Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 26

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Батдорж, нэхэмжлэгч Д.Рэнцэнцэдэв, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Рэнцэнцэдэвийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатарт холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 62 захирамжийг хүчингүй болгох, Баянхонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Рэнцэнцэдэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Рэнцэнцэдэв миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын 176 дугаар Захирамжаар Баянхонгор сумын Засаг Даргын орлогчоор томилогдсон. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 сарын 05-нд сумын засаг даргын 138 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд энэхүү Захирамжаа хүчингүй болгосон /2015.06.16-ны өдрийн 142 дугаар захирамжаар/. Ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсгийг зөрчсөн байсан Д Рэнцэнцэдэв намайг 2016 оны 3 сарын 14-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын 62 дугаар захирамжаар дахин ажлаас чөлөөлсөн. Миний хувьд Сумын засаг даргын орлогч хийж байх үедээ Баянхонгор сумын засаг дарга Ж.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Ш.Хүрэлбаатар нарын ажлыг хууль дүрмийн дагуу явуулахыг удаа дараа шаардаж байсан боловч шаардлагуудыг хүлээж аваагүй. Энэ 2 даргын хооронд ашиг сонирхолын зөрчил маш их байдаг.

Жишээ нь: Ж.Төмөрбаатар нь хууль бусаар иргэд, аж ахуй нэгжид дур мэдэн маш их хэмжээний газар олгосон Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь хэлэхээр өширхөж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Мөн намайг мөнгө идсэн хэмээн худал гүжирдэж, олон нийтийн газар ярьж, миний нэр хүндийг удаа дараа унагаж байсан. Миний хувьд Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувьд сумын хурал дээр дээрх хууль зөрчсөн асуудлаар бүрэн эрхийн хүрээнд зүй ёсны шаардлагыг байнга тавьж ирсэн. Дээрх 2 дарга нь хууль бус үйл ажиллагаагаа явуулахын тулд намайг удаа дараа ажлаас үндэслэлгүйгээр халах гэж оролдож байсан. Ийнхүү ажлаас халахад нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр Ж.Төмөрбаатар даргад мөн 2016 оны 4 сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд өргөдөл гаргаж байсан. Өргөдлийнхөө хариуг авах гэж хөөцөлдөж байсан боловч миний эхнэр 2016 оны 3 сарын 26-ны өдөр хүндрэлтэй төрж биеийн байдал нь хүндэрч Улаабаатар хотруу эмчилгээ хийлгэсэн бөгөөд тухай үед миний бие эхнэр хүүхдээ асарч байсан. Аймгийн Засаг даргын хариуг аймгийн хууль зүйн хэтсийн дарга С.Баярмаа 2016 оны 6 сарын 2-ны өдөр өргөдлийн хариуг албан бичгээр надад өгсөн. Ийнхүү миний бие эрх ашигаа хамгаалуулахын тулд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн Газрын 2014 оны 05 сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын 1.3 дахь заалтуудыг барьж ажлаас чөлөөлсөн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг зөрчиж байна.

Учир нь 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухай хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилох, чөлөөлөх” гэсэн заалт байсаар байтал Баянхонгор сумын Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй бөгөөд Монгол улсын Засгийн газрын дээрх тогтоол нь энэхүү заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл 31.1.2-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа бөгөөд хуулиас давсан Засгийн газрын тогтоол гарчээ гэж би ойлгож байна. Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны төсөвт засаг даргын орлогчийн цалин батлагдсан байдаг. Миний хувьд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 736262 мянган төгрөгөөс суутгал хийж гар дээр 590000 төгрөгийн цалин авдаг байсан. Ийнхүү орлогчийн ажпын цалин хөлс төсөвт суусаар байтал төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тогтоолыг барьж намайг ажлаас халсан нь хууль зөрчиж байна.

Иймд Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 3 сарын 14-ний өдрийн 62 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Рэнцэнцэдэв намайг Баянхонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, энэ хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Рэнцэнцэдэв Засаг дарга намайг хууль бусаар иргэд, аж ахуй нэгжид маш их хэмжээний газар олгосон гэсэн байна. Энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулахыг хүсч байна. Шалгуулахад миний бие нээлттэй байна.

Д.Рэнцэнцэдэв нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ач холбогдолгүй, хуулиас давсан тогтоол барьж ажлаас халсан гэх мэтээр нэхэмжлэл гаргасан байна.

Засгийн газрын тогтоолын үйлчлэх хүрээ, ач холбогдлыг би тайлбарлах үндэсгүй бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй болно.

Д.Рэнцэнцэдэвийг ажлаас чөлөөлөх талаар зөвшилцөх албан бичгийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1а/398 тоотоор Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Долгормаад хүргүүлсэн.

Засаг дарга миний бие Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хүлээсэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Д.Рэнцэнцэдэвийг ажлаас чөлөөлсөн, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж ажилласан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Рэнцэнцэдэв тус шүүхэд хандан “Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 62 захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагатай нэхэмжлэл гаргасан[1].

Шүүх хуралдааны явцад талууд харилцан тохиролцож “...нэхэмжлэгч Д.Рэнцэнцэдэвийг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын орлогчийн ажилд нь 2016 оны 10 дугаар  сарын 13-ны өдрөөс эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, ажилгүй байсан хугацааны цалин 5070000 төгрөг нэхэмжилснээс талууд харилцан тохиролцож 1500.000 төгрөгнөөс татгалзаж, 3500.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов...” гэж эвлэрлийн гэрээг[2] байгуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасантай нийцэж байх ба мөн хуулийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн баталж, Д.Рэнцэнцэдэвийн нэхэмжлэлтэй Баянхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн баталж, Д.Рэнцэнцэдэвийн нэхэмжлэлтэй Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА


[1] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 97  дугаар хуудас