| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2016/00828/И |
| Дугаар | 210/МА2017/00741 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2017/00741
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2017/00741 |
Г.Сэвжидийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Сэвжидийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Батцоожид холбогдох
Гэм хорын хохиролд 4 544 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Б.Батцоож
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Сэвжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Миний бие 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Тоёота приyc-20 маркийн 35-99 УНЯ улсын дугаартай суудлын автомашинаар Улаанбаатар хотоос Хөвсгөл явах чиглэлд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замын 72-73 дахь километрт явж байхад Тоёота пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, эсрэг урсгал руу орсны улмаас миний автомашины зүүн гар талаас мөргөсөн. Тоёота пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батцоожийн буруутай үйлдлийн улмаас миний автомашинд 1 938 000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх ослын улмаас тухайн үед машинд зорчиж явсан эхнэр н.Оюун-Ухааны эмнэлэгт үзүүлсний төлбөр 25000 төгрөг, эмийн сангаас авсан эмийн төлбөр 43680 төгрөг, хүү н.Бархасын толгойн томографын зураг авахуулсны төлбөр 120 000 төгрөг, автомашиныг осол болсон газраас Хөтөл, Хөтлөөс Улаанбаатар хүртэл тээвэрлэсний төлбөр нийт 590 000 төгрөг, замын зардал 48000 төгрөг, осол болсон өдрөөс хойш олох байсан орлого цагийн 10000 төгрөгийг өдрийн 8 цагаар тооцоход 10 хоногийн орлого 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг, нийт 4 544 680 төгрөгийг жолооч Б.Батцоожоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батцоож шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Уг осол 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хөтөл хотын Зэгстийн даваан дээр 13 цаг 30 минутад болсон бөгөөд Г.Сэвжид нь асар хурдтай явж байсан. Эгц уруу гэсэн анхаарлын тэмдэгтэй байхад тэр дүрмийг зөрчиж доошоо асар их хурдтай орж ирсэн. Би даваа руу 300-400 километр газарт өгсөж явсан. Би урсгал сөрөөгүй бөгөөд урсгал сөрсөн бол эгц урдаасаа мөргөлдөх байсан. Тухайн үед осол болсны дараа байцаагч ирээд намайг буруутгаж, эгнээ байр буруу эзэлсэн байна гээд надаар юу ч хэлүүлээгүй. Тэгээд маргааш өглөө нь бүх материалыг бүрдүүлээд сумын прокурорын газарт шилжүүлчихсэн. Тухайн үед Г.Сэвжид миний автомашиныг мөргөчихөөд 53 километр зайд явж байж зогссон байдаг. Тэгэхээр асар хурдтай байсан нь үүнээс харагдана. Тэгтэл шалгах ёстой байгууллагууд нь одоог хүртэл газар дээр хэмжилт хийхгүй, хурдыг тогтоож чадахгүй, хүнд суртал гаргаж байна. Мөн би тухайн үед хуулийг болон цагдаагийн дэслэгчийг хүндэтгээд баримт дээр гарын үсэг зурсан. Харин Улаанбаатар хотод ирээд хуулийн зөвлөгөө авч, н.Эрдэнэбилэг гэдэг хүнд хандсан. Тэгтэл эсрэг урсгалын автомашин асар хурдтай явж байсан байна, та шүүхэд ханд гэж хэлсэн. Гэтэл Г.Сэвжид нь хуулийн талын ашиг сонирхол ихтэй, энэ тэндээс янз бүрийн баримт бүрдүүлсэн байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж болдог хуулийн зохицуулалт байхгүй. Ослыг бол санамсар, болгоомжгүй үйлддэг. Гэхдээ надаас ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Г.Сэвжид өөрөө өдрийн 80000 төгрөг, сарын 2 500 000 цалинтай хүн, харин би өндөр насны тэтгэвэр авдаг. Г.Сэвжид бол Москва хороололд амьдардаг, харин би Дэнжийн мянгад амьдардаг, тэгэхээр бидний амьдрал эрс ялгаатай байгаа юм. Миний зовлон дээр зовлон нэмж ингэж бизнес хийж болохгүй. Ийм их мөнгийг хаанаас гаргаж ирээд нэхээд байгааг ойлгохгүй байна. Орчин үед хүн бүхэл бүтэн 10 хоног алдаж ажил хөөцөлдөхгүй шүү дээ. Гэртээ зүгээр хэвтэж байсан юм байж надаас 10 хоногийн цалингаа нэхээд байна. Яахав автомашины эд ангийн хувьд бол тогтчихсон дүн байдаг байх, гэхдээ үнэхээр хурдтай явж байсныг тогтоогоод үнэнийг олоод өгвөл би маргахгүй. Энэ хүн зам дээр хар зураас гартал хурдтай явсан шүү дээ, тэгэхээр шинжээч газар дээр очиж үзэх ёстой байсан. Хүн нас барвал очоод, хөнгөн гэмтсэн эсвэл хөгшин залуугаар ялгаад очоогүй юм уу мэдэхгүй юм. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Надад олон нотлох баримт бий. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Батцоожоос 2 648 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сэвжидэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 896 680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87665 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Батцоожоос 57318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сэвжидэд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Батцоож давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь хариуцагч миний хүсэлтээр шүүхээс дахин томилсон шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 691 тоот дүгнэлт боллоо. Шинжээч нар энэ дүгнэлтийг гаргахдаа осол болсон газарт очиж үзээгүйн гадна надтай биечлэн уулзаж ослын шалтгааныг тодруулах тодорхой саналыг сонсолгүй газар дээр авагдсан фото зургууд, тухайн үед жолооч Г.Сэвжид миний авто машиныг мөргөчихөөд 53 километр зайд явж байж зогссон хууль зүйн бодит фактад шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй, миний хурд тогтоолгох хүсэлтийг үл ойшоосон байна. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг төдийгээр хүн гэмтээгүй, хөнгөн осол гэсэн байдлаар болсон асуудалд маш хариуцлагагүй хандаж өөрсдийгөө бурхан мэтээр шүтэж субъектив дүгнэлт гаргаж хариуцагч миний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Үүний цаана нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх гэсэн хувийн ашиг сонирхол ч байж болзошгүй юм. Г.Сэвжидийг хурд хэтрүүлсэн нь миний авсан гэрэл зургаас ч тодорхой харагдана. Байдал ийм байхад дахин томилогдсон болон өмнө томилогдсон шинжээч нар хэмжилт хийж хурдыг тогтоосонгүй тухайн үед гарын үсэг зурсан нь миний алдаа боллоо. Учир нь ослын бодит байдал үнэн зөвөөр тогтоогдоно гэж гүнээ итгэснээс ийм байдалд орлоо. Иймд дахин гаргасан шинжээчийн дүгнэлтэд намайг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь шинжээч нарын зохиосон. Г.Сэвжидийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг хаацайлах гэсэн субъектив үнэлгээ болжээ гэж 40 гаруй жил жолоочоор ажиллаж машин барьсан өвгөн би дүгнэж байна. Шүүхийн үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөлийг энэхүү дүгнэлт бүрдүүлэв. Хууль иргэдэд тэгш шударга үйлчлэх зарчим хаана байна вэ. Иймд давж заалдах шатны шүүхээс өндөр мэргэжлийн шинжээч нарыг дахин томилж хэргийн газарт ажиллуулж үнэн байдлыг тогтоолгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь нь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.Сэвжид нь хариуцагч Б.Батцоожид холбогдуулан авто ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 4 544 680 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа урсгал сөрөөгүй, газар дээр хэмжилт хийгээгүй, нөгөө машин хурдтай явж байсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа автомашинд учирсан хохирол, эхнэрийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 25000 төгрөг, эмийн төлбөр 43680, хүүгийн толгойны томографын үнэ 120 000 төгрөг, машин тээвэрлэсний төлбөр 590 000 төгрөг, замын зардал 48000 төгрөг, олох байсан орлого 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг гэж тодорхойлсон байна.
Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 72-73 дахь километрт 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Батцоож нь өөрийн эзэмшлийн Тоёото пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёото пирус маркийн 35-99 УНЯ дугаартай автомашиныг мөргөж авто замын осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна.
Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчтэй танилцаж, гарын үсгээ зуржээ.
Хэргийн 76 дугаар талд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтээр Тоёото пирус маркийн 35-99 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Тоёото пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Сэвжид нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын прокурорын газраас зам тээврийн ослын нотлох баримтыг гаргуулах, хариуцагч Б.Батцоож нь шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар зохигчдын хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. / хэргийн 40-42 дугаар тал/
Замын цагдаагийн албаны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т.Раssо маркийн 30-49 УНҮ дугаартай автомашины жолооч Б.Батцоож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс 35-99 УНЯ улсын дугаартай Т.Рrius маркийн Г.Сэвжид жолоочтой авотмашинтай мөргөлдсөн гэсэн дүгнэлтийг гаргасан, энэ дүгнэлтийн талаар зохигчид гомдол гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчийг тухайн автын осолд буруугүй байна гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дахь цагдаагийн тасгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан Б.Батцоожийг 19200 төгрөгөөр торгож, хариуцагч Б.Батцоож уг торгуулийг төлжээ. / хэргийн 86-87 дугаар тал/
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Сэвжид нь авто ослын улмаас учирсан хохирлоо хариуцагч Б.Батцоожоос шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Сэвжид автомашинд учирсан хохирлын үнэлгээг хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Бан Хас ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн 1 938 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд зохигчид автомашинд учирсан гэмтлийн үнийн дүнгийн асуудлаар маргаагүй болно.
Тухайн ослын улмаас нэхэмжлэгчийн хүү С.Бархасын толгойн томографын шинжилгээ хийлгэхэд 120 000 төгрөгийг төлсөн болох нь шинжилгээ хийлгэж, төлбөр төлсөн баримт, шүүх эмнэлгийн шинжилгээний 11538 дугаар дүгнэлтээр тогтоогдож уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч Г.Сэвжид нь хариуцагч Б.Батцоожоос нэхэмжилсэн олох байсан орлого 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг, замын зардал 48000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Хэргийн 134 дүгээр талд Л.Оюун-Ухаанаас Г.Сэвжидэд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Итгэмжлэл нотлох баримтаар авагдсан, Л.Оюун-Ухаан уг итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх эрхийг Г.Сэвжидэд олгосон байхад анхан шатны шүүх Л.Оюун-Ухааныг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр түүний эмнэлэгт үзүүлсэн болон эм авч хэрэглэсэн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
Хариуцагч Б.Батцоож нэхэмжлэгч Г.Сэвжидийг хурдтай явсан, ослын шалтгаанд оновчтой дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хэргийн 48-49 дүгээр талд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан хэргийн газарт хийсэн гэрэл зургийн үзүүлэн, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагчийн давж заалдах гомдол нотлогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцоожийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Б.Батцоожоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО