шуурхай, гарсан даруйд нь биелүүлээгүй алдааг зөвтгөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг 2011 оны 06-р сарын 15-нд гарсан захирамжийн огнооноос эхлэн шуурхай биелүүлээгүй гэж буруутгаагүй, 2012 оны 03 дугаар сарын 13-нд 182/1 тоот тогтоолоор эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийгээд хураан авсан юм бол ядаж үүнээс хойш 7 хоногийн дараа эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоо үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулсан бол битүүмжлэгдсэн байсан үл хөдлөх эд хөрөнгө үндэслэлгүйгээр бусдын өмчлөлд шилжихгүй байсан гэж үзэж байна. Шуурхай байх зарчим нь шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болохоос нь өмнө, аль болох богино хугацаанд түргэн гүйцэтгэхийг шаардаж хуулиар хэм хэмжээ болгон тогтоосон зарчим юм.

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг биелүүлэх ажиллагаа хэрэгт авагдсан баримтаас харахад 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн нь тодорхой байна. Энэ хугацаанаас хойш бүхэл бүтэн 2 сар 25 хоногийн дараа битүүмжлэх ажиллагааг явуулсан байхад 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шуурхай байх зарчмыг зөрчөөгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэдэн ч хүнд дамжуулан шилжүүлж, тэрч байтугай буулгаад нурааж ч амжих хугацаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нэхэмжлэлийн шаардлагын зохих ёсоор явуулаагүй болохыг буюу хийвэл зохих ажиллагаа хийгээгүй эс үйлдэхүй-г хууль бус гэж тогтоолгох шаардлагын талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор өргөтгөлийн зөөрийн давхрын 200 м.кв талбай бухий улсын бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрнгийг битүүмжилж энэ тухайгаа 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/8059 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар" мэдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч бүртгэгдээгүй эд хөрөнгө битүүмжилсэн бол тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг болон ...ХХК-аас бусад этгээдэд өмчлөх эрх шилжүүлсэн аливаа гэрээг хэлцлийг бүртгэхгүй байхыг бүртгэлийн албанд даалгах буюу мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэвэл зохих байсныг хэрэгжүүлээгүйгээс бүртгэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгө С.Агийн өмчлөлд шилжин бүртгэгдэж улсын бүртгэлийн Ү-2205044171 дугаарт бүртгэгдсэн байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С.А болон ...ХХК-ийн хооронд хэлцэл хийгдэж, үнийг бүрэн төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар уг хөрөнгө С.Агийн өмчлөлд шилжсэн гэж үзэхээр байх тул хожим буюу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.А өмчлөх эрхээ буртгүүлэхээс өмнө зохих ажиллагаа хийгээгүй гэж хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн атлаа яагаад ...ХХК-ийн өмч байсан учраас хэлцлийн үндсэн дээр С.Ад өмчлөх эрх шилжээд байгааг бодитойгоор дүгнэж үзээгүй, дээрх дүгнэлттэй анхан шатны шүүхийн ... зоорь нь хаана байршилтай, ямар хэмжээтэй, хэний өмчлөлийн болох талаар актад тусгагдаагүй тул уг хөрөнгийг ... бүртгэлтэй байгаа хөрөнгө мөн гэж шууд дүгнэх боломжгүй байна гэсэн дүгнэлтийг харьцуулж үзвэл хэрэг цугларсан баримтыг үнэлэхдээ зориуд нэхэмжлэгчид ашиггүй байдлаар, харин хариуцагч болон С.Ад зориуд ашигтай байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь илт хууль бус байна. Шүүгчийн захирамжаар битүүмжлэгдвэл зохих үл хөдлөх хөрөнгийн хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа эрхийн үүссэн дарааллыг шүүх огт анхаарч үзэхгүй, хэдийгээр техникийн алдаатай гарсан ч үйлчлэх цаг хугацааны хувьд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаартай захирамж гарсан өдрөөс битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан талаар шүүх дүгнэлт хийхгүй, нутаг дэвсгэрийн хувьд өөр өөр шүүх боловч ижил шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн үндэслэлийг анхаарч үзэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хожим өмчлөх эрх шилжүүлэн авсан өмчлөгчдийн эрхийг хязгаарлах хууль зүйн ундэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ тухайн хөрөнгөөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын буюу шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах эрх ашиг нь түрүүнд үүссэн Т.Д миний эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарч үзээгүй. Энэ талаар зохих дүгнэлт хийгээгүй гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан зарчмыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00706 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүйг тогтоож, дээрх захирамжийн дагуу ...200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч ... ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсэн боловч уг захирамжид гаргасан техникийн алдааг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1638 дугаар захирамжаар залруулжээ. /хх4-5/

 

 

 

Нэхэмжлэгч нь 2011 оны 3891 дугаартай шүүгчийн захирамж гарсан өдрөөс хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн бол төлбөр авагчийн эрх ашиг хохирохгүй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, уг захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлдэг журамтай тул шүүгчийн 2011 оны 3891 дугаартай захирамжийн хувийг нэхэмжлэгчид гардуулан өгсөн, эсхүл шүүхээс НШШГГт уг захирамжийг хүргүүлсэн эсэхийг тодруулах, шүүгчийн 2012 оны 1638 дугаартай захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ямар ажиллагаа явуулсан болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой. /хх7-8/

 

 

 

Дээрх нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын буруутай ажиллагаа байсан эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

 

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

 

А.МӨНХЗУЛ