| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0028/З |
| Дугаар | 118/ШШ2026/0025 |
| Огноо | 2026-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 118/ШШ2026/0025
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32/46 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах тухай” шаардлага бүхий иргэн Ц.*******гийн нэхэмжлэлийг 2026 оны 07 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нөхөр Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.******* нь Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******гийн нэхэмжлэлтэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай захиргааны хэрэг маргаанд нэхэмжлэгчээр оролцож байна. Миний эхнэр болох нэхэмжлэгч Ц.******* нь 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумд авто тээврийн осолд орсны улмаас нас барсан. Завхан аймагт буян номын ажилтай байгаа. Иймээс Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргааныг хуульд заасны дагуу нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж өгнө үү.
Мөн Ц.*******гийн Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг Ц.*******гийн нөхөр Ц.******* миний эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу буцаан олгож өгнө үү. Хавсралтаар нас барсны гэрчилгээний хуулбарыг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32/46 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд түүний нөхөр Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцааж авах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан/...бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно”, 26.3-д “Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШЗ2026/0146 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нөхөр Ц.*******ыг түүний эрх залгамжлагчаар сольсон байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болохоор заасан байх ба нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.******* нэхэмжлэлээ буцааж авах хүсэлт гаргасан байх тул түүнийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч ... нэхэмжлэлээсээ татгалзах, ... замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нас барсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, түүний эрх залгамжлагч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүний эрх залгамжлагчид буцааж олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.******* нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32/46 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Ц.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА