| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0167/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/177 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оад холбогдох эрүүгийн 1838004330230 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Бзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Бзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хурдан морь унасан хоёр хүүхдийн хажуугаар яваад өнгөрсөн чинь Н.Б намайг зайлаач хар пиздаа чинь гэж хэлээд хажуугаар өнгөрсөн. Би араас нь очоод бид хоёр маргалдсан...Би Бат-Эрдэнийг цээжин тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон намайг толгойгоороо мөргөх гэхэд нь би хойшоо гэдийсэн чинь цээжин хэсэгт мөргөсөн. Дахиад намайг мөргөх гээд урагшаагаа тонгойход нь би зүүн гараараа хаах гээд гараа урдаа авангуут миний гарын тохойг ирж мөргөсөн. Бат-Эрдэний баруун талын нүд нь хавдсан мөн хамраас нь цус бага зэрэг гараад халцарсан харагдаж байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хурдан морь үсэргэж байхад зам тавиад өгчихгүй гээд зөрөөд өнгөрсөн. Би өөрийнхөө мотоцикльтой явж байсан. Морины уяан дээр ирээд хурдан мориныхоо хөлсийг хатаагаад байж байтал замд миний хажуугаар мотоцикльтой зөрж өнгөрсөн. Манай багийн О шууд хүрч ирээд намайг чи юу гээд байгаа юм наашаа хүрээд ир гээд мотоциклиосоо буугаад газраас жижиг чулуу аваад миний баруун талын нүдэн тус газар цохиод би мотоциклиосоо унангуут дээрээс гараараа баруун талын нүдэн талд 2 удаа цохисон. Хөлөөрөө мөн миний хамрын дээхэн талд 2 нүдний дунд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Толгойн оройн хэсэгт нэг удаа мөргөсөн...О миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулаагүй болохоор би энэ хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 8-13 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дүүгийнхээ хамт хурдан морь үсэргээд явж байсан чинь урдаас нэг мотоцикльтой ах хажуу талаар өнгөрөөд явсан чинь миний унаж явсан морь үргээд замын хажуу талын том чулуун дээгүүр харайгаад гарсан. Тэгсэн чинь аав тэр ахыг чи замаас зайлаач гэж хэлсэн. Бид нарыг морь барианы газар дээр хүрээгүй явж байхад нөгөө мотоцикльтой ах араас хүрч ирээд манай аавтай хэрэлдэж байснаа аавыг мотоциклиосоо буух гэж байхад мотоцикльтой нь хамт түлхэж унагаагаад толгой руу нь чулуугаар цохиод нүүр ам руу нь гараараа цохисон. Мөн өөрлүүгээ татаж 2-3 удаа мөргөсөн. Аавын баруун талын нүд нь хавдаад хөх өнгөтэй болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр хурдан морио үсэргэнэ гээд хоёр хүүхдээ аваад явсан. Тэгээд удалгүй 30 гаран минутын дараа нөхөр маань гэрийнхээ гадаа ирээд ёолоод байхаар нь мотоциклиосоо унаж дээ гэж бодоод гарах гэтэл урдаас ороод ирсэн. Тэгтэл хамраас нь цус гарсан, хамар нь халцарсан харагдаж байсан. Яасан гэхэд намайг О цохичихлоо гэсэн. Морьтой хоёр хүүхэд үргээгээд унагаачих гээд байхаар нь зайлаач гэсэн чинь зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 270 тоот
1. Ббиед хамар ясны хугарал болон баруун хацарт цууралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ..
3. Ббиед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838004330230 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь хохирогч Бэмчилгээний зардалд 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838004330230 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838004330230 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР