Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0724/З |
Дугаар | 221/МА2018/0210 |
Огноо | 2018-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2018/0210
Н.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.У, гуравдагч этгээд Б.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.М-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 495 дугаар захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 495 дугаар захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийн 139 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 010400864 дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Х-ийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-2203003679 дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Ц нар давж заалдах гомдолдоо: “Шүүх гуравдагч этгээд Б.Х нар газар өмчлөх эрхтэй бөгөөд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 6-227А тоотод байрлах газрын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг бүртгэлийн байгууллага 2007 оны 09 дүгээр сарын 17-нд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд Б.Х-г газар өмчлөх эрхгүй гэж маргаагүй, өмчилж авсан газар нь анхнаасаа түүний эзэмшил газар байгаагүй, хууль бус баримт цуглуулан нэхэмжлэгч Н.М-ийн эзэмшлийн газрыг өмчилж авсан нь Газрын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч Н.М-ийн эцэг Ч.Ж.С-д Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 6-227 тоотод байрлах маргаан бүхий газрыг 1977 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр “хашаа сууцанд зориулан эдлүүлэхээр олгов” гэсэн Сүхбаатар дүүргийн АДХ-ын захиргааны дарга, газар зохион байгуулагч нарын гарын үсэгтэй 00472 тоот албан ёсны амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх байгаа.
Шүүхийн шийдвэрт “гэрч Ж.Ё.В-ийн мэдүүлэг болон гуравдагч этгээд Б.Х-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий газрыг 1977 онд тодорхой хэмжээний төлбөртэйгөөр Ч.Ж.С, Б.Х нарт 2 хувааж худалдсан нь нотлогдож байна” гэж тайлбарлажээ. 1977 онд газар өмчлөх асуудал хөндөгдөөгүй, газар төрийн өмч байсан үед Хятад улсын иргэн эзэмшиж байсан газраа худалдах эрхгүй байсан, худалдсан, худалдаж авсан тухай баримт хэрэгт байхгүй.
Нэхэмжлэгч Н.М нь Б.Х-д олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 010400864 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Учир нь уг гэрчилгээг хуурамчаар олгосон. Гэрчилгээг хуурамч гэж үзэх үндэслэл нь газар өмчилж авах гол нотолгоо болох гэрчилгээ илт хуурамч байхад шүүх газрын албаны архивт хадгалагдаагүй гэж дүгнэсэн. Хадгалагдах үндэслэлгүй. Уг гэрчилгээнд бичигдсэн 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэр гэдэг нь нэхэмжлэгч Н.М-ийн эцэг Ч.Ж.С-д олгосон амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх дээрх он, сар, өдөр, дугаар юм.
Энэ хуурамч 63 дугаар шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд Б.Х нарт нийслэлийн Засаг дарга 2004 оны 11 дүгээр сарын 18-нд 495 дугаар захирамж гаргаж, 310 м.кв газар өмчлүүлсэн тул 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Гуравдагч этгээд Б.Х-ийн өмчилж авсан газрын талаар 180 м.кв, 310 м.кв гэх мэт олон тоо байдаг болохоос 162 м.кв газар өмчилж авах хүсэлт, нотлох баримт байхгүй байхад бүртгэлийн байгууллага 162 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус юм.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21-75 тоот гэж (хуучин хаягаар) 1977 оны 09 дүгээр сарын 02-нд нэхэмжлэгч Н.М-ийн эцэг Ч.Ж.С-д газар эзэмших эрх олгосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа болохоос гуравдагч этгээд Б.Х нарт газар эзэмших эрх олгосон эрх бүхий байгууллагын албан ёсны нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрх бүхий байгууллагаас Ч.Ж.С гурвал тал хашаа, 4 өрөө орон сууцны даатгалыг албан ёсоор төлж байсан баримт хэрэгт авагдсан.
Гэтэл Б.Х 30 жилийн өмнө худалдаж авсан гэх боловч хэдэн тал хашаа, хэдэн өрөө орон сууцны даатгал төлсөн баримт хэрэгт байдаггүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 80 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анх нэхэмжлэгч Н.М-ээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот захирамжийн Б.Х-д холбогдох хэсгийг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Г-2203003679 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хэд хэдэн удаа[1] нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны дугаар 495 тоот захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0103400864 дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Х-ийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-2203003679 дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн 1977 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг үндэслэн Б.Х-д 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227А тоотод байрлах 180 м.кв газрыг амины хэрэгцээнд 2 жилийн хугацаатай ашиглах эрхийн 010400864 дугаар гэрчилгээг олгожээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй/, 12.1.3 /...нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах/, 14 дүгээр зүйлийн 14.1 /Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй/, 14.1.3 /...нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах.../, 21 дүгээр зүйлийн 21.1 /Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана/ гэж тус тус заажээ.
Нийслэлийн Засаг дарга нь иргэний газар өмчлөх өргөдлийг дүүргийн Засаг даргаар уламжлуулан хүлээн авч, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1-20.3.4-т заасан өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаар тухайн иргэн нь уг газрыг өмчлөх эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд газар өмчлөх эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.
Гуравдагч этгээд Б.Х-ээс хуулийн дээрх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ашиглаж буй 180 м.кв газрыг өмчлөх өргөдлийг[2] холбогдох баримтуудын[3] хамт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжаараа Б.Х, Х.Н, Н.С нарт газар өмчлөх эрх олгосон шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцжээ.
Харин нийслэлийн Засаг дарга дээрх газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Б.Х-гийн хүсэлтэд дурдсан хэмжээнээс 139 м.кв газрыг илүү өмчлүүлж, илэрхий алдаатай захиргааны акт гаргасныг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн “...Б.Х нь хууль бус баримт цуглуулан нэхэмжлэгчийн эзэмшил газрыг өмчилж авсан” гэх гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч Н.М-ээс 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан тус дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227 тоот байрлалтай 700 м.кв газрыг өмчлөх өргөдөл гаргаж, холбогдох баримтуудыг хавсарган ирүүлснийг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаараа Хангайн 6-227б тоотод байрлах 352.4 м.кв газрыг өмчлөх эрх олгожээ.
Нэхэмжлэгчээс дээрх газрыг 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203002550 дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн 000038397 дугаар гэрчилгээ авсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий 162 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Х ашиглаж байгаа болохыг мэдсэн гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Н.М-ээс түүнд 352.4 м.кв газар өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 86, 168, 170, 233 дахь тал
[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 63 дахь тал
[3] Хэргийн 2 дугаар хавтас, 99-106 дахь тал