Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 420

 

“Э г г” ХХК-ийн гомдолтой,

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн

 татварын хяналт шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн,

Э.Жавхлан нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                            Д.Мөнхтуяа

                             П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаарсарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0469 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаарсарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.5 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Эрдэнийн гүн говь ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нарын тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №1102201814 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0469 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Э г г” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудсаар ногдуулсан 10.909.090,91 төгрөгийн торгууль, 14.527.272,73 төгрөгийн алданги төлөхөөс “Э г г” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 25.436.363,64 төгрөгөөр багасган 36.363.636,36 төгрөг болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.2-т заасан татварын албаны чиг үүрэг, 28 дугаар зүйлийн 28.1 1, 28.1.3-д заасан татварын албаны бүрэн эрх болон 29 дүгээр зүйлийн 29.1 1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу татварын хяналт, шалгалтын дүнд үйлдэх баримт бичигт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “шийтгэлийн хуудас” хамаарахгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр “зөрчил" гэж тодорхойлсон татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шийтгэл ногдуулах бөгөөд ингэхдээ тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба татварын харилцаанд хэрэгжүүлж буй татварын хяналт шалгалтын чиг үүрэгт бус татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд шийтгэл ногдуулж буй акт нь шийтгэлийн хуудас юм.

4. Мөн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос захиргааны шийтгэл биш гэдгийг анхаарч үзнэ үү.

5. Магадлалын үндэслэл нь “Эрдэнийн гүн говь" ХХК нь №1102201814 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсанд заасан зөрчлийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 сарын 5-ны өдрийн 10аЗ/827 албан бичгээр тогтоогдож байна гэж үзсэн.

6. “Э г г” ХХК зөрчил үйлдсэн эсэхийг прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны албан тоотоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Эдгээр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан талаарх мэдээлэл өгөх боловч эцсийн байдлаар зөрчил үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох, тогтоох баримтууд биш юм.

7. Гомдол гаргагч "Эрдэнийн гүн говь” ХХК өөрийн зөрчил үйлдээгүй талаар нотлох үүрэггүй. Хуульд зааснаар татварын улсын байцаагч актынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх явцдаа хууль зөрчсөн тул анхан шатны шүүх үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бөгөөд хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, үйлдсэн зөрчил нь баримтаар тогтоогдож, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдлуудад, зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл ногдуулахыг ойлгоно. Гэтэл татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны 07/778 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10аЗ/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15- ны өдрийн 58 дугаар тогтоолыг үндэслэн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

9. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдагдаагүй боловч гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэрвээ Эрдэнийн гүн говь ХХК шийтгэлийн хуудсанд заасанчлан 2015 оны 12 сард 363.636.363 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, энэ зорилгоор хуурамч баримт үйлдсэн, худал тайлагнасан гэж үзвэл энэ нь эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж заасан. Үүнийг эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээхгүй гэж ойлгох ёстой. Иймд зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй” гэх тайлбар байсан.

10. 2002 онд батлагдсан эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь 24.000.000 төгрөгөөс дээш, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа 2015 ооны Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 50.000.000 төгрөгөөс /50.000 нэгж/ дээш хэмжээний татвар ногдох орлого нуун дарагдуулснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог. Иймээс татварын улсын байцаагчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох мэдээллийг зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

11. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0469 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Жавхлан нар “Хялбаршуусан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсаар “Э г г” ХХК-ийг 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа 363,636,363.64 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтыг тус тус баримтлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар хариуцлага ногдуулж, 36,363,636.36 төгрөгийн нөхөн татвар, 10,909,090.91 төгрөгийн торгууль, 14,527,272.73 төгрөгийг алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч “Э г г” ХХК-ийн захирал А.Батхишигээс “... шийтгэлийн хуудас хуульд заасан шаардлага хангаагүй, ... татварын улсын байцаагч нар хуулиар харьяалаагүй буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалган шийдвэрлэсэн,... хуулиар алдангийн хэмжээг 20 хувиас хэтрүүлэхгүй байна гэж заасан байхад 30 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцсон, ... хууль бус” гэх үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

14. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э г г” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, шийтгэлийн хуудсаар ногдуулсан 10,909,090.91 төгрөгийн торгууль, 14,527,272.73 төгрөгийн алданги төлөхөөс гомдол гаргагчийг өршөөн хэлтрүүлсэн байна.

15. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах”-аар, 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарах”-аар тус тус зааж, уг хууль үйлчлэх цаг хугацаа, хэрэглэх журмыг тусгайлан журамласан байна.

16. Энэ тохиолдлын хувьд “Э г г” ХХК нь 2015 оны 12 дугаар сард зөрчил гаргасан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхад давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчсөн, хяналтын шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд маргаагүй бөгөөд хяналтын журмаар гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хяналтын журмаар гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргах, түүнчлэн “Э г г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

17. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, гомдол гаргагч “Э г г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0469 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдлын шаардлага гаргасан “Э г г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ