Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ20176/00075

 

В.Довжидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00449 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1857 дугаар магадлалтай,

В.Довжидийн нэхэмжлэлтэй,

Ж.Алтансүх, "Сүкимэрит" ХХК, “Гоёот ухаа” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 454.358.155 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Сүкимэрит” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Довжид, өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Ж.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Минжүүрдорж, В.Лхагвадорж, Д.Очирваань, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В.Довжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алтансүх нь уул уурхайн тоног төхөөрөмж сэлбэгийн худалдаа, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Сүкимэрит” ХХК-ийг ажиллуулдаг. 2014 оны 4 дүгээр сарын эхээр ирж уулзан 3 ширхэг автосамосваль машинаар “Уулс заамар” ХХК-тай Төв аймгийн Заамар сумын нутаг дахь уурхайд хөрс, шороо зөөвөрлөх ажил гүйцэтгэхээр маш ашигтай гэрээ байгуулчихлаа гээд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14/02 тоот гэрээг үзүүлсэн. Гэрээний дагуу ажил хийх болсон тул 3 ширхэг автосамосваль худалдан авах хэрэгтэй тул нэг жилийн хугацаатай 350.000.000 төгрөг зээлээч, зээлийг хүүтэй нь нэг жилийн дотор төлөөд өөрөө 3 ширхэг машинаа ашиг болгон авч үлдэнэ гэж ойлгуулсан. Хүргэнээ дэмжин хэдэн төгрөг олвол гэр бүлд нь хэрэгтэй юм даа гэж бодон яг хэрэгтэй үедээ зээлийн гэрээ хийгээд аваарай гээд зөвшөөрсөн. Удалгүй Ж.Алтансүх урагшаа явж ирээд машин авахаар боллоо гээд 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулсан. Ингээд зээлийн гэрээ, түүний хавсралтын дагуу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 105.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 95.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 130.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20.662.400 төгрөг нийт 350.662.400 төгрөг зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөөрөө 2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд худалдан авсан машинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчирч үзүүлсэн.  Ж.Алтансүх үндсэн зээлд 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 124.088.757 төгрөг, хүүнд  2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 39.418.072 төгрөг төлсөн. Дээрх төлбөрийг өөрийн санаачлагаар төлөөгүй бөгөөд байнга холбогдож шаардаж, шавдуулж байж төлүүлсэн юм. Үүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгээ ч төлөөгүй зайлсхийж зугтах болсон юм. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 226.573.643 төгрөг, хүү 7.6331.795 төгрөг нийт 302.905.437 төгрөг төлөөгүй тул нэхэмжилсэн. Ж.Алтансүх нь зээл, хүүгийн төлбөрөө төлөхгүй санаатайгаар зугтаж байгаа бөгөөд зээлийн гэрээний 8 дугаар зүйлд заасан зээлээр худалдан авч буй машин, техникийг зээлдэгчтэй харилцан тохиролцож захиран зарцуулах үүргээ зөрчиж, бусдын өмчлөлд шилжүүлж давхар хуурч байсныг сая мэдлээ. Үүгээр зогсохгүй Ж.Алтансүх нь Сүкимэрит ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож дахин шинээр “Гоёот-Ухаа” ХХК-ийг байгуулж бүх өмч хөрөнгө, мөнгө олдог гэрээгээ шинэ байгуулсан компанидаа шилжүүлж тэр компанийнхаа дансаар нэг удаа хүү төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын15-ны өдөр дууссан ч холбоо бариагүй, төлөх сонирхолгүй байна. Алдангийг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх байдлаар тооцож үзэхэд нийт 309.462.448 төгрөг болж байгаа боловч 50 хувиар тооцож 151.452.718 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгаа тул нийт 454.358.155 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа: зээлийн гэрээ байгуулсан гэвэл сарын хүү, алданги тохиролцсон байх ёстой. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкин дээр гүйлгээ хийсэн нь зээлийн гэрээ байгуулсан баримт болохгүй. Би 4 цагийн дотор л Заамар суманд очдог. Ямар ч шаардлагагүй зүйлээр В.Довжидтой зээлийн гэрээ байгуулсан гэж дайраад байдаг. Гурван машин худалдаж авсан талаар маргаагүй. Аль ч баримт дээр В.Довжид миний данс руу мөнгө шилжүүлсэн гэх баримт байхгүй. Ийм зүйлийг бүтэн жил яриад байна. Гэрээ хийсэн гэж үзвэл их хэмжээний хүү яригдана. Эдийн засгийн иш үндэстэй тооцоолол хийх хэрэгтэй. Мөн зээл төлөх график байх ёстой. Сүүлийн 6, 7 сарын орлогыг миний гарын үсэг банкин дээр зурагдаад 100 хувь Д.Баяржаргал шилжүүлээд авчихсан. Тэр мөнгө бүхэлдээ тухайн сарын орлого байсан. 2014 онд Д.Баяржаргал өөрөө зугтаагаад хүмүүсийн цалин мөнгө, түлшний мөнгө өгөөгүй. Аргаа бараад машиныхаа гэрчилгээг өөр лүүгээ гэрээ хийж байж мөнгө төгрөгөө төлсөн. 2016 онд гурван машиныг ашиглаж чадахаа болиод хашаанд тавьсан байна гэжээ.

Хариуцагч “Сүкимерит” ХХК-ний захирал Ж.Алтансүх шүүхэд гаргасан тайлбарт: тус компанийг төлөөлж иргэн В.Довжидтой зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээг нотариатаар баталсан гэх 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ж.Алтансүх миний бие Б.Гийгиймаа гэдэг нотариатч дээр очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийгээгүй. Энэ гэрээнд зурагдсан гарын үсэг нь минийх биш байна. Уг компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа нэхэмжлэгч В.Довжидийн төрсөн охин болох Д.Баяржаргалын эзэмшилд байдаг гэжээ.

Хариуцагч “Гоёот-Ухаа” ХХК-ийн захирал В.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: “...манай компани энэ нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна. Энэ маргаанаас болж компанийн дансаа битүүмжлүүлж их хохирч байна” гэжээ.

Хариуцагч “Сүкимэрит” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би “Сүкимэрит” ХХК-ийг төлөөлөн В.Довжидтой зээлийн гэрээ байгуулаагүй. Мөн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд компанийн болон өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж тохиролцоогүй. В.Довжид нь зээлдүүлэгч болохын хувьд "Сүкимэрит" ХХК-ийн өмчлөлд 350.000.000 төгрөг шилжүүлээгүй, уг мөнгийг миний бие хүлээн аваагүй, энэ талаарх нотлох баримт байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн "Сүкимэрит" ХХК болон Д.Довжид нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд Ж.Алтансүх гарын үсэг зурсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Тухайн өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан гэдэг боловч энэ нь Хаан банкны лавлагаа баримт үгүйсгэгдэж байгаа. Мөн Д.Баяржаргалыг хүүхдээ гадаад улс руу явуулах зорилго гарын үсэг зурж бэлдсэн байсан цаасан дээр уг гэрээг үйлдсэн гэсэн тайлбар гаргасан боловч охин А.Номун нь өөр хугацаанд Канад улс руу явсан бол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00449 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 59 дүгээр зүйлийн 59.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ж.Алтансүхээс 416.192.259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Довжидод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 38.165.895 төгрөгийн шаардлага, хариуцагч “Сүкимэрит” ХХК болон “Гоёот-Ухаа” ХХК-д холбогдох нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.600.839 төгрөгийн 2.429.740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171.099 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 2.238.911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1857 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Сүкимэрит” ХХК-иас 416.192.259,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Довжидод олгож, нэхэмжлэлээс 38.165.895,5 төгрөгийн холбогдох хэсэг, хариуцагч “Гоёот ухаа” ХХК болон Ж.Алтансүх нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Алтансүхээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.303.200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн төлсөн 2.235.000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1857 дугаартай магадлалд дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлал “...350.000.000 төгрөгийн зээлийг “Сүкимэрит” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ж.Алтансүхэд тус компанийн нягтлан бодогч Д.Баяржаргалаар дамжуулан хүлээлгэн өгөхөөр гэрээнд тодорхой заасан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд уг компанийн үүсгэн байгуулагч нь Ж.Алтансүх, Д.Баяржаргал нар байгаагаас үзэхэд гэрээний зээлдүүлэгч тал нь В.Довжид, зээлдэгч тал нь “Сүкимэрит” ХХК байна гэж шүүх үзсэн байна.

Нэхэмжлэгч анхнаасаа тус зээлийн гэрээг хүргэн хүү болон охиныхоо амьдралд тус нэмэр болох үүднээс гэрээ хийсэн.

2016 оны 001/ХТ2016/00341 тоот Улсын дээд шүүхийн тогтоол нэхэмжлэгч В.Довжид нь “...нийт 454.358.155 төгрөгийг “Сүкимэрит” ХХК-ийн захирал Ж.Алтансүхээс нэхэмжилж байна.” гэж хэлсэн байдаг бөгөөд тус тогтоолын хянавал хэсэгт “...хариуцагч “Сүкимэрит” ХХК гэсэн хуулийн этгээд, эсвэл иргэн Ж.Алтансүх эсвэл хамтран хариуцагч аль нь болохыг тодорхой бус шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүйгээс...” гэж заасан байдаг. 2016 оны 181/ШШ2016/00449 дугаартай Анхан шатны шүүхийн шийдвэрт “Зээлийн гэрээнд зээлдэгчийг “Сүкимэрит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Ж.Алтансүх гэж бичсэн гэрээнд Ж.Алтансүх гарын үсэг зурж, “Сүкимэрит” ХХК-ийн тамга тэмдэг дарсан байгаа хэдий ч уг зээлийн гэрээг В.Довжид иь “Сүкимэрит” ХХК-тай бус Ж.Алтансүх байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зээлдүүлэгч тал нь В.Довжид, зээлдэгч тал иь “Сүкимэрит” ХХК байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээг байгуулах үед Ж.Алтансүх нь ганцаараа “Сүкимэрит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Д.Баяржаргал нь хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн. Зээлийн мөнгөөр 3 өөрөө буулгагч машинаа худалдан аваад Монголд оруулж ирснийхээ дараа Ж.Алтансүх нь Гоёот-Ухаа ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орсон бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сүкимэрит” ХХК-ийн “Уулс заамар” ХХК-тай байгуулсан Хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээг Гоёот-Ухаа ХХК-руу дур мэдэн шилжүүлсэн. Компанийн тухай хуульд “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ." гэж заасан байдаг. Харин “Сүкимэрш” ХХК-ийн дүрмийн 5.1-д Комнапийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 1.000.000 төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгтээс бүрдсэн нийт 1.000.000 төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэхүү хөрөнгө нь нэг бүр нь 1.000 төгрөг бүхий 1.000 ширхэг хувьцаа байна гэж заасан байна. Үүнээс үзвэл “Сүкимэрит” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлбол 2 хувьцаа эзэмшигч нь тус бүрдээ 500.000 төгрөгийн хариуцлага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжгүй юм.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1857 дугаартай магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  В.Довжид нь хариуцагч Ж.Алтансүх, “Сүкимерит” ХХК, “Гоёот ухаа” ХХК-д холбогдуулан 454.358.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба “Сүкимерит” ХХК нь “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зээлдүүлэгч В.Довжид, зээлдэгч “Сүкимерит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ж.Алтансүх нар нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ /хэргийн 2 дугаар хавтас 76-77 дугаар тал/.

Уг гэрээгээр зээлдэгч нь 350.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээлийн мөнгийг компанийн нягтлан бодогч Д.Баяржаргалд хүлээлгэн өгөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ. Үүний дагуу Д.Баяржаргал 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 105.000.000 төгрөг, 5 дугаар сарын 09-нд 95.000.000 төгрөг, 5 дугаар сарын 21-нд 130.000.000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 20.662.400 төгрөг нийт 350.662.400 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба “Сүкимерит” ХХК зээлийн төлбөрт 130.864.700 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээг шаардлагын үндэслэлд дурдаж, зээл 226.573.643 төгрөг, хүү 76.331.795 төгрөг алданги 151.452.718 төгрөг гэж нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлжээ.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг 416.192.259 төгрөг гэж тооцсон нь буруу биш боловч хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.680.839 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 920.000 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т нийцсэн байх тул улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн гэж үзэхгүй.

Зээлийн гэрээнд “Сүкимерит” ХХК-ийн тамга дарагдсаны зэрэгцээ захирал Ж.Алтансүх гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 2 дугаар хавтас 92-95 дугаар тал/.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Ж.Алтансүх нь “Сүкимерит” ХХК-г ажиллуулдаг, тэрээр “Уулс заамар” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг ажлын гүйцэтгэхэд 3 ширхэг автосамосваль худалдан авах шаардлагатай гээд мөнгө зээлэхийг хүссэн тул зээлийн гэрээ байгуулсан” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 1-2 дугаар тал/.

“Сүкимерит” ХХК нь Эрээн хотын Бай Ли Гэ худалдааны ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр гэрээ байгуулж, Норд бенз маркийн 3 ширхэг ачааны машиныг 966.000 юанаар худалдан авахдаа төлбөрийг В.Довжидоос зээлсэн мөнгөөр төлсөн ба зээлийн төлбөрийг төлж байсан нь тогтоогджээ.

Дээр дурдсанаас үзвэл “Сүкимерит” ХХК нь В.Довжидтой зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан, зээлийг буцаан төлж байжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь “Сүкимерит” ХХК болох, тэрээр төлбөрийг хариуцах үүрэгтэй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч сөрөг нэхэмжлэл болон улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1857 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Сүкимэрит” ХХК-иас 416.192.259 /дөрвөн зуун арван зургаан сая нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Довжидод олгож, нэхэмжлэлээс 38.165.895 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ж.Алтансүх, “Гоёот ухаа” ХХК-д холбогдох нэхэмжлэл, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч "Сүкимэрит" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч В.Довжидоос төлсөн 2.429.740 төгрөг, хариуцагч “Сүкимэрит” ХХК-с төлсөн 1.907.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сүкимэрит” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 2.238.911 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Довжидод олгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.441.890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ