Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2026/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2026/0015/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “О*******” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, хариуцагч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт:

            1.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг боомтоор 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “О*******” ХХК нь 5 тооны адууг импортлохоор Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт мэдүүлсэн ба мэдүүлсэн 5 тооны адуунд Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу мал эмнэлгийн анхдагч үзлэг шалгалт хийхэд мал, амьтны халдварт өвчинтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул адуу тус бүрээс цус болон эдийн дээж авч Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын лабораториор дамжуулан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлсэн ба тус лабораторийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 25-1649 тоот, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 25-6744 тоот шинжилгээний дүнгээр 3 тооны адуунд адууны хачгийн халуун өвчин илэрчээ.

            Улмаар гаалийн улсын ахлах байцаагчаас “О*******” ХХК-нд 3 тооны адууг экспортлогч оронд заасан хугацаанд буцаах мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1076 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байна.

            Мэдэгдлийн дагуу “О*******” ХХК нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй тул 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 0012597 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “О*******” ХХК-ийг 2000 нэгжээр буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 3 тооны адууг устгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            1.2. Гомдол гаргагч “О*******” ХХК нь гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудсыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас баталгаат шуудангаар хүргүүлснийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч мэдсэнээр шүүхэд хандан гомдол гаргажээ.

            Хоёр. Маргаж буй үндэслэл талуудын тайлбар:

2.1. Гомдол гаргагч “О*******” ХХК 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...Манай компани нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсаас 6 тооны адууг тээвэрлэн Монгол Улсын Алтанбулаг боомтоор импортлон оруулж ирсэн. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар суманд байрлах хорио цээрийн түр хяналтын бүс болох жүчээнд адуугаа буулгаж 2025 оны 10 дугаар сарын 06-нд шинжилгээнд хамруулснаас дүгнэлтээр 6 тооны адуунд адууны хачгийн халуун илэрч гаалийн хяналтад тусгаарлана гэж мэдэгдсэн. Мал эмнэлгийн ерөнхий газраас Оросын холбооны улсаас зөвшөөрөгдсөн эрүүл аюулгүй импортолж болох импортын мэдэгдэл авч явсны үндсэн дээр Оросын холбооны улсын мал эмнэлгийн газраас олгосон эрүүл мэндийн гэрчилгээнд ямар нэгэн халдварт өвчингүй гэж бичигдсэн зөвшөөрөгдсөн адууг оруулж ирсэн тул шинжилгээний хариунд эргэлцэж дахин шинжилгээ авах хүсэлт тавьсан.

Хүсэлтийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 07-нд давтан шинжилгээ авахад 2 адуунд хачгийн халуун илрээгүй 4 тооны адуунд адууны хачгийн халуун илэрсэн гэж гарсны үндсэн дээр 2 адуунд гаалийн бүрдүүлэлт хийж гаргаж авсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-нд 23 нэр төрлийн өвчин байдгаас адууны хачгийн халуун гэх өвчин тусгагдаагүй бөгөөд энэ нь гоц халдварт өвчин биш, халдварт өвчин биш гэж үзэхээр байна. Тиймээс 2 удаагийн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан тул Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газрын гомдлын дагуу шалгалт явуулж байхад 2026 оны 4 дүгээр сарын 03-нд бичсэн Зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудас 2026 оны 4 дүгээр сарын 22-нд Монгол шуудангаар гэрийн хаягаар ирсэн. Шийтгэлийн хуудас авснаас 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсний дагуу 2026 оны 5 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн захиргааны шүүхэд гомдол гаргасан боловч өргөдөл буцсан байсан тул дахин гомдол гаргаж байна.” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“О*******” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсаас 5 толгой адууг тээвэрлэн Монгол Улсын Алтанбулаг боомтоор импортлон оруулж ирсэн. 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар суманд байрлах хорио цээрийн бүс болох жүчээнд адуугаа буулгаж 10 дугаар сарын 06-нд шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүгнэлтээр адуунд адууны хачгийн халуун илэрч гаалийн хяналтад тусгаарласан гэж мэдэгдсэн. Мал эмнэлгийн ерөнхий газраас Оросын Холбооны Улсаас зөвшөөрөгдсөн эрүүл аюулгүй импортолж болох импортын мэдэгдэл авч явсны үндсэн дээр Оросын Холбооны Улсын мал эмнэлгийн газраас олгосон эрүүл мэндийн гэрчилгээнд ямар нэгэн халдварт өвчингүй гэж бичигдсэн зөвшөөрөгдсөн адууг оруулж ирсэн тул шинжилгээний хариунд эргэлзэж дахин шинжилгээ авах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу 11 дүгээр сарын 07-нд давтан шинжилгээ авахад 2 тооны адуунд хачгийн халуун илрээгүй 4 тооны адуунд адууны хачгийн халуун илэрсэн гэж гарсны үндсэн дээр 2 тооны адуунд гаалийн бүрдүүлэлт хийж гаргаж авсан. 2 удаагийн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан тул Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газар гомдлын дагуу шалгалт явуулж байхад 4 дүгээр сарын 03-нд бичсэн Зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудас 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол шуудан компаниас гэрийн хаягаар ирүүлсэн. Шийтгэлийн хуудас авснаас 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсний дагуу 5 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч өргөдөл буцсан байсан тул дахин гомдол гаргасан.” гэжээ.

2.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...    Алтанбулаг боомтоор 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг 47 минутад “О*******” ХХК-ийн нэр дээр 64309000817403, 64309000817526, 64309000817503, 64309000817404, 64309000817405 чип дугаар бүхий 5 тооны адуу орж ирсэн байдаг. Гомдол гаргагч нь тайлбартаа Мал эмнэлгийн ерөнхий газраас Оросын холбооны улсаас зөвшөөрөгдсөн эрүүл аюулгүй импортолж болох импортын мэдэгдэл авч явсны үндсэн дээр Оросын холбооны улсын Мал эмнэлгийн газраас олгосон эрүүл мэндийн гэрчилгээнд ямар нэгэн халдварт өвчингүй гэж бичигдсэн зөвшөөрөгдсөн адууг оруулж ирсэн тул шинжилгээний хариунд эргэлзэж дахин шинжилгээ авах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 07-нд давтан шинжилгээ авахад 2 тооны адуунд адууны хачгийн халуун илрээгүй 4 тооны адуунд адууны хачгийн халуун илэрсэн гэж дурдсан байна. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 012530112719 тоот импортын мэдэгдэл нь тухайн мал амьтныг импортолж оруулж ирэхийн өмнөх баталгаажилтын баримт бичиг болохоос улсын хилээр нэвтрүүлж болно гэсэн баримт бичиг биш юм.

            Улсын хилээр нэвтрүүлэх баримт бичиг нь импортын гэрчилгээ байдаг бөгөөд энэхүү гэрчилгээг улсын байцаагч нь амьд мал амьтанд хорио цээрийн үзлэг шалгалт хийж бичиг баримтын зөрчилгүй болон лабораторийн шинжилгээгээр халдварт өвчин илрээгүй бол тухайн мал амьтныг улсын хилээр оруулахыг зөвшөөрч бичиж олгодог
болно. Мөн нэхэмжлэгч тал “...Оросын холбооны улсын мал эмнэлгийн газраас олгосон эрүүл мэндийн гэрчилгээнд ямар нэгэн халдварт өвчингүй гэж бичигдсэн зөвшөөрөгдсөөн адууг...” гэж дурджээ. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ийн Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодекс, мен Оросын холбооны улс, Монгол улсын хооронд хийгдсэн харилцан тохиролцсон хорио цээрийн шаардлагын дагуу адууг хилээр нэвтрүүлэх үед адууны хачгийн халуун өвчингүй байх гэсэн шаардлага тавигддаг бөгөөд “О*******” ХХК-д олгогдсон Оросын холбооны улсын Мал эмнэлгийн байгууллагаас олгосон 138№0001869 тоот мал эмнэлгийн гэрчилгээ /Ветеринарный сертификат/-д дурдсанаар 64309000817403, 64309000817404, 64309000817405, 64309000817526, 64309000817503 чип дугаартай адуунуудад 4 төрлийн /бруцеллёз, нийлүүлгийн өвчин, халдварт цус багадалт/ халдварт өвчний шинжилгээг хийсэн талаарх бичиглэл байх бөгөөд адууны хачгийн халуун өвчний шинжилгээ хийгдээгүй байдаг. Дээрх чип дугаар бүхий 5 тооны адуунуудаас нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны едер цусны дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад 25-1649 тоот лабораторийн шинжилгээний дүнгээр 64309000817405, 64309000817503 чип дугаартай адуу нь сөрөг буюу эрүүл харин 643090000817403, 643090000817404, 643090000817526 чип дугаартай 3 тооны адуунд T.equi үүсгэгчээр үүсгэгдсэн адууны хачгийн халуун өвчин эерэг гарсан байдаг.

Мөн дээрх шинжилгээний сорилтын дүнгийн тайлбар хэсэгт “Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 25-5722 тоот шинжилгээний дүнгийн хуудсаар баталгаажсан” гэсэн тайлбартай байсан. Гэсэн ч нэхэмжлэгч тал дээрх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дахин шинжилгээ авах хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас ажлын хэсэг томилон 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр давтан шинжилгээ авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит шинжлүүлэхээр дээжийг хүргүүлсэн байдаг. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25-6744 тоот шинжилгээний дүнгээр “О*******” ХХК-ийн 64309000817403 64309000817404, 64309000817526 чип дугаар бүхий 3 тооны адуунаас авсан цусны дээжинд адууны хачгийн халуун өвчин үүсгэгч /T.Equi/-ээр эерэг дүн үзүүлж давтан шинжилгээгээр адууны хачгийн халуун өвчтэй болох нь дахин баталгаажсан байдаг.

Нэхэмжлэгч тал нь “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад”-д 23 нэр төрлийн өвчин байдгаас адууны хачгийн халуун гэх өвчин тусгагдаагүй бөгөөд энэ нь гоц халдварт өвчин биш, халдвар өвчин биш гэж үзэхээр байна...” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолоор “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт”-ыг баталсан байдаг бөгөөд тус тогтоолын 3 дугаар хавсралтын 7-д адууны хачгийн халуун өвчин орсон байдгаас харахад адууны хачгийн халуун өвчин нь халдварт өвчин болох нь тогтоогдож байгаа юм. Адууны хачгийн халуун өвчин нь Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад ороогүй хэдий ч тус тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.9-д “Жагсаалтад ороогүй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин Монгол Улсад шинээр бүртгэгдсэн үед тэмцэх арга хэмжээг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хариу арга хэмжээг авах шаардлага үүсдэг.

Гэтэл Монгол улсад адууны хачгийн халуун өвчнөөс урьдчлан сэргийлэх, эмчлэх, тэмцэх батлагдсан стандарт, заавар байхгүй мөн энэ өвчний эсрэг вакцин дэлхий дахинд гараагүй байгаатай холбоотой улсын хилээр мал амьтны халдварт өвчин дамжин тархахаас сэргийлэх зорилгоор гадаад худалдаагаар дамжин орж ирж байгаа халдварын үед дэлхийн худалдааны байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын нэгдэн орсон эрх зүйн баримт бичиг болох Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодекс” стандартад заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага, үүрэг үүсдэг юм.

Нэхэмжлэгч тал “... Тиймээс 2 удаагийн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан тул Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газрын гомдлын дагуу шалгалт явуулж байхад 4 дүгээр сарын 03-наар бичсэн зөрчлийн хэрэг үүсгэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудас 4 дүгээр сарын 22-нд Монгол шуудангаар гэрийн хаягаар ирсэн...” гэж дурдсан байна. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас “О*******” ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр лабораторийн шинжилгээний дүнгээр адууны хачгийн халуун өвчин эерэг гарсан 3 тооны адуугаа экспортлогч улсад буцаах тухай улсын байцаагчийн мэдэгдэлийг, мөн давтан шинжилгээний хариу гарсны дараа 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1076 тоот албан бичгээр дахин 3 тооны адуугаа экспортлогч оронд буцаах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал дээрх мэдэгдэлүүдийн дагуу өвчтэй 3 тооны адуугаа экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй тул 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2631000126 тоот зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Авлигатай тэмцэх газраас 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөөлөлүүд ирж дээрх өвчтэй адуунуудаас дахин лабораторийн шинжилгээнд цусны дээж авч явсан байдаг. Авлигатай тэмцэх газраас энэ шинжилгээний талаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй. Эрх бүхий албан тушаалтны зүгээс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж ажиллагааны явцад нэмэлт тайлбар, нотлох баримт цуглуулах, оролцогчийн эрхийг хангах үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 3 удаа сунгаж нийт 58 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусган Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлж хянуулсан болно.” гэжээ.

            2.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“О*******” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5 тооны адууг Оросын Холбооны Улсаас импортлон оруулж ирсэн. Тус 5 тооны адуунаас 10 дугаар сарын 06-ны өдөр мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтэн, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын мал эмнэлгийн улсын байцаагч, гомдол гаргагчийг байлцуулан цусны дээж авч лабораторийн эхний шинжилгээнд хамруулахад Сэлэнгэ аймаг дахь Мал эмнэлгийн газрын 25-1649 дугаартай лабораторийн шинжилгээний дүнгээр 3 тооны адуунд T.equi үүсгэгчээр үүсгэгдсэн адууны хачгийн халуун өвчин эерэг гарсан. Тус эерэг дүнг баталгаажуулахаар Сэлэнгэ аймаг дахь Мал эмнэлгийн газраас дээжийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүлэхэд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25-5722 дугаартай шинжилгээний дүнгийн хуудсаар “... дээрх 3 тооны адуу нь T.equi үүсгэгчээр үүсгэгдсэн адууны хачгийн халуун өвчтэй..” гэж дүгнэж ирүүлсэн байсан. Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу  буцаах үүргийг биелүүлэхийг шаардаж “О*******” ХХК-нд хачгийн халуун өвчтэй 3 тооны адууг экспортлогч улсад буцаах тухай улсын байцаагчийн гарын үсэг тамгатай мэдэгдлийг 2 гардуулсан боловч “О*******” ХХК нь хуулийн хугацаанд мэдэгдлийн дагуу буцаалгүй Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хандан Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид давтан шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу давтан шинжилгээг авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүлэхэд 25-6744 дугаартай шинжилгээний дүнгээр 3 тооны адуунаас авсан цусны дээжид мөн адил адууны хачиг үүсгэгч /Т.equi/-ээр эерэг дүн үзүүлж дахин баталгаажсан. Энэ талаарх бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1087 тоот албан бичгээр буцаах тухай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч “О*******” ХХК нь хуульд заасан хугацаанд буцаах үүргээ биелээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн хэргийг нээж ажилласан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж тайлбар мэдүүлэг авахаар “О*******” ХХК-ийн захирал Д.З******* харилцаа холбооны хэрэгсэл ашиглан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 10 гаруй удаа дуудаж, дуудах хуудас хүргүүлж, хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлэх талаар мэдэгдсэн боловч нэг ч удаа хүрэлцэн ирж мэдүүлэг өгөөгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар хариу, тайлбар мэдүүлэг авах зорилгоор холбогдогчийн байгаа газар болох Улаанбаатар хот дахь хаягт өөрийн биеэр очиж ажиллахад 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “О*******” ХХК-ийн захирал Д.З*******ээс Г.У*******т итгэмжлэл олгосны дагуу гар утсаар холбогдож дуудан ирүүлэх, тайлбар мэдүүлэг авах хуудас өгөх гэж оролдсон боловч Г.У******* уулзах боломжгүй гэсэн тул вайбер хаягаар илгээж танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах үүднээс тус зөрчлийг 58 хоногийн хугацаанд шалгаж 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн шийтгэлийн хуудсыг бичиж гардуулсан.” гэв.

            2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхны шинжилгээний хариу гарсны дараа буцаах мэдэгдлийг өгөхөд нэхэмжлэгч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан тул оролцогчийн эрхийг хангах үүднээс дахин шилжингээ хийсэн. Анхан, баталгаажилтын болон давтан нийт 3 удаагийн лабораторийн шинжилгээний дүнгээр тухайн 3 тооны адуунд адууны хачгийн халуун илэрсэн болох нь батлагдсан. Хорио цээрийн хяналтын алба нь улсын хилээр орж ирж байгаа мал, амьтнаар дамжуулан халдвар дамжиж оруулж ирүүлэхгүй байх чиг үүрэгтэй. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын хилээр оруулж ирээд 10 дугаар сарын 04-ний өдөр шинжилгээ авахад өвчтэй байсан тул  хуульд заасан үүргийнхээ дагуу буцаах албан бичгийг өгсөн. Адууны хачгийн халууны өвчин нь ил харагдах шинж тэмдэггүй ч насан туршдаа бусдад халдаах тээгч болдгоороо хор уршигтай өвчин. Монгол Улсын тухайд тухайн өвчнийг эмчлэн сэргийлэх заавар гараагүй байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд адууны хачгийн халуун өвчний эсрэг вакцин гараагүй байгаа. Олон улсны жишиг гадаад худалдаагаар дамжиж орж ирж байгаа халдварт  өвчтэй адуунуудыг экспортолсон  улс руу буцаах болон устгах арга хэмжээг авдаг. Давтан болон батлах шинжилгээ хийх хугацаанд “О*******” ХХК адуунууддаа эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэж байсан ч өвчин үүсгэгч илэрсээр байгаа нь насан туршийн тээгч болсон байгаагийн шинж юм. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори нь Монгол улсад мал, амьтны талаар эцсийн шийдвэр гаргадаг хуульд заасан лавлагаа лаборатори юм. Нэгэнт адууны хачиг үүсгэгч өвчтэй болох нь тогтоогдож буцаах тухай албан бичиг хүргүүлэхэд хуульд заасан хугацаанд буцаах үүргээ биелүүлээгүй тул Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Холбогдогч нь тухайн шийдвэрт гомдол гаргах хугацаанд гомдол гаргаагүй байсан тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж устгуулах талаар албан тоотыг хүргүүлж ажиллах хугацаанд шүүхэд хандан гомдол гаргасан байсан тул устгах асуудал шийдвэрлэгдээгүй байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр “О*******” ХХК-ийн “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э******* 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Маргааны үйл баримтын талаар: Нэхэмжлэгч “О*******” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны Улсаас Алтанбулаг боомтоор импортлон оруулж ирсэн 5 тооны адуунаас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ[1]-ээр 3 тооны адуунд “адууны хачгийн халуун” өвчин үүсгэгч илэрчээ. Нэхэмжлэгчийн хүсэлт[2]-ээр 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр давтан шинжилгээ[3] хийхэд дээрх 3 тооны адуунд уг өвчин дахин батлагдсан үйл баримт тогтоогдож байна.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас өвчтэй нь тогтоогдсон 3 тооны адууг экспортлогч улсад буцаах мэдэгдэл[4]-ийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1076 тоот албан бичгээр тус тус “О*******” ХХК-нд хүргүүлсэн боловч биелүүлээгүй тул 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг нээн шалгаж, улмаар 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудас[5]-аар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, өвчтэй 3 тооны адууг устгах шийдвэр гаргажээ.

Хоёр. Хууль хэрэглээний болон эрх зүйн дүгнэлт: Гомдол гаргагч “О*******” ХХК  нь “Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад адууны хачгийн халуун өвчин ороогүй тул гоц халдварт болон халдварт өвчинд тооцохгүй, дээрх адууг Оросын Холбооны Улсаас бүх шинжилгээг бүрэн хийлгүүлж ирсэн тул өвчтэй гэсэн шинжилгээний хариунд эргэлзэж байна. Иймд дахин шинжээч томилоогүйд гомдолтой байна” гэж маргадаг.

2.2. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт”-ын 7 дугаарт “адууны хачгийн халуун” өвчин шууд нэрлэгдэн орсон байх бөгөөд эрх бүхий байгууллагын хоёр удаагийн лабораторийн шинжилгээгээр тухайн мал, амьтан халдварт өвчтэй болох нь тогтоогдсон байна.

2.3.Түүнчлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т улсын байцаагч хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, шинжилгээний дээж авч холбогдох лабораторид хүргүүлэх, лаборатори шинжилгээний хариуг гаргах талаар, мөн хуулийн 14.4-т лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн тухайн амьтныг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг гаалийн байгууллага шийдвэрлэхээр тус тус зохицуулсан.

Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын шийдвэр нь тухайн амьтан Монгол Улсын хилээр анх нэвтрэх үеийн бодит нөхцөл байдал, тухайн цаг хугацаанд авсан дээж, лабораторийн шинжилгээний хариу болон ажиглалт, үзлэгийн дүнд үндэслэгдэхээр байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд холбогдогчоос дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан хангаж шийдвэрлэн, хуульд заасан журмын дагуу дахин шинжилгээг хийлгэж байсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж хуульчилсан.

Үүнээс үзэхэд дахин шинжилгээ хийх ажиллагаа нь хязгааргүй давтагдан үргэлжлэх үйл явц биш бөгөөд зөвхөн өмнөх шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй, эсхүл үндэслэлгүй болох нь бодитоор тогтоогдсон тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хэрэгждэг зохицуулалттай. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжилгээ хийгдэж, тухайн адуунууд “адууны хачгийн халуу” өвчний үүсгэгчтэй болох нь давхар батлагдсан тул хэрэгт авагдсан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд хуулиар тогтоосон журмын дагуу дахин шинжилгээ хийлгэх эрхээ гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хэрэгжүүлсэн байх тул одоо дахин шинжилгээ хийлгэх боломжгүй. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч гаалийн улсын байцаагч нь импортоор орж ирсэн адуунд хилээр нэвтрүүлэх үеийн үзлэг, шинжилгээ хийлгүүлж, уг лабораторийн дүн болон хорио цээрийн хяналт шалгалтын ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргасан байх тул бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс гомдол гаргагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй нь шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх гомдлын үндэслэл болохгүй бөгөөд дахин шинжилгээ хийлгэх шаардлага бодитоор үүссэн нь тогтоогдоогүй. Анхны шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэх хангалттай үндэслэлгүй байх тул энэхүү үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй байна.

2.4. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтан, ургамлын гоц халдварт, халдварт өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтан улсын хилээр дамжин орох, гарах, тархахаас урьдчилан сэргийлэхэд оршдог.

Мөн хуулийн 12 дугаар зүйлд хилийн хорио цээрийн хяналт шалгалт хийх үед авах арга хэмжээг нарийвчлан заасан. Тодруулбал, улсын хилээр импортоор оруулж ирж буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, лабораторийн шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний үүсгэгч илэрсэн, эсхүл хорио цээрийн шаардлага хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн ачааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн экспортлогч улсад нь буцаах, хэрэв буцаах боломжгүй бол хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн устгах эсхүл халдваргүйжүүлэх зохицуулалттай.

Энэ нь төрийн эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагчид өөрөөр шийдвэрлэх, эсхүл тухайн амьтныг дотоодод нэвтрүүлж эмчлэх, тусгаарлах сонголт хийх эрх хэмжээ олгоогүй, шууд хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны актын үндэслэл болно. Хуулийн дээрх зохицуулалт нь “О*******” ХХК-ийн импортолсон адуунаас “адууны хачгийн халуун” өвчний үүсгэгч илэрсэн даруйд тэдгээрийг экспортлогч улсад буцаах захиргааны акт гаргах салшгүй үндэслэл болсон байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тухайн хуулийн этгээд Оросын Холбооны Улсаас 5 тооны адууг оруулж ирэхэд экспортлогч улсад 4 төрлийн шинжилгээ өгсөн боловч үүнд адууны хачгийн халуун өвчний шинжилгээ авагдаагүй байсан. Иймд Монгол Улсад импортоор оруулж ирэх үед гаалийн байцаагч эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нэмэлтээр адууны хачгийн халууны шинжилгээ авахад 2 адуу эрүүл, 3 адуу уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон...” гэж тайлбарласныг хэрэгт авагдсан лабораторийн шинжилгээний дүн болон бусад баримтууд давхар нотолж байна.

Гаалийн байгууллагаас хуульд заасан энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан “экспортлогч улсад буцаах” мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн хугацаанд биелүүлээгүй, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй.” гэж заасныг хэрэгжүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан байна.

2.5. Түүнчлэн, нэхэмжлэгч “О*******” ХХК-иас бус[6] түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Г.У*******аас Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Тус газраас дахин дээж авч шинжилгээнд өгсөн гэх үйл баримт нь гаалийн улсын байцаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох, эсхүл гарсан шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар Авлигатай тэмцэх газраас шинжилгээний дээж авсан хэдий ч түүний хариуг хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Э*******д албан ёсоор мэдэгдээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу сунгаж, оролцогчийн эрхийг хангасны үндсэн дээр тухайн цаг үед өөрт хууль ёсоор цугларсан баримтад тулгуурлан 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хуульд нийцжээ.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын 05/6207 тоот албан бичиг[7] нь шийтгэлийн хуудас гарснаас 7 хоногийн дараа буюу 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шийдвэр гарч, хэрэг бүртгэлт дууссанаас хойш үйлдэгдсэн уг албан бичгийг үндэслэн өмнө нь хуульд нийцүүлэн гаргасан шийтгэлийн хуудсыг буруутгах боломжгүй юм.

Мөн дээрх Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хариуцагчид албан ёсоор мэдэгдсэн ч эрх зүйн үйлчлэл, нөлөөллийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу гарсан захиргааны шийтгэл оногдуулах шийдвэр болох шийтгэлийн хуудсыг шууд хүчингүй болгох, өөрчлөх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан асуудал болон гаалийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудас хооронд шууд хамаарал, хууль зүйн нөлөөлөл байхгүй бөгөөд шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Б.Э******* 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй, үүний улмаас гомдол гаргагч “О*******” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан “О*******” ХХК-иас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0012597 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “О*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА

 

[1] Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 49,56 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 164 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 165 дугаар хуудас