| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Янсанжавын Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 159/2026/0023/З |
| Дугаар | 159/ШШ2026/0021 |
| Огноо | 2026-08-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 159/ШШ2026/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2026/0023/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Б*******,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга,
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, хариуцагч Алтанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газар дээр өөрийн өмчлөлийн 334 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, амины орон сууц байрлаж, газрыг бодитоор ашиглаж байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тодорхойлсон.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч П.Б*******д Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сары н 13-ны өдрийн 72 дугаар захирамжаар уурын зуухны барилга байгууламжийн зорилалттай 6798 м.кв газрыг эзэмшүүлжээ.
2.2. П.Б*******ы хүсэлтийг үндэслэн тус 6798 м.кв газрыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Эзэмшил газрыг хэд хэдэн нэгж талбарт хуваан эзэмшүүлэх тухай” захирамжаар нэгж талбарын 430400******* дугаар бүхий 4798 м.кв, нэгж талбарын 4304009******* дугаар бүхий 2000 м.кв талбай бүхий хоёр нэгэ талбарт хуваан эзэмшүүлсэн байна.
2.3. Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаар захирамжаар П.Б*******д хуваан эзэмшүүлсэн уурын зуухны барилга байгууламжийн зориулалт бүхий 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
2.4. Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны А/77 дугаар захирамжийг гаргахдаа “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг дурдсан нь үндэслэлгүй, миний бие уг газрыг 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эзэмшиж байгаа бөгөөд уг газар дээрх миний өмчлөлийн Ү-13010000******* дугаартай 334 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, амины орон сууц байрлаж, уг газарт амьдарч байхад намайг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.Б******* миний бие Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн Алтанбулаг сумын төвд байгаа 1970 онд ашиглалтанд орсон, ашиглалтын хугацаа дуусаж, чанар байдлаа алдаж тоногдсон, халаалтын төвийн хуучин барилгын дуудлага худалдаанд оролцон ялагч болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдан авч үйл ажиллагаа явуулсан.
Улмаар миний бие өөрийн нэр дээр “А*******” ХХК-ийг байгуулж, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл авч 2017 он хүртэл Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажиллаж байгаад 2017 онд “Сэлэнгэ энерго” ХХК-д шилжүүлж, уг компани манай халаалтын төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглан Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажиллаж байна.
Бидний зүгээс сумын Засаг даргатай харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 204 м.кв уурын зуухны барилга, 464 м.кв блокон хашаа, 4798 м.кв газар эзэмших эрхийг Алтанбулаг суманд буцаан шилжүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу манай компани зөвхөн тоног төхөөрөмжийг төлбөртэй шилжүүлсэн ба уурын зуухны барилга, хашаа, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй орон нутгийн өмчид шилжүүлсэн, уг уурын зуухыг одоо “Б*******” ХХК хариуцан Алтанбулаг сумын дулаанаар ханган ажиллаж байгаа. Ингээд үлдсэн 2000 м.кв газар болон 300 м.кв хуучин барилга нь миний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй үлдсэн. Миний бие уг газарт хувийн сууц барьж амьдарч байгаа. Алтанбулаг сумын иргэн Ц.Б*******, С.О нар нь дээрх дуудлага худалдааг хууль бус явуулсан, хувьчлалд нөлөөлсөн, хөлдөөж хохироосон гэж 10 гаран жил гомдол гаргаж удаа дараа шүүх цагдаагаар заргалдаж байгаа бөгөөд прокурор, шүүхийн удаа дараа шийдвэр гарч эдгээр иргэдийг хохироосон зүйл байхгүй болохыг тогтоож байсан.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдээд тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Улмаар миний бие Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргаас гомдлыг шийдвэрлэж, сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байна гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг дурдсан нь үндэслэлгүй бөгөөд миний бие уг газрыг 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эзэмшиж байгаа бөгөөд уг газар дээрх миний өмчлөлийн Ү-13010000******* дугаартай 334 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, амины орон сууц байрлаж, уг газарт амьдарч байхад намайг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Миний газар эзэмших эрхийг өмнө ч олон удаа цуцалж байсан бөгөөд тэр бүхэнд захиргааны хэргийн шүүхийн удаа дараагийн шийдвэр гарч миний газар эзэмших эрхийг сэргээж байсан билээ.
Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийх үүргээ биелүүлэхгүйгээр захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг цуцалсан нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд уурын зуухын үйл ажиллагаа “Б*******” ХХК хариуцан ажиллуулж байгаа бөгөөд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй нэг л компани явуулах учраас манай компани уурын зуухаа ажиллуулах боломжгүй байгаа. Уурын зуухаар ашиглах боломжгүй барилгыг худалдаж авсан байхад заавал уурын зуухаар ажиллуулна гээд газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хууль дүрэм зөрчиж байна. Нэгэнт уурын зуухаар ашиглах боломжгүй, зориулалт өөрчлөлт хүсэлтийг минь шийдвэрлэж зориулалтыг нь өөрчлөхгүй хүчээр газар эзэмших эрх цуцалж байна. Би хуульд зааснаар дуудлага худалдаанд орж барилга байгууламжийг худалдаж авч байсан. Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ”.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн П.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Уг халаалтын төвийн газрыг сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар захирамжаар иргэн П.Б*******д уурын зуухны барилга, байгууламжийн зориулалтаар 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Тус газарт үүсч буй маргаан нь иргэн Ц.Б*******, С.О нар нь тухайн газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтыг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэргүйгээр газар эзэмшүүлсэн гэж маргадаг. Үүнтэй холбоотой газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, аймгийн Засан даргын Тамгын газрын ажлын хэсэг, сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг, гэх мэт ажлын хэсгүүд удаа дараа байгуулагдан тухайн газарт ажиллаж байсан боловч анхан шатны арга хэмжээг сум орон нутагт авах үүрэг даалгавар, чиглэлийг өгч байсан.
Дээрх чиглэлийн дагуу Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 35 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай” 56 дугаар тогтоолын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны А/77 дугаар захирамжаар иргэн П.Б*******ы 4304009******* нэгж талбарын дугаартай 2000 м.кв, “Дэд бүтцийн барилга, байгууламж”-ийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иргэн П.Б******* нь өөрийн эзэмшлийн 7000 м.кв газраас 4798 м.кв газрыг сумын Засаг даргын Тамгын газарт 2021 онд шилжүүлж, үлдсэн 2000 м.кв газрыг өөрт хэвээр үлдээж, 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн газрыг дэд, бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад зааснаар сумын Засаг даргын албан мэдэгдлийг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 10 минутад иргэний 9905*******90 дугаарт газрын даамал залгаж мэдэгдсэн” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны явуулах талаар мэдэгдээгүй гэж байна тухайн үед гар утсаар мэдэгдэж, үүний дагуу нэхэмжлэгч хариу тайлбараа ирүүлсэн. Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын А/77 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн шалтгаан нь тус суманд шинэ уурын зуух ашиглалтад орсноор тухайн газрыг 2022 оноос хойш зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг цуцалсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Маргаанд хамаарах газарт эзэмших эрх үүссэн болон түүнтэй холбоотой үйл баримтын талаар:
1.1. П.Б******* Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолын дагуу Алтанбулаг сумын төвд байрлах хуучин халаалтын төвийн барилгын дуудлага худалдаанд оролцож, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот худалдах, худалдан авах гэрээгээр барилгыг худалдан авчээ. Улмаар өөрийн үүсгэн байгуулсан “А*******” ХХК-аар дамжуулан дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2017 он хүртэл Алтанбулаг сумын дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулсан байна.
Халаалтын төвийн барилгын доорх 6798 м.кв газрыг Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар захирамжаар П.Б*******д уурын зуухны барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлжээ.
1.2. П.Б******* халаалтын төвийн барилгыг орон нутгийн өмчид авахаар шийдвэрлэсэн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 103 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрээр хянан уг тогтоолыг хүчингүй болгосон байна. /хх-ийн 16-24 дүгээр хуудас/
Үүний дараа П.Б*******ы хүсэлтийг үндэслэн Алтанбулаг сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Эзэмшил газрыг хэд хэдэн нэгж талбарт хуваан эзэмшүүлэх тухай” захирамжаар дээрх 6798 м.кв газрыг нэгж талбарын 430400******* дугаартай 4798 м.кв, нэгж талбарын 4304009******* дугаартай 2000 м.кв гэсэн хоёр нэгж талбарт хуваан эзэмшүүлсэн байна. /хх-ийн 83-90 дүгээр хуудас/
1.3. П.Б******* 204 м.кв уурын зуухны барилга, 464 м.кв блокон хашаа болон 4798 м.кв газар эзэмших эрхийг орон нутагт шилжүүлснээр түүний өмчлөлд 334 м.кв талбай бүхий барилга, эзэмшилд нэгж талбарын 4304009******* дугаар бүхий 2000 м.кв газар үлдсэн байна.
1.4. Улмаар П.Б*******д анх газар эзэмшүүлсэн 2007 оны 72 дугаар захирамжийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 1/4******* тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 01/701 тоот албан бичгийн дагуу Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2002 оны 43, 2007 оны 72 дугаар захирамжийг хүчингүй болгож байжээ.
П.Б******* дээрх улсын байцаагчийн дүгнэлт, Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 104 дүгээр захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0755 дугаар магадлалаар хянан шийдвэрлэж, маргаан бүхий актуудыг тус тус хүчингүй болгосон. /хх-ийн 25-53 дахь хуудас/
1.5. Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 1/4******* тоот албан бичиг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн П.Б*******ы нэгж талбарын 4304009******* дугаартай 2000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. /хх-ийн 91 дүгээр хуудас/
1.6. Нэхэмжлэгч П.Б******* дээрх А/77 дугаар захирамжийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй, маргаан бүхий газрыг ашиглаж байгаа, уг газар дээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа гэж марган, захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хоёр. Маргаан бүхий А/77 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 35 дугаар тогтоолоор сумын 2004-2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний биелэлтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгээс нийт 61 нэгж талбарын 56,577 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн хавсралтын 5 дугаарт нэхэмжлэгч П.Б*******ы нэгж талбарын 4304009******* дугаар бүхий 2000 м.кв газар багтсан байна. /хх-ийн 75 дугаар хуудас/
Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглаагүй гэх үндэслэлийг эс зөвшөөрч, газар дээр 2010-2011 онд барьсан амины орон сууц байрладаг, уг орон сууцанд түүний эцэг, эх амьдарч байсан, мөн газрын зориулалтыг өөрчлүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарласан.
Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэлтэй 334 м.кв талбай бүхий барилга байрладаг бөгөөд уг барилга нь нэхэмжлэгчээс орон нутагт шилжүүлсэн уурын зуухны барилгатай залгаа байна. Нэхэмжлэгч уг барилгыг гараж, агуулах, хөргүүрийн зориулалтаар ашиглаж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлж ирсэн нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, татвар төлсөн баримт, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 175-181 дүгээр хуудас/
Мөн тухайн уурын зууханд нэхэмжлэгч 2017 он хүртэл, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ 2017-2022 онд, 2022 оноос “Б*******” ХХК дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд шинэ уурын зуух 2024 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон байна. /хх-ийн 138-162 дахь хуудас/
Хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг сумын цахим хуудсаар нийтэлсэн гэж тайлбарласан боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулсан талаарх баримт байхгүй. Харин нэхэмжлэгч П.Б******* 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэлд бичгээр тайлбар гаргаж, маргаан бүхий газар дээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа, уг газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар өмнө нь шүүхийн маргаан үүсэж байсан, газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор өмчлөх эрх нь хөндөгдөх, мөн газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 92-95 дахь хуудас/
2.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоосон байх шаардлагатай.
2.3. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий 2000 м.кв газар дээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий 334 м.кв барилга болон амины орон сууц байрлаж, 334 м.кв барилгыг гарааш, агуулах, хөргүүрийн зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдсон. /хх-ийн 106-114 дүгээр хуудас/
Гэтэл хариуцагч газрын бодит ашиглалт, түүн дээрх барилга байгууламжийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж, үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийг газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий газар нь газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд “дэд бүтцийн барилга, байгууламж”-ийн зориулалтаар бүртгэлтэй, нэхэмжлэгч уг зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын зориулалтыг “уурын зуухны барилга байгууламж” гэж заасан байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үндэслэл нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгчид газрыг “уурын зуухны барилга байгууламж”-ийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн энэ зориулалтаар олгожээ.
Иймд газрын мэдээллийн сан дахь “дэд бүтцийн барилга, байгууламж” гэсэн бүртгэлийн нэршилд үндэслэн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2.4. Түүнчлэн нэхэмжлэгч барилга, газар эзэмших эрхийн тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлсний дараа халаалтын төвийн үйл ажиллагаа үргэлжилж, шинэ уурын зуух 2024 оны 9 дүгээр сард ашиглалтад орох хүртэл хуучин уурын зуухыг дулаан хангамжийн үйл ажиллагаанд ашиглаж байжээ. Иймд нэхэмжлэгчийн эзэмшилд үлдсэн 2000 м.кв газрын ашиглалт ямар шалтгаанаар өөрчлөгдсөн, уг газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан эсэх, ашиглаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
2.5. Нэхэмжлэгчийн газар эзэмших, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар 2021 оноос хэд хэдэн удаа шүүхийн маргаан үүсэж, холбогдох захиргааны актуудыг шүүхээс хүчингүй болгож байжээ.
Тухайлбал, маргаан бүхий А/77 дугаар захирамжид Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 1/4******* тоот албан бичгийг үндэслэл болгосон бөгөөд уг албан бичиг нь нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн 2007 оны 72 дугаар захирамжтай холбоотой байна. Уг албан бичгийг үндэслэн гаргасан Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 104 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгосон байхад хариуцагч өмнө нь шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн энэ нөхцөл байдлыг А/77 дугаар захирамж гаргахдаа хэрхэн харгалзан үзсэн нь тодорхойгүй байна.
2.6. Нэхэмжлэгч сонсох ажиллагааны явцад газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчаас уг хүсэлтийг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан. Гэвч сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газрыг орон сууцны бүсээр төлөвлөсөн, мөн маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга байгууламж, түүнтэй залгаа уурын зуухны барилга бодитоор байрлаж байгаа нөхцөлд газрын зориулалтыг өөрчлөх боломжтой эсэх, нэхэмжлэгчийн хүсэлт ямар үндэслэлээр төлөвлөгөөнд нийцэхгүй байгаа талаар хариуцагч тодорхой дүгнэлт хийгээгүй байна.
2.7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагч маргаан бүхий газрын бодит ашиглалт, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын ашиглалт өөрчлөгдсөн нөхцөл, өмнөх шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг бүрэн шалгаж, үнэлээгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэх нөхцөл бүрэн тогтоогдоогүй байна.
Иймээс Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/77 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь , 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б*******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/77 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АРИУНЦЭЦЭГ