| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00028/И |
| Дугаар | 154/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 154/ШШ2025/00024
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 154/ШШ2025/00024 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1965 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн. 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд цэрэгт татагдаад 1987 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1987 оны 06 дугаар сарын 29-нд ******* сумын сум дундын *******т сантехникийн слесариар анх ажилд томилогдоод мод бэлтгэлийн ажилд явж байсан. Модноос ирээд хадланд гарсан. Тэгээд өвлийн улиралд сантехникийн ажлаа хийдэг, хавар нь халаалт зогсохоор ариутгагчаар ажилладаг. Өөрөөр хэлбэл өвөл зун тасралтгүй ажилладаг байсан юм. 1989 оны 04 сараас тус *******тээ манаачаар, 2000 оноос түргэн тусламжийн жолоочоор өнөөдрийн хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Сум дундын ******* нь 2000 оноос нэгдсэн ******* болсон. Би ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн газрын жуух бичиг, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, осолгүй манлай, онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.
Миний Сум дундын *******т анх сантехникчээр ажилд орсон 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан 1 жил 9 сарын тушаал архиваас олдохгүй байгаа тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сум дундын *******т сантехникийн слесариар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаартай лавлагаанд: ******* аймгийн ******* сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,
- ******* аймгийн ******* сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай тушаалд: ...Ариутгагч *******ын оронд түр ариутгагчаар *******ыг 1989 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн ...ажиллуулсугай гэх тушаал,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ******* сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот тушаалаар ******* сумын сум дундын *******т сантехникийн слесариар авч ажиллуулав гэх эмнэлгийн тамга бүхий бичилт,
- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1981-1983 онд ******* аймгийн ******* сумын Алагтолгой багт бага эмчээр, 1983-2014 онд Сум дундын *******т хүүхдийн хэсгийн сувилагчаар ажиллаж байсан. Намайг ******* сумын сум дундын *******т хүүхдийн хэсгийн сувилагчаар ажиллаж байхад Д.******* нь 1987 оны 06 дугаар сард анх сантехникчэээр ажилд орж байсан. Түүнээс хойш Д.******* нь ариутгагч, манаач, түргэн тусламжийн жолооч зэрэг ажлуудыг хийж, одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна. 1987-1989 онуудад эмнэлгийн даргаар хүүхдийн их эмч Р.Батхишиг ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Миний бие 1978-2011 онд ******* аймгийн ******* сумын сум дундын *******т ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Д.******* нь 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд ******* сумын сум дундын *******т сантехникчээр ажиллаж байсан. Түүнээс хойш Д.******* нь ариутгагч, манаач, түргэн тусламжийн жолоочоор тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн. Би Д.*******тай хамт ажиллаж байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын сум дундын *******т сантехникийн слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ