| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00122/И |
| Дугаар | 154/шш2025/00119 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 154/шш2025/00119
| 2025 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 154/ШШ2025/00119 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэл гаргагчийн биеийн байцаалт: ******* харъяат, 1******* төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникийн техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* багт оршин суух, *******
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч В.Алтангэрэл, гэрч ******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ваашаагийн Алтангэрэл 1965 онд төрсөн. 1973-1981 онд Үенч сумын 8-н жилийн сургууль, 1981-1988 онд Улаанбаатар хотын Барилгын техникум, 2004 онд хилийн цэргийн дээд сургуулийн офицерийн курс төгссөн. 1984-1987 онд хугацаат цэргийн алба хаасан. 1988 оны 05 дугаар сараас 1993 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт нормчин, сан техникийн слесарь 1993-2014 он хүртэл хилийн цэргийн 0130 дугаар ангид уурын зуухны механик, барилгын техникч, барилга орон сууцны албаны дарга зэрэг ажил хийж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. Одоо ******* нас хүрээд өндөр насны тэтгэвэрт орохоор энгийнээр ажилласан жилээ нэмж оруулахаар Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт ажилласан жилийн лавлагааг авахад ажилд орсон он, сар, өдөр /1988 оны 05 дугаар сарын 20-ны 79 тоот/ тушаал байгаад, ажлаас гарсан өдөр /хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 тоот тушаал/ архивын материалаас гарч ирэхгүй байгаа бөгөөд цалингийн цэсэнд зарим жилийн бичиг баримт гарч ирэхгүй байна. Иймд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт
ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
...Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Би 1988-1993 онд Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт сантехникийн слесарь, нормчингоор ажиллаж байсан. 1993 оноос 2004 он хүртэл Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид сантехникийн слесарь, барилгын техникчээр ажиллаж байсан.
1988 оны 05 дугаар сард барилгын техникум төгсөөд Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт орон тоо байхгүй тул нормчингоор ажилд орж ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сараас сантехникийн слесариар орж, 1993 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В.Алтангэрэл нь 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн шатаах цехэд нормчингоор, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 658 дугаартай лавлагаанд: Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр, 1990 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 115 дугаар, 1991 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 107 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1989, 1992-1993 оны тушаалаас шүүж үзэхэд В.Алтангэрэлд холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй байна гэх лавлагаа,
- Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай тушаалын хуулбарт: ...1 дүгээр Улаанбаатар хотын Барилгын техникум төгссөн сантехникийн техникч мэргэжилтэй тусгай дунд боловсролтой Ваашаа овогтой Алтангэрэлийг 05-р сарын 19-наас эхлэн шатаалгын 4-р ээлжинд нормчингоор ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,
- Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 07 дугаар ...В.Алтангэрэл сантехникийн слесарь нийт 26 хоног гэж тэмдэглэгдсэн,
- Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын ...11 дүгээрт В.Алтангэрэл уурын зуухны слесарь нийт 26 хоног гэж тэмдэглэгдсэн,
- Улаанбаатар хотын Барилгын техникумаас 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргагч В.Алтангэрэлд олгосон 264994 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот тушаалаар Ханын материалын цехэд нормчингоор авч ажиллуулав гэж,
...Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 237 тоот тушаалаар нормчны ажлаас чөлөөлж уурын зууханд слесариар авч ажиллуулав гэж,
...Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 тоот тушаалаар өөр газар шилжиж ажиллах хүсэлтээ ирүүлсэн тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тус тус тэмдэглэгдсэн,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: ******* Алтангэрэл БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Улаанбаатар хотоос 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987.08.08-ны өдрийн 367 тушаалаар 1987.08.20-ны өдөр 531257 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх лавлагаа,
******* шүүхэд гэрчээр өгсөн: ...Намайг Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байхад В.Алтангэрэл 1988 оны 05 дугаар сард шатаах цехэд нормчиноор анх ажилд орсон. Тэгээд 1988 оны 10 дугаар сард уурын зуухны слесарь болж 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Үенч сумын 0130 дугаар анги руу шилжин ажилласан болно. Тухайн үед ханын материалын үйлдвэрийн даргаар ,, боловсон хүчингээр нар ажиллаж байсан. Ханын материалын нормчноор ажиллахад 585-650 төгрөг, уурын зуухны слесариар ажиллахад 550-*******0 төгрөгний хооронд цалинждаг байсан. гэх мэдүүлэг,
*******ийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: ...Би 1988 онд ханын материалын үйлдвэрт ажилд ороход В.Алтангэрэл тоосго шатаах цехэд ажиллаж байсан. 1988-1993 оны хооронд В.Алтангэрэл бид 2 тоосгоны үйлдвэрт /Ханын материалын үйлдвэрт/ хамт ажиллаж байсан. В.Алтангэрэл шатаах цехээс механик цехэд шилжин ажиллаж байсан. Манай механик цехийн дарга Зегсенбай гэж казах хүн байсан. Үйлдвэрийн дарга Аюуш, боловсон хүчин, нягтлан Бямбаа гэж хүмүүс ажиллаж байсан. гуай, Аюуш дарга нар одоо ч байгаа. 1988-1993 оны хооронд хамт ажиллаж байсан нь үнэн. Би 1993 онд ажлаас гарахад В.Алтангэрэл ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч ******* хүсэлтээр Д.Бодьцэцэг, ******* нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүнхээрийнхэн овогт Ваашаагийн Алтангэрэлийн 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн шатаах цехэд нормчноор, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ